Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00211 дүгээр шийдвэртэй, “Э” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Од холбогдох,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат Эрэл 38 дугаар байрны 3 дугаар орцонд байрлах техникийн 1 давхрын 00 тоот үйлчилгээний өрөөг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд,

Хариуцагч Л.О,

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн “Э” СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах Эрэл 38 дугаар байрны 3  дугаар орцонд байрлах сууцны бус зориулалтай техникийн 1 давхрын үйлчилгээний өрөөг чөлөөлүүлэх хүсэлттэй байгаа бөгөөд энэхүү өрөө нь орон сууцны бус зориулалттай өрөө юм. Иргэн Л.Од бид удаа дараа өрөө чөлөөлөх мэдэгдэл өгсөн ч тэрээр үл тоож, мэдэгдлийг урж хаях, эсхүл хаалгаа тайлж өгөхгүй байх зэргээр аргацаан өнгөрүүлдэг. Тэрээр тус сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажилладаг байхдаа уг өрөөнд амьдардаг байсан боловч 2015 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэ үед өрөөг суллаж өгөх байтал шаардлагыг үл тоож, амьдарсаар байгаа. Тус байрны 1, 3, 5 орцонд 380, 280 киловаттын хүчин чадалтай цахилгааны шит байрлуулсан бөгөөд өндөр хүчдэлтэй шит нь 4 киловатт дэд станцтай тэнцэх хэмжээний хүчин чадалтай. Ийм орчинд гэр бүл амьдарч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 32 дугаар зүйлийн 32.3.1, 32.3.2, 33 дугаар зүйлийг тус тус зөрчиж байна.

Манай байгууллагад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас 4 киловаттын цахилгааны өрөөнд хувь хүн /гэр бүл/ зориулалтын бусаар амьдарч байгаа тул чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгч, албан шаардлага хүргүүлдэг болно. Иймд иргэн Л.Огийн хууль бус эзэмшлээс Эрэл 38 байрны 3 дугаар орцонд байрлах техникийн 1 давхрын үйлчилгээний өрөөг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 04 дүгээр сарын 20-нд “Э” СӨХ-ны дарга Н.Пунцагдуламаас тус ариун цэврийн өрөөг тухайн ханш үнээр 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Худалдаж авч байх үед СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга н.Хайдав, хяналтын зөвлөлийн дарга н.Мөнхжаргал, 3 дугаар орцны дарга н.Баасанжаргал нарын хүмүүс байлцсан. Гэтэл одоогийн СӨХ-ны 9 дэх дарга ирснээс хойш буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-нд оршин суугчдын хурлаар ороогүй асуудлыг өөрийн сайн дураар хувийн ашиг сонирхлын шалтгаанаар уг өрөөг суллаж өг гэсэн шаардлага тавьсан. Гол нь надаас энэ өрөөг авч нөхрийнхөө дүүд өгөх санааг гаргаж ирсэн. Уг өрөөг удаа дараа суллаж өгөхгүй байгаа болохоор намайг чадаж анхан шатны шүүхэд өгсөн байна. Тухайн үед нь цахилгаан шит байсныг мэдээгүй, хожим мэдэж 2016 оны 5 сард Хан-Уул дүүргийн эрчим хүчний цахилгаанчин н.Ганбаатарт шитийг нэг давхрын орцонд шилжүүлэн байрлуулахаар бэлэн төлбөр 1 500 000 төгрөг өгсөн юм. Гэтэл тэрээр осолд орж нас барсан, одоо болтол мөнгөө олж авч чадаагүй явна. Миний тухайд өрх толгойлсон эмэгтэй, 2 хүүхдийн хамт амьдардаг. Цаашид цаг агаар дулаан орохоор цахилгааны шитийг орцонд шилжүүлж амьдрах хүсэлтэй байна. Надад үүнээс өөр амьдрах орон байр байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 106 дугаар зүйлийн 106.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ог Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат Эрэл 38 дугаар байрны 3 дугаар орц 1 давхрын 00 тоот техникийн үйлчилгээний өрөөнөөс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дэх хэсэгт заасныг зөрчин зохигчдын нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Эрдэнэ-Сувд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд баримт гаргуулах хүсэлт болон хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авсан боловч шийдвэрлээгүй, нэхэмжлэл гаргасан “Э” СӨХ-ны дарга н.Нарантуяа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болохыг анхаараагүй. Учир нь н.Нарантуяаг хуулиар сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийн дарга томилоогүй, хуулийн дагуу сонгогдсон ТУЗ-ийн дарга, гишүүд татан буугдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан тухайн байрны бүх гишүүдийн хурал зарлагдаагүй, хурал хийгдээгүй тул ТУЗ сонгох ажиллагаа явагдаагүй байхад н.Нарантуяа нь ТУЗ-ийн дарга биш хүнээр өөрийгөө томилсон тушаал гаргуулсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас өөрөөс нь өгсөн баримтад ч эргэлзээтэй. н.Нарантуяаг СӨХ-ны даргаар томилсон тушаалд удирдах зөвлөлийн дарга н.Жамъянсүрэн гэсэн хүн гарын үсэг зурсан байсан бол техникийн өрөөг чөлөөлүүлэхэд П.Ганзориг гэдэг хүн удирдах зөвлөлтийн дарга гэж гарын үсэг зуруулсан байдаг. Иймээс нэхэмжлэгчээс н.Нарантуяаг гүйцэтгэх захирлаар томилсон хүнийг ТУЗ-ийн даргаар сонгосон хурлын материалыг гаргуулах хүсэлт шүүхэд гаргахад шүүгч хүсэлтийг мөн шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” СӨХ нь хариуцагч Л.Од холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат Эрэл 38 дугаар байрны 3 дугаар орцонд байрлах техникийн зориулалт бүхий үйлчилгээний өрөөг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Л.О дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” СӨХ-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг, шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэх үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 183/ШЗ2018/01252 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байна. /хх50-51/

 

Харин хэргийн баримтад хариуцагч талаас гаргасан дээрх сөрөг нэхэмжлэл болон түүнд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт авагдаагүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч, түүний өмгөөлөгч нар уг нэхэмжлэлийг шүүх буцаан өгөөгүй гэж тайлбарлаж байна. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийн гаргасан гэх сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох буюу хамтруулан шийдвэрлэх эсэх талаар таамаглал бүхий дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд шүүхийн дээрх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүрэгтэй байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгчийн туслах Б.Билэгжаргал зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүрэг тайлбарлан, мөн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. /хх18, 20/

 

Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно гэж заасан. Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т шүүгчийн туслах нь “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” чиг үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Эдгээрээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэх агуулгатай байх бөгөөд шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэж болохгүй юм.

 

Цаашилбал, талууд өөрсдөө бие даан нотлох баримтаа гаргаж, чөлөөтэй мэтгэлцэх зарчмаар явагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг шүүхийн зүгээс тайлбарлан өгөх нь тэдний эрхээ хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл болох тул шүүх гүйцэтгэвэл зохих ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймээс хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА