Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01907

 

 

 

2022 10 19 210/МА2022/01907

 

 

 

Г.Э-ы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/03545 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Э-ы хариуцагч Д.Э-д холбогдуулан гаргасан барилгын гадна дулааны ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 22,800,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч И.Э, Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Г.Э- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Т-ын үйлчилгээний 6 давхар орон сууцны барилгад гадна дулааны ажлыг Д.Э-гаар хийлгүүлэхээр тохирч, ажлын хөлсөнд нийт 22,800,000 төгрөгийг Д.Э-гийн дансанд шилжүүлэн өгсөн. Д.Э- нь манай хүргэн хүү дулааны шугам сүлжээнд ажилладаг, ажлыг сайн чанартай хийнэ гэж хэлсэн учраас итгээд бүх мөнгөө өгсөн. Хариуцагч Д.Э- нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг нь тогтоогдсон тул харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Э- нь нэхэмжлэгч Г.Э-д барилгын гадна дулааны ажил хийж өгнө гэж мөнгө аваад тус ажлаа хийгээгүй тул Д.Э-гаас 22,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Г.Э-тай 2016 онд танилцсан бөгөөд Г.Э- нь 2018 оны хавар Баянзүрх дүүрэгт хүний газар дээр байшин барьж, барилгын дулааны техникийн нөхцөлийг гаргуулах ажлын хөлсөнд 20,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Миний бие Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д өргөдөл гаргаж, цахимаар бүртгүүлэх бүх бичиг баримтаа бэлэн болгосны дагуу мөнгөө шилжүүлсэн. Би материалыг цахимаар 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр илгээсэн. Миний бие Ж.Т-ын 6 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны техникийн нөхцөлийн дүгнэлт гаргахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн, хууль дүрмийн дагуу бүртгэгдэж, шалгуурыг хангасан учраас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн техникийн комиссын цахим хурлаар орж, техникийн нөхцөлийн 471/2018 тоот дүгнэлт гаргуулснаар миний бие тохиролцсон ажлаа хийж дуусгасан. Техникийн дүгнэлтийг эх хувиар нь Г.Э-д гардуулж өгснөөр миний ажил дууссан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа гадна дулааны ажлын талаар огт тохиролцоогүй. Г.Э-ы 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр над руу шилжүүлсэн 300,000 төгрөг нь техникийн нөхцөлийн хөлсөнд хамааралгүй бөгөөд Г.Э-ы өөрийнх нь барьсан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 35 айлын орон сууцны барилгын гурван орон сууцны гэрчилгээг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахад бичиг баримтын бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамж төлөх, нотариат зэргийн төлбөрт тооцон 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр миний хамтран ажилладаг Орос компанийн захирал Сергейн машиныг барьцаалаад 5,000,000 төгрөг зээлсэн, тэр зээлсэн мөнгөний эхний төлбөрийг над руу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ 2,500,000 төгрөгийг миний ажлын хөлсөнд өгөөгүй. Шилжүүлсэн мөнгийг би Сергейн эхнэр Э.Солонгын данс руу буцаан шилжүүлсэн. Дээр дурдсан 2,800,000 төгрөг нь миний ажлын хөлсөнд хамааралгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-гаас барилгын гадна дулааны ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 22,800,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байнүа.

4.а.Зохигчийн хэн аль нь бичгийн баримтыг гаргаж өгөөгүй байх бөгөөд зөвхөн зохигчдын амаар гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрлэхдээ зөвхөн хариуцагч талд ашигтайгаар тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, түүнд ач холбогдол өгөөгүй, гэрчийн мэдүүлэгт яригдсан худал, зөрүүтэй байдлыг нягталж шалгаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Шүүх үндэслэх хэсэгт тайлбарлахдаа нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэх ажлын тоо хэмжээг тодорхойлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тодруулбал барилгын гадна дулааны ямар ажлыг хийх гүйцэтгэх ёстой байсан, тухайн ажлын материалын зардал, ажлын хөлс нь ямар хэмжээтэй байсан талаар баримт ирүүлээгүй гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тайлбарлаж байсан. Тухайлбал дулааны ажил, цахилгааны ажил, ус, бохирын ажил хийж гүйцэтгэх гэж байгаа гүйцэтгэгч тал нь хийх гэж байгаа ажлынхаа бичиг цаасыг холбогдох газар нь өгч тухайн гарч ирсэн нөхцөлийн дагуу ажлаа хийж гүйцэтгэдэг. Энэ хэлцэл мөн тэгж л тохирсон байдаг. Ажил гүйцэтгэх тал нь хийх гэж байгаа ажлаа урьдчилаад очиж харсан, ямар хэмжээтэй, ямар материалаар хийх ямар өртөгтэй болох талаар зардлаа тооцоод хийх ажлын үнэ ханшаа тохирсон байдаг. Тэгээд хариуцагчийн санал болгосон 22,800,000 төгрөг 2 тал тохиролцоод ажлаа хийлгэхээр болж үнэ мөнгөө шилжүүлсэн байдаг. Ийм хэлцэл хийсэн байтал нэхэмжлэгч талаас хийж гүйцэтгэх ажлын материалын зардал, ажлын хөлс ямар хэмжээтэй байх талаар баримт гаргах ёстой байсан мэтээр шүүхээс дүгнэж, 2 талын ажил үүрэг, хийсэн хэлцлийг нэхэмжлэгч талыг хүчээр буруутгаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна.

4.б.Мөн нэхэмжлэгч нь барилгын инженерийн хангамжийн хүчин чадлыг тодорхойлох талаар баримтыг хариуцагчид хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэжээ. Барилга байгууламжийн техникийн нөхцөл олгохтой холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчээс хариуцагчид гаргаж өгсөн. Хариуцагч цаашаа Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д өгсөн байдаг. Харин хариуцагч Түвшинжаргалын нэрийн өмнөөс ганцхан өргөдөл л бичсэн байдаг. Тэрнээс өөрөөр хариуцагч нэг цаасан дээр зураг зурж, бичиг төлөвлөж, бодлого бодсон ямар ч ажил хийгээгүй байтал шүүхээс хариуцагчийг барилга байгууламжийн хүчин чадал, инженерийн хангамжийн хэрэгцээг тодорхойлж холбогдох баримт бичгийг бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй байна гэж буруу дүгнэсэн. Миний бие барилгад гадна дулааны ажлыг Д.Э-гаар хийлгүүлэхээр тохирч ажлын хөлс гэж шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга дээр дулааны ажил гэдгийг тодорхой бичсэн, техникийн нөхцөл гэсэн үг өгүүлбэр огт байхгүй байхад эдгээр гүйлгээний утгыг үндэслэн хариуцагчийн хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлох боломжгүй юм гэж дүгнэж байгаа нь үгийн утгыг илтэд буруу ашиглаж байна гэж үзэж байна. Шүүх Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас 471/2018 дугаартай техникийн нөхцөлийг гаргуулан хариуцагчид өгсөн болох нь тогтоогдож байх тул зохигчдын хоорондох тохиролцооны ажлын үр дүнг хариуцагч гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Мөн 2 тал техникийн нөхцөл гаргана гэж тохиролцоогүй байхад ажлын үр дүнг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа нь хуулийн заалтыг буруу ашиглаж дүгнэсэн байна.

4.в.Хэрвээ Д.Э- Ж.Т-ын барилгын дулааны техникийн нөхцөлийг гаргасан бол Ж.Т-аас итгэмжлэл авч мөн 22,800,000 төгрөгөө ямар ажлын хөлсөнд авч байгаагаа нотолж нотолгоогоо үзүүлж иргэн Ж.Т-аас нэхэмжлэх ёстой. Г.Э- миний бие аливаа бичиг баримтанд Ж.Т-ыг төлөөлөх эрхгүй, үүнийгээ ч мэдэж байгаа. Г.Э- миний бие зөвхөн барилга барих болон ус дулааны ажил гүйцэтгэх ёстой болохоос иргэн Ж.Т-ын барилгын аливаа нэг техникийн нөхцөл гаргах, хөөцөлдөх эрхгүй болон шаардлагагүй этгээд мөн. Би дансаар өгсөн мөнгөө л нэхэж байна. Бэлнээр маш их мөнгө өгснөө нотолж чадахгүй учраас нэхэмжилж чадахгүй байна. Намайг иргэн Оргилбаяртай нийлж 2018 онд 200,000,000 төгрөгөөр хохироосон асуудал нь Баянзүрх дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны шүүхээр бас шийдэгдэж байсан. Одоо ч дээд шүүх дээр шийдэгдээгүй байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Д.Э-, Г.Э- нар нь барилгын техникийн дулааны нөхцөлийн талаар тохиролцсон. Үүний дагуу ажлын хөлс 20,000,000 төгрөгт тохиролцсон энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн 2,500,000 төгрөгийн задаргааг дансны хуулганы хамт шүүхэд баримтаар гаргаж өгсөн учраас үүгээр 22,000,000 төгрөгийн задаргаа нотлогддог. Нэхэмжлэгч талаас гадна дулааны ажил гэж ярьдаг хэдий ч энэ нь дулааны техникийн нөхцөлийг гаргуулах ажил байсан. Энэ талаар хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог. Мөн Д.Э- болон Г.Э- нарын фэйсбүүк, мессенжерт үзлэг хийсэн талаар хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан. Гэтэл техникийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүргэнээс нь авсан хэдий ч техникийн дулааны мөнгийг 2018 оны 12 дугаар сард багтааж цувуулан төлсөн. Энэ нь гадна дулааны ажлын хөлс биш бөгөөд дулааны техникийн хөлс гэдэг нь нотлогдож энэ талаар шүүхэд тайлбар өгсөн. Хугацаа болон мөнгө шилжүүлсэн байдлын хувьд нөгөө талын нотлох баримтууд зөрүүтэй байсан. Шилжүүлсэн мөнгө нь 2018 оны 12 дугаар сард орж ирсэн бөгөөд түүнээс хойш Д.Энхтуяа, Г.Э- нар мессенжерээр тогтмол харилцаж байсан тухай үзлэг хийлгэсэн. Үзлэг хийлгэснээс хойш 2019 онд хэд хэдэн удаа Г.Э- нь Д.Э-д мөнгө шилжүүлсэн баримтууд бий. Хэрэв өмнө нь ажлыг нь хийгээгүй дутуу үлдээсэн бол энэ талаар мөнгөө нэхсэн нь мэссенжерт хийсэн үзлэгээр мөнгөө нэхсэн байх ёстой байтал энэ талаар огт дурдаагүй. Баянзүрх дүүрэгт дахин баригдаж байгаа өөр барилгын үл хөдлөх хөрөнгийн бусад ажлуудыг хийж өгөөч гэж гуйснаар 2019 онд дахин мөнгө шилжүүлсэн талаар баримтжуулсан. Мөн хүргэнээрээ хийлгэх 19,000,000 төгрөгийн үнийн саналыг 2019 оны 07 дугаар сард фейсбүүк, мессенжерээр явуулсан. Гэтэл хариуцагч талаас нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн дулааны ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн гэрээг 2019 оны 02 дугаар сард байгуулсан. Эдгээр баримтуудаар хариуцагч нь гадна дулааны техникийн нөхцөлийг хийж талууд тохиролцоод үнэ хөлсөө төлөөд ажил нь дууссан болох нь нотлогдсон. Энэ талаар анхан шатны шүүх зөв үнэлж, дүгнэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Д.Э-д холбогдуулан 22,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ барилгын гадна дулааны ажил гүйцэтгүүлэхээр хариуцагчтай тохиролцож, ажлын хөлсийг төлсөн боловч ажлаа гүйцэтгээгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу барилгын дулааны техникийн нөхцөл гаргуулах ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэж тайлбарлажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч Д.Э- нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн эсэх нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэжээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд гэрээ байгуулах, гэрээ байгуулсанд тооцох зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлүүдийн талаар зохицуулсан буюу нэг тал гэрээ байгуулах санал гаргасныг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог журамтай.

3.а.Хэрэгт нэхэмжлэгч Г.Э-аас хариуцагч Д.Э-д 22,800,000 төгрөг шилжүүлсэн Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ, зураг, техникийн нөхцөл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д гаргасан техникийн нөхцөл гаргуулах тухай өргөдөл зэрэг баримтууд авагдсан боловч тус баримтууд нь талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцаа болон гэрээний зүйлийн шинж байдлыг шууд нотолсон баримтууд биш байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

3.б.Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг инженерийн хангамжийн байгууллага шийдвэрлэхээр заасан бөгөөд хариуцагч Д.Э-гийн хувьд дээрх хуульд зааснаар техникийн нөхцөл олгох эрх бүхий этгээдэд хамаарахгүй байна. Энэ тохиолдолд талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн эсэх, эсхүл гэрээний бус үүргийн хүрээнд маргаж буй эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

4.Дээрх нөхцөл байдлыг тодруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/03545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Э-аас төлсөн 271,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ