Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 46

 

Д.Э-н нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс: 148/2019/00105/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                             Оролцогчид 

                                         Нэхэмжлэгч                          Д.Э

                                         Хариуцагч                            Д.Ч          

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Д.Э-н нэхэмжлэлтэй Д.Ч-т холбогдох “Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 4.270.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Хаш” авто сэлбэгийн дэлгүүрээс 2 сав /20л/ тосол худалдан авсан  бөгөөд уг тосолыг машиндаа хийгээд 3 хоногийн дараа машинаа асаагаад гарах гэтэл машин асаагүй мөн савтай үлдэгдэл тосол хөлдсөн байсан. “Хаш” дэлгүүрээс худалдан авсан энэхүү тосолоос болж машин маань хөлдөж 03 сар гаруй хугацаанд ажил хийх ямар ч боломжгүй байна. Тосолыг аваад машиндаа хийхэд манай найз Ганболд байсан. Хийсэн үгүйг энэ хүн гэрчилнэ. Хийсэн өдрөө асаагаад элсэнд явж ирээд тавиад 03 хоногийн дараа асаахад хөлдсөн байсан.

Ингээд дэлгүүрт ирж хэлсэн туслахаа явуулсан туслах нь үзээд хөлдүү байна гэсэн. Тэгээд тал тосолоо өгч явуулсан. Гражид нь хийж гэсгээхээр ярилцаад Ганболдын машинаар гражид чирч аваачиж хийсэн. Маргааш нь очиход блок, радиотар хөлдөөд доогуураа ус гоожсон байсан. Хаагуураа гоожсоныг үзье гэтэл ус байхгүй гээд маргаан үүссэн.

Ингээд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ-д хандсан. Энэ хүн ус зарсан хариуцлагаа хүлээхгүй байгаа. Иймд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан борлуулж хүний хувийн өмчийг хохироосон “Хаш” дэлгүүрийн эзэн Д.Ч-с хөлдөөсний улмаас үүссэн машины эд ангийн оношилгоо, үнэлгээ хийлгэсний 1.870.000 төгрөг эвдэрч ажилгүй байсан хугацааны хохирол 2.400.000 нийт 4.270.000 төгрөгийг нөхөн төлүүлж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Д.Ч нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Д.Э манай дэлгүүрээс тосол худалдаж аваад явсан. Би ямар машин яаж хийсэн талаар мэдэхгүй. Монгол улсад зарагддаг л тосол зарсан. “Акума” авто сэлбэгийн бөөний төвийн гэрээт борлуулагчаас худалдан авсан тосол. Сэлэнгэ аймагт Эрдэнэбатаас өөр олон хүн энэ тосолыг авч хэрэглэсэн. Одоо ч хэрэглэж байгаа. Нэг ч хүн 5 жил ажиллахад гомдол гаргаж байгаагүй. Манай дэлгүүрт олон төрлийн хөлдөхөөс хамгаалсан шингэн тосолууд зардаг. Бараанаас тухайн хүн өөрөө сонголтоо хийсэн. Миний зүгээс энэ тосолыг ав гэж шахаж шаардсан зүйл байхгүй. Манай дэлгүүрээс авсан тосолыг тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн болон усаа шавхсан эсэх, урьд нь хөлдсөн байсан зэргийг би мэдэхгүй. Лац ломбо бүтэн тосол авч явсан. Тэгээд ч 2018 оны 11 сард тосол хөлдөхөөр хүйтэн байгаагүй болохыг мэргэжлийн байгууллагаас нь судалгааг гаргаж баримтаар өгсөн.  Тухайн үеийн цаг агаар 10 градус байсан байдаг ийм градуст ямар ч муу тосол хөлдөхгүй. Энэ хүн өөрөө машины тосолыг шинжилгээнд өгөх гэж байгаад татгалзсан. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 4.270.000 төгрөг гаргуулах тухай Д.Ч-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Энэ хүний худалдсан тосолоос болж машин хөлдсөн. Энэ тухай хэрэгт нотлох баримт өгсөөр байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул гомдол гаргаж байна гэв.

Хариуцагч Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тосолоос болж автомашин эвдэрсэн гэж тайлбарладаг. Цаг агаарын мэдээлэлээр тухайн өдөр -10 градус байсан бөгөөд ийм градуст  ямар ч тосол хөлдөхгүй.  Мөн хэрэгт тосолын шинжилгээний баримт хавсаргасан. Миний буруу байхгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуулиар тогтоосон журмыг зөрчсөн  байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар

1. Анхан шатны шүүх  нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлийг  хүлээн авч  2019 оны 02 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар тус шүүхийн  ерөнхий шүүгчийн 2019 оны 08 сарын 02-ны өдрийн 255 дугаартай “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилсон  шийдвэрийг албажуулах тухай захирамж гарч тухайн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар  шүүгч Л.Соёлмаа,  шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Б.Мөнхзул нарыг томилсон  шийдвэрийг албажуулжээ. 

Тус бүрэлдэхүүнээр хэргийг 2019 оны 08 сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас  шүүх хуралдааны товыг  мэдээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.  

Үүний дараа 2019 оны 08 сарын 16-ны өдөр мөн ерөнхий шүүгчийн 270 дугаартай “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилсон  шийдвэрийг албажуулах тухай захирамж гарч хуралдаан даргалагчаар шүүгч Б.Эрдэнэмөнх, шүүгч Г.Дэлгэрсайхан нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д ”шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах”,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6-д “тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил өөр шатны  шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн  шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулна” гэж тус тус заасан.

 Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д  шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь  шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй бол хуульд заасан  журмын дагуу шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүх бүрэлдэхүүнээр сольж, уг хэргийг шинээр хянан шийдвэрлэхээр заасан.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1-д заасны дагуу тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн томилсон тухай захирамжийг албажуулж, тодорхой үндэслэлгүйгээр урьд томилсон шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж адил шатны өөр шүүхийн буюу Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын анхан шатны 2 шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнээр томилж өөрт хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ” гэсэн заалтыг, мөн адил шатны өөр шүүхээс /1 шүүхийн/ хоёр шүүгчийг томилж, шүүхийн харьяалалыг тус тус зөрчжээ.

2.  Шүүгч 2019 оны 08 сарын 01-ний өдөр  хэргийг шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэх  тухай захирамж  гаргаж  зохигчидод хэргийн материал танилцуулсаны дараа буюу  2019 оны 08 сарын 02-ны өдөр  иргэн Б.Ганбат, 2019 оны 08 сарын 07-ны өдөр  гэрч Б.Ганболд, 2019 оны 08 сарын 09-ний өдөр   Д.Тулга нарыг тус тус гэрчээр асуун мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг мөн зөрчсөн байна.

 Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хэргийн нэхэмжлэгчийн нэрийг   Д.Ч гэж ташаа бичсэн болохыг дурьдах нь зүйтэй.  

Иймд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн  байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул тухайн  хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгчийн  давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 83.270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН