Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0801

 

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0801

Улаанбаатар хот

 

 

Х.Б, Д.Ц нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Х.Б, Д.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А, хариуцагч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.О-ын гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б, Д.Ц нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.7, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нарын гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай 16 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай 02 дугаар, Иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай 03 дугаар, Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус хорооны Иргэдийн Нийтийн хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.О давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

2. Анхан шатны шүүх цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.О гомдлын шаардлагыг тодруулахдаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Д.О миний зүгээс эс зевшөөрч гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гомдлыг дараах байдлаар тодруулж байна.

Шүүх дараах байдлаар нотлох баримтыг буруу үнэлсэн.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурал /цаашид "ИНХ" гэх/-ын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тоггоолыг Хурлын дарга О.И, Тэргүүлэгч С.Б, Г.Д нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан тэмдэглэл, 2016 оны "Тогтоол, тушаал, захирамжийн бүртгэл"-ийн дэвтрийн 16 дугаар хамгийн сүүлийн хүснэгтэд дугаар авсан бүртгэл байх боловч хурлын тэргүүлэгч байсан гэрч С.Б-ийн "... 12 дугаар сарын 30-ны өдөр ямар нэгэн хуралд оролцоогүй, харин 1 дүгээр сарын 06-нд хуралдаж, анхдугаар хуралдааныг 21-нд хийхээр товлосон" гэх мэдүүлгээр хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдсан болох нь тогтоогдож байна;

Маргаан бүхий тогтоолыг наасан байдлыг харуулсан зургийг хэсгийн ахлагч нарын "бид наасан зар биш", гэрч Н.Д-ийн "хуралдааны тэмдэглэлийг нөхөн бичсэн", аудио бичлэгт "хуралдааныг 21-нд хийхээр төлөвлөсөн л деө, гэхдээ..." гэх яриагаар 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй болох нь тогтоогдож байна гэж тус тус дүгнэсэн

Гэвч 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргуүлэгчид хуралдсан нь 16 дугаар тоггоол, хурлын тэмдэглэл, тогтоол, тушаал, захирамжийн бүртгэлд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны ИНХ-ын Тэргүүлэгчид хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдсан эсхүл хуралдаагүй гэж хоёр өөр янзаар дүгнэж шийдвэр гаргасан байна.

Дээрх байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-т "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. "34.2.-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасантай нийцэхгүй байна.

 Шүүх дараах байдлаар хууль буруу хэрэглэсэн.

      1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн ИНХ-ын тэргүүлэгчдийн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн "... Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хурал хүчинтэйд тооцогдоно" гэсэн хуралдааны ерөнхий зохицуулалтыг зөрчсөн байна гэж үзсэн өөрөөр хэлбэл дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.-д "Айиаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно." гэж Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдааны үйл ажиллагааг зохицуулсан заалтыг хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохицуулсан заалт мэтээр хэрэглэсэн байна.

                2. Захиргааны хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн.

                Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасныг удирдлага болгон иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд даалгасан нь 106.З.-т "Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана:

                106.3.4-д "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;"

Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно."

37.2-т "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно."

37.3-т "Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэж заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөед үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож егнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нарын 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэл[1]-ийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 128/ШЗ2017/1305 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагчийг тодруулах, ...нэхэмжлэгч нар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдгийг хэдийд мэдсэн талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тусгах замаар тодруулсны үндсэн дээр хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул...” гэх үндэслэлээр дурдсан асуудлыг тодруулах боломжийг нэхэмжлэл гаргагчид олгох нь зүйтэй гэж үзэж[2] нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ес хоногоор тогтоожээ.

Нэхэмжлэгч нар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн талаар тодруулж тайлбар ирүүлснийг шүүх хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас буцаах тухай” 128/ШЗ2017/1666 дугаар шүүгчийн захирамж[3]-аар нэхэмжлэлийг буцаасан байна. Улмаар нэхэмжлэгч нараас 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай, “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 128/ШЗ2017/1305 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгч нар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдгийг хэдийд мэдсэн талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тусгах замаар тодруулсны үндсэн дээр хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нарт эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар хэзээ мэдсэн талаар болон хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар баримтыг шүүхэд гаргаж ирүүлэх боломжийг олгосоор байхад энэ талаар тайлбар, баримт нотолгоог ирүүлээгүй байхад 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр шүүх 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулан шалгасны үндсэн дээр тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгаж хэрэв тэдгээр үндэслэл байхгүй тохиолдолд хэрэг үүсгэхээр байхад захиргааны хэрэг үүсгэж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нараас анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед шүүх “эрх зөрчигдсөн талаар хэзээ мэдсэнийг тодруулах шаардлагатай” гэсэн байхад нэхэмжлэгч нар 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн багийн иргэдийн нийтийн хуралд очих үедээ хурал зарлагдсан хугацаанд хийгдээгүй болохыг мэдсэн, түүнээс хойш хэдий хугацаанд нэхэмжлэл гаргаж байгаа зэрэг нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэнтэй холбогдуулан тайлбар, баримтыг гаргаж ирүүлэх боломжтой байжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч шүүх тус нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулахаар буцаасан, ийнхүү буцаахдаа эрхээ зөрчигдсөн талаар хэдийд мэдсэнийг тодруулж ирүүлэх талаар хугацаа олгож нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэгч нараас энэ талаар 03 дугаар сарын 30-нд нэхэмжлэл гаргахдаа тодруулж ирүүлээгүй байх тул  Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.

Ийнхүү нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нар нь эрхээ зөрчигдсөн талаар 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдсэн атлаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлж” 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасанд нийцнэ гэж үзлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга О.И, Тэргүүлэгчид болох Ц.А, С.Б, Г.Д нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, тогтоол гарган, хорооны иргэдэд зар хүргүүлсэн ... Гэтэл хорооны иргэдийн Нийтийн Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан мэтээр хуурамч тогтоол, хурлын тэмдэглэл үйлдэн, Хурлын Тэргүүлэгчдийн эзгүйд, хуульд заасан ирц хүрээгүй байхад тогтоол гарган, 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тогвлож, иргэдэд зар тараалгүйгээр хуралдсан ... 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингис Соосэ дээд сургуулийн оюутны дотуур байрны хурлын зааланд МАН-ын үүрийн гишүүдийг цуглуулж, хуралдсан хурлаараа хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид болон хорооны Засаг даргыг сонгосон байдаг. Тус хорооны иргэд бид дээрх хурал хуралдаж байгаа талаар сонсоод хурал болж байгаа газар очиход гаднаа 3 цагдаагаар хамгаалуулаад, хаалгаа дотроосоо түгжсэн байсан бөгөөд бид үүдэнд хүлээж байгаад хурал дуусах үеэр нь дотогш орсон ... “ гэж дурдсан байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд “... 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хурлын товыг зарласан гэж байгаа боловч 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хурлыг зарлачихаад 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хурал хийсэн ... манай байрны үүдэнд 2017 оны 01 дүгээр сарын үед иргэдийн Нийтийн Хурал болно гэсэн зар байсан ... зарын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдана гэж бодтол 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хурлыг хийсэн. Би 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус хурал дээр очсон ... гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “... 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хурал болно гэж шийдвэр гараад байрны орцны үүдэнд наасан. Гэтэл 01 дүгээр сарын 16-нд иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох хурал болж байна гэхээр нь очтол хаалгаа түгжчихсэн хаалттай хийж байсан. Яагаад товлосон хугацаандаа хуралдаанаа хийхгүй одоо хурал хийж байгаа юм бэ гэхэд “дээрээс шахаад хий гэсэн шаардлага тавиад хийж байна” гэсэн хариулт өгсөн. 01 дүгээр сарын 21-нд товлосон хугацаандаа хуралдаанаа хийж материалаа холбогдох газарт нь өгтөл авахгүй, өмнө нь хурал хийгээд шийдчихсэн асуудал байна гэсэн учраас бүртгүүлэх талаар маргалдсаар хугацаа алдсан ...” гэх тайлбаруудыг гаргаснаас үзвэл нэхэмжлэгч нар нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэдийн Нийтийн Хуралдаан хууль бусаар хуралдсан болохыг мэдсэн атлаа 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ талаар шүүх шаардсан байхад тайлбар, баримт ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасантай нийцэхгүй, тус нэхэмжлэлийг “шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг хэтрүүлсэн” гэж үзэж хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн  авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэж, маргааныг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа ... хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”, 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, 109 дүгээр зүйлийн 109.2-д “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0611 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Б, Д.Ц нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нарын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай, “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б, Д.Ц нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээд Д.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

   ШҮҮГЧ                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                            Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ