Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 10

 

Д.И-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 23-05 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ62071486, Т овогт Д-гийн И-гийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 23-05 тоотод оршин суух, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Содон хорооллын 102-р байрны 65 тоотод түр оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО64091517, Б овогт Т-гийн Т-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Т.Т /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Д.И шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 оны 7 дугаар сарын 14-нд төрсөн. 56 настай. Миний бие хүү Т.Тэмүүжинтэй хоёулаа амьдарч байтал хүү минь Улаанбаатар хотод Монгол Улсын Их сургуулийн нэгдүгээр курст суралцахаар явсан. Нөхөр Т.Т нь 2016 оны 4 дүгээр сард хүү бид хоёрыг орхиод Улаанбаатар хот явсан. Одоо ганцаараа амьдрах боломжгүй болсон тул 83 настай, аав А.Даваа, 78 настай, ээж М.Цэрэн нарын асрамжид байна. Би 1998 онд Т.Ттай хамтын амьдралтай болж албан ёсны гэр бүл болоод 2 хүүхэд төрүүлсэн ба 1 хүүхэд маань нас барсан. Нөхөр Т.Т архи их уудаг, халамж анхаарал муутай. Одоо намайг хэрхэн яаж амьдарч байгааг огт анхаарч үзэхгүй 2016 оны 4 дүгээр сард хаяж явсанд туйлын их гомдолтой байна. Би эрүүл саруул биетэй, ажил төрөлтэй сайн сайхан байхдаа Т.Ттай гэр бүл болсон боловч амьдралын явцад хүнд өвчтэй болоод олон жил болж байна. Би одоо хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Зөвхөн хоол идэж уухаас биш өөр юу ч хийж чадахгүй, тэргэнцэртэй, хоёр суга таягтай, хүний тусламжгүйгээр хаашаа ч явж чадахгүй болсон. Ханилсан ханиа хүнд өвчтэй байхад орхиж яваад 3 жил гаруй ямар ч сураггүй болсон Т.Тд эрхээс гадна үүрэг байдаг гэдгийг ойлгуулах шаардлагатай болсон. Ядаж өвчин намдаах эм нэг удаа боловч авч өгч, миний биеийг асуусан бол би баярлах байсан. Сонсоход энэ жил нутагтаа ирсэн байсан. Би яаж ч чадахгүй, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан учраас хэнд ч хэлж чадахгүй, дотроо л бодож санаж, үгүйлж, гомдож харамсаж суусаар олон жилийг ганцаардаж гуниг, өвчин зовлон, ичиж эмээхийн дунд өнгөрөөснөө цухас дурдъя. Олон зүйлийг хэлж, бичиж, гомдол гаргаж болох боловч би тэгэхийг хүссэнгүй хувь заяандаа гомдож, залуу насаа өгч хоёр хүүхэд төрүүлж өгсөн насны ханиараа асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлье гэсэн юм. Би төдийгүй миний өндөр настай аав ээжийгээ бие сэтгэлийн асар их дарамт шахалтад оруулж зовоож байгаадаа харамсаж байна. Үлдэх насаа нөхрөөрөө тэжээн тэтгүүлж, асран хамгаалуулах эрх хуулиар надад олгогдсон тул хуулийн дагуу Т.Тыг Улаанбаатар хотоос албадан ирүүлж түүний гэрт намайг асран хамгаалж харгалзан дэмжүүлж, үүнд багийн дарга, хэсгийн цагдаа хяналт тавьж байх үүргийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөх талаар урд нь нэхэмжлэл гаргасан. Би нөхрөөсөө төгрөг нэхэх нь гол биш, харин нөхрөөрөө өөрийгөө асруулж хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна. Гэвч Т.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг ч удаа яриагүй, ирэх хүсэлгүй байгаа тул сар бүр амжиргааны баталгаажих түвшний доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож Т.Таас гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Т.Т анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хот руу ирэхээс өмнө би гэртээ байж байтал хадам аав А.Даваа 1 залуу дагуулж ирээд гэр орон нэгжиж эхнэрийн бүх бичиг баримт аваад явсан. Би тухайн үед юу ч хэлээгүй. Тэгээд эхнэрийн группийн мөнгө, асаргааны мөнгө авах итгэмжлэлийг хийлгэж авсан байсан. Ингээд би 2016 оны 7 дугаар сард гэрээ хураагаад Улаанбаатар хотод ирсэн ба 2016 оны 11 дүгээр сард Увс аймагт ирж, гэр орноо барьж түлээ нүүрс, идшээ бэлтгэсэн. Эхнэр бид хоёрт муудалцсан зүйл огт байхгүй. Би 2017 оны 1 дүгээр сард буцаад Улаанбаатар хотод ирж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Содон хороололд гражийн зохицуулагчаар ажилд орсон. Эхнэрээ жилд 2 удаа Улаанбаатарт хотод аваачиж эмчлүүлдэг байсан. Манайх ХААН банкинд зээлтэй байсан учраас миний бие ажил хийхээс өөр арга байгаагүй бөгөөд 3.500.000 төгрөгийн зээл төлсөн. Ийнхүү Улаанбаатар хотод ажил хийж өвөлжөөд хавар нь буюу 2018 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа аваад хүүхдийнхээ элсэлтийн шалгалтын үеэр Улаангом суманд ирсэн. Тухайн үед гэртээ ирэхэд миний гэрийг зөвшөөрөлгүй буулгаж гражид хураагаад гал голомт буйран дээр маань өөр айл буулгасан байсан ба тэр айлын хүн нь өөд болсон байсан. Эхнэртэйгээ утсаар ярих гэхэд яриулдаггүй. Намайг ХААН банкны зээлийг төлж дуусахад миний нэр дээр байсан хашаа байшингийн гэрчилгээг банкнаас авсан байсан ба банкны эдийн засагч ямар ч хамааралгүй хүнд гэрчилгээг маань өгсөн байсан. Би хашаанд байгаа айлыг нүүлгэ, аав нь очиж гэр орноо барьж янзалж авахаар очно гэж хүүхэддээ хэлэхэд тэр айл нь энэ манай хашаа байшин, танайд хамаагүй гэж хэлсэн байсан. Хүү маань одоо Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, жилийн төлбөр нь 3.500.000 төгрөг бөгөөд үүнээс би 1.770.000 төгрөгийг төлсөн. Хагасыг нь 2019 оны 2 дугаар сард төлдөг. Хүү маань хажуудаа 2 хүүхэдтэй хамт амьдардаг ба байрны сарын төлбөр 150.000 төгрөг болдог. Би хүүдээ байрны мөнгө болон хоол ундны мөнгө байнга өгдөг. Мөн хувцас болон бусад шаардлагатай зүйлсийн авч өгөх гээд зардал их гардаг. Хүүхдээ сургахын тулд миний бие зайлшгүй ажил хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүмүүс эхнэрийн маань групп болон асаргааны мөнгийг авахын тулд эхнэрийг гэртээ аваачсан байх. Эхнэрт маань ямар ч эрх мэдэл байхгүй, хүүдээ ч мөнгө төгрөг өгч чадахгүй дотроо зовж шаналдаг байх. Бид хоёр хамт амьдарч эхэлснээсээ хойш миний бие хадмын дарамтанд байсаар ирсэн. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэтэл эхнэрийг авч явснаас хойш хүүхэд ч гэрт оруулдаггүй байсан. Би тэгээд ганцаараа ажил хөдөлмөр байхгүй, цалингийн зээлтэй, тухайн үед архинд орсон байсан. Гэтэл 2 эмэгтэй дүү маань Улаанбаатар хотод авч ирж архины эмчилгээ хийлгээд ажилд оруулж өгсөн. 2018 оны өвлийн амралтаар хүүгээ Улаанбаатар хотод авчирч төгсөлтийнх нь хувцас авч өгөөд буцааж явуулсан. Хадмууд эхнэрийг гэртээ аваачиж 2 жил мөнгө төгрөгийг нь үрчихээд надаас тэтгэлэг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Одоо эхнэрийг маань амьдаар нь зовоож байгаад харамсаж байна. Миний бие Д.Игийн асран хамгаалагч гэдгээ ойлгож байна. Харин сар бүр түүнд тэтгэлэг төлөх боломжгүй, сарын 350.000 төгрөгийн цалин хүүхдийн сургалтын төлбөр болон хэрэглээнд зарцуулагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хадмууд өөрсдөө эхнэрийг маань аваад явсан юм чинь асарч хамгаалах байлгүй” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр:”Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар эхнэр Таргад овогтой Даваагийн Иг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр нөхөр Борлууд овогтой Тутиагийн Таар тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 51.564 /тавин нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот данснаас 18.636 /арван найман мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөг, хариуцагч Т.Таас 51.564 /тавин нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Ид олгох”-оор тус тус шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.4 дэх хэсэгт зааснаар эхнэр Таргад овогтой Даваагийн Иг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр нөхөр Б овогт Т-гийн Т-аар тэжээн тэтгүүлсүгэй гэжээ. Энэхүү хэсгийг дараах үндэсэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Хариуцагч Т.Т намайг Увс аймагт байхад 2017 онд манайх ХААН банкинд зээлтэй байсан учир арга буюу ажил хийхээр хот явж ажилд ороод зээлээ төлж барагдуулсан. Одоо ч Хас банкны зээлтэй 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 2.500.000 төгрөг авсан. Бидний том хүү Т.Тэмүүжин нь 2018 оны 9 дүгээр сард Монгол Улсын Их сургуулийн 1-р курсын оюутан болсон. Жилийн сургалтын төлбөр нь 3.500.000 төгрөг үүнээс 1.770.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн төлбөрийг зээл авч төлсөн. Би хүүдээ хоол унааны мөнгө байнга өгдөг. Миний бие Содон сууц өмчлөгчдийн холбоонд граж зохицуулагчаар 2017 оны 2 дугаар сараас хойш ажиллаж байна. Сарын цалин 1 гараа нь 35.000 төгрөг 10 удаа гардаг учир 350.000 төгрөг авдаг. Цалингаас өөр орлого байхгүй. Иймд тэжээн тэтгүүлэхээр тогтоосон нь миний хөдөлмөрийн хөлсний 50 хувиас илүү буюу хууль бусаар тогтоосон байна. Мөн эхнэр Д.И нь өөрөө ингэж нэхэмжпэл гаргаж явж байна гэж бодохгүй байна. Энэ хүмүүс эхнэрийг маань групп асаргааны мөнгийг авах гэж ийм үйлдэл хийж байна. Гэр орон хашаа байшингийн гэрчилгээг банкнаас надад мэдэгдэхгүй авсан тэр бичиг баримт хаана байгааг мэдэх юм алга байна. Энэ нь бидний дундын хөрөнгө байх ёстой, хүүхдээ цаашид яаж сургуульд сурахад нь дэм болж явах вэ гэж бодох юм.

2. Би Увс аймагт огт очоогүй хэрэг материалтай танилцах боломж олгоогүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд даалгавараар шүүхийн ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д зааснаар 41.1 шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана гэсэн агуулга нь нотлох баримт гаргуулах ажиллагаанд хамааралтай байхаар тусгасан. Гэтэл шүүх нь нэхэмжлэлийн харьяаллыг өөрчлөх захирамж гаргаагүй атлаа Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлж, нэхэмжлэлийг гардуулах, хэрэг танилцуулах, эрх үүрэг нөлөөлийн мэдүүлэг зэрэгт гарын үсэг зуруулсан нь хэргийг гагцхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83.1-д заасан зарчим алдагдсан байна. Мөн шүүх зохигчдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэн үзэхгүй, шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах тэмдэглэл үйлдэх, нотлох баримт гаргаж өгөх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, тайлбарлан таниулаагүй нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн журам зөрчин гаргасан анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 156 дугаар шийвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Д.И, хариуцагч Т.Тд холбогдуулан тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч “тэтгэлэг төлөх боломжгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.И, хариуцагч Т.Т нар нь 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн, эхнэр Д.И нь тархины цус харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдаж, байнгын асаргаа шаардлагатай болсон, нөхөр Т.Т нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод тусдаа амьдарч, эхнэр Д.Итой ямар нэгэн харилцаа, холбоогүй болсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан, эсхүл тэжээн тэтгэх тухай гэрээ байгууллаагүй бол туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Игийн өвчиний улмаас байнгын асаргаа, туслалцаа шаардлагатай болсон нөхцөл байдал, нөхөр Т.Тын тусдаа өөр газар амьдарч байгаа, эхнэрээ биечлэн асрах боломжгүй гэх тайлбарыг үндэслэн хуульд заасны дагуу нөхөрөөс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.

Хариуцагч Т.Т нь “ ... Миний бие 350.000 төгрөгийн цалин авдаг, хүү Т.Тэмүүжингийн сургалтын төлбөр, банкны зээл төлдөг тул эхнэр Д.Иг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх боломжгүй, шүүх хэргийн матеиарлтай танилцах боломж олгоогүй,эрх үүрэг тайлбарлан танилцуулаагүй хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэлийн харьяаллыг өөрчлөх захирамж гаргаагүй атлаа Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлж, нэхэмжлэлийг гардуулах, эрх үүрэг нөлөөлийн мэдүүлэг зэрэгт гарын үсэг зуруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83.1-д заасан зарчим алдагдсан тул хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж” өгөхийг хүссэн гомдлыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж шүүхийн онцгой харьяаллыг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Д.И тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг өөрийн оршин сууж буй газрын шүүхэд гаргасан байх бөгөөд нэхмжлэлийг хүлээн авсан анхан шатны шүүх хариуцагч Т.Тын “би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа бөгөөд өөрийн байгаа дүүргийн шүүхээр дамжуулан нэхэмжлэлтэй танилцъя “ / хэргийн 023 тал/ гэх хүсэлтийг үндэслэн захирамж гарган тодорхой ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр гүйцэтгүүлсэн нь дээрхи хуулийн шаардлагад нийцсэн байна.

Сонгинохайран дүүргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Т.Тд нэхэмжлэлийн хувийг гардуулан, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ./ хэргийн 29,31 дүгээр тал/

Хариуцагч Т.Т анхан шатны шүүхэд “миний сарын цалин 350,000 төгрөг бөгөөд үүнээс хүү Т.Тэмүжингийн сургалтын төлбөрийг төлж, ахуйн хэрэгцээнд нь сар бүр 150,000 төгрөг өгдөг, мөн банкинд зээлтэй тул тэтгэмж төлөх боломжгүй“ /хх 34-35,51 дүгээр тал/ гэх тайлбар гаргасан байх боловч энэхүү тайлбар, татгалзлаа анхан шатны шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйтийн 40.4 дэх хэсэгт: “Гэрлэгчид бие биеэ, түүнчлэн төрөл, садангийн хүнээ тэжээн тэтгэх тэтгэлэг нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна” гэж заасны дагуу тэтгэлгийн хэмжээг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хариуцагч Т.Т нь давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг хавсран ирүүлсэн тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар үнэлээгүй болно.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тэтгэлэг тогтоох маргаан бүхий харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Т.Т давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хурамжинд 51.564 төгрөг төлөх байтал 70200 төгрөг төлсөн тул 51.564 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 18,636 төгрөгийг Увс аймгийн төрийн сангийн 150000957 тоот данснаас данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж Т.Тд олгох үндэслэлтэй байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугээрсарын 15-ны өдрийн 156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56,60 дугаар зүйлийн 56.1, 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар Т.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгнөөс 51.564 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, илүү төлсөн18.636 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Т.Т-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167,172 дугаар зүйлийн 167.5, 172.2.1,172.2.2 дэх хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”,”хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”,”хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”,”хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлал гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АЛТАН

                                       ШҮҮГЧИД                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                               Д.ЖАМБАЛСҮРЭН