Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2019/00374

 

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2019/00374

Сэлэнгэ аймаг

 

 

******* Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ******* 1 дүгээр баг 1 хэсэг 1-033 тоот оршин суух, ******* овогт *******ын ******* /ФЖ92050202/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, М.*******, хариуцагч Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* овогтой ******* миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/17 тоот тушаалаар Түшиг сумын Засаг даргын Тамгын газарт санхүү албаны нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн газар ажиллаж байтал Засгийн газрын 2019 оны 88 тогтоол гарч миний биеийг 2019 оны 3 сарын 25-ны өдөр Б/05 тушаалаар Ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн ажиллуулахаар болсон. Ингээд тус сургуульд харьяалагдан ажиллаж байтал 2019 оны 04 сарын 08-ны өдөр А/03 тоот Тооллогын комисс томилох тухай захирлын тушаал гарч Ж.Төгсчимэг гэдэг хүнд хүлээлгэн өг гээд миний ажлыг хүчээр булаан авсан. Үүнээс хойш намайг ажлаас халж байгаа бол ямар үндэслэлээр халж байгаагаа тайлбарлаж, халагдсан тушаал өг гэсэн боловч тушаал гаргаж өгөөгүй. Иймээс намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан гэж үзэж байна.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин болох 2.437.715 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичүүлэх шаардлага гаргаж байна! ... гэжээ.

 

Хариуцагч Х.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:

 

...Иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.******* би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй зүйл гэж үзэж байна. Учир нь: Х.******* би Э.*******ийг тушаал гаргаж ажилд аваагүй юм. Сумын ЗДТГ-аас түр хугацаагаар шилжиж ирсэн хүн юм.

Манай сургуулийн үндсэн ажилтан нягтлан бодогч Ж.Төгсчимэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан бөгөөд тэрээр ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул ажилд авах тушаал гаргасан билээ.

Ийм учраас Ж.Төгсчимэгийг чөлөөтэй байх хугацаанд түүний эзгүйд ажлыг нь түр орлон гүйцэтгэж байсан Э.*******ийн ажлыг хүлээлцсэн юм. Ажлыг хүлээлцэх үед Э.******* нь өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан бөгөөд одоо Түшиг сумын Соёлын төв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа.

Нэхэмжлэгч нь ийнхүү 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон, цалингаа авч байгаа атлаа Шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Засгийн газрын 88-р тогтоол гарсны дараа төсвийн нягтлан бодогч нар сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвүүдэдээ очиж ажиллахаар болсон тул тухайн байгууллагууд нягтлан бодогч нараа тус тус авч ажиллуулсан. Үүний дагуу Ж.Төгсчимэгийг авч ажиллуулсан.

Би үндсэн ажилтангаа ажилд нь авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Э.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэх-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.******* нь миний ажлыг хүчээр булаан авсан, тушаал гаргаж өгөөгүй, ямарч шалтгаангүйгээр намайг ажлаас халсан гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарладаг.

 

Хариуцагч үндсэн ажилтанг ажилд нь авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

 

1.Сэлэнгэ аймаг Түшиг сумын Засаг даргын тамгын газар нь 2016 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр ******* улсын засгийн газрын 2014 оны 326 тоот тушаал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Төр төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Ж.Төгсчимэгийг томилон ажиллуулсан байна./хх-ийн 25 тал/

 

2. Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ... Жанчив овогтой Төгсчимэг нь Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага шалгуур журмын 2.1.1,2.1.5 дахь заалтад заасан шалгуурыг хангасан тул сумын санхүүгийн албаны нягтлан бодогчоор томилоход нь татгалзах зүйлгүй... гэх 7/154 тоот албан бичгийг "Түшиг сумын засаг даргын тамгын газарт хүргүүлж байжээ./ХХ-ийн 26 тал/

 

3. Сэлэнгэ аймаг Түшиг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр санхүүгийн албаны нягтлан бодогч Ж.Төгсчимэгийн өргөдөл хүсэлтийг харгалзан мөн өдрөөс 1 жилийн хугацаатай үүрэгт ажлаас түр чөлөөлж, түүнийг чөлөөтэй байх хугацаанд Э.*******ийг 2018 оны 12-ны өдрөөс түр томилон ажиллуулсан байна. /ХХ-ийн 23, 106-107 тал/

 

4. Сэлэнгэ аймаг Түшиг сумын Засаг даргын тамгын газар нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4, Засгийн газрын 2019 оны 88 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Санхүүгийн албаны зохион байгуулалт чиг үүрэг , орон тоо жишиг нормативын дагуу санхүүгийн албаны нягтлан бодогчоор түр ажиллаж байгаа Э.*******ийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллага болох Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор ажиллуулахаар шилжүүлсэн байна./хх-ийн 108 тал/

5. Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ний өдөр Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,20.2.5,Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2,72 дугаар зүйлийн 72.1,нягтлан бодох бүртгэл бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,12.2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нягтлан бодогч Ж.Төгсчимэг ажилдаа эргэж орж байгаатай холбогдуулан Ажил хүлээлцэх тооллогыг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан байх ба Э.******* нь Ж.Төгсчимэгт 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч дууссан байна./хх-ийн 28,111 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т зааснаар 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэхдээ үндсэн ажилтан Ж.Төгсчимэгийн ажлын байр хэвээр хадгалагдах ба үндсэн ажилтан эргэж ажилдаа орох хүсэлт гаргаснаар Э.*******тэй байгуулсан түр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна.

Түүнчлэн Э.******* нь хариуцагчийн ... 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Түшиг сумын тамгын газарт нягтлангаар ажилд орсон, төсвөөс цалин авч, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдөж байгаа ... гэх тайлбарыг үгүйсгээгүй төдийгүй түүний нэхэмжлэлд дурдсан ... ажлыг нь булаан авсан, шалтгаангүй халсан ... гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Иймд Э.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлэх-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ