Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2019/00375

 

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 148/ШШ2019/00375

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг 132 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:МЮ-70060468/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр 2 дугаар хэсэг 201-б тоотод оршин суух, Хаш авто сэлбэгийн дэлгүүрийн эзэн гэх, ******* овогт *******ийн ******* /РД: ДЮ77032810/-д холбогдох

 

Гэм хор учруулсны хохирол 4.270.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2018 оны 11 дүгэр сарын 05-ны өдөр Хаш авто сэлбэгийн дэлгүүрээс 2 сав /20л/ тосол худалдан авсан бөгөөд уг тосолыг машиндаа хийгээд 3 хоногийн дараа машинаа асаагаад гарах гэтэл машин асаагүй мөн савтай үлдэгдэл тосол хөлдсөн байсан. Хаш дэлгүүрээс худалдан авсан энэхүү тосолоос болж машин маань хөлдөж 3 сар гаруй хугацаанд ажил хийх ямар ч боломжгүй байна.Тосолыг аваад машиндаа хийхэд манай найз Ганболд байсан.Хийсэн үгүйг энэ хүн гэрчилнэ. Хийсэн өдрөө асаагаад элсэнд явж ирээд тавиад 3 хоногийн дараа асаахад хөлдсөн байсан. Ингээд дэлгүүрт ирж хэлсэн туслахаа явуулсан туслах нь үзээд хөлдүү байна гэсэн. Тэгээд тал тосолоо өгч явуулсан. Гражид нь хийж гэсгээхээр ярилцаад Ганболдын машинаар гражид чирч аваачиж хийсэн. Маргааш нь очиход блок, радиотар хөлдөөд доогуураа ус гоожсон байсан. Хаагуураа гоожсоныг үзье гэтэл ус байхгүй гээд маргаан үүссэн.

Ингээд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ-д хандсан.Энэ хүн ус зарсан хариуцлагаа хүлээхгүй байгаа.

Иймд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан борлуулж хүний хувийн өмчийг хохироосон Хаш дэлгүүрийн эзэн Д.*******аас хөлдөөсний улмаас үүссэн машины эд ангийн оношилгоо, үнэлгээ хийлгэсний 1.870.000 төгрөг эвдэрч ажилгүй байсан хугацааны хохирол 2.400.000 нийт 4.270.000 төгрөгийг нөхөн төлүүлж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Д.******* манай дэлгүүрээс тосол худалдаж аваад явсан. Би ямар машин яаж хийсэн талаар мэдэхгүй. Монгол улсад зарагддаг л тосол зарсан. Акумаавто сэлбэгийн бөөний төвийн гэрээт борлуулагчаас худалдан авсан тосол. Сэлэнгэ аймагт *******аас өөр олон хүн энэ тосолыг авч хэрэглэсэн. Одоо ч хэрэглэж байгаа. Нэг ч хүн 5 жил ажиллахад гомдол гаргаж байгаагүй. Манай дэлгүүрт олон төрлийн хөлдөхөөс хамгаалсан шингэн тосолууд зардаг. Бараанаас тухайн хүн өөрөө сонголтоо хийсэн. Миний зүгээс энэ тосолыг ав гэж шахаж шаардсан зүйл байхгүй. Манай дэлгүүрээс авсан тосолыг тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн болон усаа шавхсан эсэх, урьд нь хөлдсөн байсан зэргийг би мэдэхгүй. Лац ломбо бүтэн тосол авч явсан. Тэгээд ч 2018 оны 11 сард тосол хөлдхөөр хүйтэн байгаагүй болохыг мэргэжлийн байгууллагаас нь судалгааг гаргаж баримтаар өгсөн.Тухайн үеийн цаг агаар 10 градус байсан байдаг ийм градуст ямар ч муу тосол хөлдөхгүй. Энэ хүн өөрөө машины тосолыг шинжилгээнд өгөх гэж байгаад татгалзсан. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй! гэжээ.

 

Иргэний хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан Гэм хорын хохиролд 4.270.000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь Хэдийгээр нэхэмжлэгч Хаш дэлгүүрээс авсан тосолноос болж машин маань хөлдсөн гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарладаг. Хариуцагч нь миний хувьд энэ тосолыг ав гэж шахсан шаардсан зүйл байхгүй, барааны сонголтоо Д.******* өөрөө хийсэн, бүрэн бүтэн лац задраагүй тосол авч явсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчид 2018 оны 11 сар Хаш авто сэлбэгийн дэлгүүрээс 2 сав /20 литр/ тосол худалдан авсан талаар маргаагүй бөгөөд уг худалдан авсан тосолыг машинд хийснээр Д.*******ын эзэмшлийн Kia Bongo маркын 2893 СЭА авто машины мотор, радиатор /усны/ паарны радиатор хөлдсөн гэж маргадаг боловч дээрх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахын тулд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болохыг нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан ... тухайн үед тосол хөлдөхөөр хүйтэн байгаагүй, дулаахан байсан... гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй ба уг тосолыг машинд хийсний улмаас мотор, радиатор /усны/ паарны радиатор хөлдсөн, машинууд их хүйтэн байсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар нь Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дүгнэлт, АМБЕР ХХК-ний сорилтын үр дүнгийн тайлан, 2018 оны 10, 11-р сарын агаарын хоногийн хамгийн бага темтературын судалгаа зэргээр няцаагдаж байна.

Мөн түүний ... уг тээвийн хэрэгслээр сард 2.000.000-3.000.000 төгрөг олдог, орлогоо дунджаар буюу сарын 800.000 төгрөгөөр тооцоход 3 сарын хугацаанд 2.400.000 төгрөгийн орлого олох боломжтой байсан үүнийг Б.Ганболд, Тулга нар гэрчилнэ... гэж байгаа ч гэрч Ганболд шүүхэд өгсөн ... намар болгон авдаг, 3 жил дарааллан авч байсан. Өнгөрсөн жил аваагүй, машин нь яваагүй болохоор авч чадаагүй. Таньдаг болохоор түлээ нүүрсээ авдаг. Тэр нь амар байдаг.. гэж, гэрч Д.Тулга шүүхэд өгсөн мэдүүлэгтээ... Би гэрийнхээ галын түлээний модыг хувиараа мод зардаг байсан Д.*******аас худалдаж авдаг байсан.Д.*******аас 2018 оны өвөл 3 портер мод худалдаж авсан. 2017 оны өвөл бас нэг удаа гэрийнхээ галын түлээг худалдаж авсан. Сарыг нь сайн санахгүй байна. Д.Эрдэнбат нь тухайн үед өөрийнхөө цагаан өнгөтэй Портер маркийн автомашинаар модоо бэлтгэж ирээд уг машинаараа зардаг байсан Би худалдаж авсан галын түлээнийхээ мөнгийг бэлнээр Д.*******ад өгдөг байсан. Дансаар өгдөггүй байсан. Тухайн үед би нэг Портер галын түлээг Д.*******аас 200.000 төгрөгөөр худалдаж авдаг байсан. Хэд хэдэн удаа бас шуудай нүүрс худалдаж авдаг байсан. Нэг уут шуудай нүүрсээ 4000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө бэлнээр өгдөг байсан ... гэж тус тус мэдүүлсэн ба түүнийг сард дунджаар 800.000 төгрөг олдог талаар дээрх мэдүүлэгт огт дурьдаагүй байна.

Хариуцагч гэм буруугүй гэдгээ нотолж, нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй бол гэм хорыг хариуцах бөгөөд харин гэм буруугүй болохыг нотлоогүй нь хариуцагч гэм буруутай болох-ыг нотлох нэхэмжлэгчийн үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байгаа бол өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч гэм буруугүй гэдгээ нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөх ба түүний гэм буруутай эсэхийг нотлох үүрэг нь нэхэмжлэгчийн үүрэг юм.

Иймд шүүх Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 4.270.000 төгрөг гаргуулах тухай Д.Чулуунбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДЭЛГЭРСАЙХАН

 

Б.ЭРДЭНЭМӨНХ