Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 23

 

Х.Б, Д.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0801 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: Х.Б, Д.Ц нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал, Тэргүүлэгч нарт холбогдох,

2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 02 дугаар, “Иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, тус хорооны Иргэдийн Нийтийн хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.7, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нарын гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 02 дугаар, “Иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус хорооны Иргэдийн Нийтийн хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0801 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Б, Д.Ц нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нарын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны   12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай, “Анхдугаар   хуралдаан хуралдуулах тухай” тогтоол   2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах тухай заасан.

Хариуцагч тал нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн талаар үндэслэл гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан магадлал гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-т заасанд нийцэхгүй, зөрчсөн гэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч нар иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захиргааны акт, мөн 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн захиргааны актад тус тус 2017 оны 2 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө мөрдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны актыг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хэм хэмжээ үйлчилж байсан. Харин шинээр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т “дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол захиргааны акт \шийдвэр\-ыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах байсан агуулгатай дүгнэлт хийсэн  нь хуулийн дээр дурдсан зохицуулалтыг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгч ямар нэг тайлбаргүйгээр хуульд шууд захирагдах үүрэгтэй.

Захиргааны актыг мэдэгдэх харилцааг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлээр зохицуулсан ба захиргааны актыг мэдэгдсэн хугацааг захиргааны байгууллага нотлох үүрэгтэй гэж мөн хуулийн 43.8-д заасан. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарт маргаж байгаа захиргааны актыг мэдэгдэх талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгээгүй ба гүйцэтгэсэн талаар хэрэгт нотлох баримт байхгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нар нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал, Тэргүүлэгч нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 02 дугаар, “Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, тус хорооны Иргэдийн Нийтийн хурлыг дахин зарлан явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч нараас “Иргэдийн Нийтийн хуралдааныг 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулахаар товлосон атлаа 1 дүгээр сарын 14-ний өдөр болгож, иргэдэд хурлын зар тараалгүйгээр хуралдаж, хуралд оролцох эрхийг зөрчлөө” гэх үндэслэлээр, хариуцагчаас “хурал 1 дүгээр сарын 14-ний өдөр болохоор товлож, зарыг тараасан” гэж маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар Иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн олонх нь хуралдаанд хүрэлцэн ирснээр тухайн хурлаас шийдвэрлэсэн аливаа тогтоол хүчин төгөлдөр болно.

Гэтэл энэ тохиолдолд тухайн хорооны ирвэл зохих 5 тэргүүлэгчээс зөвхөн 2 тэргүүлэгч хуралд оролцож, анхдугаар хуралдааны товыг 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр тогтоосон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.

2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд О.И, С.Б, Г.Д нар оролцсон мэтээр тэмдэглэлд тусгасан боловч С.Б-с “тухайн хуралд оролцоогүй” гэж мэдүүлсэн, хуралдааны тэмдэглэлийг нөхөж бичсэн, бусад тэргүүлэгч болох Э.А, Ц.А нарт хурлын тов мэдэгдсэн баримтгүй, “утсаар дэмжинэ гэсэн” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байх хуулийн шаардлагыг хангаагүй, аливаа асуудлыг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хамтын зарчмаар шийдвэрлэх чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.

Нөгөө талаар тус хорооны Хурлын Тэргүүлэгчид нь  анхдугаар хуралдааныг зохих журмын дагуу тогтоогоогүйн улмаас 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр анхдугаар хуралдаан болох зарыг тарааж, улмаар иргэдийг төөрөгдөлд оруулж, тодорхойгүй нөхцөл үүсгэсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Үүнээс шалтгаалж, тус хорооны хурал хоёр тусдаа болж, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хоёр хэсэг хурал болж, иргэдийг төөрөгдүүлж, засаг захиргааны хувьд нэгдмэл байх зарчмыг зөрчжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь чөлөөт сонгуулийн үндсэн дээр бүрэлдэн тогтож, тухайн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэдэг болохын хувьд иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулах үйл ажиллагаа нь ямар нэгэн алдаа зөрчилгүй, зөвхөн хуульд заасан журмын дагуу явагдах ёстой. Гэтэл хуралдааны товыг хууль бусаар, зөвхөн 2 тэргүүлэгчийн саналаар зарлаж, хоёр өөр өдрийн хуралдааны зар тараасан байдал нь ноцтой зөрчилд тооцогдоно.

Иймээс Хурлын товыг тодорхой товлоогүй, хуралдааны бэлтгэл хангаагүйн улмаас хорооны иргэдийг төөрөгдүүлж, Нийтийн хуралдааныг зохих журмын дагуу зохион байгуулаагүй тул түүнийг дагаж гарсан, маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгож, Анхдугаар хуралдааныг зохих журмын дагуу дахин зарлаж, олонхийн зарчмаар шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн “А.Б 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд орж ирээд, ажилтай гээд гараад явсан” гэх тайлбар нь тухайн тэргүүлэгчийг тус өдрийн хуралдаанд суусан, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцсон гэж үзэх үндэслэлгүй, харин ч эсрэгээр хуралдааны үйл ажиллагаанд оролцоогүй болохыг нотолж байна.

Хариуцагчийн “аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдааны үйл ажиллагааг зохицуулсан заалтыг хорооны хуралдааныг зохицуулсан мэтээр хууль буруу хэрэглэсэн” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд хорооны Хурлын Тэргүүлэгчид нь 5 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй хамтын байгууллага болохын хувьд нийт төлөөлөгчийн олонх оролцсоноор тухайн хурал хүчинтэй болох бөгөөд аль шатны Хурал байхаас үл хамаарч, үйл ажиллагааны үндсэн зарчим адил байна.

Нэхэмжлэгч нарын тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох” гэж заасан эрхийн хүрээнд тухайн Хорооны хуралдаанд оролцох бүрэн эрхтэй, ийнхүү оролцох боломжоор хангах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг болно. Тухайн тохиолдолд Хурлын Тэргүүлэгчид нь тодорхой бус байдал үүсгэж, 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хуралдах талаар өөр өөр зар түгээж, хэдний өдөр зарласан болох нь ойлгомжгүй болсон тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, ардчилсан ёс, сонгууль бүх нийтийн байх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох, төлөөллөө сонгох эрх зөрчигдсөн гэж үзлээ.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар:

Давж заалдах шатны шүүхээс “шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нараас 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны үйл баримтын талаар 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд багтсан байна.

Харин “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон атал энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар, баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчээс дээр дурдсанаар захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан тул “хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой баримт” шүүхэд гаргаж өгөхийг нэхэмжлэгчээс шаардахгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдээс тогтоосон журмаар гомдол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах учраас анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөр хугацааг тооцох ба шүүхээс бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны дагуу ирүүлсэн “2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хугацааг тодруулах байсан” гэж үзэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2017/0801 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ     

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ