Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 148/ШШ2019/00203

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, МТI байр 306 тоотод байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, ******* 2 дугаар баг, 7-09 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* РД:/ МУ-81120861/-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.*******ийн ******* ХХК-нд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 30.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... ******* ХХК болон иргэн Ц.*******тэй 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр 29-14 УНС улсын дугаартай LBZF46EA1BA019085 арлын дугаартай BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн буулгагч худалдан авахаар тохирч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК болон иргэн Ц.******* нарын хооронд 29-14 УНС улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машиныг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Тухайн үед Ц.******* нь уг машинаас гадна ковш авахаар тохиролцсон боловч мөнгөний бололцооноосоо болоод эхлээд ачааны машин худалдаж авахаар болсон. Улмаар худалдах худалдан авах гэрээ байгуулж ачааны машиныг хүлээлцэн 2 тал гарын үсэг зурсан байдаг. Уг ачааны машин өнөөдрийн байдлаар Ц.*******ийн эзэмшилд байгаа бөгөөд айлын хашаанд байгаа. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авснаар худалдан авагчид эрсдэл шилждэг. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасны дагуу гомдол гаргах эрхийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь уг ачааны машиныг эвдрэл гэмтэлтэй байдаг ч 6 сарын дотор энэ асуудлаар гомдол гаргаагүй. Ц.******* нь 30.000.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус гэрээний дагуу Ц.******* нь 30.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Уг ачааны машин Ц.*******ийн мэдэлд очихоос өмнө эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэргийн материал дотор байхгүй. Эвдэрсэн гэж яриад байгаа боловч түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Утсаар ярьж байсан гэх боловч мөн л нотолж чадаагүй. Баруунхараад ковшийг ачиж ирсэн талаарх баримт байгаа эсэх, мөн олон удаа утсаар ярьж мессеж бичиж байсан гэж хэллээ. Тэгвэл утсаар ярьж байсан тухайгаа үүрэн телефоны оператороос лавлагаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Үнэхээр эвдэрхий машин хүлээгээд авчихлаа гэж бодсон бол 30.000.000 төгрөгөө нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргах эсхүл цагдаагийн байгууллагад хандаж болох байсан. Гэтэл нэг ч удаа ийм үйлдэл хийгээгүй. Хариуцагч шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Улаанбаатар хотоос Баруунхараа хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүйгээр уг тээврийн хэрэгслийг авч явах ямар ч боломж байхгүй. Ялангуяа ачааны машиныг замын цагдаа заавал зогсоож бичиг баримтыг нь шалгадаг. Уг тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд бүрэн шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар уг нотлох баримтыг гаргуулж авах эрх хариуцагчид байсан. Мөн гэрээний дийлэнх үнийн дүнг төлсөн тул худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзнэ. 30.000.000 төгрөг бол бага мөнгө биш. Гэтэл 30.000.000 төгрөг хүнд өгөөд дээрээс нь эвдэрхий машин авчихаад бүхэл бүтэн 7 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар хэнд ч гомдол гаргаагүй. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Тиймээс хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Ц.******* нь ******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие нь ******* ХХК-тай 29-14 УНС улсын дугаартай BEIBEN маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээг хийгээгүй. Тус шүүхэд өгсөн гэрээ нь хуурамч гэрээ байна. Өөрөөр хэлбэл миний бие нь ******* ХХК-тай ковш 50 маркийн буулгагч худалдах-худалдан авах гэрээ хийсэн ба шилжүүлсэн 30 сая төгрөг нь ковшийн мөнгө юм. Гэтэл ******* ХХК нь миний ковш буюу буулгагчийн гэрээний сүүлийн хуудас буюу гарын үсгийг зурсан хэсгийг оруулж нүүр хуудсыг өөрсдөө дур мэдэн зохион үйлдсэн байна.

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ковш болон маргаан болоод байгаа ачааны машиныг худалдаж авахаар тохиролцоод ковшний төлбөрт 30.000.000 төгрөг төлсөн. Ачааны машины хувьд ямар ч гэрээ байгуулаагүй.

Уг ачааны машиныг хүнд зарчихсан байж байгаад буцааж аваад 22-р товчооны ойролцоо оройн 20 цагийн үед өгсөн. Ковш болон ачааны машинаа хүлээж аваад явж байтал Баруунхараад ирээд үзэхэд аль аль нь ажиллагаагүй байсан. Тэгэхээр нь утасдаад энэ байдлыг нь хэлээд ковшийг нь буцаагаад явуулсан. Ковшийг ачиж ирэхийн тулд 700.000 төгрөг төлсөн. Тэгээд ачааны машиныг аваад цааш явж байтал замд дугуй нь хагарах тос маслоны асуудлууд гарч эхэлсэн. Ахиад утас руу нь залгаад хэлтэл хүний гараар дамжиж ирсэн болохоор би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би засварчин дуудаж үзүүлэхэд мотор муутай маш муу машин байна гэж хэлсэн. 30.000.000 төгрөгийг ковшинд өгсөн. Ачааны машины хувьд гэрээ ч байгуулаагүй мөнгө ч өгөөгүй. Надад тухайн техникийн бичиг баримтыг ч өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна! гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

******* ХХК-тай 29-14 УНС улсын дугаартай авто машиныг худалдах-худалдан авах гэрээг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 30.000.000 төгрөгөө гаргуулна гэжээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Ц.******* нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 29-14 УНС улсын дугаартай LBZF46EA1BA019085 арлын дугаартай техник /BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн өөрөө буулгагч/-ийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ******* ХХК-аас худалдан авч, улмаар өөрийнх нь эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээ, техник хүлээлцсэн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.1,2.1, 3.1, 3.2, 3.3, 5.1, 5.2 3.1 дэх хэсэгт уг хөрөнгийг 2018 оны 5 сарын 28-ны өдрөөс хэтрүүлэлгүй хоногийн дотор хүлээн авна, хөрөнгийг хүлээж авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, дагалдах акт баримт бичгийг бүрдүүлнэ, худалдаж авсан хөрөнгийн төлбөрийг 2018 оны 6 сарын 30-ны дотор төлөх, Худалдсан хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр хөрөнгө гэмтсний эрсдэл худалдан авагчид шилжих, худалдан авагч хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тохиролцжээ.

Зохигчид нь гэрээний үйлчлэх хугацааг ... худалдах-худалдан авах гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байх ба гэрээнд заасан 29-14 УНС улсын дугаартай техникийг худалдан авсанаас хойш 2018 оны 6 сарын 30 дотор тооцоо хийж дуусгах байсан боловч өнөөдрийн байдлаар 20.000.000 төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулна гэж, 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ.

Хавтаст хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээ, техник хүлээлцсэн акт гэсэн баримтууд болон хариуцагч Ц.*******ийн 2019 оны 01 сарын 31-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд зохигч өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хариуцагчийг төлөөлж Б.Нэргүй гарын үсгээ зурж, компаний тамгыг дарж баталгаажуулсан байх ба нэхэмжлэгч дээр дурьдсан тенхикийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч түүнийг хүлээн авч 2018 оны 5 сарын 28-ны өдөр 30.000.000 төгрөгийг төлсөн байх тул талуудын хооронд хуульд заасан шаардлага хангасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгийг хариуцагч эзэмшээгүй, ашиглаагүй, өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй байгаа явдал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байх бөгөөд дээрх гэрээний үүргээс хариуцагч татгалзаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй хариуцагчийг ******* ХХК хууран мэхэлж хэлцэл хийсэн үйл баримт иргэний хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагчаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, машин дотор байсан зүйл нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ л байсан гэж шүүхэд гаргаж өгсөн боловч тухай гэрээний үйлчлэх хугацаа худалдах-худалдан авах гэрээ байгуулахаас өмнө 2 сарын өмнө буюу 2018 оны 3 сарын 31-ний өдөр дууссан байх тул ямар нэг дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 20.000.000 төгрөгийг Ц.*******ээс гаргуулж ******* ХХК-нд олгож, Ц.*******ийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 30.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 237.750 төгрөгийг сөрөг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагч Ц.*******ээс 257.950 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Ц.*******ийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 30.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 237.750 төгрөгийг сөрөг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулж, хариуцагч Ц.*******ээс 257950 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ