Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ2018/00557

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ2018/00557

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

          Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар хэсэг, 2 дугаар 60-н айл 48 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: МЮ-75021315/-ны нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 2 дугаар 60-н айл 52 тоотод оршин суух, Боржигон овогт *******ын ******* /ТИ-56112405/-д холбогдох

 

  Гэм хорын хохирол 431.970 төгрөг гаргуулах-ыг хүссэн хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, иргэдийн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтанбагана нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

... 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04 цаг 20 минутанд дээд айлаас ус алдаж цаг гаран болсон. Уг айл нь тэр үед гэртээ байгаагүй хөдөө явсан байсан. Утсаар ус алдаж байна гэж хэлэхэд хүн явуулж хаалгасан. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 20-нд Ашид билгүүн ХХК-иар хохирлын үнэлгээ гаргуулсан.

С.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ... миний буруутай үйлдлээс болоогүй жорлонгийн сантехникийн холбоосноос ус алдсан гэж бичжээ. Нэгэнт тухайн айл гэрт доторх сантехникийн асуудлаа, аюулгүй байдлыг ханган амьдрах ёстой. Гэтэл тэдний хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж ус 2 удаа алдаж бидэнд хохирол учруулж байгаа. Эхний ус алдалт 2018 оны 6 дугаар сарын эхээр тэд гэртээ 2 хүүхдээ эзэнгүй үлдээснээс болж ус алдаж тухайн үедээ манайх эзэнтэй байсан тулдаа шуурхай арга хэмжээ авч хохирол багатай байсан тул тухайн үедээ хохирол төлбөр нэхэлгүй өөрсдөө засвар үйлчилгээгээ хийсэн.

Харин 2018 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн орчим дахин ус алдаж нэлээн хэмжээний хохирол гарсан бид алийн болгон хүний буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг төлүүлэхгүй орхих билээ эдийн засгийн хувьд ч хэн хүнгүй хэцүү байдалд байхад өөрсдөө засварлах боломжгүй байдал үүссэн тул буруутай этгээд *******тай уулзахад та нар надаас юу ч олж долоохгүй явдаг газраараа яв гэж хэлсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2018 оны 8 сарын 17-ны шөнө 04 цагт алдсан ус нь манайх төдийгүй нэг давхрын айл руу орсон. Гэртээ хүнтэй байсан тул алдаж байгаа усыг чадлынхаа хэрээр шавхаж цэвэрлэж байсан боловч бороо орж байгаа мэтээр ус маш хүчтэй гоожиж урсан орж ирж байсан. Гэрт гаднаас орж ирэхэд чийг, бохирын үнээр үнэртэж байгаа. Ус алдалт шоржигнон урсах чимээнээр сэрж дулааны болон урсгал усны байгууллага руу дуудлага өгсөн. Яаралтай арга хэмжээ авсан тулдаа энэ зэргийн хохирол амсаад зогссон.

Энэ ус алдалтын байдлаас болж засвар хийгээд удаагүй байсан коридор, унтлагын өрөөний тааз бүхэлдээ, том өрөөний үүдэн хэсэг, 00 өрөөний хана тааз бүхэлдээ, коридорын паркетан шал усанд автаж бүгд дээшээ хөөрсөн түмбийсэн засвартай болсон зэрэг нэлээн хэмжээний хохирол амслаа. Гэтэл хариуцагч хүүхдүүдээ явуулж обой наалгах гэсэн боловч бэлэн мөнгө авна гэсэн, бид үнэлгээг хүлээсэн гэж худал хуурмаг зүйл бичсэн байна.

Бид утсаар өчнөөн холбогдож засварыг минь хийж өгөөч чийг үнэртээд хөндийрсөн шалан дээр хүүхэд тээглэж унах зэрэг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учирч байгаа талаар хэлэхэд та нар юу ч олж долоохгүй гэж утсаар дарамталж загнахаас өөр юу ч бидэнд хэлээгүй. Тэдний охин нэг удаа орж ирэхдээ зургийг нь авчих гэж ээж хэлсэн гэхээр нь бүх байгаа байдал учирсан хохирсон байдлаа танилцуулж тайлбарлаж зургийг нь утсан дээр авахуулж явуулсан боловч сураг чимээгүй болсон юм.

Таазанд наасан дөрвөлжин хөөсөн таазыг бид саяхан наасан гэтэл ус алдалтаас болж хуурч шарлаж дахин наах боломжгүй болсон. Гэтэл Ашид билгүүн ХХК-ний үнэлгээчин зөвхөн 10 хөөсөнцрөөр үнэлгээ гаргасан. 10 хөөсөнцөрөөс бусад үлдсэн хөндийрсөн хөөсөнцрийг нь унахгүйн тулд цавуудаад цааш нь нааж байгаа боловч хөндийрөөд наалдахгүй тэгээд ч ус авахаараа үрчийж харчийгаад өнгө үзэмж нь алдагдсан болно. Бүгдийг нь дахин солихгүй бол өнгө нь хээ зөрөх нөхцөл байдал үүсч байгаа.

С.******* үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Харин нэгэнт үнэлгээний байгууллага тогтоосон гэж бодоод би олон зүйл яригүй. Үнэлгээнд ороогүй олон эд зүйл үлдсэн. Түүнийг нэхэмжлээгүй. Ус алдсанаас болж 00 өрөөний хаалга гажиж хаагдахгүй болсон, хуулга нь наалдсаараа салсан хухаарч байгаа, 10 ширхэг унасан хөөсөнцрөөс бусад унахгүйн тулд дахин нааж тогтохгүй болж шаралсан хавтаны үнэлгээ ороогүй, лампиран таазны цаад талд үүссэн шарлалт зэргийг огт дурсаагүй үнэлгээг тогтоосон.

С.******* нь үнэлгээний байцаагч юу харж үнэлгээ тогтоосон юм гэжээ. 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай гэрт ирж бүх хохирсон эд материалын зургийг харж бэхжүүлж аваад үнэлгээг гаргасан. Тухайн үед үнэлгээний байцаагч ирж газар дээр үзэх гэж байна та нар байлц гэдэг үгийг ч хэлсэн боловч ирээгүй үнэлгээнийхээ баримтыг над руу мессежээр явуулчих гэж хэлсэн. Гэтэл энэ үйл явцыг мэдсээр байж яаж үнэлсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж бичсэнийг гайхаж байна. Тийм л байсан бол хүн утсаар дуудаад байхад мэдсэн хэрнээ ирэхгүй яасан бэ, мэдсээр байж ирээгүй шүү дээ.

Ус хана дагаж урссанаас болж обой хөндийрсөн түүнийг наах боломжгүй, маш их талбай хамарсан шарлалт үүссэн байгаа С.*******ын охин Болор орж ирж харж зургийг нь авсан. Хэт их шарлалтаа газарт замаск хийхээс гадна эмульс заавал хийж шарлалтийг арилгадаг тийм байдлаас шалтгаалан мэргэжлийн байгууллага энэ болгоныг тооцон үнэлгээг гаргасан гэж үзэж байна.

Тэгээд энэ мөнгөөр засварын зүйлийг авлаа гэхэд хүн гуйлгаж хийлгүүлэх ажлын хөлс гэж зардал гарна. Засварын ажил метр квадратаар тооцогдон үнэлгээ өндөртөй байдаг. Өдөр ирэх тусам үнэ өсч барилгын материалын үнэ нэмэгдэж байгааг хувь хүнийхээ хувьд С.******* ойлгож байгаа байх.

Тиймээс хүний буруутай үйлдлээс болж манай гэрт 2 удаа ус алдалт явагдсан. Эхний ус алдалтаас үүссэн эд матөриалын хохиролыг бид өөрсдийн хүчээр засварлаж янзалсан. Энэ удаа бол С.*******аас гэм хорыг арилгуулах шаардлагатай байгаа тул нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж уг тайлбарыг гаргаж байна. Түүнтэй утсаар ярьсан утсаны биллийг гаргаж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбартаа:

... 1. Уг алдсан гэх ус нь хувь хүн миний буруутай үйлдлээс бус, жорлонгийн арын шугамын төвийн сантехникийн шугамтай холбосон холбоосоор алдагдсан болно. /Үүнийг засварласан сантехникч гэрчилнэ/

2. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээний 431.970 төгрөгийн хохирол учруулаагүй болно. Үүнд обой нь хуулраагүй, паркетан шаланд нь гэмтэл учруулаагүй хуучин байдлаараа л байсныг бид нүдээрээ үзэж зургийг баталгаажуулж авсан. Харин таазных нь 10 ширхэг хөөсөнцөр ховхорч унасан байсан. Хөөсөнцөрт нь гэмтэл учраагүй эргээд наах боломжтой байсан. Тиймээс би ОХУ-аас хөөсөнцрийн цавуу захиж авчруулсан бөгөөд хөөсөнцрийг нь нааж өгье мөн шинэ обой авч хүүхдүүдээрээ наалгаж өгье гэж тохиролцохыг хүссэн боловч нэхэмжлэгч ******* зөвшөөрөөгүй. Үнэлгээ гаргуулж уг гаргуулсан үнэлгээгээрээ л заавал мөнгөөр хохирлоо төлүүлнэ гэсэн. Тэгэхээр нь би үнэлгээ гаргуулахыг нь хүлээсэн. Харин үнэлгээг нь үзээд тэр Ашид билгүүн ХХК-ний байцаагч юуг харж үзэж яаж энэ үнэлгээг гаргасныг ойлгохгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж энэ тайлбарыг бичсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ нь бодит үнэнд нийцээгүй байна гэж би үзэж байна. Үүнд:

а. Усанд норсноос болж хууларч гэмтээгүй обой паркетан шалыг гэмтсэн мэтээр тогтоон гэхдээ /хуучирч хир тоос болсон обой элэгдэж будаг нь гарч цайрсан паркетан шалыг материалын элэгдэл хорогдол тооцолгүйгээр шууд шинэ обой паркетаар солихоор бодож үнэлсэн байна.

б. Обой болон хөөсөнцөр хавтангийн дор хийх замаск нь ихээр бодоход 10 кг орох байхад 25 кг гэж тооцсон байна.

в. Эмульс хийх шаардлагатай газар байхгүй байхад нэг сав эмульс хэрэглэх тооцоо гаргасан байна.

г. Барилгын дэлгүүрээс машины тээшинд элбэг багтах зүйлийг 2-р 60 айл руу тээвэрлэж хүргэхэд таксины 2000 төгрөгөөр явах боломжтой байхад уг тээвэрлэлтийн зардлыг 30.000 төгрөг гэж 15 дахин ихэсгэж тооцсон байна.

д. Юу нь тодорхойгүй бусад зардал гэдэгт 30.000 төгрөг тооцсон байна.

е. Ажлын хөлсийг орон нутагт байхгүй хэт өндрөөр үнэлсэн зэргээс шалтгаалан би уг үнэлгээ болон нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байна. Миний энэ тайлбарыг үндэслэн үнэ зөвийг олж өгнө үү! гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Б.******* нь С.*******аас гэм хорын хохирол 431.970 /дөрвөн зуун гучин нэгэн мянга есөн зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжилж байгаа 431.970 төгрөгний хэмжээний хохирол учраагүй, хуучирч хир тоос болсон обой, элэгдэж будаг нь гарч цайрсан паркетан шалыг материалын элэгдэл хорогдол тооцохгүйгээр шууд шинэ шинэ обой паркетаар солихоор бодож үнэлсэн. Обой болон хөөсөнцөр хавтангийн дор хийх замаск нь ихээр бодоход 10 кг орох байхад 25 кг гэж тооцсон, Эмульс хийх шаардлагагүй байхад 1 сав эмульс гэж тооцоо гаргасан, тээвэрлэлтийн зардлыг 30.000 төгрөг гэж 15 дахин ихэсгэж тооцсон, юу нь мэдэгдэхгүй бусад зардалд 30.000 төгрөг тооцсон, ажлын хөлсийг орон нутагт байхгүй хэт өндрөөр үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2-р 60 айлын 48 тоотод Б.*******, мөн байрны 52 тоотод С.*******ынх оршин суудаг бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б.*******ийн гэрийн таазнаас ус алдсны улмаас нэхэмжлэгч Б.*******ийн эд хөрөнгөд 431.970 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 9 сарын 20-ны өдрийн ДХҮ-518/09 тоот Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 4-8/, фото зураг /хх-ийн 10-11, 19-20, 32-35, 39-41/ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр хариуцагч миний буруугаас болоогүй гэх тайлбарыг гаргасан боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д заасны дагуу Б.*******ийн эд хөрөнгөд гэм хор учирсан үйлдэлд өөрийгөө гэм буруугүй болохыг нотлоогүй ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хариуцагч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч үнэлгээнд гомдол гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******ийн эд хөрөнгөнд учирсан хохирол 396.270 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 35.700 төгрөг, нийт 431.970 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.610 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 13.610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******аас 431.970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.610 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 13.610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.СОЁЛМАА

 

                                           ШҮҮГЧИД                      Д.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                 Б.МӨНХЗУЛ