Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2019/00036

 

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2019/00036

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч; ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг 2-19 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт нягтлан бодогч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт *******ийн ******* /МЮ-92011304/

Хариуцагч: ам бүл 2 эхнэрийн хамт, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, ******* 2 дугаар баг, 19-9а тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, ******* овогт *******ын ******* /МА-90091811/-д холбогдох

522,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь тус цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газраас 2018.04.12-ны өдөр 30/107 тоот төлбөрийн нэхэмжлэл болон хувцасны тайлан ирүүлж эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны төлбөр 522,611 төгрөг гарсан. Уг төлбөрийг төлөөгүй байгаа тул төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн. Нэгэнт цагдаагийн албанаас чөлөөлөгдөж байгаа тул Цагдаагийн алба-ны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу түүний эдэлж байсан дүрэмт хувцаснуудыг жагсаалтын дагуу хураан авсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 917.9.1-д цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагч нь эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны үнийг нөхөн төлнө. Эдэлгээний хугацаа 50 хувиас хэтэрсэн тохиолдолд хувцасны үнийг төлөхгүй гэж заасан. Улмаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан журам буюу кодын дагуу Э.*******ийн эдэлж хэрэглэж байсан эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны төлбөр болох 522.611 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Нас барсан, хөдөлмөрийн чадвар алдсан, төрийн бусад байгууллагад шилжсэн, дүрэмт хувцасны загвар өөрчлөгдсөн тохиолдолд дүрэмт болон ажлын хувцасны төлбөр тооцоо хийхгүй гэж журамд заасан боловч Э.******* нь эдгээр нөхцөлүүдийн алинд нь ч багтаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Цагдаагийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх заалт нь тухайн чөлөөлөгдсөн албан хаагчийн дүрэмт хувцсыг хураан авах тухай, харин 88 дугаар зүйлийн 88.3 дэх заалт нь дүрэмт болон ажлын хувцас хэрэглэх журмыг цагдаагийн төв байгууллага батална гэж заасан. Өөрөөр хэлбэл хуульд заагаагүй зүйлээ журмаараа нарийн зохицуулж өгсөн, тус журам нь 2018 онд батлагдсан... гэх.

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цагдаагийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу хувцсаа хураалгасан. Цагдаагийн албаны тухай хуульд албанаас чөлөөлөгдсөн бол хувцасны үнийг төлнө гэж заагаагүй тул миний бие уг мөнгийг төлөх үндэслэлгүй... хуульд төлнө гэж заагаагүй тул төлөх ёсгүй гэж үзэж байна. Хувцасны эдэлгээний хугацаа, үнийн тооцооны баримт дээр маргах зүйлгүй гэх.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хариуцагч Э.*******оос Эдэлгээний хугацаа дуусаагүй цагдаагийн дүрэмт хувцасны үнэ болох 522.611 төгрөг-ийг нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Учир нь: Э.******* нь тус Цагдаагийн газарт эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба ажиллаж байх хугацаандаа эдэпж хэрэглэж, эзэмшиж, ашиглаж байсан гэх 16 нэр төрлийн хувцас, таних тэмдэг, мөрдөсний эдэлгээний хугацаа нь дуусаагүй байсан ба уг хувцас, хэрэглэлийг Цагдаагийн газарт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай талуудын тайлбар болон хавтаст хэргийн 1-5 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл, тушаал, хавсралт, дүрэмт хувцас, хэрэгслийн эдэлгээ, үнийн тооцооны баримт, хавтаст хэргийн 16, 18-27 дугаар талд авагдсан хариуцагчийн тайлбар, хүсэлт, хувцас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрч Б.*******ы мэдүүлэг зэргээр дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож байхаас гадна, хариуцагч нь дээрх хувцасны үнэлгээ, тоо, ширхэг, чанар, эдэлгээний баримт дээр маргаангүй гэх бөгөөд харин тэрээр тайлбартаа... Цагдаагийн албаны тухай хуулийн 76.1-д заасны дагуу хувцсаа хураалгасан ба тухайн хуульд албанаас чөлөөлөгдсөн бол хувцасны үнийг төлнө гэж заагаагүй тул миний бие уг мөнгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргаж байгаа боловч тэрээр энэ байдлаа шүүхэд баримтаар няцааж чадахгүй байна.

Хууль зүйн дүгнэлт; Цагдаагийн албаны тухай хуулийн 76.1-д зааснаар ... хувцас, таних тэмдгийг тухайн албан хаагч албанаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд хурааж авахаар зохицуулсан ба мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.2, 88.3-д ...цагдаагийн албан хаагч дүрэмт хувцас олгох, хувцасны эдэлгээний хугацаа, хэрэглэх журмыг Цагдаагийн төв байгууллагын дарга батлахаар заасны дагуу гаргасан 2018.01.17-ны өдрийн А/28 дугаартай Дүрэмт хувцас өмсөх, хэрэглэх журам-ын 917.9.1-д ...цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан алба хаагч, ажилтнаар эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнийг нөхөн төлүүлэх-ээр заасан хүчин төгөлдөр үйлчилж буй журмыг баримтлах нь зүйтэй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан ...эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний харилцаа үүссэн бөгөөд хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь тухайн эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөхөөр зохицуулснаас гадна мөн хуулийн 289.1.2, 289.1.5-д тус тус зааснаар ... эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Иргэний хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-д ...эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж... болохоор зааснаас гадна мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж... өгөхөөр тус тус зохицуулсан нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас 522.611 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,328 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар Э.*******оос 522.611 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас 522.611 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,328 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон төл энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН