Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баттунгалагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

                                                                   Хэргийн индекс: 148/2018/00497/И

 

     Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

                             Шүүгчид                             Д.Буянжаргал

                                                                        Г.Давааренчин

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                         Б.Баттунгалаг

                                 Хариуцагч                           С.Мөнхбаяр

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш  нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 557 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор Б.Баттунгалагийн  нэхэмжлэлтэй С.Мөнхбаярт холбогдох  “эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 431.970 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч Б.Баттунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04 цаг 20 минутад манай дээд талын  айлаас ус алдаж цаг гаран болсон. Уг айл нь тэр үед гэртээ байгаагүй хөдөө явсан байсан. Утсаар ус алдаж байна гэж хэлэхэд хүн явуулж хаалгасан. Улмаар 2018 оны 09 дүгээр сарын 20-нд “Ашид билгүүн” ХХК-иар хохирлын үнэлгээ гаргуулсан. Тухайн айл гэр доторх сантехникийн асуудлаа, аюулгүй байдлыг ханган амьдрах ёстой. Гэтэл тэдний хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж ус хоёр удаа алдаж бидэнд хохирол учруулж байгаа.

Эхний ус алдалт 2018 оны 06 дугаар сарын эхээр тэд гэртээ хоёр хүүхдээ эзэнгүй үлдээснээс болж ус алдаж тухайн үедээ манайх эзэнтэй байсан тулдаа шуурхай арга хэмжээ авч хохирол багатай байсан тул тухайн үедээ хохирол төлбөр нэхэлгүй өөрсдөө засвар үйлчилгээгээ хийсэн. Харин 2018 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн орчим дахин ус алдаж их хэмжээний хохирол гарсан бид аль болгон хүний буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг төлүүлэхгүй орхих билээ эдийн засгийн хувьд ч хэн хүнгүй хэцүү байдалд байхад өөрсдөө засварлах боломжгүй байдал үүссэн тул буруутай этгээд С.Мөнхбаяртай уулзахад та нар надаас юу ч олж долоохгүй явдаг газраараа яв гэж хэлсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2018 оны 08 сарын 17-ны шөнө 04 цагт алдсан ус нь манайх төдийгүй нэг давхрын айл руу нэвтэрсэн. Гэртээ хүнтэй байсан тул алдаж байгаа усыг чадлынхаа хэрээр шавхаж цэвэрлэж байсан боловч бороо орж байгаа мэтээр ус маш хүчтэй гоожиж урсан орж ирж байсан. Ус алдалт шорчигнон урсах чимээнээр сэрж дулааны болон урсгал усны байгууллага руу дуудлага өгсөн. Яаралтай арга хэмжээ авсан тулдаа энэ зэргийн хохирол амсаад зогссон.

Хариуцагчийн буруутай үйлдлээс болж манай гэрт хоёр удаа ус алдсан. Эхний ус алдалтаас үүссэн эд материалын хохирлыг бид өөрсдийн хүчээр засварлаж янзалсан. Энэ удаа бол С.Мөнхбаяраас гэм хорыг арилгуулах шаардлагатай байгаа тул нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч С.Мөнхбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“... 1. Уг алдсан гэх ус нь хувь хүн миний буруутай үйлдлээс бус, жорлонгийн арын шугамын төвийн сантехникийн шугамтай холбосон холбоосоор алдагдсан болно. /Үүнийг засварласан сантехникч гэрчилнэ/

2. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хэмжээний 431.970 төгрөгийн хохирол учруулаагүй болно. Үүнд обой нь хуураагүй, паркетан шаланд нь гэмтэл учруулаагүй хуучин байдлаараа л байсныг бид нүдээрээ үзэж зургийг баталгаажуулж авсан. Харин таазных нь 10 ширхэг хөөсөнцөр ховхорч унасан байсан. Хөөсөнцөрт нь гэмтэл учраагүй эргээд наах боломжтой байсан. Тиймээс би Орос Улсаас хөөсөнцрийн цавуу захиж авчруулсан бөгөөд хөөсөнцрийг нь нааж өгье мөн шинэ обой авч хүүхдүүдээрээ наалгаж өгье гэж тохиролцохыг хүссэн боловч нэхэмжлэгч Б.Баттунгалаг зөвшөөрөөгүй.

Үнэлгээ гаргуулж уг гаргуулсан үнэлгээгээрээ л заавал мөнгөөр хохирлоо төлүүлнэ гэсэн. Тэгэхээр нь би үнэлгээ гаргуулахыг нь хүлээсэн. Харин үнэлгээг нь үзээд тэр “Ашид билгүүн” ХХК-ний байцаагч юуг харж үзэж яаж энэ үнэлгээг гаргасныг ойлгохгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээ нь бодит үнэнд нийцээгүй байна гэж би үзэж байна.

Үүнд: а. Усанд норсноос болж хууларч гэмтээгүй обой паркетан шалыг гэмтсэн мэтээр тогтоон гэхдээ /хуучирч хир тоос болсон обой элэгдэж будаг нь гарч цайрсан паркетан шалыг материалын элэгдэл хорогдол тооцолгүйгээр шууд шинэ обой паркетаар солихоор бодож үнэлсэн байна.

б. Обой болон хөөсөнцөр хавтангийн доор хийх замаск нь ихээр бодоход 10 кг орох байхад 25 кг гэж тооцсон байна.

в. Эмульс хийх шаардлагатай газар байхгүй байхад нэг сав эмульс хэрэглэх тооцоо гаргасан байна.

г. Барилгын дэлгүүрээс машины тээшинд элбэг багтах зүйлийг 2-р 60 айл руу тээвэрлэж хүргэхэд таксины 2000 төгрөгөөр явах боломжтой байхад уг тээвэрлэлтийн зардлыг 30.000 төгрөг гэж 15 дахин ихэсгэж тооцсон байна.

д. Юу нь тодорхойгүй бусад зардал гэдэгт 30.000 төгрөг тооцсон байна.

е. Ажлын хөлсийг орон нутагт байхгүй хэт өндрөөр үнэлсэн зэргээс шалтгаалан би уг үнэлгээ болон нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

            Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 557 дугаартай шийдвэрээр хэргийг

            - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч С.Мөнхбаяраас 431.970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттунгалагт олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.610 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхбаяраас 13.610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баттунгалагт олгож, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт  давж заалдах  гомдол гаргах эрхтэйг  дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Мөнхбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  байгаа үндэслэлээ нотлох талаар нотлох баримт гаргаж өгөх, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах гэж байтал хүнд өвчний улмаас Улаанбаатар хот руу эмчилгээ шинжилгээнд явах болсон юм. Энэ учир шалтгаанаа хэлж холбогдох эмнэлгийн тодорхойлолт  зэргийг шүүхэд гаргаж өгсөөр байхад шүүх хүсэлтийг минь анхааралгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хагалгаа хийлгээд хэвтэж байхад шүүхийн шийдвэрийг хүлээн авлаа. Энэ нь шүүгч нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин миний эрхийг хааж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчид илтэд давуу байдал олгосон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлийн талаар гаргасан миний тайлбарыг шүүхийн шийдвэрт огт тусгаагүй ус алдалтын улмаас гэмтсэн шал обой таазны зургийг тайлбарын хамт хүргүүлсэн  гэтэл шүүх энэ баримт тайлбарт дүгнэлт хийлгүйгээр  нэг талын баримтыг сонгож итгэлтэйгээр үнэлсэн нь хардах сэтгэл төрүүлж шүүгчид итгэх итгэлгүй болгож байна.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан эрхийг маань  эдлүүлээгүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн тул  эрхээ хэрэгжүүлэх боломж олгон шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч Б.Баттунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Бид гэртээ байсан тулдаа даруй арга хэмжээ авч тэр ч утгаараа хохирол гайгүй учирсан юм. Миний зүгээс хохирол төлөх талаар уулзаж ярилцаж байсан боловч надад эргэн хариу өгөөгүй тул одоо хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломж байхгүй байна. Хохирол тогтоосон байгууллагын дүгнэлтийг зөв буруу эсэхэд би хариу өгч чадахгүй.  Харин хариуцагчаас нэхэмжилж буй хохиролд зарим зүйлийг оруулаагүй байгаа гэдгээ хэлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Б.Баттунгалаг нь хариуцагч С.Мөнхбаярт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 431.970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч С.Мөнхбаяр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 Хариуцагч С.Мөнхбаяр давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх миний хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж тайлбарласан байна.

 Хэргийг судлан үзвэл: Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн үндэслэлээр  нэхэмжлэгч Б.Баттунгалагийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 1925 дугаартай шүүгчийн захирамж гарган шүүх хуралдааныг  2018 оны 11 сарын 19-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлож  хурлын товыг  зохигчдод утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл хөтөлжээ. 

Шүүх хуралдаан болох өдөр хэргийн хариуцагч С.Мөнхбаяр нь өвчний улмаас яаралтай онош тодруулахаар Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт үзүүлж байгаа гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ нотлох баримтын хамт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгчийн туслах хуралдаан хойшлуулсан тухай мэдэгдэл болон хурлын товыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч С.Мөнхбаярт  утсаар мэдэгдэхэд  Хавдар судлалын үндэсний төвд онош тодруулах үзлэгээр  хавдартай гэсэн онош гарсан, биеийн байдал муу байгаа тул шүүх хуралдаанд оролцож чадахгүй, итгэмжлэлээр хүн оролцуулах боломжгүй гэсэн  хариу хэлсэн тухай баримт хэрэгт авагдсан байна.

Ийнхүү хариуцагч С.Мөнхбаяр нь өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байгаа  тухайгаа илэрхийлсээр байхад шүүх түүний хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа нэхэмжлэгчийн хариуцагчгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн, мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа зохигчдын хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хуулиар олгосон хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох  эрхийг тус тус ноцтой зөрчжээ.                    

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул хэргийн шийдэл болон зохигчдын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 557 дугаартай шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                              

 

 

 

 

        

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                      Д.БУЯНЖАРГАЛ

 

                                                                              Г.ДАВААРЕНЧИН