Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2019/00280

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Цаст булган хайрхан ХХК /захирал В.*******/, Зээлийн батлан даалтын сан, Э.******* нарт холбогдох Зээлийн гэрээний төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү /нотариат, улсын тэмдэгтийн хураамжийн зардал/ нийт 150,390,022.40 төгрөг гаргуулах,

Цаст булган хайрхан ХХК -ийн сөрөг нэхэмжлэлтэй ******* банк ХХК- д холбогдох 2015.08.17-ны өдрийн 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ,

Э.*******ийн Цаст булган хайрхан ХХК -ийн эрх хүлээн авагчид холбогдох Зээлийн болон барьцааны гэрээг хууль зөрчсөн гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганчимэг, хариуцагч Цаст булган хайрхан ХХК, захирал /В.*******/ болон Э.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч Цаст булган хайрхан ХХК, түүнийг төлөөлж В.*******, Э.******* нартай 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 53 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 180,000,000 төгрөгийг 42 сарын хугацаатай, сарын 0,75 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийг Зээлийн батлан даалтын сангаар үндсэн зээлийг 50%-ийг даалган зээл авсан. Зээлийн батлан даалтын сан мөн өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 53 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан байдаг. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

1.******* аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 125 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга,

2.******* аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 49 м.кв агуулахын зориулалттай барилга,

3.******* аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 18 м.кв дэлгүүрийн зориулалттай барилга

4.******* аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 661 м.кв талбайтай, 2011 оноос 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газар

5.Автомашин, Марк-Subaru, улсын дугаар- СЭА 0333, арлын дугаар SG5093605, өнгө- Мөнгөлөг саарал, он- 2005 барьцаалсан болно.

Зээлдэгч нар банктай байгуулсан эргэн төлөлтийн графикаа зөрчин 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч удахгүй төлнө гэсэн хэмээн явсаар өнөөдрийг хүрлээ... зээлдэгч нар зээлээ бүрэн барагдуулаагүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 124,344,551 төгрөг, зээлийн хүү 19,764,290.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,337,996.92 төгрөг нийт 149,446,838.40 төгрөг. Иймээс Цаст булган хайрхан ХХК болон Зээлийн батлан даалтын сангаас нийт 150,390,022.40 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж зээлийг бүрэн барагдуулж өгнө үү... гэх.

 

Цаст булган хайрхан ХХК - нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... Цаст булган хайрхан ХХК нь мах хадгалах орчин үеийн дэвшилтэт зоорь, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн төсөл хэрэгжүүлэхээр ЖДҮХС-нд 5 жилийн хугацаатай зээл авах төсөл өгч 2015 онд төсөл сонгон шалгаруулах хороо зээлийн журмын дагуу авахаар болтол ******* банкнаас 2015 оны 8 сард утастаж зээлээ ав, ирж гэрээ хий гэсэн. Очиж уулзахад төслийн болон зээлийн /ЖДҮХС-ийн/ журмын дагуу биш ердийн буюу хэрэглээний зээлийн гэрээ, барьцааны гэрээ үйлдээд хугацаа 3 жил, төлөлт өндөр, төслийн зээл ямар нэг шимтгэлгүй байхад шимтгэл 1.800.000 төгрөг төлүүлэх гэх мэт дарамт маргаан дагуулсан гэрээнүүд аргагүйн эрхэнд хийгдсэн юм. ЖДҮХСангийн зээл олгогдох хугацаа 5 жил байна гэсэн заалтыг зөрчиж авбал ав больбол боль гэсэн банкны дарамт шахалтаар бид банкнаас заавал авах ёстой байдалд орж аргагүйн эрхэнд гэрээ хийсэн ба банк хугацаанаас өмнө авах улайрал явагдсан. ******* банкны ашиг сонирхлын зөрчилтэй сангаас хэдий хугацаатай ямар хүүтэй авчихаад биднийг шахаанд оруулж буйг мэдэх боломжгүй байна. Цаст булган хайрхан ХХК болон ******* банк ХХК-ийн хоорондын 2015 оны 08 сарын 17-ны өдрийн 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 58-р зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусд тооцуулах гэх.

 

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

... Э.******* миний бие нь ******* банк-ны баталсан аж ахуйн нэгжийн зээлийн өргөдөлд гарын үсэг зураагүй болох нь холбогдох шүүхийн шинжилгээгээр тогтоогджээ. ******* банк нь тухайн зээлийн өргөдлийг үндэслэн шийдвэр гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 17-нд 53 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа намайг хамтран зээлдэгч гэсэн томьёоллоор оруулсныг хууль тогтоомж зөрчсөн гэж бодож байна. Тухайлбал миний бие нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх, өөртэйгөө шууд буюу шууд бусаар холбогдох хуулийн этгээдийг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хууль тогтоомжоор хориглодог. Үүнд хамаарах хууль тогтоомжийн заалтуудыг би шүүхийн шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлтдээ дурдсан болно. Иргэний хууль-ийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа нь агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр үүснэ гэж дурдсан бөгөөд дээрхи ******* банк болон Цаст булган хайрхан ХХК нарын хооронд байгуулсан төслийн зээлийн гэрээнд төрийн жинхэнэ албан хаагч миний биеийг В.Сэлэнгийн хамтран зээлдэгчээр оруулсан нь Иргэний хууль-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -т заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд ******* банк болон Цаст булган хайрхан ХХК, миний бие Э.******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтийг энэхүү нэхэмжлэлээр гаргаж байна.

2. Миний эхнэр В.Сэлэнгийн үүсгэн байгуулсан Цаст булган хайрхан ХХК нь 5 жилийн хугацаатай төсөл боловсруулж, уг төсөл батлагдсанаар зээлийн гэрээ байгуулахаар ******* банк-ыг сонгосон бөгөөд Хөгжлийн банк-наас арилжааны банктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ, түүнд заагдсан хүү, хугацааг танилцуулаагүй болно. Тус компани нь өөрийн хүссэн зээлийн дүн, хугацаанаас зөрүүтэй банкнаас тулгасан хэлцэл буюу өөрийн хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрсөн хийсэн гэж үзэж буй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэх.

 

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Дархан-Уул аймаг, Дархан 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 177 тоотод оршин суух, Залаат овогт Мандахын Ганчимэг /РД:ТИ-88082609/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжинэ 150.000.000 төгрөг хүртэл нэхэмжилсэн байгаа. Үүнтэй холбогдуулж тайлбар хэлье. Учир нь зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээний иргэн төлөлтийн графикаа зөрчсөн. Энэ нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч удахгүй төлнө хэмээн явсаар өнөөдрийг хүрсэн. Зээлийн батлан даалтын сан тус зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа тул өөрт батлан даасан хэсгийг гэрээний үүргээ биелүүлэх тухай албан тоотыг хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс манай тал 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зах зээлийн хүү гэж 2 хувь руу шилжүүлж бодож энэ дүн болох 150.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Үндсэн зээл нь 124.344.551 төгрөг, зээлийн хүү нь 19.764.290.48 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5.337.996,92 мөнгө нийт 149.446.838.40 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж болох 905.184 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, бүгд 150.390.022,40 төгрөг нэхэмжилж байна... гэх.

 

Хариуцагч Цаст булган хайрхан ХХК /В.*******/ болон Э.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч; Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг, 16 дугаар байр, 83 тоотод оршин суух, Монгол овогт Адилбишийн ******* /РД:ДЭ-63121935/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* банк ХХК нь Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.******* болон хамтран хариуцагч Э.******* нарт холбогдуулж 149.446.838.40 мөнгийг нэхэмжилсэн байгаа. Харин улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал нь тустай асуудал юм. Анх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан Цаст булган хайрхан ХХК-д жижиг дунд үйдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн өргөдлийг өгсөн. Энэ өргөдлийн дагуу хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 542 тоот албан бичгээр мэдэгдэл ирүүлсэн байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Цаст булган хайрхан ХХК-д 200.100.000 төгрөгийн зээл өгөхдөхөөр хэмжигдсэн. Уг зээлийг аль нэг банкийг сонгож авах боломжтой гэх шийдвэрийг банк хүргүүлсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан зээл хүссэн төсөл, өргөдөл баримтаар 200.000.000 төгрөгийн төсөвтэй 5 жилийн хугацаатай зээл хүссэн. Гэтэл ******* банк ХХК жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн мэдэгдэл, албан бичгийг өөрчилж 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Цаст булган хайрхан ХХК-ийн хүсэлтийг үндэслэн гээд 53 тоот зээлийн гэрээ байгуулсан. Уг хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн өргөдөл байгаа. Уг зээлийн өргөдөл 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр аж ахуйн нэгж гээд зээл авсан. Энэ зээлийн хугацаа 5 жил, хүсч буй зээлийн хэмжээ 200.100.000 төгрөг гээд В.*******, Э.*******, зээлийн ажилтан гээд хүмүүс гарын үсэг зурсан. Энэ өргөдөлийг үндэслэсэн мөртлөө зээлийн гэрээ, барьцааны гэрээ 180.000.000 төгрөг байгаа. Мөн 5 жил биш 3 жил 6 сар болоод аргагүй эрхэнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хандсан. Мөн дээр нь уг мөнгийг авахгүй бол төсөл хэрэгжихгүй байсан учраас аргагүй эрхэнд банкны зээлийн гэрээ шийдвэрт шахалтад орж уг 180.000.000 төгрөгийн зээлийг авсан. Дамжуулан зээлдэх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан Хөгжлийн банк, ******* банкны хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээг хариуцагчийн зүгээс мэдээгүй, мэдэх ч боломжгүй. Аж үйлдвэрийн сайдийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан журам интернэтэд нээлттэй байдаг. Уг нээлттэй журмаар хөнгөлттэй зээл нь 5 жилийн хугацаатай, нэхэмжлэгч тал 5 жил хүртэл гэж мушгиж тайлбарлаад байгаа. Ийм ойлголт байхгүй, 5 жилийн хугацаатай санхүүжилт, үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 12 сар гэх зэргээр уг журмын дагуу л 200.100.000 төгрөгийн зээл хүссэн өргөдлөө гаргасан. Үүнийг өөрчилж 180.000.000 төгрөгийг 3 жил 6 сарын хугацаатай өгсөн байдаг. хувааж авъя 5 жилийн хугацаатай өгсөн гэж тайлбарлаад байгаа. Үүнийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад зааж өгсөн байгаа. Мөн иргэний хуульд зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл юм. Өөрөөр хэлбэл ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл юм. Үннийг нэхэмжлэгч талаас эсэргүүцэхдээ төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөлдсөн болохоо мэдмэгц нөгөө тал нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Нэн даруй мэдэгдэх үүргээ шүүхэд ирсэн хойно, нотлох баримтуудтай танилцаад мэдсэн. Үндсэн зээл 180.000.000 төгрөгөөс 149.446.838.40 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл 180.000.000 төгрөг авсанаас үндсэн зээл 72.162.195 төгрөг, зээлийн хүү 43.971.679 төгрөг, нийт 116.132.674 төгрөгийг төлсөн байгаа. Ингээд 180.000.000 төгрөгөөс 116.132.674 төгрөгийг хасаж өгвөл үндсэндээ 64.132.674 төгрөгийг төлөх саналтай байгаа. Гэхдээ хариуцагч нарын зүгээс 64.132.674 төгрөгийг төлөх биш нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувь болох 74.500.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэсэн саналыг тавьсан... гэх.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; ******* аймаг, Сүхбаатар сум, 02 дугаар баг, 02 дугаар хэсэг, 27 дугаар байр, 03 тоотод оршин суух, Авид овогт Пунцагийн Ганболд /РД:МН-61082173/ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зээлийн батлан даалтын сантай хийсэн гэрээгээр ******* банк ХХК, Цаст булган хайрхан ХХК-тай хамтарсан гэрээ дотор 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээ хүлээсэн зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн. Зээл төлөх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү хүлээсэн гэрээний үүргийг гүйцэтгэнэ. Гэрээний 3.2.3-д зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.2.4-д энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулан батлан даагчид хүргүүлэх гэсэн заалтууд байна. Уг гэрээний заалтын дагуу ******* банк хангалтгүй ажилласан. Зөвхөн хугацаа өнгөрсөнөөс хойш албан тоотоо явуулсан. Зээл төлөх авсан арга хэмжээ нь тодорхой тусгагдаагүй. Тийм учраас гэрээний үүргээ ******* банк ХХК биелүүлээгүй учир манайх хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд ******* банк ХХК Цаст булган хайрхан ХХК-ийн 7.3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар ... гэрээний 7.3.1-д заасан мэдэгдэх хуудас -ыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зээлдэгч, барьцаалуулагч нь барьцааны зүйлийг худалдах мэдэгдэл -ийг барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд мэдэгдэж, энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Гэрээний 7.3.3-д ... барьцааны зүйлийг худалдах мэдэгдэл -ийг 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй, эсхүл үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг эхлүүлнэ гэж тус тус зааж, гэрээндээ тусгасаар байтал зээл төлүүлэх ямар ч арга хэмжээг аваагүй, зөвхөн албан тоот хүргүүлэх маягаар ажилласнаас болж зээл төлөгдөхгүй байдалд орсон. Иймд ******* банк ХХК үүргээ биелүүлээгүй учраас манай талаас зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна... гэх.

 

 

Хариуцагч Цаст булган хайрхан ХХК /В.*******/ болон Э.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Сөрөг нэхэмжлэлийн хувьд ******* банк ХХК-д холбогдуулан Цаст булган хайрхан ХХК -ийн захирал В.******* болон хариуцагч Э.******* нараас гаргасан. ******* банк ХХК нь зээл олгохдоо зээлийн журам буюу аж үйлдвэрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан журмыг зөрчиж ердийн буюу барьцааны зээлийн гэрээг үйлдэж 5 жил байх ёстой байтал 3 жилийн хугацаатай, төлөлт нь өндөр, төсөлтэй холбоогүйгээр 180.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Төслийн зээл нь ямар нэгэн шимтгэлгүй байхад 1.800.000 төгрөгийг төлүүлсэн. Энэ нь ямар үндэслэлтэй вэ гэхээр ******* банк ХХК-аас гаргасан өгсөн аж ахуйн нэгжийн зээлийн өргөдөлд хүсч буй зээлийн хэмжээ 200.100.000 төгрөг, зээлийн хугацаа 60 сар буюу 5 жил, төслийг зааж өгсөн байгаа. Уг зээлийн өргөдлийг хянаж үзээд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд Цаст булган хайрхан ХХК-ийн хүсэлтийг /зээлийн өргөдөл/ үндэслээд хариу тайлбартаа Цаст булган хайрхан ХХК банкинд хүсэлт гаргасны дагуу банк хүсэлтийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Ямар нэг дарамт шахалт агуулаагүй гэж хариу тайлбар гаргасан байдаг. Энэ 200.000.000 төгрөгийг зөвшөөрсөн талаар Цаст булган хайрхан ХХК нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 542 тоот мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Уг мэдэгдлээр 200.100.000 төгрөгөөр төсөл хэмжигдсэн, сан болон Хөгжлийн банк нь хөнгөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэхээр дурдсан банкуудаас өөрийн харилцах банкыг сонгохоор ирүүлсэн байгаа. Уг зээлийг авч төслөө хэрэгжүүлнэ гэж бодож байтал 180.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай өгч аргагүй эрхэнд буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл учир уг хэлцэл нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл юм. Нөгөөтэйгүүр сөрөг нэхэмжлэлийн хариуцагч тал энэ төөрөгдлөө мэдэж байсан юм бол нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нэг л үндэслэл гаргаж өгсөн бөгөөд энэ талаар ямар нэгэн нотлох баримт болон үндэслэл гаргаж өгөөгүй. Энэ үндэслэлээ тайлбарлахдаа шүүхэд хугацаанаас өмнө буюу 03 сарын 09-нд хугацаа нь дуусах ёстой байтал хугацаанаас өмнө нэхэмжлэл гаргасны дараа зохих баримтуудтай танилцаж, мэдсэний үндсэн дээр сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Мөн ******* банк ХХК-аас зээл хүссэн өргөдөлд зурагдсан Э.*******ийн гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Энэ мөн хууль зөрчсөн асуудал. ******* банк ХХК нь зээлийн өргөдлийг үндэслэж, Э.*******ийг хамтран зээлдэгч гэж гэрээндээ тусгасан нь мөн хууль зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл болно. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иймд сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсанаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн улмаас хийсэн хэлцэл мөн хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагуудыг дэмжиж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдсаны үндсэн дээр ******* банк ХХК-наас олгогдсон 180.000.000 төгрөг, өргөдөл, шийдвэр нь хууль зөрсөн болох учир 180.000.000 төгрөгөөс төлсөн 116.132.674 төгрөгийг хасч 64.132.674 төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбар гаргаж байна ... гэх

 

Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа:

... Зээлийн хугацаа 5 жил байж байгаад 3 жил болгосон гэж хугацаа ярьж байна. Энэ нь банк болгон өөрийн гэсэн бүтээгдэхүүн зээл өгөх хугацаатай байдаг. Тухайн үед олгох явцад төслийн зээлийн банкны хугацаа 3 жил байсан. Гэхдээ харилцагч нь өөрөө хүсэлт өгөөд, зөвшөөрсний үндсэн дээр зээлээ авчихаад дараа нь хугацаа нь богино хүчээр олгосон гэж ярих юм, тийм зүйл огт байхгүй. Манай талаас 180.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай гэж хэлсэний дараа өөрсдөө зөвшөөрч авсан. Тэрнээс биш 5 жилийг 3 жилээр ав гэж хүчээр хүнд зээл олгоно гэж байхгүй. Харин хариуцагчаар Э.*******, Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.*******, Зээлийн батлан даалтын сан нарыг татсанаас Э.*******ээс татгалзах хүсэлтээ өнөөдөр гаргасан. Учир нь өнөөдрийг хүртэл хариуцагч Э.******* удаа дараа хүсэлт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаад байгаа, мөн барьцаа хөрөнгө хангалттай байгаа учраас Цаст булган хайрхан ХХК -ийн захирал В.*******, Зээлийн батлан даалтын сан нарыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн дүнг гаргуулах хүсэлттэй байна... гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбар, хариуцагч нарын үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн шүүхэд гаргасан ... хариуцагч Цаст булган хайрхан ХХК, түүний захирал В.*******, хамтран зээлдэгч Э.*******, хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сан нараас үндсэн зээлийн үлдэгдэл 124.344.551.00 төгрөг, зээлийн хүү 19.764.290,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.337.996,92 төгрөг, нийт 149.446.838,40 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 905.184 төгрөг, бүгд 150.390.022,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл нь: Хариуцагч Цаст булган хайрхан ХХК, түүнийг төлөөлж захирал В.*******, хамтран зээлдэгч буюу хариуцагч Э.******* нар нь 2015 оны 08 сарын 17-ны өдөр 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг ******* банк ХХК-тай байгуулж, 180.000.000 төгрөгийг 42 сарын хугацаатай, сарын 0,75 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гаас олгох төслийн зээлийг Зээлийн батлан даалтын сангаар үндсэн зээлийг 50%-ийг даалган зээл авсан, өгсөн үйл баримт нь 1-р хавтаст хэргийн 3-30 дугаар талд авагдсан 53 тоот зээлийн болон барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь, барьцаалбар, батлан даалтын гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, итгэмжлэл, Цаст булган хайрхан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтуудаар нотлогдож, зээлдэгч зээлдүүлэгч талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, авсан зээлийн / гэрээний ерөнхий 3 дугаар нөхцөлд заасан / хэмжээ 180.000.000 төгрөг, түүний хүү, гэрээний хугацаа зэрэг дээр маргаангүй байна.

Харин зээлдэгч Цаст булган хайрхан ХХК- ийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүн болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 149.446.838,40 төгрөгөөс үндсэн зээлд 72.162.195 төгрөг, зээлийн хүүд 43.970.479 төгрөг, нийт 116.132.674 төгрөг төлсөн тул одоо үлдэх 64.132.674 төгрөгийг төлөх ёстой хэмээн тооцоон дээр маргаж байгаа боловч 1-р хавтаст хэргийн 97-112, 177-223, 230-250, 2-р хавтаст хэргийн 1-22 дугаар талд авагдсан зээл, түүний хүү тооцсон зээлдүүлэгч банкны талын тооцооны баримт, зээлийн эргэн төлөлтийн баримт, банкны дансны хуулга, банкнаас зээл олгох ерөнхий журам, дамжуулан зээлдүүлэх гэрээ, Аж үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн албан тоот, аж ахуй нэгжийн зээлийн өргөдөл, хүсэлт, анкет, төсөл зэрэг баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бодит үндэслэл бүхий зөв болох нь нотлогдож байх ба хариуцагч зээлийн төлбөрөө дээрх байдлаар тооцсон нь үндэслэлгүй болох нь няцаагдаж байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ... зээлдүүлэгч ******* банк ХХК болон зээлдэгч Цаст булган хайрхан ХХК /захирал В.*******/ болон Э.******* нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлдэгч нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нар нь дээрх үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 124.344.551.00 төгрөг, зээлийн хүү 19.764.290.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.337.996.92 төгрөг, нийт 149.446.838.40 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ... үүрэг гүйцэтгэгч нь хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхийн дагуу ******* банк ХХК нь нотариатын зардал 38.000 төгрөг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 905.184 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагч нараас уг мөнгийг бүрэн буцааж гаргуулах нь зүйтэй.

Мөн хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сан, ******* банк ХХК нарын хооронд / 1-р хавтаст хэргийн 18-21 тал / хүчин төгөлдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэх дээр талууд маргаангүй боловч нэхэмжлэгч ******* банк ХХК- нь уг гэрээний 1.6, 3.4.1 -д зааснаар ... зээлдэгчийн зээлийн гэрээгээр зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх үүргийн дагуу зээлдэгчээр зээл төлүүлэх арга хэмжээ хангалттай авсан тохиолдолд батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний 1.4-д заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй бөгөөд зээлдэгч нь төлөх үүргээ зөрчин 90 хоног өнгөрсөн, зээлдүүлэгчээс зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан болох нь 1-р хавтаст хэргийн 72-82 дугаар талд авагдсан зээлдэгчийн удаа дараагийн хүсэлт, өргөдлүүд, зээлдүүлэгчээс тус батлан даалтын санд хүргүүлсэн 135/183 дугаартай албан тоот зэргээр нотлогдож байх тул гэрээний 1.4-д зааснаар ... үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50% -тай тэнцэх хэмжээний зээл буюу нэхэмжлэлд дурдсан үндсэн зээлийн төлөгдөөгүй өр 124.344.551 төгрөгийн /50%/ хувь болох 62.172.275,50 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаар төлүүлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар ... ******* банк ХХК, Зээлийн батлан даалтын сан - гийн хооронд хүчин төгөлдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан бөгөөд мөн хуулийн 459.1-д зааснаар ... батлан даалтын гэрээг талууд бичгээр үйлдсэн ба 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар ... үүрэг гүйцэтгэгч тухайн үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гэрээнд заасан хэмжээ, нөхцөлийн дагуу нөхөх хариуцлага хүлээхээр заасан тул мөн хуулийн 460.2-т зааснаар ... үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч, үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч ******* банк ХХК нь үүрэг гүйцэтгэхийг Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 149.446.838.40 төгрөгөөс Зээлийн батлан даалтын сангаар төлүүлбэл зохих 62.172.275.50 төгрөгийг хасч үлдэх 87.274.562,90 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 87.312.562,90 төгрөгийг хариуцагч Цаст булган хайрхан ХХК-ний захирал В.*******, хамтран зээлдэгч Э.******* нараас хувь тэнцүүлэн хувааж (50%, 50%) гаргуулбал зохино.

 

Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.Сэлэнгийн шүүхэд гаргасан /1-р хавтаст хэргийн 165-166 тал / ... Цаст булган хайрхан ХХК болон ******* банк ХХК-ийн хооронд 2015 оны 08 сарын 17-ны өдөр байгуулагдсан 53 тоот Зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ... ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн хариуцагч Э.*******ээс гаргасан /2-р хавтаст хэрийн 125-126 дугаар тал/ дээрх зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тус тус гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; В.*******эс ... тус банкны дарамт шахалтын улмаас бид банкнаас заавал зээл авах ёстой байдалд орж аргагүй эрхэнд гэрээ хийсэн гэх боловч энэхүү аргагүй байдалд буюу дарамт шахалтад орсон гэх байдлаа шүүхэд нотлоогүй, харин өөрийн сайн дурын хүсэл зориг, шаардлагын үндсэн дээр тус банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийг авсан болох нь 1-р хавтаст хэргийн 6-30 дугаар талд авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, бусад баримтууд, 2-р хавтаст хэргийн 20-22 дугаар талд авагдсан зээл хүссэн өргөдөл, анкет, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 542 албан тоот зэргээр нотлогдож байхаас гадна дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үүгээр няцаагдаж байна.

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Э.*******ээс гаргасан ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл тул дээрх гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй байна.

Учир нь; Тэрээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ... ******* банк ХХК, Цаст булган хайрхан ХХК-ийн хооронд байгуулагдсан төслийн зээлийн гэрээнд төрийн албан хаагч миний биеийг В.Сэлэнгийн хамтран зээлдэгчээр оруулсан нь Иргэний хууль-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -т заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж тайлбарлаж, маргаж буй боловч түүний энэхүү тайлбар нь дээрх зээлийн болон барьцааны гэрээг хууль зөрчиж хийгдсэн болохыг нотлох хангалттай баримт биш гэж үзэхээс гадна тэрээр ... дээрх зээл хүссэн өргөдөлд гарын үсэг зураагүй нь шинжилгээгээр тогтоогдож байна гэх боловч бусад зээлийн болон барьцааны гэрээнд өөрийн сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр гарын үсгээ зурж, хамтран зээлдэгч болсон нь нотлогдож байх бөгөөд түүний сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үүгээр мөн няцаагдаж байна гэж үзнэ.

Мөн зээлдэгч В.*******, Э.******* нар нь тус банкнаас зээл авсан эсэх дээр маргаагүй бөгөөд тэдний шүүхэд бичгээр гаргасан тайлбарууд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, мөн тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр давхар батлагдаж байна.

Нэхэмжлэгчийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ... хариуцагч Э.******* нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулан удаашруулж байх тул түүнээс татгалзаж байгаа тухай хүсэлт гаргасан боловч хэргийн болон шүүх хуралдааны оролцогч, зохигч буюу нэхэмжлэгч хариуцагчаасаа дээрх үндэслэлээр татгалзах тухай хуулийн үндэслэл, заалт байхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийг солих /ИХШХШТХ-ийн 28/ тухай зохицуулалттай тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм. Мөн дээрх хэргийн хариуцагч Э.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан тухайн хэргийн хариуцагч болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч түүний төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул түүнийг нэхэмжлэгчийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр .. нэхэмжлэлийн хариуцагчаас хасах, татгалзах, гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 905.374 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч В.*******, Э.*******, Зээлийн батлан даалтын сан нараас хувь тэнцүүлэн тус бүр 301.791.33 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох,

Цаст булган хайрхан ХХК -ийн захирал В.Сэлэнгийн сөрөг нэхэмжлэлд төлбөл зохих 987.750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 506 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул энэхүү улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулах,

Мөн хариуцагч Э.*******ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад төлбөл зохих 987.750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 1116 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул энэхүү улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4-д тус тус зааснаар Зээлийн батлан даалтын сангаас үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 124.344.551 төгрөгийн 50% буюу 62.172.275,50 төгрөгийг гаргуулж ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчид, үлдэгдэл 87.274.562,90 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 87.312.562,90 төгрөгийг хувь тэнцүүлэн /50%, 50%/ хувааж, Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.*******эс 43.656.281.45 төгрөг, Э.*******ээс 43.656.281.45 төгрөгийг тус тус гаргуулж ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.3 дахь хэсэгт зааснаар Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.*******, Э.******* нарын ... хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 905.374 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.*******, Э.*******, Зээлийн батлан даалтын сангаас хувь / 50%, 50%, 50% / тэнцүүлэн хувааж тус бүрээс 301.791,33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.*******, Э.******* нарын шүүгчийн 506, 1116 дугаартай захирамжаар төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсныг тус тус дурдаж, Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.*******эс 987.750 төгрөг, Э.*******ээс 987.750 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хариуцагч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН