Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00451

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00451

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,*******холбогдох,

800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Дариймаа, хариуцагч Л.Шагжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Солонго нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Шагжаатай 2015 оны 01 дүгээр сарын 14-ний гэрээ байгуулж, Соната 4 маркийн авто машиныг 3 000 000 төгрөгөөр зарсан. Төлбөрөө 2016 оны 8 дугаар сард төлж дуусгахаар тохирсон. Гэрээн дээр машиныг буцаах, гэрээнээс аль нэг тал нь татгалзах юм бол 10 хувийн торгууль төлөх байсан. Мөн 2016 оны 8 дугаар сар хүртэл төлбөрийг төлөхгүй бол алданги тооцохоор тохирсон. Л.Шагжаа машиныг надаас авахдаа шалгаад унаад аваад явсан. Харин машиныг өгөхдөө надад шалгуулж өгөөгүй. Машин аваад алга болчихсон байхад нь эхнэр рүү нь залгаж асуухад Баруун хараа руу алтны шороо ачихаар унаад явсан гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний машиныг өвлийн хүйтэнд чирээд байрны гадаа орхиод явсан байсан бөгөөд хавар болоод машинаа асаах гэтэл асаагүй мотор нь цохисон байсан. Мотор цохисон нь бусад эд ангидаа нөлөөлдөг юм байна билээ. Би моторны мөнгө 500 000 төгрөг, авто машиныг ашигласны төлбөр 300 000 төгрөг нийт 800 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Л.Шагжаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Дариймаа эгч хэдэн жил гадаа байлгасан, үзлэг оношлогоонд ороогүй, бичиг баримтгүй машинаа хямдхан зарна гэхээр нь би өөрийн дүүтэйгээ очоод машиныг нь ноцолдож байж асаагаад 1 дүгээр хороололд байдаг ахынхаа хашаанд аваачиж, асаах гэж оролдсон. Эхлээд бага сага засварлаад болох байх гэж бодсон, гэтэл асахгүй эвдпэрхий машин байсан болохоор нь 20-иод хоногийн дараа асахгүй байна буцаая гэхэд 3 000 000 төгрөг өгөөд ав гэсэн. Надад хямдхан зарна гэсэн хэрнээ 3 000 000 төгрөг өг гэхээр нь би авахгүй гэж хэлсэн, гэхдээ хэрэгт байгаа гэрээнд би гарын үсэг зурсан, мөнгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон талаар маргахгүй. Ингээд машиныг буцаан аваачиж, түлхүүрийг нь өгөөд машинаа гарч харахгүй юмуу гэхэд цонхоороо хараад хэрэггүй ээ, буцаалаа гээд түлхүүрээ авсан. Би энэ машиныг огт унаагүй, 1996 оны хуучин машин, үзлэг оношилгоонд ороогүй, хөдөө гадаа, хотоор унах боломжгүй машин байсан. Би машины эд ангийг бүрэн буцааж өгсөн тул моторны мөнгийг төлөх үндэслэлгүй. Мөн уг машиныг унаж явах боломжгүй хот болон хөдөө алтны шороо ачиж явах бүр ч боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Дариймаа нь хариуцагч Л.Шагжаад холбогдуулан хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 800.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, машинд ямар нэг байдлаар хохирол учруулаагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Соната-4 маркийн 88-52 УБУ улсын дугаартай автомашиныг 3 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээгээр нотлогдож байхаас гадна уг автомашиныг нэхэмжлэгч Н.Дариймаа худалдах эрхтэй эсэх, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.

 

Иймд дээр хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын чөлөөт байдлыг хангасан, хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан байх бөгөөд хариуцагч гэрээнээс татгалзсан үндэслэлээ дээрх машин бичиг баримтын зөрчилтэй, хотод унах боломжгүй байсан тул Н.Дариймаагийн ажил дээр нь аваачиж өгсөн гэж тайлбарласан. Гэвч хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан талаар нэхэмжлэгч маргаагүй, гэрээнээс татгалзсан тохиолдолд торгууль төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх үүнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь машин ашигласны төлбөр 300.000 төгрөг, мотор эвдэрсний төлбөрт 500.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч түүний машиныг ашигласан, машинд хохирол учирсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Ийнхүү хариуцагч тал худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсанаар нэхэмжлэгчид хохирол учирсан байх боломжтой, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохиролоо шаардах эрхтэй хэдий ч нэхэмжлэгч Н.Дариймаа өөрт 800 000 төгрөгийн хохирол учирснаа баримтаар нотлоогүй, эвдрэл учирсан талаар хариуцагчид мэдэгдэж энэ талаар баримт үйлдээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Шагжаагаас 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Дариймаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 26 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн  дотор  давж заалдах гомдлыг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  тус  шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ