Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 946

 

 

 

 

 

                            2019 оны 04 сарын 01 өдөр

 Дугаар 101/ШШ2019/00946

 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 18 гудамж, 270 тоотод оршин суух Боржигон овогтой Дамдингийн Чулуунцэцэг /РД:ХБ60051201/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг, 65 дугаар гудамж, 2227 тоотод түр оршин суух Монгол овогтой Самбуугийн Ганболд /РД:МЛ65041414/-д холбогдох

Эд хөрөнгийн гэм хорын хохиролд 2.557.600 төгрөг, эдийн бус гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг, нийт 7,557,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, хариуцагч С.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, иргэдийн төлөөлөгч М.Мөнх-Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.  

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний дүү Д.Чимгээ 2018.03.03-ны өдөр гэртэй нас барсан. Оюунсүрэн гэдэг эмэгтэй өөрийн нууц амраг Ганболд гэдэг эрийг манай дүүгийн гэрт дагуулан ирж архи ууцгаан маргаж 3-р сарын 1-ний өдөр Ганболд нь дүүг маань нүд рүү нь өшиглөж /хромон гуталтай хөлөөрөө/ цохиж унаган цээжин дээр нь дэвсэж өшиглөж зодсон байсан. Дүү маань дарамт хүчирхийллээс болж сэтгэл санаа нь тавгүйтэж, зодуулсандаа өвдөж зовиурлан даралт нь ихсэж амь насаа алдсанд маш их харамсаж туйлын ихээр гомдолтой байна. Дүү маань өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 15 настай хүүхдийн хамт амьдарч байсан юм. Дүүг маань зодож сэтгэл санааны дарамтанд оруулж үхэлд хүргэсэн Ганболдод маш их гомдолтой байна. Мөн Оюунсүрэн Ганболд нар нь зодчихоод бие нь муу 2 хоног хэвтэж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлээгүй, ах дүү, эгч нарт нь хэлээгүй, хөгжлийн бэрхшээлтэй явж чадахгүй хүүхэд цагдаа болон ах дүү рүү нь утсаар ярьж дуудна гэхэд хоолны шүүгээнээс хүйтэн зэвсэг болох хутга авч хүүхдийн чамархайд тулган айлган сүрдүүлж дарамтлан эгч ах дүү нарт нь хэлээгүйд туйлын гомдолтой байна. Хөгжлийн бэрхшээлтэй 15 настай хүүхэд бүтэн өнчин үлдэж, би төрсөн ганц дүүгээ алдаж сэтгэл санааны хохирол үзэж байна. Ганболд нь эрүүгийн шүүхээр орохдоо миний хохирлыг барагдуулна гэж хэлчихээд огт холбоо барихгүй байгаа тул иргэний шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэрийг үл ойшоон хаягаа худал мэдүүлэн оргон зайлсан эрэн сурвалжпуулж чирэгдэл учруулсан. Иймд хариуцагч Ганболдоос оршуулгын зардал 4,289,300 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, нийт 14.289.300 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018.3.1-ний өдөр нэхэмжлэгчийн дүүг зодож хөнгөн гэмтэл учруулсан. Улмаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн. Тухайн үед гэм хорын хохирлыг гаргаж өгөөгүй тул одоо хохирлоо нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байснаас хойш хохирлоо барагдуулаагүй. Бид 7 сая төгрөгөөр эвлэрэх санал гаргасан боловч зөвшөөрөөгүй. Сэтгэл санааны хохирлоос 5 сая төгрөгийг хасаж тооцож байна. Зан үйлийн чанартай 2 600 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Энэ нь ном уншуулах 504 500 төгрөг, гар цайлгах 1 150 000 төгрөг болно. Үлдэх 7 061 000 төгрөгийг нэхэж байна. Нэхэмжлэгч нь хуульч биш тул нэхэмжлэл гаргахдаа зарим боломжгүй зүйлийг бичсэн байсан. Сэтгэл санааны хохирлын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа юм. Чулуунцэцэг нь эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон байдаг. Эрүүгийн хэрэгт 14 саяыг төлнө гэж байсан тул ялыг хөнгөрүүлж шийдсэн. Гэтэл төлөхгүй алга болж эрэн сурвалжилж олсон. Чадах ядахаараа мөнгө өгч байсан бол болох байсан. Иймд 7 061 000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгчөөр өмгөөлөгчийг авсан байх тул эвлэрэх боломжтой. Тухайн үед сэтгэл санаа цочирдоод мөнгө төлнө гэснийг нь бичүүлж аваагүй байсан. 1 917 600 төгрөгөөр хүнсний зүйл авсан, хайрцаг, чулуу, газар, бие ороох материалд 380 000 төгрөг, шүүх эмнэлгийн зардалд 110 000 төгрөг, бензинд 150 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5 000 000, нийт 7 557 600 төгрөг нэхнэ гэв.

 

            Хариуцагч С.Ганболд нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Чулуунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Чимгээ нь миний буруутай үйлдлээс болж нас бараагүй нь 2018.05.09-ний өдрийн 661 тоот шийтгэх тогтоолын 6 дахь хуудасны ШШҮХ-н шинжээчийн 600 тоот дүгнэлтэд тодорхой байгаа, мөн тогтоох хэсгийн 5-д бусдад төлөх төлбөргүйг тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

            Талийгаачтай 2005 онд танилцсанаас хойш нэхэмжлэгчийн эгч нь гэж огт харж байгаагүй. Нас барсны дараа гэнэт гарч ирээд мөнгө нэхээд байгаа гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчид эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ИХШХШТ хуулиар асуудлыг шийднэ. Эрүүгийн хэрэг шийдэгдэж дууссан. Эрүүгийн хэрэгт давж заалдаагүй. Оршуулгын болон сэтгэл санааны зардал нэхэмжилж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Хэрэв багасгаж байгаа бол хуулийн зохицуулалттай. Хариуцагч нь хөнгөн гэмтэл учруулсан. Харин үхэлд хүргэсэн шалтгаан байгаагүй. Нас барсан шалтгааныг тогтоосон дүгнэлт гарсан байдаг. Үхэлд хүргэсэн шалтгаан байгаагүй. Иймд оршуулгын зардлыг төлөх үндэслэлгүй. Ххэргийн 9-р талд 88 000 төгрөгний баримт байгаа. Энэ нь огноо бичигдээгүй хэзээний баримт нь мэдэгдэхгүй. 10-т байгаа баримтын тамга дээрх нэр нь зөрүүтэй. 11-д байгаа баримт нь нэр зөрсөн. Энэ мэтээр баримтууд нь шаардлага хангахгүй байна. Зарим баримт нь уншигдахгүй байна. Сэтгэл санааны хохирлыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэж байна. Гэтэл энэ нь сэтгэл санааны хохирол нэхэх үндэслэл биш. Уг хүүхэд хэний асрамжид байгаа гэдэг талаарх баримтгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би эвлэрэх талаар асуусан боловч хариуцагч эвлэрэх боломжгүй гэсэн. Нас барсан шалтгаан нь хариуцагчийн үйлдэлтэй холбоогүй гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь гэм хор учруулсаны хохирол гэж оршуулгын зардалд 4,289,300 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг, нийт 14,289,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, оршуулгын зардал гэж хүнсний зүйлийн зардалд 1,917,600 төгрөг, хайрцаг, чулуу, газар, бие ороох материалд 380,000 төгрөг, шүүх эмнэлгийн зардалд 110,000 төгрөг, шатахууны зардалд 150,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг, нийт 7,557,600 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

            Хариуцагч С.Ганболд нь талийгаач Д.Чимгээ нас барахад миний буруутай үйлдэл байхгүй болох нь шинжээчийн дүгнэлт болон шийтгэх тогтоолоор тогтоогдсон, шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 661 дүгээр шийтгэх тогтоолоор хариуцагч С.Ганболдыг талийгаач Д.Чимгээгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Дээрх эрүүгийн хэрэгт энэ хэргийн нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байна. /хэргийн 2 дугаар тал/ Иймд нэхэмжлэгч нь дээрх эрүүгийн хэргийн улмаас учирсан гэх гэм хорын хохирлыг шаардах эрхтэй юм. Түүнчлэн дээрх 661 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 6-д Иргэний хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч Д.Чулуунцэцэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй талаар заасныг дурдах нь зүйтэй.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 661 дүгээр шийтгэх тогтоолд зааснаар хариуцагч С.Ганболдын талийгаач Д.Чимгээгийн эрүүл мэндэд учруулсан хөнгөн хохирол нь талийгаачийн үхлийн шалтгаантай шууд хамааралтай биш байх боловч үхлийн шалтгаан нь тархины эдийн гүн дэх цус харвалт, аалзан хальс доорх цус харвалт бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаачийн дух, дагзны хуйханд цус хуралт, баруун дээд зовхи, доод уруул, цээж, зүүн өгзөгт цус хуралт, дух, хамрын баруун хажуу хэсэгт зулгаралт гэсэн гэмтэл учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 600 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд талийгаач болон түүний хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохиролд хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдэл огт хамааралгүй гэж үзэхгүй юм.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эд хөрөнгөд учруулсан хохирлын нотлох баримт /хэргийн 8-17 дугаар тал/-с үзэхэд Д.Чулуунцэцэг нь үйлчилгээний зардалд “Суварга буян” ХХК-д 300,000 төгрөг төлсөн байна. Харин бусад баримтуудын хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй, төлбөрийг хэн төлсөн нь тодорхойгүй, мөн тухайн оршуулгын үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна. Иймд эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2,557,600 төгрөгнөөс баримтаар нотлогдсон 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 2,257,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлын үндэслэлийг талийгаач нас барснаар түүний хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өнчин үлдсэн гэж, мөн нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүүг алдсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь хүүхдийн хувьд талийгаачийг төрүүлсэн эх нь биш бөгөөд өөр хүний асрамжид байгаа гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь талийгаачийн өргөж авсан хүүхэд нь сурах эрхээр хангагдахын тулд өөрийн төрсөн эцгийн асрамжид байгаа бөгөөд өөрийн асрамжид авах хүсэлт гэж тайлбарласан. Эдгээрээс хүүхэд нэхэмжлэгчийн асрамжид биш, бусдын асрамжид байх тул хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой асуудал нь талийгаач нас барснаар энэ хэргийн нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд хамааралгүй юм. Тодруулбал тэжээгчээ алдсанаас үүсэх хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал нь нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирлыг нотлохгүй юм.

 

            Харин талийгаач Д.Чимгээ нь нэхэмжлэгч Д.Чулуунцэцэгийн төрсөн дүү болох нь дээрх 661 дугаар шийтгэх тогтоолд Д.Чулуунцэцэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосноор нотлогдож байна. Иймд нэхэмжлэгчийн төрсөн дүү нас барснаар нэхэмжлэгчийг сэтгэл санааны хувьд хохирсон гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5-д “эдийн бус гэм хорыг арилгуулах” гэж заасан бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар эдийн бус гэм хорын мөнгөөр төлөхөөр зохицуулсан.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 661 дүгээр шийтгэх тогтоолоор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд “улсын яллагчаас хохирогчийн талаас 5 сая төгрөг нэхэмжилсэн байна танд энэ мөнгийг төлөх бодол байна уу гэж асуухад шүүгдэгч нь би бага багаар гомдлыг нь барагдуулна гэж, мөн даргалагч одоо та хохирол төлбөр төлөх үү гэж асуухад шүүгчдэгч нь төлнө” гэж тус тус хариулсан байна. Эдгээр үйл баримт, өөрөөр хэлбэл хариуцагчийн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн бодит байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учруулсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгний шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 300,000 төгрөг, сэтгэл санаанд учруулсан хохиролд 2,500,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар хариуцагч С.Ганболдоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Чулуунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,757,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД

 

                                        ШҮҮГЧИД                                   А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Т.ЭНХЖАРГАЛ