Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 917

 

“СШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00427 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.П-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.П, М.Төгөлдөр нар нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагатай ЗГ120П54116 тоот дугаартай Цалин барьцаалсан зээлийн гэрээ, ЗГ1201154116 тоот дугаартай батлан даалтын гэрээ байгуулж 2.200.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хутацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3.7 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4.7 хувь, сүүлийн нэг сард бодогдох хүү 8.5 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн "төлбөрөөс 452.053 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 247.946 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Л.П, М.Төгөлдөр нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 1.747.946 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 3.830.391 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл, нийт 5.578.337 төгрөг төлөөгүй байна. Дээрх дүнгээс 1.578.337 төгрөгөөс татгалзаж 4.000.000 төгрөг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 4.000.000 төгрөгийг Л.П, М.Төгөлдөр нараас гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Төгөлдөрөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 3.500.000 төгрөг гаргуулахаар багасгасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.П шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ зээлийг аваагүй, өөрийн найз Г.Ганболор болон түүний нөхөр Д.Мөнхбат нарт өгсөн. Г.Ганболор нь тус ББСБ-д ажилладаг найзаараа миний нэр дээр зээл гаргуулж, аваад буцаагаад өөрөө төлнө гэж хэлээд төлөөгүй. Г.Ганболорын нөхөр Д.Мөнхбатын найз М.Төгөлдөр батлан даагчаар орсон би энэ мөнгийг гар дээрээ аваагүй тэр 2 хүн өөрсдөө аваад 2.000.000 төгрөгийг нь авч, 200.000 төгрөгийг зээл гаргаж өгсөн хүндээ өгсөн. Миний нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлээд авсан байсан. Гэтэл надад нийгмийн даатгал төлсөн баримт хүртэл хуурамчаар бүрдүүлсэн байсан. Би энэ асуудлаар Г.Ганболорт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Хариуцагч Л.П нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “СШИ ББСБ” ХХК-иас цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй ба мөнгийг н.Мөнхбат түүний эхнэр Г.Ганболор нар авсан. Зээл авах үед Л.П миний бие ББСБ-аас зээл авах ямар ч боломжгүй байсан. Нийгмийн даатгалын дэвтэрт Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг танилынхаа компанид хамгийн бага хэмжээгээр буюу сард 20 000 төгрөг төлж нийгмийн даатгалын хугацааг явуулдаг байсан тул надад зээл гарах ямар ч боломжгүй байсан. Зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн огноотой байдаг. Гэтэл мөнгө хүлээлцсэн баримт нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн баримт байна. Хариуцагч М.Төгөлдөрөөс гаргасан хариу тайлбарт Г.Ганболор болон Л.П нар нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр надтай уулзаж СШИ ББСБ -аас зээл авах гэсэн юм батлан даагчаар ороод өгөөч гэсэн. 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн батлан даагч М.Төгөлдөр цалин барьцаалсан зээлийн гэрээний батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тухайн өдрөө зээл гараагүй. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мөнгө бэлнээр зээлдэгч нарт өгөгдсөн үйл баримт тогтоогдож байна. Зээлийн маргаантай үйл баримтын талаар Л.П нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 201625021098 дугаартай эрүүгийн хэрэг үүсээд уг хэрэгт Л.Пүрэвдагвыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлэгт н.Ганболор нь надад байрны зээл бүтээж өгнө гэж дээрх мөнгөнүүдийг авахынхаа хажуугаар 2015 оны 9 дүгээр сард эгчид нь яаралтай мөнгөний хэрэг байна гээд надаар СШИ ББСБ -аас 2.000.000 төгрөгийг зээл авахуулсан гэсэн хохирогчийн мэдүүлэг авагдсан байна. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд мөнгийг Д.Мөнхбат болон Г.Ганболор нар авсан. Зээл авах үед хариуцагч нь зээл авах ямар нэг хүсэл зорилгогүй. Энэ нь хэрэгт авагдсан Л.Пүрэвдагвын 2015-2016 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон цалин барьцаалсан зээлийн гэрээний 5.1.6 дахь хэсэгт ажлын байрны баталгаа хэсэгт зээлдэгч нь “Гэрэлт-Оюу” ХХК-д менежерээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нь гаргаж өгсөн нотлох баримт болон бусад баримтуудаар нотлогдож байна гэдэг зөрүүтэй үйл баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс цалин барьцаалсан зээлийн гэрээний тооцоо нь үндсэн зээл 2.200.000 төгрөг, гэрээгээр тохиролцсон зээлийн хүү 566.230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувиар тооцож 113.246 төгрөг буюу нийт 2.879.471 төгрөг байгаагаас зээлдэгч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн нийт 700.000 төгрөгийг хасч тооцоход 2.179.476 төгрөг байна. Иймд уг асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзвэл 2.179.471 төгрөг шаардах эрхтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Зээ овогт Лувсансүрэнгийн Пүрэвдагва /РД:УП89012674/-аас 3 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК /РД:2693925/-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.П-аас 70 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээл авах үед Л.П миний бие болон Д.Мөнхбат, Г.Ганболор нартай хамт очиж мөнгийг авсан. Мөнгө авахад ББСБ-ын ажилтан нь гэрээнд заасан зээл гаргасан шимтгэл гээд 110.000 төгрөгийг нь аваад 2.090.000 төгрөгийг Д.Мөнхбат, Г.Ганболор нарт өгсөн. Тэр хоёр мөнгөө авчихаад надтай хамт болон зээл гаргасан ажилтантай хамт гадагш гараад "Сар Шинэ Интернешнл" ББСБ-ийн ажилтанд 200.000 төгрөгийг нь "зээл гаргаж өгсөнд баярлалаа" гэж хэлээд өгсөн. Мөн энэхүү иргэний хэрэгт Л.Пүрэвдагвын хамт хариуцагчаар татагдсан байсан, батлан даалтын гэрээнд гарын үсэг зурсан М.Төгөлдөр нь ч мөн адил Г.Ганболор болон түүний нөхөр Д.Мөнхбат нар нь өөрөөс гуйж, зээлийг удахгүй төлчихнө, бид хоёр "Сар шинэ Интернешнл " ББСБ-аас зээл авах гэсэн юм, өдөр өнжүүлэх ажиллуулах гэж байгаа, чи батлан даагчаар ороод өгөөч, үндсэн зээлдэгчээр хуурай дүү Л.Пүрэвдагвыг оруулахаар болсон" гэж итгүүлэн түүгээр гарын үсэг зуруулсан талаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар /хх.28 хуудас/-таа дурдсан байдаг. Хариуцагчийн зүгээс Г.Ганболор залилуулсан талаараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандаж, гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасан ба уг гомдлын дагуу эрүүгийн 201625021098 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, тус хэргийг Г.Ганболорын Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байсан эрүүгийн 201625030830 дугаартай Г.Ганболорын үйлдсэн гэх бусад хэргүүдтэй нэгтгэн шийдвэрлэхээр болсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан зохицуулалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, эхлээд эрүүгийн хэргийг шийдвэрлэхээр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Сар Шинэ Интернешнл" ББСБ нь хариуцагч Л.П,  М.Төгөлдөр нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Төгөлдөрөөс татгалзаж, хариуцагч Л.П-аас  3 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар хэрэг үүсгэсэн шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулна гэж заажээ.

 

Гэтэл шүүгчээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүргийг нь тайлбарлаж өгөх ажиллагааг өөрөө хэрэгжүүлээгүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. /хх-ийн 19/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх шийдвэрийг хүчингүй болгохоор мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч Д.Энхцэцэгийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасныг  тус тус зөрчсөн байна.

Иймд шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

                                                                                               Н.БАТЗОРИГ