Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01124

 

Р.Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00709 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1332 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Р.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.С д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 567 529 төгрөг гаргуулах,

Р.Нгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Г.Сгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Н нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Стэй түрээсийн гэрээ байгуулж, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 2 500 000 төгрөг болон түрээсийн зүйлтэй холбогдон гарсан урсгал зардлыг төлөх, засвар үйлчилгээ хийх үүргийг тус тус хүлээсэн. Түрээслэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй сар бүрийн төлбөр 2 500 000 төгрөгийг 2 000 000 төгрөгөөр өгч байсан. Мөн 2016 оны 5, 6 сард орлого муу байна гэж шалтаглан 1 700 000 төгрөг өгч, 7 сарын төлбөр огт төлөөгүй. Бид амаар тохиролцож, үнэ буулгасан зүйл байхгүй бөгөөд нийт 14 200 000 төгрөгийг хариуцагч төлсөн. Мөн түрээсийн зүйлтэй холбогдох зайлшгүй зардлуудыг төлөөгүй. Иймд түрээсийн төлбөрт 2016 оны 1 сараас 5 сар хүртэл дутуу төлсөн 2 500 000 төгрөг, 6 сарын төлбөрийн дутуу 800 000 төгрөг, 7 сарын огт төлөөгүй 2 500 000 төгрөг, нийт 5 800 000 төгрөг, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйн алданги 2 900 000 төгрөг, хогны 500 000 төгрөг, усны 377 299.14 төгрөг, 2016 оны 1 сарын цахилгааны төлбөр 554 500 төгрөг, 2 сарын 464 200 төгрөг, 3 сарын 390 120 төгрөг, 4 сарын 368 600 төгрөг, 5 сарын 433 700 төгрөг, 6 сарын 410 150 төгрөг, 7 сарын 368 690 төгрөг буюу ашиглалтын зардлын 2 990 230 төгрөг, нийт 12 567 529.14 төгрөгийг хариуцагч Г.Сгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Нтэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 2 500 000 төгрөгөөр тохирсон. Улмаар гэрээний 4.1-т зааснаар талууд тохиролцож түрээсийн гэрээний хугацаанд төлбөрийг ихэсгэж, багасгаж болно гэсний дагуу түрээслүүлэгчтэй тохиролцон 2015 оны 12, 2016 оны 1 сарын төлбөрийг 2 500 000 төгрөгөөр, 2016 оны 2, 3, 4 дүгээр сарын төлбөрийг 2 000 000 төгрөг, 2016 оны 5, 6 дугаар сарын төлбөрийг 1 700 000 төгрөг, 7 сарын төлбөрийг 1 300 000 төгрөгөөр тус тус бүрэн хэмжээнд төлсөн. Төлбөрт өөрчлөлт оруулж, багасгаж төлснийг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрснийг гэрчлэх гэрчүүд байгаа ба багасгахаар тохиролцоо нь орлого муу байсантай холбоотой. Иймээс 7 сард би түрээслэхээ болилоо, орлого муу, ашиг олохгүй байна гэдгээ хэлсэн. Ингээд 8 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй яриад, түрээслэх хүн олчихлоо гэхэд би наад хүнтэй чинь харьцахгүй, чи түрээсийн төлбөрөө төл, би шүүхээр явна гэсэн. Нэхэмжлэлд 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөр өгөөгүй гэж 2 500 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хамгаалагч Б.Ууганмягмараар дамжуулж, Р.Нгийн зочид буудлын ажилтан Сараад 2016 оны 1 300 000 төгрөг өгсөн. Ашиглалтын зардалд 600 000 төгрөг, тогны төлбөр зэргийг нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Манайх өөрөө тоолууртай байсан. Усны төлбөрт 377 000 төгрөг нэхэмжлээд байна. Гэтэл тоолууртай учраас бид усны хэрэглээд анхаарал тавьдаг, сард 40 000-60 000 төгрөгийг төлдөг, энэ мөнгөө буудлын ресепшнд хүлээлгэж өгдөг байсан. Тухайн байшинд буудал, цайны газар гэх мэт байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг байсан, тэр бүх төлбөрийг надаас нэхээд байх шиг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээслүүлэгч нь түрээслэж байсан 70 м.кв талбайн өмчлөгч нь боловч доторх тохижилт, үйл ажиллагаа явуулах эрх нь “ХМСТ” ХХК-ийн өмч байсан. Би 2 жил орчим баарны үйл ажиллагаа явуулсан, туршлагатай бөгөөд гэрээ байгуулах үед тус компанийн захирал А.Мөнхзоригттой уулзаж, баарны үйл ажиллагаа явуулах талаар ярилцахад, өөрийн компанийн хөрөнгөөр баарыг тохижуулсан, засал, чимэглэл, дуу хөгжмийн хэрэгсэл, ширээ сандал, гал тогоо, зурагт, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэт зүйлд нийт 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Цаашид ажиллуулах гэж байгаа бол миний оруулсан хөрөнгийг 25 000 000 төгрөгөөр үнэлээд ав гэснийг би зөвшөөрч А.Мөнхзоригт болон түүний ээж Ж.Уранчимэг нартай тохиролцсоны дагуу баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг, доторх болон гаднах тохижилт, тоног төхөөрөмжийн хамт компанийн 100 хувийн хувьцааны эрхийг худалдаж авсан. Үүнийг Р.Н гуай сайн мэдэж байгаа. Иймд дээр дурдсан хөрөнгүүд нь миний өмчлөлийн эд хөрөнгө болсон тул би Р.Нгийн хууль бус эзэмшилд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уг нэхэмжлэл тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байх ёстой учраас сөрөг нэхэмжлэлийг миний шаардлагатай хамааруулж шийдэх боломжгүй. Хариуцагч “ХМСТ” ХХК-ийн дотоод заслыг худалдаж авч байсан байх бөгөөд уг эд хөрөнгийг хувь хүнийхээ хувьд нэхэмжлээд байна. Гэтэл эд хөрөнгө хүлээлцсэн тухай актад “ХМСТ” ХХК-ийн эд хөрөнгө гэж бичигдсэн байсан. энэ нэхэмжлэлийн шаардлагыг компаниар гаргах эрхтэй байх. 2008 онд хөрөнгө оруулалт хийсэн гэрээ байгаа бол Ж.Уранчимэг гэж хүн захирал байдаг. Гэрээнд хоёр удаа бичгээр өөрчлөлт оруулсан. Гэрч А.Мөнхзоригтын өгсөн тайлбараар тогтоогдоно гэж ойлгож байгаа бол А.Мөнхзоригтоос нэхэмжилж болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00709 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Сгээс 8 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 867 529.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Р.Нгийн хууль бус өмчлөлд байгаа эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийг гаргуулах хариуцагч Г.Сгийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1332 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00709 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Сгээс 5 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Нд олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 667 529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж 3 дахь заалтын “154 150” гэснийг “107 750” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Г.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр, магадал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Г.С миний бие Р.Нтэй түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний дагуу төлбөрийг надаас Р.Н нэхэмжилсэн. Би Р.Нгээс түрээсийн гэрээний зүйл болох барын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөгийг Р.Нгээс сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилсэн. Би 25 000 000 төгрөгийг н.Мөнхзоригтод төлөх шаардлага байхгүй байсан. Р.Н БГД-н 7-р хороо Туулийн 7-2 тоот Хит 16 барны тусгай зөвшөөрөл, доторхи тохижилтын жинхэнэ эзэмшигч байсан бол н.Мөнхзоригтод мөнгө төлөхгүй байх байсан нь хэнд ч ойлгомжтой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, сөрөг нэхэмжлэл нь холбоогүй гэсэн шүүхийн шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үзэж байгаа. ИХШХШТХ-н 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг буцааж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явуулсан бөгөөд үндсэн нэхэмжлэл болох Р.Нгийн “Түрээсийн төлбөрт 12567529 Г.Сгээс нэхэмжилсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Г.С нь “түрээсийн гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ болох тухайн түрээсийн байрнаас аваад явахад чанар байдал нь өөрчлөгдөх эд хөрөнгийн үнэ болох 25 000 000 төгрөг буюу Р.Н нь н.Мөнхзоригтод төлөх ёстой төлбөрийг өөрөө төлсөн гэж үзэж байгаа учир Р.Нгээс нэхэмжилсэн. Үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлтэй уялдаа холбоогүй гэж үзэх үндэслэлгүй.

Р.Н нь хариу тайлбар болон бусад бичгийн нотлох баримтаар н.Мөнхзоригт, Р.Н нарын хооронд байгуулсан 2012 оны 06 сарын 18 өдрийн түрээсийн гэрээний зүйл” хэсэгт ...Хэрэв түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалвал түрээсийн Засвар хийсэн 40 000 000 төгрөгийг эгүүлэн өгнө гэж заасан байгаа. Үүнээс үзвэл Р.Н нь н.Мөнхзоригтод 40 000 000 төгрөг өгөх тухай үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байгаа. н.Мөнхзоригт нь түрээсийн гэрээг цуцалж Р.Нгээс 40 000 000 төгрөг авах эрхтэй болох нь ч бас тогтоогдож байгаа. Р.Н, н.Мөнхзоригт бид 3-н хооронд ярилцсан тохироогоор Р.Н өөрөө төлөх төлбөрөө надаар төлүүлсэн болох нь хэргийн нөхцөл байдлаас харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл н.Мөнхзоригтын Р.Нгээс нэхэмжлэх 40 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрх надад үүсч байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Барны үйл ажиллагааг явуулахад шаардагдах тоног төхөөрөмжийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж байгаа тул 25 000 000 төгрөгийн эд зүйлийг ашиглаж байгаа Р.Н нь надад 25 000 000 төгрөг төлөх үүрэгтэй. Одоог хүртэл тухайн барыг өөр хүнд түрээслээд ашиг олж байгаа. Түрээсэлсэн эд хөрөнгө нь өмчлөх эрхтэй байсан эсэх нь одоо ч тодорхой бус байгаа. Түрээсийн гэрээний зүйл болох 70 м.кв үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Р.Нгийн эд хөрөнгө мөн болох нь тогтоогдоогүй, бидний хооронд байгуулсан гэрээ нь өөр буюу 2,3 дугаар давхарын талбайг түрээслэж байгаагаар эрх зүйн үр дагавар гаргасан гэрээ байгуулагдсан. Бид нэгэнт түрээс төлж байсан гэтэл надад түрээсийн төлбөрийг бууруулах тухай хэлж байсан хирнээ одоо шүүхэд худал тайлбар Р.Н өгдөг. Р.Н бол өөрийн хөрөнгийг хэмнэж надаар өөрийнхөө өмнөөс Мөнхзоригтод төлбөр төлүүлсэн гэдэг нь ойлгомжтой тодорхой байсаар атал намайг төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Миний гаргасан сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй гэж дүгнэсэнг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үнийг нь төлсөн эд хөрөнгийг Р.Н бусдад түрээслүүлээд байгаа.

Давж заалдах шатны шүүхийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр биш, хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр бусдын хөрөнгийг тодорхой хугацаанд ашигласан гэх үйл баримт тогтоогджээ, ашигласан хугацааны үнэ хөлсийг бүрэн төлсөн гэх үндэслэлгүй гэжээ...үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх гэрээг дүгнэж байгаа бол би хөлс төлөх үүрэггүй байсан. Ер нь бол Р.Нгийн эд хөрөнгө гэдэг нь тогтоогдоогүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Надаар өөрийн төлөх ёстой төлбөрийг Р.Н нь н.Мөнхзоригтод төлүүлчихээд одоо болхоор миний эд хөнгийн үнийг төлсөн баранд үйл ажиллагаа явуулаад ашиг олоод байгаад гомдолтой байна. Иймд анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж миний сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Г.Сгээс түрээсийн гэрээний төлбөрт 5 800 000 төгрөг, алданги 2 900 000 төгрөг, ашиглалтын зардал 2 990 230 төгрөг нийт 12 567 529 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Г.С нэхэмжлэлийг эс зөвшөөрч, орлого муу байсан тул харилцан тохирч түрээсийн төлбөрийг бууруулж, төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж, нэхэмжлэгчид холбогдуулан түүний өмчлөлд хууль бусаар үлдсэн эд хөрөнгийн үнэ 25 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 5 800 000 төгрөг, алданги 2 900 000 төгрөг нийт 8 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний үндсэн үүрэгт 5 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулжээ.

Давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн алдаатай дүгнэлт хийснийг зөвтгөх шаардлагатай ба маргааны талаарх шийдэл үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг түрээсийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д нийцнэ.

Харин түрээсийн зүйл нь нэхэмжлэгч Р.Нгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Орхон 2 дугаар гудамж 7 тоотод байрлах 379 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу 160 м.кв талбай бүхий эд хөрөнгө байх ба гэрээний талууд түрээсийн зүйлийн зориулалт, гэрээний гол нөхцлийг тохирсон, энэ талаар маргаагүй байна. Түрээслүүлсэн талбайн хувьд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан хуулийн шаардлага хэрэгжих боломжгүй юм. Түрээсийн зүйлийн дээрх онцлогоос шалтгаалж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх түрээсийн гэрээг зохих байгууллагад бүртгүүлээгүй нь хууль зөрчихгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нь 7 дугаар сарын  түрээсийн төлбөр болон зарим сарын түрээсийн төлбөрийн дутууг төлөх үүрэгтэй, харин гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч нь түрээсийн төлбөрийг бууруулахаар харилцан тохирсон талаар нотлоогүй байв. Иймд түрээсийн төлбөрийг төлөхгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцалсан тул гэрээний үүрэг дуусгавар болох ба гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид хамаарах ашиглалтын зардлын хэмжээг нотлоогүй, шүүхэд ирүүлсэн баримт нь тухайн обьектыг бүхэлд нь ашиглахтай холбоотой зардлын агуулгатай байгаа тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийжээ. 

Шүүх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэх үндэслэлээр хэлэлцээгүй шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь түрээсийн зүйлийг засч сайжруулсан үйл баримтад хамаарахгүй, өөр гэрээ буюу түрээсийн байранд суурилуулсан эд хөрөнгийг худалдах, худалдан авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхтэй холбоотой байхаас гадна нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд нь хариуцагч эсвэл хуулийн этгээд эсэх нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзнэ. Хариуцагч Г.С нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь нээлттэй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1332 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА