Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00823

 

 “Г..” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

        Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийдвэр,

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.. ХХК

          Хариуцагч: Ц.Б-

          нэхэмжлэл:  20,000,000 төгрөг  гаргуулах

          сөрөг нэхэмжлэл: гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуугийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батчулуун, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

       Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Г.. ХХК, Ц.Б- нар 2018-05-28-ны өдөр -14 УНС улсын дугаартай ..BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэсэн, буулгагчийг 50сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, худалдах-худалдан авахаар тохирсон. Гэрээний дагуу Ц.Б- 30сая төгрөг өгсөн ч үлдэгдэл 20сая төгрөгийг төлөөгүй. Хасбанктай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд -14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсныг чөлөөлсөн. Нэмж зардал гаргахгүйн тулд Ц.Б-ийн нэр шилжүүлье гэж үзсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд анхнаасаа өмчлөгч нь Хасбанк гэж бичигдсэн байсныг хариуцагч мэдэж байсан тул хуурч мэхэлсэн зүйлгүй. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

         Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ...Анхнаасаа -14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл Хасбанкнаас Г.. ХХК-д шилжээгүй байсан. Эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах-худалдан авах гэрээний дагуу тухайн өдөр 30 сая төгрөг шилжүүлээд, тээврийн хэрэгслийг авч явсан боловч замдаа эвдрэл гарсан, эд хөрөнгийн доголдолтой гэж үзээд 29-14 УНС дугаартай тээврийн хэрэгслийг буцааж өгсөн. 29-14 УНС дугаартай тээврийн хэрэгсэл Г.. ХХК-н нэр дээр бүртгэлгүй тул  хуурч мэхэлж хийсэн 29-14 УНС дугаартай өөрөө буулгагч машин “худалдах-худалдан” авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулж, 30 сая төгрөгөө авна гэжээ. 

        Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 203 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ц.Б-ээс  20 сая төгрөг гаргуулан Г.. ХХК-д олгож, Ц.Б-ийн  сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 257.950 төгрөг,хариуцагчаас  төлсөн 70.200 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 237.750 төгрөгийг хариуцагчаас  нөхөн гаргуулж улсын орлогод  оруулах, 257,950 төгрөг гаргуулж Г.. ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

         Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 203 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан   Г.. ХХК-ны  Ц.Б-т холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2018- 05-28-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Г.. ХХК-с 30 сая төгрөг гаргуулан Ц.Б-т олгож, Ц.Б-ээс  өөрөө буулгагч /самосвал\-г гаргуулан  Г.. ХХК-нд олгож, Г.. ХХК-с төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагчд олгох, шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдсэн байна.

 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Уг өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл нь талуудыг гэрээ байгуулах үед Г.. ХХК-ийн Хас банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “фидуц”-ийн гэрээгээр Хас банкны өмчлөлд шилжсэн, “Г..” ХХК нь хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй байсан болох нь хэрэгт авагдсан Хас Банкны 2017-05-18-ны өдрийн 44/300 дугаартай, 2019-05-13-ны өдрийн 44/193 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна” гэж үзсэн нь үндэслэлгүй. ИХШХШТХ-н 40.2-г ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, Хас Банкны 2017-05-18-ны өдрийн 44/300 дугаартай, 2019-05-13-ны өдрийн 44/193 дугаартай албан бичгүүдэд “Гүн Тэлмэн” ХХК нь зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул -14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Гүн Тэлмэн” ХХК-н нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Энэ нь тухайн цаг хугацаанд зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэдгийг нотлох баримт атал давж заалдах шатны шүүх өртэй байсан хэмээн үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. Мөн хариуцагч Ц.Б- нь анхан шатны шүүх хурал дээр өөрийн биеэр маргаан бүхий тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймаг дахь Ерөөл суманд уурхайд хэрэглэх гэж авсан боловч Сэлэнгэ аймгийн, Ерөөл сумын Иргэдийн хурлын Тэргүүлэгчид зөвшөөрөл олгоогүй болохоор ашиглаагүй хэрэв тухайн зөвшөөрөл олгогдсон бол маргаан бүхий тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн байсан гэж хэлж байсан. Тэгээд гэнэт тээврийн хэрэгсэл эвдэрсэн байсан анхнаасаа маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдан авах гээгүй гэх мэтээр худлаа ярьж байгаа нь шүүх хуралд хэргийн оролцогчид үнэн зөв тайлбар өгөх эрхтэй гэснийг зөрчсөн байна. Тухайн маргаан бүхий тээврийн хэрэгсэл өнөөдрийг хүртэл Ц.Б-ийн эзэмшилд байгаа болно. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ба зохигчдын хооронд хэлцэл хийсэн гэж үзэхгүй” гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь ИХ-н 90.1-т “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэсэн заалтын дагуу Г.. ХХК нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч юм. Хас Банкны зүгээс хоёр удаагийн албан бичгээр “Гүн Тэлмэн" ХХК-тай өр төлбөрийн дууссан мөн Хас банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Мөн хариуцагч этгээд ИХШХШТХ-н 25.2.2-т “..түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах..” үүрэгтэй бөгөөд Ц.Б- нь “Гүн Тэлмэн” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь хэний ямар эрх ашгийг хөндөж, хэнд гэм хор эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгааг тодруулахгүйгээр хууран мэхэлсэн гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч этгээд маргаан бүхий тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд Ц.Б-ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгийг “Гүн Тэлмэн” ХХК-ний зүгээс мэдэгдсэн мөн өнөөдрийн байдлаар тус тээврийн хэрэгсэл Авто тээврийн Үндэсний төвд “Гүн Тэлмэн” ХХК-ний нэр дээр бүртгэгдсэн гэдгийг батлан хэлж байна. Иймд магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Г.. ХХК 2018-12-14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Ц.Б-ээс 20,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “... өөрөө буулгагч автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдсан боловч хариуцагч 30,000,000 төгрөгийг өгч үлдэх мөнгийг өгөөгүй...” гэсэн үндэслэл заасан байна. 

          Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...анхнаасаа уг тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлгүй байсан...эд хөрөнгө доголдолтой байсан... тээврийн хэрэгслийг буцааж өгсөн....” тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин намайг  хуурч мэхэлж гэрээ хийсэн тул  уг гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулж, 30 сая төгрөгөө авна гэжээ.   

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан байна. 

       Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

         Магадлалд заасан дүгнэлтээс үзвэл, давж заалдах шатны шүүх   “...Хасбанк ХХК-ийн  барьцаанд байгаа Г.. ХХК-ийн хөрөнгийг нэхэмжлэгч нь Ц.Б-т банкны зөвшөөрөлгүй худалдсан тул гэрээ Иргэний хуулийн 56.1.8-р хүчин төгөлдөр бус байна....” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, өөрөө буулгагч /самосвал/ -14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018-05-28-ны өдрийн  гэрээгээр Ц.Б-т худалдсан нь /хх 6,42/ тогтоогдсон байна. 

         Маргааны зүйл болсон эд хөрөнгийг Хасбанк ХХК үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-р өөрийн өмчлөлд авсан гэх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон.

         Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.6, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

        Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг бусдад худалдахад барьцаалагчаас зөвшөөрөл авах тухай бус, харин мэдэгдэх талаар заажээ.  

        Түүнчлэн, Хасбанкны 2017-05-18-ны өдрийн 44/300 дугаартай “...Зээлийн барьцааг чөлөөлөх тухай..Зээлдэгч Г.. ХХК 2015-04-03-ны өдрийн ..зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ....29-14УНС ...2011 онд үйлдвэрлэгдсэн, ..өөрөө буулгагч ...тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.. ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэсэн албан бичгийг үгүйсгэх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна.

        Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт буй нотлох баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. 

        Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

        2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна. 

        а\. Нэхэмжлэгч нь  -14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, Ц.Б- 50 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, хариуцагч  эд хөрөнгийг хүлээн авсан нь тогтоогдсон талаар дээр дурдсан.  

        Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

        Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг  хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

        Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 56-59 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй, худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч эд хөрөнгийг хүлээн авч 30,000,000 төгрөг төлсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг төлөөгүй тогтоогдсон тул  Г.. ХХК  гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх, улмаар үүргийн гүйцэтгэлийг Ц.Б-ээс шаардах эрхтэй гэж дүгнэх нь  Иргэний хуулийн 243, 248 дугаар зүйлд нийцнэ.

        б\. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...банкны барьцаанд байсан эд хөрөнгийг худалдаж хууран мэхэлсэн...” гэж маргасан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй  байна. 

        Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.

        Зохигч худалдах-худалдан авах гэрээг 2018-05-28-ны өдөр байгуулах үед  -14 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019-05-13-ны өдрийн байдлаар Хасбанк ХХК-ны барьцаанд байсан  эсхүл  банктай 2015-04-03-ны өдөр байгуулсан гэрээ дуусгавар болсон ч барьцааны эд хөрөнгийг Г.. өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан  /хх 113, 114/ эсэх нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүх  маргааны зүйл болсон эд хөрөнгийг эрхийн доголдолгүй гэж үзсэн нь  Иргэний хуулийн  252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ. 

         -14 УНС улсын дугаартай тээврийн  хэрэгслийн  бичиг баримтыг  хариуцагчид шилжүүлэх боломжтой буюу эд хөрөнгө эрхийн зөрчилгүй /хх114/ байх тул  Г.. ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн  үндэслэлгүй байна. 

          в\. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь дутагдалтай ч энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.  

         Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөхдөө эд хөрөнгийн үнээс гадна хүү төлөх үүрэг хүлээдэг.

         Хариуцагч нэхэмжлэгчид эд хөрөнгийн үнэ буюу 50,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ч нэмж  хүү төлөх талаар тохиролцоогүй байх тул талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. 

         Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

         г\. Зохигч нь 2018-05-28-ны өдөр -14 УНС улсын дугаартай  тээврийн хэрэгслийг  Г.. ХХК-аас худалдан авч, нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг хүлээн авсан нь  тогтоогдож байна.

         Худалдаж авсан хөрөнгийн төлбөрийг 2018-06-30-ны дотор төлөх үүргийг  хүлээсэн боловч  үлдэгдэл 20.000.000 төлөгдөөгүй байна. 

         Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл 20.000.000 төгрөгийг Ц.Б-ээс гаргуулж Г.. ХХК-нд олгох, Ц.Б-ийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 30.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангав.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019-07-17-ны өдөр төлсөн 257,950 төгрөг, 2019-09-24-ний өдөр төлсөн 307,950 төгрөг нийт 565,900 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ