Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01394

 

Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00731 дүгээр шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1344 дүгээр магадлалтай,

            Э-ын нэхэмжлэлтэй,

            Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдох

         Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э , түүний өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.Мөнхбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э  нь 15 жил тасралтгүй эрчим хүчний салбарт ажиллаж байгаа бөгөөд Эрчим хүчний төвтэй 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус төвийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаар тушаалаар техник хяналтын хэлтэст кип автоматикийн инженерийн албан тушаалд томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Эрчим хүчний хөгжлийн төвийн захиргаа, удирдлагын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албан мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдэж, мөн өдрийн Б/05 дугаар захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэхүү мэдэгдлийн дагуу ямар учраас ийм шийдвэр гаргаж байгаа, хөдөлмөрийн гэрээний хугацаа жил бүр сунгагдаж явах ёстой гэсэн үндэслэлээр байгууллагын захирал Ч.Саранжавтай уулзахад “2012 оноос хойш орсон бүх хүнийг ажлаас чөлөөл гэсэн зааврыг дээрээс өгсөн, тушаал чинь одоо гарчихсан байгаа” гэж хэлсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч нь байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Э-ын ажиллаж буй кип автоматикийн инженерийн албан тушаал нь хуульд заасны дагуу байнгын ажлын байр бөгөөд гэрээ байгуулах үед ажил олгогчийн зүгээс “хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар гэрээнд зааж, жил бүр сунгагдаад явна, санаа зоволтгүй” гэсэн тул ажилтай болох үүднээс гэрээг шууд байгуулсан. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш дахин гэрээ байгуулаагүй, гэрээний хугацаа жил бүр сунгагдах байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байдлаар гэрээний хугацаа жил бүр сунгагдаад явна гэж ойлгосон байдаг. Гэтэл байгууллагын удирдлага өөрчлөгдсөний дараа ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавилгүй цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгааг нь харгалзан үзэлгүйгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг шууд дуусгавар болгох мэдэгдэл өгч тухайн өдрөө хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажил олгогч давуу байдлаа ашиглан ажилтны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр юм. Иймд Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, Э ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э  нь Эрчим хүчний хөгжлийн төвийн Амгалан дулааны станцын ил хуваарилах байгууламж болон агаарын шугамын цахилгааны техникийн хяналтын инженерээр хөлсөөр ажиллаж байгаад Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 тоот тушаалаар захиалагч техник хяналтын хэлтэст кип автоматикийн инженерийн албан тушаалд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ажилтны хөдөлмөрийн хугацаатай гэрээг хугацаа дуусмагц анх заасан хугацаагаар сунгагдаж байсан боловч 2016 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахгүй талаар мэдэгдсэн. Үүний дагуу гэрээг цуцалсан тул хууль зөрчиж, үндэслэлгүйгээр ажлаас халаагүй. Нэхэмжлэгч тал “...Э-ын ажиллаж байсан ажлын байр байнгын ажлын байр байсан. Тиймээс хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулагдах ёстой” гэж тайлбарлаж байгаа хэдий ч хөдөлмөрийн гэрээ бол иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл. Тийм учраас иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх гэрээний нэг бие даасан төрөл болж байгаагийн хувьд иргэний эрх зүйд заасан хэлцлийн нэг төрөл ч болно, мөн иргэний эрх зүйд зааснаар гэрээ хэлцлийг хэрхэн яаж байгуулах вэ гэдэгт ч хамаарна. Аливаа гэрээг байгуулахад талууд харилцан тохиролцож байгуулдаг. Тийм ч учраас Улсын дээд шүүхийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаантай хэргийг хянан шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхэд анхаарах асуудлууд гэх 2012 онд гаргасан зөвлөмж дээр ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байна гэсэн заалт байдаг. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар авагдсан. Энэ хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “гэрээнд 2 тал харилцан гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Гарын үсэг зурна гэдэг маань тухайн гэрээг байгуулах саналыг хэрхэн яаж хүлээж авч байгаа вэ гэдэг зүйлийг тодорхойлдог. Э тай байгуулсан гэрээ анхнаасаа буюу 2014 онд байгуулахад ч 1 жилийн хугацаатай байсан. Энэ гэрээг цаашид дахин нэг жилийн хугацаагаар сунгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд талуудын харилцан эрх тэгш байдлыг энэ хууль өөрөө зохицуулахад оршино гэж байдаг. Тухайн ажлын байранд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа гэдгийг ажилд орохдоо Э  өөрөө сайтар ухамсарлаж ойлгосон байсан. Тийм учраас гэрээг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд бичгээр байгуулан гарын үсэг зурсан бол тухайн хэлцлийг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Тухайн ажлын байранд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна гэдгийг ажилтан ажил олгогч тохиролцон хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнээс ямар асуудал, эрсдэл үүсдэг вэ гэдгийг тухайн ажилтан өөрөө мэдэх бүрэн боломжтой. Хугацаа зааж байгуулсан гэрээний нэг эрсдэлтэй тал нь ажил олгогч тухайн гэрээг цаашид сунгах эсэхээ өөрөө мэдэж шийдвэрлэх бүрэн боломжийг хууль тогтоогч олгосон. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй байна гэдэг мэдэгдлийг өгсөн, зохих холбогдолтой хуулийн заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ хугацаатай болон хугацаагүй байна гэдгийг заасан. Мөн зүйлийн 23.2.2-д 23.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж үзэж байна. Эрчим хүчний хөгжлийн төвд бүх ажилтны эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл ажилладаг. Тухайн үед нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулаад миний эрх ашгийг хөндөөд байна гэж үзсэн бол ажилтан арга хэмжээ авахуулах бүрэн боломж байсан. Өөрөө тухайн үед хүлээн зөвшөөрч нэг жилийн хугацаатай гэрээг байгуулж байна гэдгийг мэдэж гарын үсэг зурсан болохоор хууль зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

           Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00731 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдуулан гаргасан Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1344 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ыг Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч техник хяналтын хэлтэст кип автоматикийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 7.731.730 төгрөгийг хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Э т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж, 2 дах заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 138.658 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1344 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Ажилтан Э  нь Эрчим хүчний хөгжлийн төвд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж кип автоматикийн инженерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. 2015 онд удирдлагууд солигдож шилжилт хөдөлгөөн явагдаж байсан тул тухайн үеийн хөдөлмөрийн гэрээний сунгалтыг 1 дүгээр сарын 02-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлаас тушаал гарч нэгдсэн байдлаар бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээний сунгалтыг хийсэн. Энэ талаар бүх ажилчдад мэдэгдэж хөдөлмөрийн гэрээнд сунгалт хийсэн бичиглэлд ажил олгогчийн зүгээс гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн үед ажилтны зүгээс тавьсан санал байгаагүй. Э  өөрөө сунгалтын талаар маргах эрхтэй байсан. Сунгалтын бичилттэй танилцаад гарын үсэг зурах нь ажилтны өөрийнх нь эрх, мөн үүрэг юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Ажлаас чөлөөлөх" тухай тушаалыг хүчингүй болгохыг шаардсан байгаа. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хөдөлмөрийн гэрээний сунгалт хүчин төгөлдөр бус гэж маргасан. Мөн нэхэмжлэлдээ энэ асуудлын талаар ямар ч зүйл бичээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хүрээнд хэлэлцэлгүй өөр зүйл хэлж байсан. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гээд дүгнэчихсэн байхад хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйл хэлэлцэж магадлал гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан. Э-ын хөдөлмөрийн гэрээний сунгалтыг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хийсэн ба энэ нь хэрэгт авагдсан захирлын тушаалаар нотлогдож, мөн энэ өдөр хүртэл сунгалт хийсэн гэж үзнэ. Эрчим хүчний хөгжлийн төвийн захиргаанаас хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавьсан. Аль нэг талаас санал гаргаагүй тохиолдолд гэж хуульд заасан байхад ажил олгогчийн зүгээс санал тавиагүй гэж дүгнэсэн. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

           Нэхэмжлэгч Э  нь хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвд холбогдуулан Эрчим хүчний хөгжлийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, гэрээг цаашид сунгах боломжгүй талаарх мэдэгдлийг өгсөн, хуулийн зохих заалтыг баримтлан гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

        Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ажилтан Э ыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Захиалагч, техник хяналтын хэлтэст кип автоматикийн инженерээр ажиллуулсан байна.

           Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Э ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

           Хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Л.Майцэцэг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт “хөдөлмөрийн гэрээний хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар сунгав” гэх бичиглэл хийж, гарын үсгээ зурсан байх боловч уг бичиглэлд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байхад “гэрээний хугацааг сунгасан байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна. 

          Иймээс талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн хугацаатай гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох боловч талуудын хэн аль нь цуцлах санал гаргаагүй, ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгагдсанд тооцно гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн  дүгнэлт үндэслэл бүхий болсон, шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

           Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан Э ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул Э ыг ажилд нь эгүүлэн тогтоож,   ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.731.730 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцсэн байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1344 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төвийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 138.700 /нэг зуун гучин найман мянга долоон зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН