Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1889

 

С.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/02115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Янжинсүрэнд холбогдох       

Зээлийн гэрээний үүрэгт 19 251 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Янжинсүрэнтэй 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 350 000 төгрөгийг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу Г.Янжинсүрэн зээлсэн мөнгөө сарийн 1%-ийн хүүгийн хамт 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хугацаанд нь мөнгөө төлөөгүй, мөнгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө, мөнгөний боломжгүй байна гэж сунгаж байсан. Г.Янжинсүрэн бизнес эхлүүлж хөл дээрээ зогсох гэж зүтгэж байгааг харгалзан зах зээлээс 2-3 дахин бага хүүтэй зээл олгож үйл ажиллагааг нь дэмжиж хичээсэн. Миний бие өрх толгойлсон эмэгтэй гадаад хүүгээ сургах гэж банкнаас өндөр хүүтэй зээл авч сургалтын төлбөр төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу 10 350 000 төгрөг, хүү 2 484 000 төгрөг, алданги 6 417 000 төгрөг нийт 19 251 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Г.Янжинсүрэнгээс 16,109,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 141 225 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 254 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Янжинсүрэнгээс 238 498 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Отгонцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг баталсан 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр түрээслүүлэгч С Отгонцэцэгтэй үл хөдпөх хөрөнгийн түрээсийн гэрээг түрээслэгч Г.Янжинсүрэн байгуулж, үйлчилгээний зориулалттай обьектыг түрээслэн авсан бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байсан тул С.Отгонцэцэг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нотариат орж гарын үсэг зуруулна гэж дээрхи зээл мөнгө төгрөг аваагүй ззэлийн гэрээн дээр Г Янжинсүрэнгээр гарын үсэг зуруулсан бөгөөд 2016 онд шүүхэд зээлийн гэрээгээр 10 350 000 төгрөг, хүү алданги нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох. гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээгээр Г Янжинсүрэнд 10 350 000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгөөгүй.

Зээлийн гэрээгээр С.Отгонцэцэг зээлдэгч Г.Янжинсүрэнд мөнгө шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй. Хэдийгээр гэрээ хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч гэрээгээр тохирсон дүн нь түрээсийн төлбөрийн дүнгийн нийлбэрээс өөр байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохирсон гэж үзэх үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан хэлэлцэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг хариуцагч Г.Янжинсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 251 000 төгрөг гаргуулах тухай гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох ажиллагаа явуулна” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2017 оны 6 дугаар сарын 16-ны мөн өдрөө гаргасан байна.

Иймд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан өдөр буюу шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13.30 цагт товлон явуулж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан ажиллагааг явуулаагүй, шүүх хуралдааны бэлтгэл ажиллагаа хангагдаагүй зөрчил гаргасан гэж үзнэ /хх-14/. Өөрөөр хэлбэл, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасны дараа шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг явуулах, хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулах, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх бүрэн хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/02115 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 499 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосгугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА