Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 00086

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруул, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чимэддамбад холбогдох 201718020003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Борнуур суманд 1981 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Төв аймгийн Борнуур сумын Нарт баг, Шар чулуут гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй,

-2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар

- 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹ 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Батжаргалын Чимэддамба.   /РД: НЙ81021713/

 

Шүүгдэгч Б.Чимэддамба нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Баянцогтын өвөр гэх газар эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 03-01 УНЛ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан иргэн Б.Сэргэлэнгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алтанзулын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чимэддамбын өгсөн ……  Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Төв аймгийн Сүмбэр сумаас Улаанбаатар хот орох гэж явахдаа эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан машиныг мөргөж осол гаргаснаас иргэн А.Цацрал нас барж, нэг хүн хүндэвтэр, 2 хүн хөнгөн гэмтэл авсан. Би Наянтайгийн машиныг дэлгүүрийн гадна байхад нь Наянтай маргалдаад түүнд хэлэлгүй унаж Улаанбаатар хот орохоор явсан юм гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулын өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр миний дүү А.Цацрал осолд орж нас барсан. Үүнээс үндэслээд оршуулгын зардалд 6 сая төгрөг, машины хохиролд 6 сая төгрөг, нийт 12 сая төгрөг нэхэмжилж байна. Мөн сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг нэхэмжилнэ. Тэжээгчээ алдсаны тэтгэмж цалингийн зөрүүг нэхэмжилнэ. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Наянтайгийн мөрдөн байцаалтад өгсөн .......  Тэгсэн Чимэддамба гараад миний машиныг хулгай хийж унаад яваад өгсөн байсан. Нөгөө хоёр охин машинд суугаад үлдсэн бөгөөд миний машин акумлятор муутай болохоор унтраавал асахгүй байх гэж бодоод машинаа асаалттай нь үлдээсэн байсан болохоор Чимэддамба унаад явчихсан байсан. Тэгээд араас нь утсаар холбогдох гээд чадалгүй байж байгаад орой хоёр охиных нь нэгнийх нь утсасны дугаарыг олоод ярьсан чинь Баруунхараад осол хийсэн байсныг нь мэдсэн....... Миний машин 17-92 УНА дугаартай цагаан өнгийн Хонда сивик нэртэй япон автомашин байсан. 2016 оны 10 дугаар сарын 04-нд Монголд орж ирсэн. Орж ирээд худалдаж авсан үнэ нь 7200000 төгрөг. Худалдаж авсан гэрээ баримтууд нь бүгд байгаа. Ямар ч байсан машинаа бүрэн болгуулж авмаар байна. Эсхүл үнийг нь төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 95 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би өөрийн эзэмшлийн приус 20 маркийн 38-27 УБН улсын дугаартай автомашинтай 2 том хүн, 2 хүүхэдтэй нийт 4 зорчигчтой явсан. Улаанбаатараас Дархан чиглэлийн 140-141 дэх километрт явж байсан. Миний урд саарал өнгийн 03-01 дугаартай приус 20 маркийн машин явж байсан ба уг машинаас 10-15 метр зайд 72-73 км цагийн хурдтай явж байсан. Энэ үед багцаагаар 18.30 цагаас 19.30 цагийн хооронд байсан байх. Миний урд явж байсан приус 20 маркийн машиныг нэг машин мөргөөд тоос манарч баахан юм бутраад явчихсан. Тэгээд миний машин луу орж ирээд хальт түг хийсэн чимээ гараад шүргэчихсэн юм. Урд талын машинтай мөргөлдөөд тэгээд дараа нь миний машиныг шүргэсэн. Миний хувьд би яг урсгалаараа эсрэг урсгал руу орсон зүйлгүй чигээрээ явж байсан. Миний машинд сууж явсан зорчигчид болон миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй. Машины гупер хагарсан, зүүн урд гэрэл хагарсан, карлан шмбийсан, зүүн толь байхгүй эвдэрсэн байна. Хохирлоо нэхэмжилнэ. Машины эвдрэл нийт 1874000 төгрөг болсон бөгөөд би машинаа хүнээс мөнгө зээлээд засуулсан, мөн үнэлгээний зардал гэх 70000 төгрөгийг би өөрөө төлсөн. Иймд тэр 70000 төгрөгийг бас нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 98-101 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Урьханаас Дархан Хөтөл чиглэлтэй 19-20 цагийн орчимд гарч явсан. Өөрийн тоёота аллион маркийн 54-79 УНР дугаартай цагаан өнгийн машинтай 2 том хүн, 1 хүүхэд гэсэн 3 зорчигчтой явсан. Улаанбаатараас 140 дэх км-т өөдөөс цагаан өнгийн суудлын автомашин зам голлоод над руу чиглээд ороод ирсэн. Би 70-80 км цагийн хурдтай явсан ба эсрэг урсгалд ороогүй хойшоо чиглэлтэй урсгалынхаа дагуу явж байсан. Тэр машин болохоор урсгал сөрж орж ирсэн. Би амжиж машинаа баруун гар тийш дарж тоормос гишгэж замын хажууд зогссон. Тэр машин миний машины зүүн урд талаас хажуу хэсгийг хамаад явчихсан. Тэгээд тэр машин ард явсан 2 ширхэг приус 20 маркийн машинуудыг дараагаар нь дараалан мөргөөд онхолдсон байсан. Бууж ирээд харахад Хонда сивик маркийн цагаан өнгийн машин байсан. Миний машины зүүн гупер, зүүн гэрэл, толь, зүүн талын 2 хаалга, урд салхины шил, обуд хагарсан, гар тахийсан, 5 бул мултарсан, багана дотогшоо чихэгдэж орсон байсан… Миний машины эвдрэлийн үнэлгээ 2730000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Мөн машины хохирол үнэлүүлэхэд төлсөн мөнгөө нэхэмжилнэ гэх /Хх-н 109-112 дугаар хуудас/

Хохирогч Б.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Баруунхараагаас Улаанбаатар хотын чиглэлд би найз Э.Алтанзулын хамт мөн цагаан Хонда сивик маркийн 17-92 дугаартай автомашинтай жолооч /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Дамба гэх хүнтэй хамт Улаанбаатар хот орохоор явж байсан юм. Гэтэл манай машин нилээд хурдтай бараг 100 км цаг хурдтай байсан байх Дамбад би их хурдтай яваад байхаар нь болно машиныг би жолоодъё гэж хэлж байсан ч Дамба өөрөө Урьхан хүртэл би бариад явчихъя би өөрийгөө мэдэж байна гэсэн. Тэгээд Баруунхараагаас урагш явж байхад гэнэт миний тал руу буюу зүүн тийш Дамба машинаа дарж оруулаад эсрэг урсгал руу орж миний талаар машинтай мөргөлдсөн. Тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд машин дотор орилоод хэвтэж байсан….. Цээгий ахынд 1 шил Болор архи, нийт 3 том архи уусан. Тэгээд тэднийд хоноод 30-ны өглөө 10 цагийн үед босцгоосон. Босоод Лхагвадорж, Наянтай, Дамчаа, Дамба нар 1 шил соёрхол архи уусан. Тэндээс Сээгий гэж айлынд очиж архи уусан. Тэр үед нь Алтанзул бид хоёр машиныг нь бариад Дамбыг хайгаад Сүмбэр сумаар явж байсан. Тэр үед Дамба алга болчихсон байсан юм. Тэгээд Цээгий ахынд очиход Дамба тэднийд 2-3 цаг унтаад нилээн сэргэчихсэн байсан. Тэгээд Дамба Наянтайтай маргалдаад муудалцаад гараад явсан. Тэр үед Алтанзул бид хоёр машинд хамт байсан ба Дамба ирээд машиныг нь унаад явчихсан. Бид хоёрыг хамт аваад явчихсан. Тэгээд Сүмбэр сумаас гарахад 17-18 цаг болж байсан байх. Тэгээд шууд Баруунхараа ороод Дамбын найз Тулгаагаас мөнгө асууж уулзаад удаагүй салсан. Тэндээс гарч яваад осол болсон. Миний баруун гар хугарсан, толгой хагарсан, эгэм өвдөөд байна мөн хавирга, босохоор сав, гэдэс хавиар их өвдөж байна. Хоёр хөл их өвдөж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ…… Сүмбэр суманд байхад машинд суунгуутаа Дамба машин жолоодоод шууд хөдөлсөн. Их хурдтай хөдлөөд явсан болохоор Алтанзул бид 2 бууж чадаагүй. Тэр үед машинаас бууя гэж бодож байсан. Дамба машин бариад явж байхдаа наад пизданууд чинь дургүй хүргэчихлээ. Баруунхараа ороод нохой Тулгаагаас бензиний мөнгө төгрөг авна , наадуул чинь араас унаа олоод хүрээд ирнэ гэж хэлж байсан….. Миний зүгээс бодит учирсан хохирол 539650 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 117-122 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн …… 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 18-19 цагийн хооронд найз Сэргэлэнгийн хамт Хонда сивик маркийн 17-92 дугаартай машинтай жолооч Дамба гэх хүний хамт явсан. Явах замдаа маш хурдтай явж байсан. Осол болох үед би арын суудал дээр толгойгоо зүүн тийш харуулаад хажуулдаж хэвтээд унтаж байсан учир яг юу болсныг мэдэхгүй байна…. Чимэддамба миний хувьд машиныг хулгайлж аваад зарж борлуулах байсан гэж бодохгүй байна. Миний хувьд хот руу явах гэж авч явсан байх гэж бодож байна. Ер нь ч тэгээд би Наянтайг Дамбын найз гэж бодож байсан ба найзынхаа машиныг аваад явлаа гэж ойлгосон. Би Наянтай Дамба нарыг Сүмбэр суманд байхдаа дэлгүүрийн гадаа маргалдаж байсныг харсан. Тэгээд л Дамба машинд орж ирээд шууд унаад явсан. Би яагаад хүний машин унаж явж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Дамба би мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд ч сэргэлэн бид хоёр хот явах бодолтой байсан болохоор дуугүй л явчихсан юм. Осол болно гэж хэн мэдэх билээ. Миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 130-133 дугаар хуудас/

Гэрч А.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Би 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Урьханаас Дархан хөтөлийн чиглэлд эхнэр Н.Тунсаг, түүний хүргэн ах П.Баясгалан, түүний охин Буянхишиг нарын хамт Баясгалангийн аллион маркийн 54-79 дугаарын машинтай орой харанхуйд гарсан. Хэдэн цагт Урьханаас гарч хойшоо явснаа санахгүй байна. Тэгээд би замдаа хойно суугаад явж байхдаа унтчихсан байсан. Яг юу болсныг санахгүй байна. Баясгалан машин жолоодож явсан бөгөөд машин өөдөөс урсгал сөрөөд ороод ирлээ дараад дараад гайгүй гарлаа даа. Дараагүй бол балрах байж гэж хэлж байсан гэх мэдүүлэг /Хх-н 135 дугаар хуудас/

Гэрч Н.Тунсагийн мөрдөн байцаалтад өгсөн ….. Жолооч Баясгалан ах бид нартай юм яриад явж байсан. Манай машин урсгалаараа явж байсан болохоор урдаас ирсэн машин урсгал сөрж орж ирсэн байх. Тэгээд гэрэл орж ирээд түс няс хийгээд мөргөлдсөн. Манай жолооч баруун гар луугаа дараад хажуу тийш эргээд зогссон байх. Манай машин ямар ч байсан их зөөлөн явж байсан юм. Одоохондоо гомдох юм нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /Хх-н 136 дугаар хуудас/

Гэрч Д.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн …. Тэр өдөр өдийд буюу 19 цагийн орчимд намайг гэртээ байхад Дамба ирсэн. Манай эхнэр гадаа түлээ мод нүүрсээ оруулж байсан ба гаднаас Тулгааг дуудчих гээд хэлэхээр нь би гэрээсээ өөдөөс нь гараад очсон. Дамба хашааны үүдэнд ирсэн зогсож байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь гэрийн углааштайгаа гараад яваад очсон. Тэгээд очсон чинь мэнд мэдэлцээд машинд суу гээд тэгээд ороод суусан чинь машинд нь хоёр хүүхэн байсан. Тэр хоёр хүүхний нэг нь жолооны ард нөгөө нь жолоочийн хажуу талд сууж байсан. Дамба бид хоёр машины арын суудалд суусан. Тал шил болор архи барьчихсан байсан ба надад хундаганд хийж өгсөн. Тэгээд найзыгаа зориод Баруунхараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тэр архинаас нь уугаагүй юм. Тэгээд би чи халамцуу согтуу байна одоо наад хүмүүсээрээ машинаа бариулаад харь гэж хэлсэн. Тэгээд намайг гэрт хүргэж оруулж өгчөөд явсан. Тэнд Дамба удаагүй. Тэр үед Дамба өөрөө ч архи уугаагүй. Нэг их согтсон харагдаагүй. Тэгээд явцгаасан гэх мэдүүлэг /Хх-н 137 дугаар хуудас/

Иргэний хариуцагч Д.Норовын мөрдөн байцаалтад өгсөн …. Миний эзэмшдэг 17-92 УНА улсын дугаартай автомашиныг би хүү Наянтайд худалдаж авч өгсөн нь үнэн. Гэхдээ би энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцахгүй. Гэм буруутай этгээд Чимэддамба нь хохирлыг барагдуулах ёстой юм. Учир нь миний хүү наянтай машинтайгаа Сүмбэр суманд байх үед нь Чимэддамба нь санаатай машиныг нь авч зугатаасан.  Сайн дураар Чимэддамбад өгч явуулаагүй юм. Тийм учраас би энэ хариуцлагыг хүлээхгүй юм гэх мэдүүлэг /Хх-н 156 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт ¹ 100.... Дүгнэлт:

1. Г.Хүрэлсүхийн биед баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 22 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹35.... Дүгнэлт: 

1. Сэргэлэнгийн биед баруун гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, нүүр, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 36.... Дүгнэлт: 

1. Алтанзулын биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 28 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт ¹ 07.... Дүгнэлт

1.Нас барагч А.Цацралын биед их тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн уушгины хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, өвчүү ясны хугарал, баруун, зүүн талын олон хавирганы хугарал, элэгний язралт, дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гарын алганы ар хэсэг, баруун хөлний өвдөгний үе, баруун гуя, зүүн өгзгөнд шарх. Баруун хацар, зүүн шанаа, цээж, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн гарын алганы ар хэсэг, баруун хөлийн шилбэнд цус хуралт гамтал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй мөргүүлэх үед үүсэх боломжтой гэмтэл юм.

3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Нас барагчийн биед үүссэн гэмтлүүд нь хүний гар хөлийн үйлчлэлээр үүссэн байх боломжгүй.

5. Нас барагч нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

6. Нас барагчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй болно.

7. Нас барагч А.Цацрал нь гавал тархи, цээж, хэвлийн хөндий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

8. Нас барагчийн цус О /l/ бүлгийн харьяалалтай байжээ гэх /Хх-н 33 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ¹ 04  ....

1. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Харнууд овгийн Батжаргалын Чимэддамба нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8. Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгэл сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн.

2. Хариулт: Тоёота приус 20 маркийн 0301 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Мөнх-оргил нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй.

3. Хариулт: Тоёота приус 20 маркийн 3827 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Гантөмөр нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй.

4. Хариулт: Тоёота аллион маркийн 5479 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Баясгалан нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй.

5. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Наянтай нь МУ-ын ЗХД-ийн 11. Түр буюу удаан зогсох. 11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө … гэснийг зөрчсөн.

6. Хариулт: Хонда сивик маркийн 1792 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Харнууд овгийн Батжаргалын Чимэддамба, машины эзэмшигч Н.Наянтай нар нь зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 69 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-10 дугаар хуудас/

Б.Чимэддамбын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета багажаар үлээлгэж шалгахад 1.36 % гарсан гэсэн согтуурал хэмжсэн тодорхойлолт /Хх-н 12 дугаар хуудас/

17-92 УНА улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5978000 төгрөгөөр, шууд бус зардлыг 795000 төгрөгөөр, нийт 6773000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 46-47 дугаар хуудас/

03-01 УНЛ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 5886000 төгрөгөөр, шууд бус зардлыг 165000 төгрөгөөр, нийт 6051000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 53-54 дүгээр хуудас/

38-27 УБН улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 1794000 төгрөгөөр, шууд бус зардлыг 80000 төгрөгөөр, нийт 1874000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 59-60 дугаар хуудас/

54-79 УНР улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 2635000 төгрөгөөр, шууд бус зардлыг 100000 төгрөгөөр, нийт 2735000 төгрөгөөр үнэлсэн Бан хас ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 62-63 дугаар хуудас/

Хохирогч Б.Сэргэлэнгийн хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 125 дугаар хуудас/

Б.Чимэддамбын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 157 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Чимэддамба нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17-18 цагийн орчимд Төв аймгийн Сүмбэр сумын хүнсний дэлгүүрийн гадна байсан бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаан замын хөдөлгөөнд оролцон явахдаа мөн өдрийн 19 цагийн орчимд Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв засмал замд буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг Баянцогтын өвөр гэх газар замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин урсгал сөрж эсрэг урсгалд эгнээндээ зорчиж явсан 03-01 УНЛ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, 54-79 УНР улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэл, 38-27 УБН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тус тус мөргөж зам тээврийн осол гаргаснаас 03-01 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Цацрал нас барсан, 08 настай Г.Хүрэлсүхийн бие махбодид хөнгөн, 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Сэргэлэнгийн бие махбодид хүндэвтэр, иргэн Э.Алтанзулын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг болон авто тээврийн хэрэгслийг авч зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.Чимэддамба нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасныг баримтлан  ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Харин шүүгдэгч Б.Чимэддамбын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын хүнсний дэлгүүрийн гадна байсан бусдын эзэмшлийн 17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Б.Чимэддамбыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх  үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Чимэддамба нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон боловч хүний амь нас хохирсон, уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой байна.

 

17-92 УНА улсын дугаартай Хонда сивик маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Донровын Норов мөн болох нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд түүнийг иргэний хариуцагчаар татсан боловч зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Б.Чимэддамба хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Учир нь шүүгдэгч Б.Чимэддамба нь уг тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаах явцдаа замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Чимэддамбаас талийгаачийг оршуулах ёслолд гарсан зардалд болон 03-01 УНЛ тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нийт 12332306 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулд, 35850 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч Г.Хүрэлсүхийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганцэцэгт, 228690 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сэргэлэнд олгох үндэслэлтэй байна.

 

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Наянтай, иргэний нэхэмжлэгч А.Гантөмөр, П.Баясгалан нараас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шууд зардлыг үнэлгээний байгууллагад төлсөн үнэлгээний хөлсийн хамт 6270000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Наянтайд, 1864000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Гантөмөрд, 2880000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Баясгаланд тус тус олгох нь зүйтэй ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэнийг тухайн үнэлүүлсэн байгууллагаар засаж сэргээлгэсэн тохиолдолд ажлын хөлсний зардлаа буюу шууд бус зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй  болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Талийгаач А.Цацрал нь хүү Г.Хүрэлсүхийн хамт ам бүл хоёул амьдардаг байсан, сард дунджаар 1000000 /нэг сая/ төгрөгийн цалин хөлс , орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд нэг хүнд оногдох хэсэг нь 500000 төгрөг болж байх ба талийгаачийн хүү Г.Хүрэлсүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 253510 төгрөгөөр тооцож  олгож байгаа тул түүнд оногдох цалин хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгөний зөрүүнд шүүгдэгч Б.Чимэддамбаас сар бүр 246490 төгрөгийг  гаргуулж хүү Г.Хүрэлсүхэд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн хорин сая төгрөгийг хангах хууль зүйн үндэслэл болон нотлох баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх, иргэний нэхэмжлэгч Э.Алтанзул нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1. дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан  тооцохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1,Шүүгдэгч Харнууд овогт Батжаргалын Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан, мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж согтуурсан үедээ  тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний бие махбодид хүндэвтэр, хоёр хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ¹ 249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай. 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 03 хоног, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай. 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбаас

12332306 / арван хоёр сая гурван зуун гучин хоёр мянга гурван зуун зургаан/  төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, 20-3-74 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Чонос овогт Аръяабазарын Саруулд /РД:ТА76040615/, 

35850 / гучин таван мянга найман зуун тавин/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймаг Дархан суманд оршин суух, Жанчивын Ганцэцэгд /РД:ТА52052008,

6270000 /зургаан сая хоёр зуун далан мянган/ төгрөгийг гаргуулж Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 4-2 тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Урианхай овогт Норовын Наянтайд /РД:НБ83081518/,

1864000 /нэг сая найман зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороолол, 46-44 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Амаржаргалын Гантөмөрд /РД:МО90030730/,

2880000 /хоёр сая найман зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг, Дөмбөн гудамж 3-1 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Баясгаланд /РД: МФ74012818/,

228690 /хоёр зуун хорин найман мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг гаргуулж Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг, 20-09 тоотод оршин суух, хохирогч Булгадар овогт Батсуурийн Сэргэлэнд /РД:ОЮ98090701/ тус тус олгож, А.Саруулын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20000000 /хорин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

9. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1  дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Чимэддамбаас сар бүр 246490 төгрөгийг гаргуулж 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Гэрэлт-Одын Хүрэлсүхэд 16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл олгосугай.

10. Хохирогч Б.Сэргэлэн нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Чимэддамбад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.