Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00709

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00709

Улаанбаатар хот

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нянтайсүрэн /РД:ХП54101678/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 22 дугаар гудамж, 823 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, Батынхан овогтой Гэрэлцогтын Санжээсүрэн /РД:НА86090675/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,567,529.14 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн 16 дугаар хороо, орхон 2 гудамж, 07 тоот хаягт оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Гоо хайрхан овогт Нянтайсүрэнгийн Батбаяр /рд:ХП87072778/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн /ШТЭҮД-2196/, Э.Түвшинбаяр /ШТЭҮД-2400/,

Хариуцагч Г.Санжээсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргал /ШТЭҮД-0267/,

Гэрч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 75 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, Боржигон овогт Алтанхуягийн Мөнхзориг /РД:ЖЯ78110974/,

Гэрч: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 2 дугаар гудамжны 27а тоотод оршин суух, 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Буурал овогт Лхагвасүрэнгийн Гансүх /РД:ШД85040670/,

Гэрч: 1984 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Баттулгын Ууганмягмар /РД:НА84022874/, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Нянтайсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Нянтайсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Санжээсүрэнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 2 500 000 төгрөг төлөх, мөн уг хугацаанд түрээсийн зүйлтэй холбогдон гарсан урсгал зардлыг төлөх, засвар үйлчилгээ хийх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч түрээслэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор үргэлж биелүүлдэггүй сар бүрийн түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг байхад 2,000,000 төгрөгийг өгч байсан. 2016 оны 05 болон 06 дугаар саруудад орлого муу байна гэх мэтээр шалтаглаж 1,700,000 төгрөгийг өгч байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 2 500 000 төгрөгийг огт төлөөгүй. Түрээсийн зүйлийг цоожилж түрээсийн зүйлийн төлбөрийг өгөхөөс зайлсхийж хууль ёсны ашиг сонирхлыг минь илтэд хохироож байна. Бид амаар тохиролцож, түрээсийн үнийг буулгасан асуудал байхгүй. Түрээсийн төлбөрт нийт 14 200 000 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн түрээсийн зүйлтэй холбогдолтой зайлшгүй зардлуудыг төлөхгүй байна. Иймд түрээсийн төлбөрт 2 500 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг төлсөн тул 2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөрт дутуу төлсөн 2 500 000 төгрөг, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 800 000 төгрөг, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул 2 500 000 төгрөг нийт 5 800 000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул алданги 2 900 000 төгрөг, хогны төлбөрт 500 000 төгрөг, усны төлбөрт 377 299.14 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын цахилгааны төлбөрт 554 500 төгрөг, 2 дугаар сард 464 200 төгрөг, 3 дугаар сард 390 120 төгрөг, 4 дүгээр сард 368 600 төгрөг, 5 дугаар сард 433 700 төгрөг, 6 дугаар сард 410 150 төгрөг, 7 дугаар сард 368 690 төгрөг нийлээд 2 990 230 төгрөг, нийт 12 567 529.14 төгрөгийг хариуцагч Г.Санжээсүрэнгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Г.Санжээсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Санжээсүрэн миний бие иргэн Р.Нянтайсүрэнтэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 2 500 000 төгрөгөөр тохирсон. Улмаар түрээсийн гэрээний 4.1-т талууд тохиролцож түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг ихэсгэж, багасгаж болно гэж заасны дагуу түрээслүүлэгч Р.Нянтайсүрэнтэй тохиролцон 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2 500 000 төгрөгөөр, 2016 оны 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2 000 000 төгрөг, 2016 оны 05, 06 дугаар сарын түрээсийн төлбөрийг 1 700 000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг 1 300 000 төгрөгөөр тус тус бүрэн төлсөн болно. Түрээсийн гэрээний 4.1-т заасны дагуу 2016 оны 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сарын төлбөрүүд өөрчлөлт оруулж, багасгаж төлснийг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрснийг гэрчлэх гэрч нар байгаа. Түрээсийн төлбөрийг яагаад багасгахаар тохиролцсон бэ гэхээр зуны улирал учраас маш муу орлоготой байсан тул хоорондоо тохиролцоод багасгасан. Тэгээд 7 дугаар сард би түрээслэхээ болилоо орлого муу байна, би ашиг олох гэж ажиллуулж байгаа хүн гэж хэлсэн. Би 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч рүү яриад би түрээслүүлэх хүн олчихлоо гэхэд би наад хүнтэй чинь харьцахаа болилоо, чи түрээсийн төлбөрөө төл, би шүүхээр явна гэж хэлсэн. Нэхэмжлэлд 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр өгөөгүй гэж 2 500 000 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь манай баарны хамгаалагч Б.Ууганмягмараар дамжуулан, түрээслүүлэгч Р.Нянтайсүрэнгийн зочид буудлын ажилтан болох Сараад 2016 оны 07 дугаар сард 1 300 000 төгрөг өгүүлсэн болно. Мөн нэхэмжлэлд дурдсан ашиглалтын зардалд 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тодорхой бус байна. Бас тогны төлбөр нэхэж байгааг би гайхаад байна. Манайх өөрөө тоолууртай байсан. Усны төлбөрт 377,000 төгрөг нэхэмжлээд байна. Манайх өөрөө тоолууртай байдаг байсан учраас усны хэрэглээн дээрээ анхаарал тавьдаг байсан. Сардаа 40,000,-60,000 төгрөгийг төлдөг байсан. Энэ мөнгөө буудлын ресепшнд хүлээлгэж өгдөг байсан. Тэр хоёр давхар байшин, буудал, цайны газар гэх мэт байгууллагууд түрээслэж үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр бүх төлбөрөө надаас нэхээд байх шиг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Г.Санжээсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Р.Нянтайсүрэнтэй би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ түрээслэж байсан 70 м.кв талбайн өмчлөгч нь боловч доторх тохижилт, үйл ажиллагаа явуулах эрх нь ХМСТ ХХК-ийн өмч байсан.. Би 2 жил орчим баарны үйл ажиллагаа явуулж байсан, ажлын туршлагатай бөгөөд гэрээ байгуулах үедээ ХМСТ ХХК-ийн захирал А.Мөнхзоригттой уулзаж, уг баарыг цаашид үйл ажиллагааг нь явуулах талаар ярилцахад ...би өөрийн компанийн хөрөнгөөр энэ баарыг тохижуулсан. Дотор засал, чимэглэл, дуу хөгжим тавих апартур хэрэгсэл, ширээ сандал, гал тогооны хэрэгсэл, зурагт, 00-н өрөө, хаалга гэх мэт зүйлд нийт 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Чи энэ баарыг цааш ажиллуулах гэж байгаа бол миний оруулсан хөрөнгийн 25 000 000 төгрөгөөр үнэлээд ав гэж хэлсэн. Би зөвшөөрч А.Мөнхзоригт болон түүний ээж Ж.Уранчимэг нартай тохиролцсоны дагуу баарны үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрлийг доторх тохижилт, тоног төхөөрөмж, гаднах тохижилтын хамт ХМСТ ХХК-ийн 100 хувь хувьцаа болон эрхийг 25 сая төгрөгөөр худалдаж авсан. Үүнийг Р.Нянтайсүрэн гуай сайн мэдэж байгаа. Иймд ХМСТ ХХК-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, доторх эд хогшил, техник тонон төхөөрөмж, гаднах хайс, хашаа зэрэг миний өмчлөлийн эд хөрөнгө тул би Р.Нянтайсүрэнгийн хууль бус эзэмшилд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийг гаргуулмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөгнэхэмжлэл тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай байх ёстой. Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хамааруулж шийдэх боломжгүй. Хариуцагч ХМСТ ХХК-ийн дотоод заслыг худалдаж авч байсан байх бөгөөд уг эд хөрөнгийг хувь хүнийхээ хувьд нэхэмжлээд байна. Гэтэл эд хөрөнгө хүлээлцсэн тухай актад ХМСТ ХХК-ийн эд хөрөнгө гэж бичигдсэн байсан. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх нь Г.Санжээсүрэнд байгаа юм уу компаниараа худалдаж аваад байгаа бол компаниараа гаргах эрхтэй. 2008 онд хөрөнгө оруулалт хийсэн гэрээ байгаа бол Ж.Уранчимэг гэж хүн захирал байдаг. Гэрээнд хоёр удаа бичгээр өөрчлөлт оруулсан. Гэрч А.Мөнхзоригтын өгсөн тайлбараар тогтоогдоно гэж ойлгож байгаа бол А.Мөнхзоригтоосоо нэхэмжилж болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Нянтайсүрэн нь хариуцагч Г.Санжээсүрэнд холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 700 000 төгрөг, хогны төлбөрт 500 000 төгрөг, усны төлбөрт 377 299.14 төгрөг, цахилгааны төлбөрт 2 990 230 төгрөг, нийт 12 567 529.14 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөг гаргуулахөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 2 дугаар гудамж 07 тоот хаягт байрлах 379 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 160 м.кв талбайг диско баарны зориулалтаар түрээслэх зорилгоор гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ. /хх3/

 

Талууд энэхүү гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, тодруулбал гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч гэрээний гол нөхцлийн талаар зохигчид харилцан тохиролцсон, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

 

Зохигчид түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, сарын 2 500 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлөхөөр, төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн дагуу түрээслүүлэгчид алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагч Г.Санжээсүрэн сарын түрээсийн төлбөрт 2 500 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг төлж 500 000 төгрөг дутуу төлсөн тул 2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөрт дутуу төлсөн 2 500 000 төгрөг, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 800 000 төгрөг, 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул 2 500 000 төгрөг нийт 5 800 000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй тул алданги 2 900 000 төгрөг нийт 8 700 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

 

Хариуцагч Г.Санжээсүрэн ...ашиг орлого багатай байсан тул түрээсийн гэрээний 4.1-т заасны дагуу нэхэмжлэгч Р.Нянтайсүрэнтэй амаар тохиролцож, сарын түрээсийн төлбөрийг 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал 2 000 000 төгрөг, 6 дугаар сард 1 700 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон гэж тайлбарласан боловч түүний энэхүү тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, хариуцагчийн хүсэлтээр шүүхэд дуудагдсан гэрч Л.Гансүх, Б.Ууганмягмар нар түрээсийн төлбөрийг бууруулах талаар талууд тохиролцсон талаар мэдүүлээгүй, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 1 300 000 төгрөг өгсөн талаар гэрч мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагч Г.Санжээсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт ...нийт түрээсийн төлбөрт 14 200 000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн нь нэхэмжлэгч талаас хариуцагчийн түрээсийн төлбөрт нийт төлсөн гэх үнийн дүнтэй нийцэж байна.

 

Иймд хариуцагч Г.Санжээсүрэн нь түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 5 800 000 төгрөг, алданги 2 900 000 төгрөг нийт 8 700 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Нянтайсүрэнд төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хогны төлбөрт 500 000 төгрөг, усны төлбөрт 377 299.14 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын цахилгааны төлбөрт 554 500 төгрөг, 2 дугаар сард 464 200 төгрөг, 3 дугаар сард 390 120 төгрөг, 4 дүгээр сард 368 600 төгрөг, 5 дугаар сард 433 700 төгрөг, 6 дугаар сард 410 150 төгрөг, 7 дугаар сард 368 690 төгрөг нийлээд 2 990 230 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч Тог, усны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Манайх ус болон цахилгааны тоолууртай байсан бөгөөд хэрэглээндээ байнга хяналт тавьж, сард тог болон усны зардалд 40,000,-60,000 төгрөгийг төлдөг, энэ мөнгөө буудлын ресепшнд хүлээлгэж өгдөг байсан. Нэхэмжлэгч буудал, цайны газар гэх мэт нийт түрээслэгч байгууллагын төлбөрийг надаас нэхээд байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт нөхцөлд: ...түрээслэгч ашиглалтын зардал /тог, цахилгаан, дулаан, ус гэх мэт/ болон хогны мөнгийг хариуцан төлнө гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хогны төлбөрт 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хогны төлбөрт 100 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 400 000 төгрөг төлсөн баримт, УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлан, УСУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх албаны хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоог шүүхэд ирүүлсэн боловч эдгээр төлбөрийн аль хэсгийг хариуцагч төлөх үүрэгтэй нь тогтоогдохгүй байхаас гадна дээрх төлбөрийн нэхэмжлэл нь зочид буудал, цайны газар нийт түрээслэгч байгууллагын төлбөр юм гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардалтай холбоотой 3 867 529.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Г.Санжээсүрэн нь Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү сөрөг нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үндсэн нэхэмжлэл буюу түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хамт шийдвэрлүүлэх маргаан биш байна. Хариуцагч нь энэ шаардлагадаа тусад нь нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Санжээсүрэнгээс 8 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Нянтайсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 867 529.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Нянтайсүрэнгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч Г.Санжээсүрэнгийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ