Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00188/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...........  аймаг, ...........  сум, .........  баг, .....  тоотод оршин суух ... овгийн У.Б- /РД: ...... , утас: ........... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...........  аймаг, .. ........ сум, ...........  баг,  ........  байр, ........ тоотод оршин суух ............ овгийн Ж.Ш- /РД: ........... , утас: ............. /-д холбогдох

 

“6,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Б-, хариуцагч Ж.Ш-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч У.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би Ж.Ш-т найзын хувьд 5,000,000 төгрөгийг гуйхаар өгсөн. Би тухайн үед өөрт нь 2 хоногийн дараа Банк бусаас авсан зээлээ төлнө, 2 хоногийн дараа гаргаад өгөх боломжтой гэвэл ав гэж хэлсэн. Надад хүүг нь төлж байгаа учраас 2 хоногийн наана төлсөн, цаана төлсөн ялгаагүй гэхэд Ж.Ш- надад банкны зээл төлөх гэж байна гэж хэлсэн. Би Ж.Ш-ийг наймаа хийдэг болохоор нь боломжтой гэдгийг нь мэднэ. Тийм болохоор би асууж гуйсных нь 2 цагийн дараа мөнгийг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгө өгөхгүй гэсэн үүднээс хандсан. Би хугацаа нь дуусан дуустал банкны хүүг төлсөн учраас 6,000,000 төгрөг болгож нэхэмжилсэн. н.О-ы хувьд ийм өртэй гэдгийг мэдэхгүй. Манай нөхөртэй тооцоотой юм байна. Энэ асуудал үүссэний дараа нөхрөөсөө асуусан. н.О-д би хүүгийнх нь данс руу мөнгөө шилжүүлсэн. Тэр нь н.О-ы өр гэж үзэж байна. Одоо миний мэдэж байгаагаар манай нөхөр ч бай, би ч бай н.О-д ямар нэгэн өргүй. Одоо өгсөн мөнгө болох 6,000,000 төгрөгөө Ж.Ш-ээс авна.” гэжээ.

Хариуцагч Ж.Ш- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний хувьд 5,000,000 төгрөгийг У.Б-ээс авсан. Ж.О- миний найз 2 хоногийн хугацаатай 5,000,000 төгрөг олоод өгөөч гэхэд би аваад өгсөн. Нөгөө хүн мөнгөө нэхээд байна гэхэд Ж.О- тэр хүмүүсээс би авлагатай байгаа, тэр мөнгөнд суутгаж авна гэж хэлсэн. Би энэ талаар У.Б-т өөрт нь хэлсэн. Би өөрөө аваад хэрэглэсэн бол төлөх нь миний үүрэг. Өөрөө аваагүй болохоор төлөх үндэслэлгүй. Ж.О-оос авч байж мөнгийг нь өгнө.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хүү тооцож байгаа тохиолдолд заавал бичгээр гэрээ хийсэн байх ёстой. Бичгээр гэрээ хийгээгүй бол хүү, алдангийн асуудал яригдахгүй. 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Мөнгийг авсан ч гэсэн өөрөө ашиглаагүй, Ж.О- гэж хүнд аваад өгчихсөн. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна.” гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Б- нь хариуцагч Ж:Шүрэнцэцэгээс 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч У.Б- ...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг дансаар Ж.Ш-т шилжүүлсэн. Болор Зоос ББСБ-аас авсан зээл, би хүүгээ үргэлжлүүлэн төлж байгаа тул хүүгийн хамт нэхэмжилнэ... гэж, хариуцагч Ж.Ш- ...У.Б-ээс авлагатай хүн нь надаас авчихсан тул би төлөхгүй... гэж маргаж байна.

            Нэхэмжлэгч У.Б- хариуцагч Ж.Шүрэнчимэгт 5,000,000 төгрөг шилжүүлсэн, Ж.Ш- нь 1,000,000 төгрөг эргүүлэн төлсөн талаар маргаангүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүрэг бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн.

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.

            Хариуцагч Ж.Шүрэнчимэг нэхэмжлэгч У.Б-т буцаан төлөх 5,000,000 төгрөгийг түүнээс авлагатай гэх Ж.О-д өгсөн, одоо төлөх төлбөргүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т  зааснаар үүргийг гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд үүргийг гүйцэтгэсэнд тооцох хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч У.Б- гэрч Ж.О-д төлөх төлбөргүй, гэр бүлийн хүн тооцоотой байсан, хүүхдэд нь 2,000,000 төгрөг төлснөөр тооцоо дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэснээр талууд 5,000,000 төгрөгийг шилжүүлэх үед зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хугацаа, хүү тохироогүй тул хүү шаардах эрхгүй, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд иинхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.

Хариуцагч Ж.Ш- 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч У.Б- шүүх хуралдаанд хүлээн авсан талаар маргаагүй.

Иймд Ж.Ш-ээс 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б-т олгож 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ш-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасны дагуу хариуцагч Ж.Ш-ээс 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б-т олгож, 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ш-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Б-т олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ