Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 156

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Т овогт Д-ийн И-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч:  Б овогт Т-ийн Т-д холбогдох,

       Тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,  хариуцагч Т.Т /цахимаар/, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Д.И шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 оны 7 дугаар сарын 14-нд төрсөн. 56 настай. Миний бие хүү Т.Т-тэй хоёулаа амьдарч байтал хүү минь Улаанбаатар хотод Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр курст суралцахаар явсан. Нөхөр Т нь 2016 оны 4 дүгээр сард хүү бид хоёрыг орхиод Улаанбаатар хот явсан. Одоо ганцаараа амьдрах боломжгүй болсон тул 83 настай, аав А.Д, 78 настай, ээж М.Ц нарын асрамжид байна. Би 1998 онд Т.Т-тай хамтын амьдралтай болж албан ёсны гэр бүл болоод 2 хүүхэд төрүүлсэн ба 1 хүүхэд маань нас барсан. Нөхөр Т.Т архи их уудаг, халамж анхаарал муутай. Одоо намайг хэрхэн яаж амьдарч байгааг огт анхаарч үзэхгүй 2016 оны 4 дүгээр сард хаяж явсанд туйлын их гомдолтой байна. Би эрүүл саруул биетэй, ажил төрөлтэй сайн сайхан байхдаа энэ хүнтэй гэр бүл болсон боловч амьдралын явцад хүнд өвчтэй болоод олон жил болж байна. Би одоо хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Одоо зөвхөн хоол идэж уухаас биш өөр юу ч хийж чадахгүй, тэргэнцэртэй, хоёр суга таягтай, хүний тусламжгүйгээр хаашаа ч явж чадахгүй болсон. Ханилсан ханиа хүнд өвчтэй байхад орхиж яваад 3 жил гаруй ямар ч сураггүй болсон Т.Т-д эрхээс гадна үүрэг байдаг гэдгийг ойлгуулах шаардлагатай болсон. Ядаж өвчин намдаах эм нэг удаа боловч авч өгч, миний биеийг асуусан бол би баярлах байсан. Сонсоход энэ жил нутагтаа ирсэн байсан. Би яаж ч чадахгүй, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан учраас хэнд ч хэлж чадахгүй, дотроо л бодож санаж, үгүйлж, гомдож харамсаж суусаар олон жилийг ганцаардаж гуниг, өвчин зовлон, ичиж эмээхийн дунд өнгөрөөснөө цухас дурдъя. Олон зүйлийг хэлж, бичиж, гомдол гаргаж болох боловч би тэгэхийг хүссэнгүй хувь заяандаа гомдож, залуу насаа өгч хоёр хүүхэд төрүүлж өгсөн насны ханиараа асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлье гэсэн юм. Би төдийгүй миний өндөр настай аав ээжийгээ бие сэтгэлийн асар их дарамт шахалтад оруулж зовоож байгаадаа харамсаж байна. Үлдэх насаа нөхрөөрөө тэжээн тэтгүүлж, асран хамгаалуулах эрх хуулиар надад олгогдсон тул хуулийн дагуу Т.Т-ыг Улаанбаатар хотоос албадан ирүүлж түүний гэрт намайг асран хамгаалж харгалзан дэмжүүлж, үүнд багийн дарга, хэсгийн цагдаа хяналт тавьж байх үүргийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөх талаар урд нь нэхэмжлэл гаргасан. Би нөхрөөсөө төгрөг нэхэх нь гол биш, харин нөхрөөрөө өөрийгөө асруулж хүүхэдтэйгээ хамт амьдармаар байна. Гэвч Т.Т нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг ч удаа яриагүй, ирэх хүсэлгүй байгаа тул сар бүр амжиргааны баталгаажих түвшний доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож Т.Т-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хот руу ирэхээс өмнө би гэртээ байж байтал хадам аав А.Д1 залуу дагуулж ирээд гэр орон нэгжиж эхнэрийн бүх бичиг баримт аваад явсан. Би тухайн үед юу ч хэлээгүй. Тэгээд эхнэрийн группийн мөнгө, асаргааны мөнгө авах итгэмжлэлийг хийлгэж авсан байсан. Ингээд би 2016 оны 7 дугаар сард гэрээ хураагаад Улаанбаатар хотод ирсэн ба 2016 оны 11 дүгээр сард Увс аймагт ирж, гэр орноо барьж түлээ нүүрс, идшээ бэлтгэсэн. Эхнэр бид хоёрт муудалцсан зүйл огт байхгүй. Би 2017 оны 1 дүгээр сард буцаад Улаанбаатар хотод ирж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Содон хороололд гражийн зохицуулагчаар ажилд орсон. Эхнэрээ жилд 2 удаа Улаанбаатарт хотод аваачиж эмчлүүлдэг байсан. Манайх Хаан банкинд зээлтэй байсан учраас миний бие ажил хийхээс өөр арга байгаагүй бөгөөд 3.500.000 төгрөгийн зээл төлсөн. Ийнхүү Улаанбаатар хотод ажил хийж өвөлжөөд хавар нь буюу 2018 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа аваад хүүхдийнхээ элсэлтийн шалгалтын үеэр Улаангом суманд ирсэн. Тухайн үед гэртээ ирэхэд миний гэрийг зөвшөөрөлгүй буулгаж гражид хураагаад гал голомт буйран дээр маань өөр айл буулгасан байсан ба тэр айлын хүн нь өөд болсон байсан. Эхнэртэйгээ утсаар ярих гэхэд яриулдаггүй. Намайг Хаан банкны зээлийг төлж дуусахад миний нэр дээр байсан хашаа байшингийн гэрчилгээг банкнаас авсан байсан ба банкны эдийн засагч ямар ч хамааралгүй хүнд гэрчилгээг маань өгсөн байсан. Би хашаанд байгаа айлыг нүүлгэ, аав нь очиж гэр орноо барьж янзалж авахаар очно гэж хүүхэддээ хэлэхэд тэр айл нь энэ манай хашаа байшин, танайд хамаагүй гэж хэлсэн байсан. Хүү маань одоо Монгол Улсын их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, жилийн төлбөр нь 3.500.000 төгрөг бөгөөд үүнээс би 1.770.000 төгрөгийг төлсөн. Хагасыг нь 2019 оны 2 дугаар сард төлдөг. Хүү маань хажуудаа 2 хүүхэдтэй хамт амьдардаг ба байрны сарын төлбөр 150.000 төгрөг болдог. Би хүүдээ байрны мөнгө болон хоол ундны мөнгө байнга өгдөг. Мөн хувцас болон бусад шаардлагатай зүйлсийн авч өгөх гээд зардал их гардаг. Хүүхдээ сургахын тулд миний бие зайлшгүй ажил хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүмүүс эхнэрийн маань групп болон асаргааны мөнгийг авахын тулд эхнэрийг гэртээ аваачсан байх. Эхнэрт маань ямар ч эрх мэдэл байхгүй, хүүдээ ч мөнгө төгрөг өгч чадахгүй дотроо зовж шаналдаг байх. Бид хоёр хамт амьдарч эхэлснээсээ хойш миний бие хадмын дарамтанд байсаар ирсэн. Бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэтэл эхнэрийг авч явснаас хойш хүүхэд ч гэрт оруулдаггүй байсан. Би тэгээд ганцаараа ажил хөдөлмөр байхгүй, цалингийн зээлтэй, тухайн үед архинд орсон байсан. Гэтэл 2 эмэгтэй дүү маань Улаанбаатар хотод авч ирж архины эмчилгээ хийлгээд ажилд оруулж өгсөн. 2018 оны өвлийн амралтаар хүүгээ Улаанбаатар хотод авчирч төгсөлтийнх нь хувцас авч өгөөд буцааж явуулсан. Хадмууд эхнэрийг гэртээ аваачиж 2 жил мөнгө төгрөгийг нь үрчихээд надаас тэтгэлэг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Одоо эхнэрийг маань амьдаар нь зовоож байгаад харамсаж байна. Миний бие Д.И-гийн асран хамгаалагч гэдгээ ойлгож байна. Харин сар бүр түүнд тэтгэлэг төлөх боломжгүй, сарын 350.000 төгрөгийн цалин хүүхдийн сургалтын төлбөр болон хэрэглээнд зарцуулагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Хадмууд өөрсдөө эхнэрийг маань аваад явсан юм чинь асарч хамгаалах байлгүй” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.И нь хариуцагч Т.Т-д холбогдуулан тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Нэхэмжлэгч Д.И, хариуцагч Т.Т нар нь 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэдний хамт амьдрах хугацаанд 2000 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүү Т.Т төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

      Улмаар нэхэмжлэгч Д.И-гийн тархинд цус харвасны улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан, байнгын асаргаа шаардлагатай байгаа болох нь зохигчдын тайлбар болон Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Мөнхбишрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн  тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Нэхэмжлэгч Д.И, хариуцагч Т.Т нар нь 2016 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Д.И-г түүний эцэг А.Д, эх М.Ц нар харгалзан дэмжиж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

       Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 36.2-т “Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан, эсхүл тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д “Гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө, эсхүл гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, гурван нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй” гэж тус тус зааснаар нөхөр Т.Т нь эхнэр Д.И-г тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

       Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Гэрлэгчид бие биеэ, ... тэжээн тэтгэх тэтгэлэг нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна” гэж заасан байх бөгөөд Д.И байнга хэвтрийн дэглэмд, бусдын асаргаанд байдаг, нөхрийн биечлэн асаргаа нэн шаардлагатай байгаа боловч нөхөр Т.Т тусдаа өөр газар амьдардаг, эхнэрээ биечлэн асрах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч Д.Ид сар бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хариуцагч Т.Т-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

       Харин Гэр бүлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Т.Т нь шүүхийн шийдвэрээр төлөх тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн тохиолдолд тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 51.564 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 18.636 төгрөг, мөн хариуцагч Т.Т-аас /Увс аймагт амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 190.700 төгрөг байх ба 190.700 х 12 сар = 2.288.400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж/ 51.564 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.И-д олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар эхнэр Т овогтой Д-ийн И-г амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр нөхөр Б овогтой Т-ийн Т-аар тэжээн тэтгүүлсүгэй.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 51.564 /тавин нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот данснаас 18.636 /арван найман мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөг, хариуцагч Т.Т-аас 51.564 /тавин нэгэн мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.И-д олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ