Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 45

 

Э.Б-н  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                                  Хэргийн индекс: 148/2019/00230/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                             Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                               Г.Давааренчин

 

       Оролцогчид:

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч      М.Г

        Хариуцагч                                 Х.Б

        Хариуцагчийн өмгөөлөгч         Л.Д

                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Э.Б-н нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлэх тухай” гомдол бүхий  иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Б нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э овогтой Б миний бие нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б/17 тоот тушаалаар Түшиг сумын Засаг даргын Тамгын газарт санхүү албаны нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тухайн газар ажиллаж байтал Засгийн газрын 2019 оны 88 тогтоол гарч миний биеийг 2019 оны 3 сарын 25-ны өдөр Б/05 тушаалаар Ерөнхий боловсролын сургуульд шилжүүлэн ажиллуулахаар болсон. Ингээд тус сургуульд харьяалагдан ажиллаж байтал 2019 оны 04 сарын 08-ны өдөр А/03 тоот Тооллогын комисс томилох тухай захирлын тушаал гарч Ж.Т гэдэг хүнд хүлээлгэн өг гээд миний ажлыг хүчээр булаан авсан. Үүнээс хойш намайг ажлаас халж байгаа бол ямар үндэслэлээр халж байгаагаа тайлбарлаж, халагдсан тушаал өг гэсэн боловч тушаал гаргаж өгөөгүй намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны цалин болох 2.437.715 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн бичүүлэх шаардлага гаргаж байна ... гэжээ.

 

Хариуцагч Х.Б нь анхан шатны шүүхэд  болон шүүх хуралдаан гаргасан  тайлбартаа:  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй зүйл гэж үзэж байна. Учир нь Х.Б би Э.Б-г тушаал гаргаж ажилд аваагүй юм. Сумын ЗДТГ-аас түр хугацаагаар шилжиж ирсэн хүн юм. Манай сургуулийн үндсэн ажилтан нягтлан бодогч Ж.Т нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан бөгөөд тэрээр ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан тул ажилд авах тушаал гаргасан билээ.

Ийм учраас Ж.Т-г чөлөөтэй байх хугацаанд түүний эзгүйд ажлыг нь түр орлон гүйцэтгэж байсан Э.Б-н ажлыг хүлээлцсэн юм. Ажлыг хүлээлцэх үед Э.Б нь өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан бөгөөд одоо Түшиг сумын Соёлын төв, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаа. Нэхэмжлэгч нь ийнхүү 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон, цалингаа авч байгаа атлаа Шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.  Засгийн газрын 88-р тогтоол гарсны дараа төсвийн нягтлан бодогч нар сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төвүүдэдээ очиж ажиллахаар болсон тул тухайн байгууллагууд нягтлан бодогч нараа авч ажиллуулсан. Иймд Э.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-н Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 -Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Иргэн Э.Б хөдөлмөрлөх эрхээ ноцтой хязгаарлуулж, эрх нь зөрчигдсөн гэж үзэн, тухайн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 374 тоот шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангаагүй тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна. “Иргэний хөдөлмөрлөх эрхэнд халдахдаа ямар нэгэн эрх зүйн акт гаргахгүйгээр ажлыг булаан авч болно. Тэгж авахыг буруутгах боломжгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж буй шүүгчийн гаргасан шийдвэртэй хэзээ ч санал нийлэхгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх талаар огт ярихгүй  зөвхөн гуравдагч этгээд Ж.Т-н талаар дүгнэлт хийсээр хэргийг шийдвэрлэсэн.   Ажил олгогч ямар шалтгаанаар эрх зүйн акт гаргахгүйгээр хүний ажлыг булааж авч байгааг зөв гэж хэргийг шийдээд байгааг ойлгохгүй байна.

Иймд дээр дурьдсан шүүгчийн шийдвэрийг хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Бн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хуулийн дагуу зөв гарсан шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэл гаргасан Э.Б нь түр ажилтан байсан харин үндсэн ажилтан Ж.Т нь гачигдлын чөлөө аваад эргэн ажилдаа орох хүсэлтээ өгсөн. Иймд үндсэн ажилтан Ж.Т-г ажилдаа эргэн орсон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Үндсэн ажилтан Ж.Т нь чөлөө авсан бөгөөд ажлын байр нь хуулийн дагуу хэвээр хадгалагдаж байсан болно. Нэхэмжлэгч Э.Билгүүнгэрэл нь өөрөө 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Түшиг сумын Засаг Даргын Тамгын газарт сангуудыг хариуцсан сангийн нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. Ийнхүү ажиллаж байгаа мөртлөө ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгааг буруу гэж үзэж байна. Миний хувьд Э.Билгүүнгэрэлийн түр гүйцэтгэж байсан ажлыг булаан авсан асуудал үгүй. Үндсэн ажилтан ажилдаа орох гэж байна гэдгийг тайлбарласан ба өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан болно. Үндсэн ажилтан Ж.Төгсчимэг нь мөн Сэлэнгэ аймгийн Санхүү Төрийн сангаас болон аймгийн Боловсрол соёл урлагийн газарт хандсан ба ажилд нь эгүүлэн орох зөвшөөрөл бүхий албан бичгийг манай сургуульд ирүүлсэн байсан. Монгол Улсын Засгийн Газрын 88 дугаар тогтоол гарсны дараа төсвийн нягтлан бодогч нар Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд очиж ажиллахаар болсон тул тухайн байгууллагууд нягтлан бодогч нараа тус тус хуулийн дагуу томилж ажиллуулсан. Үүний дагуу Ж.Төгсчимэгийг авч ажиллуулсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан  нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхээс  зохих дүгнэлт хийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.Б нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Э.Б нь Сэлэнгэ аймаг Түшиг сумын санхүүгийн албаны нягтлан бодогчоор түр ажиллаж байсан бөгөөд Сэлэнгэ аймаг Түшиг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 03 сарын 25-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар түүнийг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг хариуцсан нягтлан бодогчоор  ажилуулахаар  Ерөнхий боловсролын сургуульд шилжүүлсэн бөгөөд ийнхүү ажилтныг хүлээн авснаар  ажил олгогчийн /Сумын засаг даргын/  эрх үүргийг  Ерөнхий боловсролын сургууль нь шилжүүлэн авсан байна.

Ийнхүү  ажилтан шилжин ирснээр түүний урьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ  шинээр шилжин ирсэн байгуулагатай үргэлжилнэ. Гэтэл ажил олгогч нь ямар нэгэн эрх зүйн акт гаргаж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохгүйгээр Э.Б-н эрхэлж байсан ажлыг Ж.Т-т шууд  хүлээлгэн  өгсөн үйлдэл нь ажилтны Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байна.

Ажил олгогчоос  хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа  үндэслэлээ тодорхой заахгүй байх,  ямар нэгэн эрх зүйн акт гаргалгүйгээр ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй  байгаа үйлдлийг  ажлаас халсан  гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол үндэслэлтэй байх тул түүний гомдлыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн ажлаас буруу халагдсан үеийн нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлэх тухай шаардлагыг энэ нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй байх тул жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Учир нь: Нэхэмжлэгч нь  2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Түшийг сумын Соёлын төв, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогчоор ажил эрхэлж  байгаа гэсэн тайлбар гаргасан, энэ талаарх хэрэгт ажилд томилсон тушаал авагдсанаас үзэхэд Засаг даргын Тамгын газраас түүнийг ажлын байраар хангасан байх бөгөөд тухайн байгууллагаас  түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг  төлсөн эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул  түүний  ажлаас буруу халагдсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай шаардлагыг тухайн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 374 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн    

1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Б-г Сэлэнгэ аймгийн  Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,

2 дахь заалтыг:

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, Тогтоох хэсэгт

“21 . Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан нэхэмжлэгч нь ажлаас буруу халагдсан үеийн нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлэх тухай шаардлагаа жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                  Г.ДАВААРЕНЧИН