Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 882

 

 

 

 

Д.Ч-ийн нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00946 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-д холбогдох

 

Эд хөрөнгийн гэм хорын хохиролд 2 557 600 төгрөг, эдийн бус гэм хорын хохиролд   5 00 000 төгрөг, нийт 7 557 600 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Д.Ч 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэртээ нас барсан. н.О гэдэг эмэгтэй өөрийн нууц амраг С.Г гэдэг эрийг манай дүүгийн гэрт дагуулан ирж архи ууцгаан маргаж 3 дугаар сарын 01-ний өдөр С.Г нь дүүг маань зодож хөнгөн гэмтэл учруулсан. Улмаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн. Тухайн үед гэм хорын хохирлыг гаргаж өгөөгүй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байснаас хойш хохирлоо барагдуулаагүй.Дүү маань өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 15 настай хүүхдийн хамт амьдарч байсан юм. Мөн Н.О, С.Г нар нь зодчихоод бие нь муу 2 хоног хэвтэж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлээгүй, ах дүү, эгч нарт нь хэлээгүй, хөгжлийн бэрхшээлтэй явж чадахгүй хүүхэд цагдаа болон ах дүү рүү нь утсаар ярьж дуудна гэхэд хоолны шүүгээнээс хүйтэн зэвсэг болох хутга авч хүүхдийн чамархайд тулган айлган сүрдүүлж дарамтлан эгч ах дүү нарт нь хэлээгүйд туйлын гомдолтой байна. Хөгжлийн бэрхшээлтэй 15 настай хүүхэд бүтэн өнчин үлдэж, би төрсөн ганц дүүгээ алдаж сэтгэл санааны хохирол үзэж байна. С.Г нь эрүүгийн шүүхээр орохдоо миний хохирлыг барагдуулна гэж хэлчихээд огт холбоо барихгүй байгаа тул иргэний шүүхэд хандаж байна. Хариуцагч С.Г-с оршуулгын зардал 4.289.300 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 14.289.300 төгрөгийн хохирлыг гаргуулахаар нэхэмжилснээс 6.731.700 төгрөгөөсөө татгалзаж байна. Сэтгэл санааны хохирлын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа юм. Эрүүгийн хэрэгт хариуцагч 14.000.000 төгрөг төлнө гэж байсан тул ялыг хөнгөрүүлж шийдсэн. Гэтэл төлөхгүй алга болж эрэн сурвалжилж олсон. Иймд 1.917.600 төгрөгөөр хүнсний зүйл авсан, хайрцаг, чулуу, газар, бие ороох материалд 380.000 төгрөг, шүүх эмнэлгийн зардалд 110.000 төгрөг, бензинд 150.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000.000, нийт 7.557.600 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч н.Ч нь миний буруутай үйлдлээс болж нас бараагүй нь 2018 оны 5 дугаар сарын     09-ний өдрийн 661 дүгээр шийтгэх тогтоолын 6 дахь хуудасны Шүүх шийнжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 600 тоот дүгнэлтэд тодорхой байгаа, мөн тогтоох хэсгийн 5-д бусдад төлөх төлбөргүйг тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талийгаачтай 2005 онд танилцсанаас хойш нэхэмжлэгчийн эгч нь гэж огт харж байгаагүй. Нас барсны дараа гэнэт гарч ирээд мөнгө нэхээд байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч С.Г-с гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.757.600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч С.Г нь ял шийтгэлээ хөнгөрүүлж авахыг бодсоноос мөнгө төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлнө гэж залилж, хүнлэг бус үйлдэл гаргаж эрэн сурвалжлуулж ирсэн. Шүүх төрсөн дүүгээ алдаж хохирсон нэхэмжлэгчийг сэтгэл санааны нотлох баримт шаардаж, нас барсан хүнийхээ оршуулгын хүнсний зүйлийн баримт нь өөрийнхөө нэр дээр биш, оршуулахад зөвхөн хайрцаг, чулууны мөнгөөс бусад зардлыг тооцохгүй гэж нотлох баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.  

Нэхэмжлэгч Д.Ч г нь хариуцагч С.Г-д холбогдуулан сэтгэл санааны гэм хорын хохиролд 5 000 000 төгрөг,  гэм хор учруулсны төлбөрт 2 557 600 төгрөг нийт 7 557 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 661 дүгээр шийтгэх тогтоолоор хариуцагч С.Г-ыг талийгаач Д.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ...Д.Ч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-ийн 50-53/

Мөн уг шийтгэх тогтоолд талийгаач Д.Ч эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хариуцагч С.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогчийн амь нас хохироогүй байх боловч үхлийн шалтгаан нь тархины эдийн гүн дэх цус харвалт, аалзан хальс доорх цус харвалт бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаачийн дух, дагзны хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, доод уруул, цээж, зүүн өгзөгт цус хуралт, дух, хамрын баруун хажуу хэсэгт зулгаралт бүхий  гэмтэл учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 600 дугаар дүгнэлтээр тогтоогдсон болохыг дүгнэсэн байна. /хх-ийн 50-53/

Анхан шатны шүүх  нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдэл шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дах хэсэгт тус тус нийцсэн байна.  

Мөн шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 5 000 000 төгрөгний шаардлагаас 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг болон Д.Ч-ийн “Суварга буян” ХХК-д үйлчилгээний зардалд төлсөн 300 000 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх Д.Ч-ийн үйлчилгээний зардалд “Суварга буян” ХХК-д 300 000 төгрөг төлсөн баримтаас бусад баримтуудын хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй, төлбөрийг хэн төлсөн нь тодорхойгүй, мөн тухайн оршуулгын үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд С.Г нь хохирогчийн талаас  нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг нь төлж  барагдуулахыг  хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг тусгагдсан байхаас гадна нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан санхүүгийн тэмдэг бүхий 7 ширхэг зарлагын баримтуудаар нийт 2 233 600 төгрөгийн хүнсний болон бараа бүтээгдэхүүн худалдан авч талийгаачийн оршуулах ажилд зарцуулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 10-16, 82/ 

Иймд дээр дурдсан үндэслэлээр сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохиролд           2 500 000 төгрөг, Д.Ч-ийн “Суварга буян” ХХК-д үйлчилгээний зардалд төлсөн      300 000 төгрөг, талийгаачийн оршуулах ажилд зарцуулсан  2 233 600 төгрөг, нийт              5 033 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00946 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “2 800 000 төгрөг” гэснийг “5 033 600” гэж, “4 757 600” гэснийг “2 524 000” гэж, 2 дах заалтын “59 750” гэснийг “95 487” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                               Н.БАТЗОРИГ