Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 62

 

У.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00188/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 376 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Ш-т холбогдох

"6.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

Нэхэмжлэгч У.Б-ээс:

...Би Ж.Ш-т найзын хувьд 5.000.000 төгрөгийг гуйхаар өгсөн. Би тухайн үед өөрт нь 2 хоногийн дараа банк бусаас авсан зээлээ төлнө, 2 хоногийн дараа гаргаад өгөх боломжтой гэвэл ав гэж хэлсэн. Надад хүүг нь төлж байгаа учраас 2 хоногийн наана төлсөн, цаана төлсөн ялгаагүй гэхэд Ж.Ш- надад банкны зээл төлөх гэж байна гэж хэлсэн. Би Ж.Ш-ийг наймаа хийдэг болохоор нь боломжтой гэдгийг нь мэднэ. Тийм болохоор би асууж гуйсных нь 2 цагийн дараа мөнгийг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгө өгөхгүй гэсэн үүднээс хандсан. Би хугацаа нь дуусан дуустал банкны хүүг төлсөн учраас 6.000.000 төгрөг болгож нэхэмжилсэн. н.О-ы хувьд ийм өртэй гэдгийг мэдэхгүй. Манай нөхөртэй тооцоотой юм байна. Энэ асуудал үүссэний дараа нөхрөөсөө асуусан. Ж.О-д би хүүгийнх нь данс руу мөнгөө шилжүүлсэн. Тэр нь Ж.О-ы өр гэж үзэж байна. Одоо миний мэдэж байгаагаар манай нөхөр ч бай, би ч бай Ж.О-д ямар нэгэн өргүй. Одоо өгсөн мөнгө болох 6.000.000 төгрөгөө Ж.Ш-ээс авна гэжээ.

Хариуцагч Ж.Ш-ээс:

...Миний хувьд 5.000.000 төгрөгийг У.Б-ээс авсан. Ж.О- миний найз 2 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг олоод өгөөч гэхэд би аваад өгсөн. Нөгөө хүн мөнгөө нэхээд байна гэхэд Ж.О- тэр хүмүүсээс би авлагатай байгаа, тэр мөнгөнд суутгаж авна гэж хэлсэн. Би энэ талаар У.Б-т өөрт нь хэлсэн. Би өөрөө аваад хэрэглэсэн бол төлөх нь миний үүрэг. Өөрөө аваагүй болохоор төлөх үндэслэлгүй. Ж.О-оос авч байж мөнгийг нь өгнө. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүү тооцож байгаа тохиолдолд заавал бичгээр гэрээ хийсэн байх ёстой. Бичгээр гэрээ хийгээгүй бол хүү, алдангийн асуудал яригдахгүй. 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Мөнгийг авсан ч гэсэн өөрөө ашиглаагүй, Ж.О- гэж хүнд аваад өгчихсөн. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 376 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу хариуцагч Ж.Ш-ээс 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б-т олгож, 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

            Дархан - Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 376 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хариуцагч Ж.Ш- нь 5.000.000 төгрөгийг өөрөө захиран зарцуулаагүй У.Б-ээс луувангийн өр авлагатай байсан Ж.О-д дамжуулж өгсөн гэж удаа дараа тайлбар гаргаж байгаа, өөр хариуцагчийг хэрэгт татан оролцуулахаар хүсэлт гаргаж байгааг анхаарч үзсэнгүй шийдвэрлэлээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр хариуцагчийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байсан тул хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч У.Б- нь нөхрийн хамт бусдад луувангийн өр төлбөртэй байсан гэдгээ үгүйсгээгүй, мөнгө шилжүүлж байсан нь тогтоогдож байгаа тул Ж.О-ыг хариуцагчаар татан оролцуулсан тохиолдолд хэрэг шударга ёсны зарчмаар шийдвэрлэгдэх боломжтой байсан гэж үзэж байна. иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан  шатны шүүх  зохигчдын хооронд  зээлийн гэрээний харилцаанаас  үүссэн  маргааныг хянан шийдвэрлэхдээ холбогдох  зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй  байна.

            Нэхэмжлэгч У.Б- хариуцагч Ж.Ш-т холбогдуулан зээлийн  үүрэгт 5.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “Миний хувьд 5.000.000 төгрөгийг У.Б-ээс авсан, Ж.О- 2 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг олоод өгөөч гэхэд би аваад өгсөн, нөгөө хүн мөнгөө нэхээд байна гэхэд Ж.О- тэр хүмүүсээс  би авлагатай байгаа, тэр мөнгөнд суутгаж авна гэж хэлсэн, энэ талаар У.Б-т өөрт нь хэлсэн..., ...би өөрөө хэрэглээгүй болохоор төлөх үндэслэлгүй, Ж.О-оос авч байж мөнгийг нь өгнө “  гэж  маргажээ.

            2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж.Ш- нь У.Б-ээс   5.000.000 төгрөг зээлсэн нь зохигчдын  шүүхэд гаргасан тайлбар, ХААН банкны депозит  дансны  дэлгэрэнгүй  хуулгаар, Ж.Ш-  зээлийг буцаан төлөөгүй  нь  зохигчдын  тайлбараар   тогтоогдсон.

            Хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй татгалзлыг хүлээн авах боломжгүй  байна.

            Зээлийн гэрээний харилцаа Ж.Ш-,  У.Б- нарын хооронд  үүссэн  учир  шаардах эрх, үүрэг гэрээнд оролцогч  талуудад бий болох юм.

            Ж.Ш-  өөрийн  эзэмшилд  байгаа хөрөнгийг  хэрхэн захиран зарцуулах нь түүний эрх  учраас 5.000.000 төгрөгийг Ж.О-д дамжуулан өгсөн нь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн Ж.О- 5.000.000 төгрөгийн авлагадаа авснаар тооцохыг У.Б- зөвшөөрөөгүй энэ талаар өөр тайлбар гаргасан учир шүүх  нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй юм.

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлд  Ж.О-ыг  хамтран хариуцагчаар  татах нь  шударга ёсны зарчимд  нийцнэ гэжээ

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  26 дугаар зүйлийн  26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ.” гэж заажээ. Тэгвэл  нэхэмжлэгч У.Б-ийн нэхэмжлэлд  хамтран хариуцагчаар татуулах гэж буй   Ж.О- нь хариуцагч Ж.Ш-ээс 5.000.000 төгрөг  зээлсэн байгаа нь нэхэмжлэгч  У.Б-ийн  өмнө  хамтран үүрэг  хүлээсэн  гэж  үзэх  боломжгүй байна.

            Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлт, зэрэг асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтад  тулгуурлан үндэслэл бүхий дүгнэсэн, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол  үндэслэлгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 24-ний өдрийн 376 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй  орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  78.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                  ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ