| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/06084/И |
| Дугаар | 101/ШШ2022/03545 |
| Огноо | 2022-08-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2022/03545
| 2022 оны 08 сары19 өдөр | 101/ШШ2022/03588 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж ХХК
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хугацаа хоцруулсан, зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр урьдчилгаа төлбөр ба алдангид нийт 283,326,501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Г
хариуцагчийн төлөөлөгч: Х.Э
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“П-ийн Улаанбаатар хотын салбар нь суралцагч хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагдсан үеэс эхлэн биеийн тамир эрүүл мэндийн арга хэмжээг усан бассейндаа явуулж ирсэн. Тус усан бассейныг олон жил ашиглах явцад ус чийгийн сөрөг нөлөөнөөс тоног төхөөрөмжийн элэгдэл, зэврэлт үүсэж, барилгын чанар доройтсон, мөн 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 02-07-........ тоот усан бассейны барилгын төлөв байдлын тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч, зайлшгүй засварлах шаардлага бий болсон. 2016 оны 08 сард “МАД” ХХК усан бассейны их засварын зураг төслийг бэлэн болгож, зохиогчийн хяналт хийж байгаа юм. 2016 оны 05-07 саруудад "Ж” ХХК-ийн захирал X.Э нь салбар сургуулийн захиралтай ирж уулзаад, манай усан бассейны их засварыг хийх санал гаргасан. Салбар сургуулийн захиргаа нь усан бассейны байгаа байдал, шаардлагатай хийх ажлын талаар түүнд биечлэн газар дээр нь танилцуулсан. Хэлэлцэж тохиролцсоны эцэст хоёр тал эхний гэрээ буюу 2016 оны 07 сарын 21-ний өдөр П/01-16 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр усан бассейныг шинээр тоноглох, их засварын ажилд бэлтгэх зорилгоор хана, шалны хуучин плита хуулах, хуучин сантехникийн шугам хоолойг буулгах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус гэрээгээр хүлээсэн үүргээ “Ж” ХХК биелүүлж, 2016 оны 08 сарын 05-ны өдөр ажил хүлээлцэх актад гарын үсгээ зурсан. Энэхүү ажил гүйцэтгэсний дараа, үндсэн гэрээ буюу 2016 оны 08 сарын 23-ны өдөр 01/16 тоот “П-ийн Улаанбаатар хотын салбарын усан бассейны тоног төхөөрөмж нийлүүлэх ба угсрах тухай” гэрээг хоёр тал байгуулсан. Тус гэрээгээр тус салбар сургуулийн усан бассейнд цаашид их засвар хийх, шинээр тоноглоход зориулж, гүйцэтгэгч “Ж” ХХК усан бассейны Myrtha pool брендийн ус цэвэршүүлэх, шүүх, зайлуулах системийн тоног төхөөрөмж, усан бассейны сав доторх усан спортын хэрэглэлүүд Итали Улсаас, хана, шалны плита, чимэглэлийн мозайкийг БНХАУ-аас нийлүүлэх. Мөн 8 ширхэг хаалга, 24 вакуум цонх бэлтгэх үүрэг хүлээсэн. Захиалагч нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний дүн 303,515,802 төгрөгөөс 2016 оны 08 сарын 26-ны өдөр 151,757,901 төгрөг, 2017 оны 08 сарын 11-ний өдөр 70,000,000 төгрөг, нийт 221,757,901 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгэгчийн харилцах дансанд шилжүүлсэн. Гэвч “Ж” ХХК нь 01/16 тоот бэлтгэн нийлүүлэх гэрээний 5.2-д “Тоног төхөөрөмж хүргэж ирэх хугацаа 2 долоо хоног”, 5.3-д “Усан бассейны засварын хугацаа 2 долоо хоног”, 5.4-д “Ажлыг 1-2 сарын турш гүйцэтгэж дуусна” гэж заасны дагуу 2016 оны 11 сард багтаан, тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, угсрах ажлыг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч хугацаанд гүйцэтгээгүй. “Ж” ХХК-ийн захирал X.Э нь үүргээ хугацаанд биелүүлээгүй шалтгаанаа захиалсан бараа, тоног төхөөрөмж гадаадаас замдаа ирж байгаа, дараа нь өөрийн компанийн агуулахад авчирсан гэж тайлбарладаг байсан. Захиалагчийн хувьд гүйцэтгэгчийн гэрээний үүргээ биелүүлэх үйлдэл, яриа эргэлзээ төрүүлж эхэлсэн. Иймд хэдийгээр гэрээний хугацаа дууссан боловч гүйцэтгэгчийн олон дахин хүсэлтээр захиалагч 2017 оны 08 сарын 11-ний өдөр сүүлчийн удаа 70,000,000 төгрөгийг гүйцэтгэгчийн харилцах дансанд төхөөрөмжийг бүрэн бүрдүүлж, их засварын ажлыг эхлэх хүртэл гүйцэтгэгч хадгалж байхаар талууд тохиролцсон. 2018 оны 8 сараас эхлэн захиалагч нь “Ж” ХХК-ийн захирал X.Э-д бүх тоног төхөөрөмж, бараа, тэдгээрийн үнэнд төлсөн төлбөрийн баримтууд, татвар, гаалийн хураамж төлсөн баримтууд, дагалдах бүх техникийн баримт бичгийн хамт усан бассейны их засварын ажилд зориулан салбар сургууль дээр авчрах үүрэг өгсөн. Гэвч гүйцэтгэгч нь зөвхөн хана, шалны плита, 2 ширхэг хуванцар баллон, усан бассейны савны усны хаялгын тор, 3 ширхэг компрессор зэргийг авчирсан. Гэхдээ хана, шалны плита нь хэдэн тоо ширхэгтэй, ямар зориулалттай нь тодорхой бус, 2 ширхэг баллон нь юуны зориулалттай, яаж холбох нь тодорхойгүй, усны хаялгын тор болон 3 ширхэг компрессор нь бүрэн эсэх нь мэдэгдэхгүй, өөрөөр хэлбэл нийлүүлсэн бараанууд нь захиалагчид ямар ч ойлгомжгүй байсан. Үүний зэрэгцээ бусад сантехникийн холбох шугам хоолойнууд, удирдлагын системүүд огт байгаагүй. Ийнхүү бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлэх усан бассейны шинэ тоног төхөөрөмжийн иж бүрдэл бүрдээгүй байсан. “Ж” ХХК-ийн захирал X.Э-д тоног төхөөрөмжийн иж бүрэн биш байгааг бид мэдэгдэхэд, тэрээр би мэдэж байгаа, дараагийн ажил гүйцэтгэх гэрээгээр бүгдийг бүрдүүлж суурилуулна гэж байсан. Гүйцэтгэгч нь бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлэх ёстой бүх тоног төхөөрөмж, бараануудыг дагалдах техникийн баримт бичгийн хамт хүлээлцэх актаар хүлээлгэж өгөх захиалагчийн шаардлагыг биелүүлээгүй. Мөн “Ж” ХХК усан бассейны засварын ажил эхлэхийн өмнө тус барилгын 24 хуучин модон цонхыг буулгасан байсан тул удаан хугацаанд тус барилга цонхгүй хүйтэн, хамгаалалтгүй болсон. Захиалагчийн зүгээс олон дахин шаардсаны эцэст 24 ширхэг шинэ вакум цонхыг 2019 оны 10 сарын 11-12-ны өдөр усан бассейнд суурилуулж барилгыг битүүлсэн. Усан бассейны тоног төхөөрөмж, техник нийлүүлэх, угсрахад зориулж их хэмжээний мөнгийг гүйцэтгэгчид төлсөн байсан, усан бассейны засварын эхлүүлсэн ажлыг дуусгах, мөн зөвхөн гүйцэтгэгчийн мэргэжлийн чадварт тулгуурлан технологийн хувьд хийж болох усан бассейны тоног төхөөрөмж ба усан бассейны сав доторх ус шүүрч алдахгүйгээр плита наах ажлыг гүйцэтгүүлэх шаардлагын үүднээс захиалагч нь тухайн гүйцэтгэгчтэй цаашид хамтран ажиллахаас өөр аргагүй байдалтай байсан. Энэхүү нөхцөл байдлаас хамаарч, нэхэмжлэлийн шаардлагад заасан 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээг хоёр тал байгуулж, их засварын ажлын график төлөвлөгөөний дагуу нийт 16 төрлийн ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг 2018 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч үүрэг хүлээсэн. Захиалагч нь тус гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээний үнэ 153,000,000 төгрөгийн 50 хувийн урьдчилгаа төлбөр 76,500,000 төгрөгийг гүйцэтгэгчийн харилцах дансанд шилжүүлсэн. Гүйцэтгэгч “Ж” ХХК нь тус гэрээний дагуу 2018 оны 9 сарын 05-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл усан бассейны дээврийн хуучин хучилтын ПКЖ маркийн 2 ширхэг хавтанг буулгасан. 2018 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл дээврийн буулгасан хуучин хучилтын хавтангуудын байран дээр шинэ хучилтын ПКЖ маркийн 2 ширхэг хавтан угсарч, усан бассейны дээвэрт хар цаас 2 үе наасан. Мөн барилгын дээврийн хажуу парапет дээр малгай төмрийг хийсэн боловч, 12 м малгай төмрийг дутуу хийсэн. Хучилтын ПКЖ маркийн хавтангуудыг суурилуулсан боловч ус зайлуулах налууг зөв гаргаагүй, хучилтын хавтангийн хагарч унасан хэсгийг засварлаагүй, ган татангийн зэврэлт арилгах засвар хийгдээгүй, дээврийн агааржуулалтын яндан хоолойн уулзварын ус тусгаарлах хэсгийг дутуу хийсэн зэрэг доголдол гаргасан. Гүйцэтгэгч нь дээврийн хучилтын хавтанг буулгах ба шинээр угсрах далд ажлын 2 акт, дээврийн хар цаас наасан ажлын акт зэргийг бүрдүүлж өгөх ёстой байсан боловч гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хүнд даацын хучилтын хавтанг барилгын норм, стандартын дагуу угсарсан талаарх баталгаа байхгүй, суралцагч хүүхдүүд, үйлчлүүлэгчдийн дээрээс нурж унахгүй байх итгэл алга байна. 2019 оны 5 сарын 15-ны өдөр орсон цас хайлж, усан бассейны шинээр зассан дээврээс 5 газраар ус гоожсон. Энэ ажлын доголдлын талаар акт тавигдаж, гүйцэтгэгч нь доголдлыг засварласан боловч их борооноор усан бассейны дээврээс цаашид ус гоожихгүй байх баталгаа алга байна. Салбар сургууль 2018 оны 10 сарын 31-ний 06/852 тоот албан бичгээрээ захирал Ж.Э-дд ажлын дутагдлаа засах, ажлаа хуваарийн дагуу хийх шаардлага өгсөн. 2018 оны 11 сарын 10-наас 2019 оны 5 сарын 06-ны өдрийг хүртэл гүйцэтгэгч тодорхой бус шалтгаанаар их засварын ажлаа гүйцэтгэхгүй хаяж зогсоосон. Тэрээр захиалагчтай уулзахгүй, утсаар холбогдох гэхлээр утсаа авахгүй, ихэвчлэн түүний утас нь хаалттай байдаг байсан. Захиалагчийн зүгээс олон дахин шаардуулан байж, “Ж” ХХК-ийн захирал X.Э нь 2019 оны 5-р сарын 10-ны өдрөөс 5-р сарын 28-ны хүртэл өдрүүдэд салбар сургуулийн усан бассейн дээр хэдхэн хүмүүсийг ажиллуулсан. Тус хугацаанд усан бассейны дотор ханын хуучин бетон шавар хуулах, 1-р үеийн ханын шавар хийх, хуучин 24 модон цонх буулгах ажлуудыг дутуу хагас, чанаргүй хийсэн. Удалгүй усан бассейнд ажиллаж байсан тэдгээр хүмүүс нь X.Э-ыг цалин өгөхгүй байна гээд ажлаа хаяад алга болсон. Нийтдээ 7-8 хүн ажиллаж байсан, зарим өдрүүдэд огт хүн ирж ажилладаггүй байсан бөгөөд тэдгээр нь гүйцэтгэгчийн үндсэн барилгын мэргэжлийн ажилчид биш, өөр байгууллагын ээлжээс буусан манаач, барилгын мэргэжлийн бус туслах ажилтан хөлсөлж байсан нь тодорхой болсон. 2019 оны 05 сарын 19-ний өдөр “Ж” ХХК-ийн захирал X.Э-дд харилцан тооцоо нийлэх тухай 06/258 албан бичгээр шаардлага хүлээлгэж өгсөн боловч гэрээнүүдийг эцэслэн дүгнэх, нийлүүлсэн тоног төхөөрөмж, барааны тулгалт хийх, хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоох комисст тэрээр ирж оролцоогүй. 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч нь үүргээ хугацаанд гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлууд нь барилгын норм стандартад нийцээгүй, тухайлбал шинэ хучилтын хавтангуудыг угсрах ажил, дээвэрт засвар хийх ажил нь чанарын шаардлага хангаагүй, дотор ханын 1-р үеийн шавардлага хийх ажил, хуучин модон цонхнууд буулгах, шинээр 24 ширхэг вакум цонх угсрах зэргээс бусад барилгын ажил буюу усан хангамж, ус зайлуулах системийг угсрах, халаалтын систем, ус халаах систем угсрах, цахилгаан холболт, гэрэлтүүлгийг угсрах, усан бассейны автомат удирдлагын системийг угсрах, ус цэвэршүүлэх, шүүх системийг угсрах, агааржуулалтын системийг угсрах, дотор засал ба чимэглэл хийх, усан бассейны сав доторх ус чийгийн хамгаалалт хийх, плита наах, модон хаалганууд шинэчилж солих ажлуудыг огт хийгээгүй тул захиалагч 2019 оны 06 сарын 21-ний өдөр Монгол шуудангийн 51-р салбараас баталгаат шуудангаар гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг “Ж” ХХК-ийн захирал X.Э-д илгээсэн. Манай сургуулийн хүсэлтээр усан бассейны барилгын их засварын зураг төсөв зохиосон “МАД” ХХК-аар гүйцэтгэгчээс хучилтын хавтангууд угсарсан ажил, дээврийн засварын ажлын үр дүнд зохиогчийн хяналт хийлгэж, дүгнэлт гаргуулсан. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт усан бассейны барилгын засварын ажилд хяналт хийж өгөх хүсэлт гаргаж, улмаар барилгын хяналтын улсын байцаагч тус усан бассейны засварын ажлын чанарт шалгалт хийж, 2019 оны 09 сарын 11-ний өдөр дүгнэлт гаргасан. Тус салбар сургуулиас өнөөг хүртэл “Ж” ХХК-ийн захирал X.Э-ыг утсаар дуудаж уулзахыг шаарддаг боловч, тэрээр ажил ихтэй байна, хөдөө байна, завгүй, нэг бол удахгүй очно гэх мэтээр худлаа ярьж тус салбар сургуулийг хуурч мэхэлсээр ирлээ. Ийнхүү 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаандаа усан бассейны их засварын барилгын ажлыг дуусгаагүй, хугацаа хоцруулсан гэж бид үзэж байна. Захиалагч нь 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 2-р хавсралтаар баталсан 12 төрлийн өртөгт ажлаас 33,000,000 төгрөгийн дараах ажлуудыг хийсэнд захиалагч тооцож байна. Үүнд: 1/. Усан бассейны дээврийн хучилтын ПКЖ маркийн хуучин 2 ширхэг хавирган хавтанг буулгаж шинээр ПКЖ маркийн 2 ширхэг хавирган хавтанг суурилуулах /төсөвт өртөг 15,000,000 төгрөг/, 2/. Усан бассейны дээвэр дээр 2 үе хар цаас нааж, засварлах /төсөвт өртөг 14,000,000 төгрөг/, 3/. 24 ширхэг вакум цонх угсрах /төсөвт өртөг 4,000,000 төгрөг/. нийт 33,000,000 төгрөг. Харин агааржуулалтын систем хийх, ус цэвэрлэх ба шүүх систем угсрах, цахилгаан тоноглол, гэрэлтүүлэг хийх, оролтын шугам дээр халаалт, халуун ус хангалтын систем угсрах, цэвэр усны шугам, бохир усны зайлуулах шугам хийх, хана, шалан дээр плита наах, замаска-будгийн засварын ажлууд, хаалганууд сольж угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэгч хийж гүйцэтгээгүйд захиалагч тооцож байна. 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчаас гүйцэтгэгч шилжүүлсэн 76,500,000 төгрөгөөс 33,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 43,500,000 төгрөгийг гүйцэтгэгчээс бид нэхэмжилж байна. Мөн 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний 8.2-ийн "Энэхүү гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ гүйцэтгэгч /гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, тухайлбал илрүүлсэн дутагдлыг арилгах хоёр талын актаар тогтоосон хугацаа, баталгааны хугацаа зэрэг/ хугацаа хоцроож гүйцэтгэсэн тохиолдолд захиалагч нь үүргээ биелүүлээгүй хойшлуулсан өдөр бүрт гэрээний үнийн 0,1 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгчээс төлөхийг шаардах эрхтэй” заалтын дагуу тус гэрээгээр ажил гүйцэтгэж дуусах эцсийн хугацаа буюу 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс захиалагчаас гүйцэтгэгчид гэрээнээс татгалзах мэдэгдэл илгээсэн өдөр буюу 2019 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэлх нийт 184 хоногт гэрээний нийт мөнгөн дүн 153,000,000 төгрөгийн 0,1 хувь буюу 153,000 төгрөгийн хугацаа хоцруулсан хоног тутмын алданги тооцож 28,152,000 төгрөгийг гүйцэтгэгчээс бид нэхэмжилж байна. Иймд дээр дурдсан үндэслэл ба тайлбарын дагуу, гүйцэтгэгч “Ж” ХХК-иас 01/16 тоот бэлтгэн нийлүүлэх гэрээгээр захиалагчийн төлсөн төлбөр 211,674,501 төгрөг, 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаагаар төлсөн 43,500,000 төгрөг, 18/18 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 184 хоногт тооцсон алданги 22,152,000 төгрөг, нийт 283,326,501 төгрөгийг гаргуулж, П-ийн Улаанбаатар хотын салбарыг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“Манай компани 2016 оны 08 сарын 23-ны өдөр тус сургуулийн усан бассейны их засварын ажлыг хийж гүйцэтгэхээр 01/16 тоот гэрээг байгуулж, бэлтгэн нийлүүлэх урьдчилгаа төлбөр болох 151 757 901 төгрөгийг өөрийн компанийн дансаар хүлээн авсан. Тус мөнгө дээр өөрийн компаниас мөнгө нэмж тоног төхөөрөмж, бараа материал захиалгыг цаг алдалгүй хийж, үйлдвэрлэлтэд оруулж, монгол руу илгээсэн боловч тухайн үед П-ийн төв буюу Москва хот дахь салбараас тус бассейныг сэргээн засахыг хориглох шийдвэр гаргаснаар тус ажил тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, тоног төхөөрөмж, бараа материалаа авалгүй хил гааль дээр гацаж 2 жилийн хугацаанд монголын гаальд хадгалагдсан болно. Тухайн үед тоног төхөөрөмж монголд ирсэн, гаалийн агуулахын төлбөр хоног тутам нэмэгдэж байгаа тухай салбар сургуулийн захиралд сануулахад төв салбараас зөвшөөрөл хүлээж байна, зөвшөөрөл өгмөгц бүх зардлаа нэхэмжлэлээр өгч болно гэсэн хариу өгсөн. Иймд 2018 онд тус сургуулиас 76,500,000 төгрөгийг харилцах дансаар хүлээн авч гааль дээр хадгалагдаж байсан тоног төхөөрөмж, бараа материалыг гаалиас чөлөөлж уг сургуульд тоо баримттай нь хүлээлгэн өгсөн. Тухайн үед гаалиас чөлөөлөх зардал, алданги, агуулахын төлбөр, валютын ханшийн зөрүү зэрэг зардлууд нийт 76,500,000 төгрөг болсон. 2018 онд П-ийн төв буюу Москва хот дахь салбараас тус бассейныг үргэлжлүүлэн барих зөвшөөрлийг олгосноор 2018 оны 08 сарын 19-ний өдөр 18/18 тоот усан бассейны их засварын ажил гүйцэтгэх тухай гэрээг байгуулан урьдчилгаа төлбөр аваагүй болон. Нэхэмжлэлд “Захиалагч нь тус гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гэрээний үнэ 151,757,901 төгрөгийн 50 хувийн урьдчилгаа төлбөр 76,500,000 төгрөгийг Гүйцэтгэгчийн харилцах дансанд шилжүүлсэн” гэж дурдсан уг мөнгөн дүнг манай компани авсан. Дээр дурдсан ажил гүйцэтгэх урьдчилгаа төлсөн гэх 43,500,000 төгрөгөөр аваагүй болно. Харин бидний хийсэн ажлыг маш доогуур үнэлгээ өгч 33,000,000 төгрөг гэж байгаа нь тус сургуулийн дээврийн буулгасан хуучин хучилтын хавтангуудын байран дээр шинэ хучилтын ПКЖ маркийн 2 ширхэг хавтанг угсарч, усан бассейны дээвэрт хар цаас 2 үе нааж засварлах, 24 ширхэг вакум цонх угсрах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн мэтээр бичсэн нь 2016 оны ханшаар тооцож байгаа нь худал болно. Анх 2016 онд гэрээ байгуулах үед тухайн жилд төлөвлөсөн ажил бага, хугацаандаа хийж гүйцэтгэх бүрэн боломжтой байсан боловч тус сургуулийн буруугаас болж тодорхойгүй хугацаагаар ажил гүйцэтгэл хойшлогдож явсаар 2018 онд дахин гэрээлж үргэлжлүүлэхээр тохиролцох үед манай ажилчид гэрээ хийгдсэн хэд хэдэн компанийн усан бассейн угсралтын ажил хийгдсэн. Жишээ нь: Сүхбаатар аймаг, Өмнөговь аймаг, Өвөрхангай аймаг, Бритиш сургууль гэх мэтээр олон ажил давхцаж, манай ажилчид хөдөө орон нутагт ажиллаж байсан болохоор эхлээд дотоод засал хийхээр мэргэжлийн бригад оруулсан. Учир нь манай компани усан бассейн барих компани, зөвхөн усан бассейн барих угсрах талын мэргэжилтэнтэй тул тус сургуулийн дотоод заслын ажил дээр мэргэжлийн барилгын заслын бригад оруулж, урьдчилгаа цалинг өөрсдийн хөрөнгөөр 50 хувь олгосон байсан. Гэтэл тус сургуулийн ажилчид манай гэрээт ажилчдад хандаж “танай захирал та нарын үлдэгдэл цалинг олгохгүй, наад компани чинь дампуурсан компани, наад ажлаа боль” гэх мэтээр сэтгэл санааны дарамт учруулж ажилчид маань гэрээгээ зөрчин ажил хаясан. Тиймээс тус сургуулийн захиргаатай олон удаа уулзалт хийж дараах шийдвэр гарсан Үүнд: сургууль өөрсдөө дотоод заслаа хийж гүйцэтгээд бэлэн болмогц танай компанитай холбоо барина, харин бассейны үндсэн ажлаа та нар өөрсдөө хийж гүйцэтгээрэй гэсэн саналыг тавиад үүнээс хойш ямар нэгэн байдлаар манай компанитай холбогдолгүй явсаар өдийг хүрсэн билээ. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээрээ биднээс тоног төхөөрөмжийн үнэ, алданги нэхэж байгаатай бид эвлэрч чадахгүй. Харин манай компанид их хэмжээний хохирол учруулж өөрсдөөсөө гаргасан төлбөрөө нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа дурдмаар байна. Тус сургууль ирсэн бараа материалыг угсарч чадахгүй нь нэгд ойлгомжтой, хоёрт тус сургуулийн хэмжээтэйгээр тоног төхөөрөмж авчирсан тул өөр газарт хийгдэх боломжгүй учир бид буцаан авах боломж байхгүй. Тиймээс бид энэ нэхэмжлэлийн шаардлага хүлээн авах боломжгүй. Харин төлбөр дээрээ тохиролцон усан бассейны угсралтаа хийлгэвэл бид хийж өгөх болно. Бид тоног төхөөрөмжийг авчирч өгсөн. Усан сангийн тоног төхөөрөмж элэгдэнэ, хорогдоно гэсэн зүйл байхгүй, 3-15 жил гэсэн гэрээний баталгаа байгаа. Плита, тоног төхөөрөмжүүд өгөрч зэврэхгүй, учир нь усан санд зориулагдсан хуванцар, гипсэн материалтай байдаг, тийм учраас цаашид ашиглагдахгүй гэсэн зүйл байхгүй. Манай компанийг хариуцлагагүй хандсан гэж байна. Бид 2016 нод тоног төхөөрөмжөө авчраад, 2017 онд ашиглалтад өгөх байсан боловч захиалагч тал хойшлууллаа гээд хойшлуулсан. Монгол улсын хуулиар усан сангийн ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй, учир нь усан сан бол барилгын ажил биш угсралтын ажил байдаг. Бид нэхэмжлэгч сургуульд зориулж тусгай захиалгаар плита хийлгэсэн, өөр газар аваад ашиглах боломжгүй. Бид угсраад өгье гэхээр угсруулахгүй гэж байгаа. Манайхаар хийлгэе гэвэл хийгээд өгнө” гэв.
Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх1-ийн 1-9, 10-17/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-ийн 18, 19/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-ийн 20/, итгэмжлэл /хх1-ийн 21-22, 23-24/, 2016.08.23-ны 01/16 дугаартай Усан бассейныг шинэчлэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх болон суурилуулалтын гэрээ /хх1-ийн 25-29, 30-34/, 2018.08.19-ний 18/18 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх1-ийн 36-47, 48-59/, 2018.10.31-ний 06/852 дугаартай шаардлага хүргүүлсэн албан бичиг /хх1-ийн 60/, 2019.05.07-ны 06/258 дугаартай тооцоо нийлэх тухай албан бичиг /хх1-ийн 61/, “Монгол архитектур дизайн” ХХК-ийн 2019.06.24-ний Барилгын засварын ажилд хяналт хийсэн тухай дүгнэлт /хх1-ийн 62/, Мэргэжлийн хяналтын газрын 2019.09.11-ний 02-03/3697 дугаартай дүгнэлт /хх1-ийн 63/, 2019.06.21-ний гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл /хх1-ийн 64-65/, Монгол шуудангийн баримт /хх1-ийн 66/, 2021.02.01-ний итгэмжлэл /хх1-ийн 67, 68/, фото зураг /хх1-ийн 87-97/, 2016.08.26-ны 705 дугаартай Төлбөрийн даалгавар /хх1-ийн 99, 100/, харилцагчийн дансны хуулга /хх1-ийн 102/, 2017.08.10-ны 659 дугаартай Төлбөрийн даалгавар /хх1-ийн 103, 104/, харилцагчийн дансны хуулга /хх1-ийн 105/, 2018.09.26-ны 869 дугаартай төлбөрийн даалгавар /хх1-ийн 106, 107/, харилцагчийн дансны хуулга /хх1-ийн 108/, “Ж” ХХК-ийн 2019.10.02-ны 31 дугаартай албан бичиг /хх1-ийн 109/, “Ж” ХХК-ийн 2019.02.26-ны 2/10 дугаартай албан бичиг /хх1-ийн 110/, Усан бассейны ажлын засвар хийх ажлын дараалал, хугацаа, төсөв /хх1-ийн 111/, Усан бассейны тоног төхөөрөмж авсан баримт /хх1-ийн 112/, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан /хх1-ийн 172-180, 183, 184/, 2021.09.01-ний итгэмжлэл /хх1-ийн 195-196, 197-198/, 2021.12.17-ны 06/1161 дугаартай итгэмжлэл /хх1-ийн 199, 200/, 2022.08.19-ний 06/401 дугаартай итгэмжлэл /хх2-ын 46, 47/,
Хариуцагч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх1-ийн 80, 81-82/, хариу тайлбар /хх1-ийн 83-84/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх1-ийн 155, 156, 157/, “Ж” ХХК-ийн 2019.02.26-ны 2/10 дугаартай албан бичиг /хх1-ийн 202/, Усан бассейны тоног төхөөрөмж авсан баримт /хх1-ийн 203/, Усан бассейны ажлын засвар хийх ажлын дараалал, хугацаа, төсөв /хх1-ийн 204/, 2019.10.12-ны Вакуум цонх хүлээлгэн өгхө, хүлээн авах акт /хх1-ийн 205/, бусад газарт ажил гүйцэтгэсэнтэй холбоотой баримтууд /хх1-ийн 217-224/
Шүүхийн журмаар бүрдүүлсэн: “Бэсгэ” ХХК-ийн 2022.05.06-ны өдрийн 22/006 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх2-ын 7-33/, шинжээчийн зардалын нэхэмжлэх /хх2-ын 34/, шинжээчийн зардлын тухай албан бичиг /хх2-ын 35/, төлбөрийн хүсэлт /хх2-ын 36/,
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан 01/16 дугаартай гэрээний төлбөрт шилжүүлсэн 211,674,501 төгрөг, 18/18 дугаартай гэрээний төлбөрт шилжүүлсэн 43,500,000 төгрөг, алданги 22,152,000 төгрөг, нийт 283,326,501 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3. Хариуцагч “Ж” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч тал ажлаа гүйцэтгүүлнэ гэвэл хийж гүйцэтгэх боломжтой гэх тайлбарыг гаргаж байна.
4. Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01/16 дугаартай “П ХХК нь Улаанбаатар хотын салбарын усан бассейны тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулалтын гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр “Ж” ХХК нь сургуулийн бэлтгэлийн зориулалттай усан бассейнд их засвар хийх, шинээр тоноглоход зориулж, усан бассейны Myrtha pool системийн ажлын зураг, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг гүйцэтгэх, захиалагч сургууль нь тоног төхөөрөмж болон засварын ажлын төлбөрт нийт 303,515,802 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх1-ийн 25-29/
5. Мөн зохигчид 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18/18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр “Ж” ХХК нь усан бассейны их засварын ажлыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч сургууль нь гэрээний төлбөрт 153,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх1-ийн 36-47/
6. Зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үсссэн байна.
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
. 8. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/16 дугаартай “П ХХК-ийн Улаанбаатар хотын салбарын усан бассейны тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулалтын гэрээ”-ний тухайд
8.1. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01/16 дугаартай гэрээний дагуу “Ж” ХХК нь бэлтгэлийн зориулалттай 25м х 8,8м х 1,4-2,0м хэмжээтэй усан бассейн, бассейны тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжүүдийн шүүлтүүрийн систем, салхивч, дээврийн ажил, цахилгаан холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын зургийг 3 хоногт, тоног төхөөрөмж тээвэрлэх хугацаа 2 долоо хоног, усан бассейны засвар хийж дуусах хугацаа 2 долоо хоног, нийт 1 - 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэж дуусгах үүргийг хүлээсэн байна. /хх1-ийн 25-29
8.2. Нэхэмжлэгч нь тус гэрээний төлбөрт хариуцагч компанийн дансаар 2016 оны 08 дугаар 26-ны өдөр 151,757,901 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 70,000,000 төгрөг, нийт 221,757,901 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Эдгээр мөнгөн шилжүүлэг, мөнгөн дүнгийн талаар зохигчид маргаагүй. /хх1-ийн 99, 100, 103, 104/
8.3. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч “Ж” ХХК нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн гэрээний дагуу усан бассейны тоног төхөөрөмж, сантехникийн материал, засварын ажилд шаардлагатай хана, шалны плита зэрэг бараа материалыг сургуулийн усан бассейны байранд авчирч тавьсан үйл баримт тогтоогдож байна.
8.4. Хариуцагч нь гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмж, эд зүйлийг хүлээлцсэн акт үйлдсэн ч нэхэмжлэгч тал өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь ийм баримт үйлдэгдээгүй, хариуцагч “Ж” ХХК тодорхой тооны тоног төхөөрөмж, барилгын материал сургуулийн байранд авчирч тавьсан боловч акт үйлдээгүй, тус компани авчирсан тоног төхөөрөмж, плитанаас өөрсдөө авч явж байсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс 10,083,000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг вакум цонхыг нийлүүлснийг хүлээн зөвшөөрч, үлдсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
8.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Бэсгэ” ХХК нь сургуулийн усан бассейны талбайд байгаа бараа материал, тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, үнэ өртгийг тооцож дүгнэлт гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн. Дүгнэлтээр нийт 129,343,577 төгрөгийн бараа материал, тоног төхөөрөмж байна гэжээ. /хх2-ийн 7-27/
8.6 Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаа, удирдлагатай холбоотой асуудал 2016 оны хичээлийн жилийн явцад бий болж, П-ийн Москва дахь төв сургуулиас усан бассейны ажлыг хийж гүйцэтгэх компанийг шалгаруулсан үйл ажиллагааг шалгаж буй үндэслэлээр 2018 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаагаар гэрээт ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.
8.7. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд хариуцагч “Ж” ХХК гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг тодорхой хэмжээгээр нийлүүлсэн боловч захиалагч буюу нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрээс хамаарч угсралт, суурилуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, захиалагч П ХХК-ийн Москва дахь төв сургуулиас гэрээний гүйцэтгэлийг тодорхой бус хугацаагаар хойшлуулах үүргийг салбар сургуульдаа өгсөн үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас 2018 оны 07 дугаар сарыг хүртэл гэрээний хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/16 дугаартай гэрээний хугацаа хэтрэхэд үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлжээ.
8.8. Хариуцагч “Ж” ХХК нь нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалж угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/16 дугаартай гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлийг нийлүүлсэн бараа материал, тоног төхөөрөмжийн үнийн дүнгээр тооцох үндэслэлтэй.
8.9. Хариуцагч нь 129,343,577 төгрөгийн бараа материал, тоног төхөөрөмж, мөн 10,083,000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг вакум цонхыг нийлүүлсэн буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/16 дугаартай гэрээний үүрэгт нийт 139,426,577 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэн уг гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс шилжүүлсэн 221,757,901 төгрөгөөс 139,426,577 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч “Ж” ХХК нь 82,331,324 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь хийж гүйцэтгээгүй ажлын хөлсийг уг мөнгөн дүнгээр буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
9. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18/18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний тухайд
9.1. Тус гэрээгээр хариуцагч “Ж” ХХК нь усан бассейны их засварын ажлын хүрээнд хучилтын ПКЖ маркийн 2 хавтан солих, дээвэр засварлах, 24 ширхэг вакум цонх угсрах, агааржуулалт хийх, ус цэвэрлэх, шүүх систем угсрах, цахилгаан тоноглол, гэрэлтүүлэг хийх, оролтын шугам дээр халаалт, халуун ус хангалтыг хийх, ус зайлуулах шугам хийх, ус чийг тусгаарлалт хийх, плита наах, хана, шалан дээр плита наах, хаалга солих, засварын ажил зэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт нийт 153,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх1-ийн 36-47/
9.2. Нэхэмжлэгч нь тус гэрээний төлбөрт хариуцагч компанийн дансаар 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 76,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх1-ийн 106, 107/
9.3. Нэхэмжлэгч нь 18/18 дугаартай гэрээнд заасан ажлаас хариуцагч “Ж” ХХК хучилтын ПКЖ маркийн 2 хавтан солих ажил, дээврийн засварын ажил, 24 ширхэг вакум цонх солих ажлыг хийсэн, бусад ажлыг хийж гүйцэтгээгүй тул шилжүүлсэн 76,500,000 төгрөгөөс хариуцагчийн хийсэн ажлын төлбөрийг хасаж үлдэх мөнгийг буцаан гаргуулна гэж шаардсан.
9.4. Хариуцагч нь гэрээний үүрэгт 50 гаруй сая төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргаж маргасан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй. Хариуцагч “Ж” ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хүрээнд 50 сая төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
9.5. Зохигчдын хооронд байгуулсан 18/18 дугаартай гэрээнд заасны дагуу 12 нэр төрлийн ажлыг “Ж” ХХК хийж гүйцэтгэх үүргийг хүлээснээс 15,000,000 төгрөгийн өртөг бүхий хучилтын ПКЖ маркийн 2 хавтан солих ажил, 14,000,000 төгрөгийн өртөг бүхий дээврийн засварын ажил, 4,000,000 төгрөгийн өртөг бүхий 24 ширхэг вакум цонх солих ажлыг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд бусад ажлыг хийж гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 76,500,000 төгрөгөөс хариуцагчийн хийсэн ажлын төлбөр 33,000,000 төгрөгийг хасаж үлдэх 43,500,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
9.6. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18/18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 8.2-т "Энэхүү гэрээгээр хүлээсэн өөрийн үүргээ гүйцэтгэгч /гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, тухайлбал илрүүлсэн дутагдлыг арилгах хоёр талын актаар тогтоосон хугацаа, баталгааны хугацаа зэрэг/ хугацаа хоцроож гүйцэтгэсэн тохиолдолд захиалагч нь үүргээ биелүүлээгүй хойшлуулсан өдөр бүрд гэрээний үнийн 0,1 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгчээс төлөхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээий хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн хугацаа болох 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 184 хоногийн алдангид 22,152,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
9.7 Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 8.2-т алданги тооцохоор тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
9.8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.
9.9. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18/18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар заасан байх бөгөөд алданги гаргуулах хугацааг нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаагаар буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 184 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 43,500 төгрөг /гүйцэтгээгүй үүрэг 43,500,000 төгрөгийн 0,1 хувь/-өөр тооцож 8,004,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
10. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “Ж” ХХК-аас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/16 дугаартай “П ХХК-ийн Улаанбаатар хотын салбарын усан бассейны тоног төхөөрөмж нийлүүлэх болон суурилуулалтын гэрээ”-ний үүрэгт 82,331,324 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 18/18 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 43,500,000 төгрөг, алданги 8,004,000 төгрөгийг, нийт 133,835,324 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 149,491,177 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,574,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 827,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсонтой холбоотой шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан зохигчдоор төлүүлэх үндэслэлтэй. Шинжээчийн зардал 4,950,000 төгрөг болсон бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг шинжээч “Бэсгэ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, үлдэх төлбөр төлөгдөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч тус бүрээс 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, мөн нэхэмжлэгч, хариуцагч тус бүрээс 1,475,000 төгрөгийг тус тус гаргуулж “Бэсгэ” ХХК-д олгох нь зүйтэй. /хх2-ийн 34, 36/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас нийт 133,835,324 /нэг зуун гучин гурван сая найман зуун гучин таван мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-ийн Улаанбаатар хотын салбар сургуульд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 149,491,177 /нэг зуун дөчин есөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга нэг зуун далан долоон/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,574,583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 827,127 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн Улаанбаатар хотын салбар сургууль, хариуцагч “Ж” ХХК. нараас шинжээчийн ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, 1,475,000 төгрөгийг тус тус гаргуулж “Бэсгэ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР