Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 148/ШШ2019/00287

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 148/ШШ2019/00287

Сэлэнгэ аймаг

   

                             Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

           Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх  хуралдаанаар ХААН банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн нэхэмжлэлтэй Ц.*******, Н.******* нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11.3019.804 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг   хянан хэлэлцэв.

          Шүүх  хуралдаанд:

           Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:     Сэлэнгэ аймаг, Мандал сум, Төмөр замчдын 1 дүгээр баг, 43 дугаар байрны 52 тоотод  оршин суух, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, ХААН банкны Зүүнхараа салбарт Зээлийн багц хариуцсан менежер  ажилтай,

                                                ******* овгийн *******ын *******

                                                Регистрийн дугаар: ГН-85060101

 

            Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Ерөө суманд 1983 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум, Бүргэдтэй 1 дүгээр баг, Булгийн 3 дугаар гудамж,  14 тоотод оршин суух хаягтай,  эрхэлсэн ажилгүй,              

                                               ******* овгийн *******ийн *******   

                                               регистрийн  дугаар:МТ-83092013   

  

            Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1977 онд төрсөн, дээд  боловсролтой, инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Баянхаан 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, гудамж 165 тоотод оршин суух хаягтай, тэтгэвэрт,  

                                               ******* овгийн  *******ын *******   

                                               регистрийн  дугаар: МЭ- 77122310

 

          Хариуцагч  Ц.*******ын өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил 

          Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр  нар   оролцов.

                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч: “ХААН” банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр нийт 11.319.804  төгрөг гаргуулах тухай

         Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Ц.*******, Н.******* нар нь тус банкны Зүүнхараа салбарын Баянгол тооцооны төвөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №660 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.200.000 /Есөн сая хоёр зуун мянган төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд  32 инчийн зурагт, хөргөгч зэргийг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм.

         Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3.462.393 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.021.821 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.555 төгрөг, нийт 5.485.769 төгрөгийг төлж барагдуулсан болно.

         Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1201 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

         Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:

2019 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах:

       -Үндсэн зээлийн үлдэгдэл 5.737.607     төгрөг

       -Зээлийн хүүгийн төлбөр 4.780.194            төгрөг

      - Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 793.003 төгрөг

      - Нотариатын үйлчилгээний төлбөр 9.000 төгрөг нийт 11.319.804 төгрөг

       - Улсын тэмдэгтийн хураамжийн 196.067 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

        -Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү! ...гэжээ.

            

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.******* хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ...Зээлдэгч Ц.*******, Н.******* нар нь “ХААН” банкны Зүүнхараа салбараас 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 660 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.200.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалттай зээл авсан. Тухайн үед зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалан зээл авсан байдаг. Зээлиийг авснаас хойш 1201 хоног зээлийн төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлэн төлж байсан. Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.737.607 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.780.194 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793.003 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9.000 төгрөг, нийт 11.319.804 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 196.067 төгрөгийн хамт тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийг мөнгөн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа ... гэв.

 

        Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

     ...Би 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “ХААН” банкны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа салбараас  9.200.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2014 оны 09 дүгээр сард ажлаасаа халагдсан. Ажлаас халагдах хүртэлх зээлээ сар бүр төлж байсан. Түүнээс хойш төлж чадаагүй. Хамтран зээлдэгч Н.******* гэх хүний цалингаас нь 2 удаа төлөлт татагдсан байсан. Ажилгүй болсон учир би зээлээ төлөх чадваргүй болсон. Гэрээний 7.3 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэсэн заалт байгаа. Тийм учраас намайг ажлаас гарснаас хойш гэрээг банк цуцлах ёстой байсан. Би зээлээ 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа  2016 оны 08 дугаар сард дуусах байсан . Би зээлийн дагуу 5.484.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 5.737.607 төгрөг үлдсэн байгаа. Намайг ажлаас халагдсанаас хойш 2016 оны 10 дугаар сард зээлийн эдийн засагч залуу ирж уулзсан.

 

Түүнээс хойш дахиж уулзаагүй. Банк шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хүү тооцсон байсан. Тухайн үед нь гэрээгээ хүчин төгөлдөр бус болгоод намайг шүүхэд өгөх боломж байсан боловч өгөөгүй. Тухайн үед хуулийн мэдлэг дутмаг байсан учир ойлгоогүй байсан болохоор зээлийн гэрээгээ цуцлая гэсэн хүсэлт гаргахаа мэдэхгүй байсан. Тухайн үед би 9,200,000 төгрөгийн зээл авахдаа Н.*******д тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн зүйл байхгүй,  хамт ажилладаг байсан болохоор гуйгаад хамтран зээлдэгчээр оруулсан. Н.*******д зээлийн үлдэгдэл мөнгө ямар ч хамааралгүй. Би өөрөө үндсэн зээлийн үлдэгдэл 5.737.607 төгрөгийг төлнө ... гэв.

 

         Хариуцагч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

     ...Тухайн үед Ц.*******ыг зээл авч байхад ХААН банкны Баруунхараа салбарын зээлийн эдийн засагч н.Дэмбэрэлсамбуу гэдэг залуу байсан. Тэгээд Ц.*******ыг зээл авахад нь заавал удирдах албан тушаалтан авч ир гэж хэлсэн байсан. Тухайн үед оффицерийн орон тоон дээр гурван хүн байсан. Нөгөө хоёр хүн маань зурахгүй гэж хэлсэн байсан. Би тухайн үед “хүний амьдрал юм чинь” гээд гарын үсэг зурсан. Тухайн үед Ц.******* ажилтай байсан учир мэдээж зээлээ төлнө гэж бодсон. Харин Ц.*******ыг ажлаасаа халагдаад зээлээ төлөхгүй байхад нь “ХААН” банк яагаад шүүхэд хандаж болоогүй юм бэ? Тэр үеэс хойш одоог хүртэл хүү хуримтлуулаад үндсэн төлөх ёстой зээлийг нь бүтэн хоёр нугалчихсан төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ц.*******тай би ах дүү, хамаатан садангийн холбоо байхгүй. Тухайн үед Ц.******* Баруунхараагийн цагдаагийн хэсэгт цагдаа, би замын байцаагчаар ажиллаж байсан. Зээлийн бүртгэлийн карт дээр хамгийн сүүлд  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр 80.000 төгрөг төлөгдсөн. Энэ мөнгийг миний данснаас татсан байсан ... гэв.

            

         Иргэний хавтаст  хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

           “ХААН” банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гээс хариуцагч Ц.*******, Н.******* нарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11.319.804 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

           Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд “... Би 2013 онд Зүүнхараад ажиллаж байхдаа зээл авсан...Зээлээс 5.485.769 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 5.737.607 төгрөгийг төлж барагдуулна... 2014 онд ажлаасаа гарснаас хойш зээлээ төлж чадаагүй байсан...” гэсэн тайлбар гаргасанаар нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байна.

           Харин хариуцагч Н.******* шүүх хуралдаанд “...Тэр үед эдийн засагч Дэмбэрэлсамбуу гэдэг залуу байсан. Ц.*******ыг зээл авахад тухайн байгууллагын удирдах албан тушаалтан байх ёстой гээд намайг авч очиж би гэрээнд нь гарын үсэг зурсан. Ц.******* ажилтай болохоор зээлээ төлнө гэж л ойлгосон. Ц.*******ын авсан зээлээс би нэг ч төгрөг аваагүй... Харин банк миний данснаас мөнгө татаад байхаар нь гайхсан...Ц.******* зээлээ хариуцаад төлөх байх. Би уг зээлийг төлөх үндэсгүй гэж үзэж байна...” гэж татгалзжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч Ц.******* нь “ХААН” банкны Зүүнхараа салбараас 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр № 660 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан  “Цалингийн зээл”  авсан ба тухайн зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн цалингаас суутган төлөх нөхцөлтэйгээр 9.200.000 төгрөгийг зээлсэн байна. 

         Зээлдэгч Ц.******* нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 5.485.769 төгрөгийг төлсөн ба 2014 оны 11 дүгээр сарын 07-нд ажлаас халагдснаар зээл төлөх үндсэн эх үүсвэр болох цалингүй болсноор зээлийг төлөөгүй байх ба банкны зүгээс зээл төлөгдөх, өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх бодит боломж байхгүй болсныг мэдсээр байж, зээлийн гэрээг цуцлах талаар арга хэмжээ аваагүй нь Барьцаат зээлийн гэрээний  7 дугаар зүйлийн 7.13-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  Мөн зээлдэгч нь 2014 онд ажлаас гарсан байхад зээлийг буцаан шаардах, зөрчигдсөн эрхээ хамгаалах талаар ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүйн дээр, 2015, 2016 онуудад холбоо барьж байсан шаардаж байсан, эрэн сурвалжилж байсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан зээл төлүүлэх талаар холбоо барьж байсан гэх баримт, зээл төлүүлэх шаардах хуудас зэрэгт зээлдэгч Ц.******* нь гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байхгүй байна. Энэ нь  Иргэний хуулинд зааснаар зээлдэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ хуулийн хугацаанд хамгаалуулах арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй өөрөөр хэлбэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэцэх хугацаа дууссан байна.

          Хэдийгээр зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэцэх 3 жилийн хугацаа  дууссан боловч  зээлдэгч Ц.******* нь “...Одоо үлдэгдэл 5.737.607 төгрөгийг төлж барагдуулна...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн  байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.  

          Зээлийн гэрээнд Н.******* нь хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан  эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй байх тул зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

          Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсвэл үүргийн зүйлийн үл хуваагдах шинжтэй холбоотойгоор үүсэх  бөгөөд зээлийн гэрээнд хариуцагч Н.******* нь гарын үсэг зурсан хэдий боловч зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал нь тухайн зээлийн мөнгийг нэг зээлдэгч буюу өөрөөр хэлбэл Ц.******* нь хүлээн авсан, зээлдэгч Ц.******* нь уг зээлийг өөрийн хэрэгцээнд дангаараа зарцуулсан гэх тайлбар гаргаж байгаа зэрэг үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

          Мөн Зээлийн  гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэснээр гэрээ хүчин төгөлдөр болмогц хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийг авч, захиран зарцуулах эрх үүссэн гэх боловч зээлээс  хамтран үүрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн гэх баримт байхгүй байна.

          Энэ нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “... Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий  байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн эсэхийг нотлох ёстой байна.

         Хариуцагч Н.Даваатулгын  “...зээл авахад тухайн байгууллагын удирдах албан тушаалтан байх ёстой гэсний улмаас л гарын үсэг зурсан. Цалин авч байгаа хүн зээлээ төлөх ёстой л гэж зурсан... зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй...” гэх татгалзал нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэсний дагуу ХААН банк болон хариуцагч нарын  хооронд байгуулсан  зээлийн гэрээний дагуу зээлийг буюу үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөөгүй /өөрөөр хэлбэл Н.******* зээл аваагүй/ бол түүний заасан эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгэгчийн хариу үүрэг үүсэх байтал гэрээний дагуу хамтран хариуцагч нь  мөнгийг хүлээн аваагүй учир  үүрэг үүсээгүй гэх үндэслэлтэй байна.

           Иймд хариуцагч Н.******* нь зээлийг хүлээн авсан, зээл төлж байсан гэх үүрэг үүссэн байдал нь нотлогдоогүй тул ХААН банкны шаардах эрх нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үүсээгүй гэж үзнэ. 

        Ц.*******ын “ХААН” банкны Зүүнхараа салбараас 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр № 660 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан  авсан зээлээс төлөгдөөгүй үлдсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.737.607 төгрөгийг Ц.*******аас гаргуулан ХААН банкны Зүүнхараа салбарт салбарт олгох, мөн  хариуцагч нь зээлийг мөнгөн төлбөрөөр төлөөгүй тохиолдолд  барьцааны хөрөнгөөс зээлийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 196.067 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,

хариуцагчаас Ц.*******аас нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 5.737.607 төгрөгийн тэмдэгтийн хураамж 106.752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарт олгох нь зүйтэй байна.

 

   Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ХААН банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******гийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11.319.804 төгрөг гаруулах”-ыг хүссэн   нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Ц.*******аас нийт 5.737.607 төгрөг гаргуулан “ХААН” банкны Зүүнхараа салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5.582.197 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч “ХААН” банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд 196.067 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас  улсын тэмдэгтийн хураамж 106.752 төгрөг гаргуулан   нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

         4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурдсугай.

 

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

 

         6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн  ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол шүүх хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

 

        7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        8. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор    Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ