Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 09

 

Х б-ны Увс салбарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар багт байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, Х б-ны Увс салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 15-4 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ81061972, Т овогтой Б-ын О-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х бны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Н, Б.О нар эгч дүүс бөгөөд Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х бны Увс салбарын Төв тооцооны төвд ЗГ201743310986 тоот зээлийн гэрээ байгуулан 14.390.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, сар бүр 442.000 төгрөг төлөх нөхцөлтэй авсан. Хамтран үүрэг гүйцэтгэхээр Б.О гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 821.925,40 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 546.035,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 139,33 төгрөг, нийт 1.368.100 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч Б.Н 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Б.О-гээс зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлдэгч Б.О-гээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 16.504.860,82 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.О-тэй банкны зүгээс удаа дараа уулзаж байсан. Тэрээр би энэ мөнгийг авч ашиглаагүй гэх тайлбар хэлдэг. Талийгаач нь тухайн үедээ нэг хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байсан тул дүүгээ хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Иймээс хамтран үүрэг гүйцэтгэгчээс уг төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.О-гээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 /арван зургаан сая таван зуун дөрвөн мянга найман зуун жар/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б-ны Увс салбарт олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  зааснаар иргэн Б.Н-ийн эзэмшлийн Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 15-04 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516010685 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х б-ны Увс салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.474 /хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огээс 240.474 /хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х бны Увс салбарт олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний эгч Б.Н нь 2017 оны 12 дугаар сарын 11-нд Х бны Увс салбарын Төв тооцооны төвөөс 14.390.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед эгч маань надруу утсаар холбогдож, Х б-наас цалингийн зээл авч байна, чи ирээд гарын үсэг зураад өгөөч, банкныхан ийм шаардлага тавиад байна гэсний дагуу би банкинд очсон. Намайг Х бинд явж очиход зээлийн гэрээ бэлэн болсон байсан бөгөөд намайг гарын үсэг зур гэж заасан хэсгүүдэд би гарын үсгээ зураад явсан. Надад тухайн зээлээс өөртөө авч ашигласан зүйл байхгүй, би банкнаас зээл авах талаар хүсэл зоригоо илэрхийлж очоогүй. Эгч Б.Н маань 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Гэтэл Х б надаас зээлийн үүргийг гүйцэтгэхийг шаардсан ба миний хувьд тухайн зээлийг аваагүй, би төлөх ёсгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Ингээд банк шүүхэд нэхэмжпэл гаргасан. Миний бие шүүх хуралдаан дээр хариу тайлбараа гаргаж болно гэж ойлгосон ба 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 14 цагт шүүх хуралдаанд оролцохоор ирэхэд шүүх хурал өглөө 9 цагт болсон байсан. Тухайн үед би шүүх хуралдаан болох цагаа андуурсан байсан.

Х б ЗГ201743310986 тоот зээлийн гэрээний дагуу талийгаач эгчийн маань цалингийн зээлийн гүйцэтгээгүй үүргийг биелүүлэхийг надаас шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь ЗГ201743310986 тоот зээлийн гэрээний 2.4.2-д заасны дагуу зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгана гэж цалингаас шууд төлүүлэхээр заасан байх ба барьцааны зүйл нь эгч Б.Нийн цалин орлого гэдэг нь харагдаж байна. Х б миний эгч Б.Нийн цалинг үндэслэж тухайн хэмжээний цалин орлоготой хүнд хэдий хэмжээний зээл олгож болох вэ гэдгээ судлаж зээл олгох хэмжээгээ тогтоосон гэж ойлгож байна. Тухайн зээлийг олгохдоо хамтран үүрэг гүйцэтгэгч гэж надаар гарын үсэг зуруулсан хэдий ч миний орлого болон үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхийг судлаагүй, надаас ямар нэгэн баримт материал шаардаагүй ба би өөрийн орлогоор зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй юм. Өөрөөр хэлбэл би өөрийн цалин орлогоо барьцаалаагүй байхад намайг тухайн зээлийг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Х бны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаартай шийдвэр нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж давж заалдах шатны шүүхэд үйлчлүүлэгч Б.Огийн гаргасан гомдол нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “Банк зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсний дагуу Х б болон талийгаач Б.Н нарын хооронд гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний эрх үүрэг үүссэн.

...Мөн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу Б.О банкны өмнө үүрэг хүлээгээгүй байгаа тул Б.О-г хамтран үүрэг гүйцэтгэгчээр тогтоох боломжгүй. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2 дахь хэсэгт: Үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсвэл сураггүй алга болсон нь тогтоогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болохоор хуульчилсан. Х бнаас зээл авсан Б.Н нас барсан үйл баримт тогтоогдсон учир хуульд заасны дагуу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэг дуусгавар болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Х бны Б.Огээс нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь үндэслэлгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Огийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна.  

Нэхэмжлэгч Х б-ны Увс салбар, хариуцагч Б.Од холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 13.568.074,60 төгрөг, зээлийн хүү 2.839.775,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88.010,88 төгрөг, нотариатын төлбөр 9.000 төгрөг, нийт 16.504.860,82 /арван зургаан сая таван зуун дөрвөн мянга найман зуун жар/ төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийн 5-9-р талд “Х б” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ 201743310986 дугаар зээлийн гэрээнд: Нэг тал нь “Х б” ХХК-ийг төлөөлж Увс Төв тооцооны төвийн захирал Ж.С, нөгөө тал Т ургийн овогтой Б-ын Н-ийг  “зээлдэгч”, Т ургийн овогтой Б-ын О-г  “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж, мөн зээлийн гэрээний 1.1-т: “Зээлдэгчид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, барьцаа, батлан даалттай, тодорхой зориулалтаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Банкны зээлийн нөхцлийг хүлээн  зөвшөөрч зээлийг авах, зээлийг буцаан төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зээлийн гэрээний зорилгыг, мөн 1.2.2-т : “зээлдэгч” гэж  энэхүү гэрээний дагуу зээлдэгчиийн эрх эдэлж үүрэг хүлээж буй этгээдийг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд эндээс энэхүү гэрээний нэг тал буюу зээлдэгч нь Б.Н болох нь харагдаж байна.

Зээлдэгч Б.Н нь Х б-ны Увс салбарын төв тооцооны төвтэй байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ 201743310986 дугаар зээлийн гэрээгээр 14.390.000 төгрөгийг сарын 1.7%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, сар бүр 442000 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр, өөрийн цалин болон гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших эрхийг барьцаалж, цалингийн зээл/ гэрээний 2.1.2-т  энэ нь банкны “цалингийн зээл” төрлийн бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон/ хэлбэрээр авсан, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлдэгч Б.Н 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нас барсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Зээлдүүлэгч буюу банк дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэх Б.Огээс шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдлын үндэслэлээ “Тухайн үед эгч маань надруу утсаар холбогдож, Х бнаас цалингийн зээл авч байна, чи ирээд гарын үсэг зураад өгөөч, банкныхан ийм шаардлага тавиад байна гэсний дагуу би банкин дээр очсон. Намайг Х бин дээр явж очиход зээлийн гэрээ бэлэн болсон байсан бөгөөд намайг гарын үсэг зур гэж заасан хэсгүүдэд би гарын үсгээ зураад явсан. Надад тухайн зээлээс өөртөө авч ашигласан зүйл байхгүй, би банкнаас зээл авах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, банк миний эгч Б.Нийн цалинг барьцаалж түүнд зээл олгосон болохоос би зээл төлөхөөр хөрөнгө орлогоо барьцаалаагүй тул намайг хамтран зээлдэгчээр татсан нь үндэслэлгүй гэж тайлбарласныг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

Зээлдүүлэгч буюу банк хэний хүсэл зориг,  ямар өргөдөл хүсэлт, баримт материалыг үндэслэж, ямар зориулалтаар зээл олгосон, зээлийн мөнгийг хэнд шилжүүлсэн, эргэн төлөлт буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч Б.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч гэх Б.О нар хэрхэн хариуцах зэрэг нөхцөл байдал тодорхойгүй буюу хэргийн нөхцөл байдал / үйл баримт/ бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх зөвхөн хэрэгт авагдсан банкны зээлийн гэрээг үнэлэх байдлаар маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

Тухайлбал: Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэх Б.О энэхүү зээлийн гэрээнд ямар хүсэл зоригийн илэрхийлэлтэй оролцсон, зээлийн барьцаанд түүний цалин болон бусад хөрөнгө, орлого барьцаалсан эсэх, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.3 дахь хэсэгт: “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ“ гэж заасан байх боловч хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлага /барьцаа, батлан даалтын болон бусад хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхийг гэрээнд тусгаагүй/ тодорхойгүй, түүнчлэн Х бны Увс салбар болон Б.О нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, энэ талаархи хангалттай нотлох баримт цуглараагүй байхад шүүхээс дээрх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс хариуцагч Б.О-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гардуулж, хариу тайлбар гаргах, нотлох баримт ирүүлэх хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тогтоосон боловч энэ хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт явуулахаар тогтоож, товыг хариуцагчид 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн байх боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргах, шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэж болохоор хуульчилсан боловч зохигчдын тайлбар, мэтгэлцээнгүйгээр хэргийн үйл баримт тогтоогдож байгаа эсэхэд шүүх анхаарлаа хандуулах ёстой.    

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт: Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна, шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдааны талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгүүдэд “ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ,  зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож  үг хэлэх, бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус заасан бөгөөд  хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, оролцогч талуудын тэгш байдлыг хангасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь шүүхийн үүрэг гэж үзнэ.

Нэхэмжлэгч Х бны Увс салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Од холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхэд талууд маргааны зүйлийн талаар мэтгэлцээгүй байх ба шүүх мэтгэлцэх зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч Б.О давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.ЖАМБАЛСҮРЭН

                              ШҮҮГЧИД                                                                           Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                                          Л.АЛТАН