Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/02115

 

2017 оны 06 сарын 16 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/02115

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 00-р хороо 0-р хороолол Ж хутагт Дамдинбазар гудамж 00-р байр 00 тоотод оршин суух Х Аовогт С О /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 00-р хороо Дүүрэг 0-р гудамж 00 тоотод оршин суух Б овогт Г Я /РД:000/-д холбогдох,

 

 

 

Зээлийн гэрээний төлбөрт 19,251,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Я 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10,350,000 төгрөгийг зээлдүүлсэн.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагч Г.Я нь зээлсэн мөнгөө сар бүрийн 1%-ийн хүүгийн хамт 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн. Гэвч цаг хугацаанд нь мөнгөө төлөөгүй, мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө , мөнгөний боломжгүй байна гэж цаг хугацааг сунгаж байсан.

 

Г.Я өөрийн бизнесийг эхлүүлж байгаа хөл дээрээ зогсох гэж зүтгэж байгаа зэргийг харгалзан зах зээлийн хүүнээс 2-3 дахин бага хүүтэйгээр зээл олгож үйл ажиллагааг нь дэмжих гэж хичээсэн.

 

Миний бие өрх толгойлсон эмэгтэй гадаад хүүгээ сургах гэж банкнаас өндөр хүүтэй зээл авч сургалтын төлбөрийг төлсөн.

 

Иймээс зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 10,350,000 төгрөг, хүү 2,484,000 төгрөг, алданги 6,417,000 төгрөг нийт 19,251,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь шүүх хуралдааныг мэдэгдэлийг авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Г.Я холбогдуулан 19,251,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

 

 

Хариуцагч Г.Я 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн 1 хувийг гардан авсан боловч шүүхэд бичгээр тайлбараа ирүүлээгүй.

 

 

 

Зохигчдын хооронд 2015 оны 05-р сарын 08-ний өдөр 10,350,000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдрөөс 2015 оны 09-р сарын 01-ны өдрийг хүртэл сарын 1 хувийн хүүтэйгээр зээлж, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүсжээ.

 

 

 

Иймд хариуцагч Г.Я үндсэн зээл 10,350,000 төгрөг, хүү 389,850 төгрөг, алданги 5,369,925 төгрөг, нийт 16,109,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,141,225 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

Хариуцагч Г.Я нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хариуцагч Г.Я нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 

 

Мөн хариуцагч Г.Я 2017 оны 05-р сарын 19-ний нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2017 оны 05-р сарын 19-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх хугацаа олгосон боловч бичгийн тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2017 оны 06-р сарын 14-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Г.Я 16,109,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,141,225 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.О улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 254,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Я 238,498 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ