Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 981

 

 

 

 

 

 

 

 

 

Д.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00827 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.П-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Н-т холбогдох

 

Автомашины үнэнд төлсөн 1 800 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.П-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Чанцалдулам нь анх Б.Н-ын тавьсан зарын дагуу холбогдож Киа Оптима маркийн 60-95 НАА дугаартай автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдаж авахаар урьдчилгаанд 1 500 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг түрээс байдлаар төлөхөөр утсаар ярьж тохиролцсон. Хариуцагч нь хотын бичиг баримттай хүнтэй гэрээ хийнэ гэсэн тул өөрийн дүүгийн нөхөр болох Д.П-ийн нэрээр гэрээ байгуулсан. Би автомашины мөнгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Улмаар манай нөхөр Д.Мөнхжаргал нь автомашиныг ажил гэрийн хооронд унаж байсан ба 12 дугаар сарын 13-ны өдөр эрхээ хасуулснаас унаж чадахгүй болсон тул Б.Н-т учир байдлаа тайлбарлаж, 12 дугаар сарын 18-ны өдөр автомашиныг буцааж өгсөн. Б.Н- нь автомашинаа хүлээн авч, уг автомашиныг түрээслэж, эсвэл худалдсаны дараа урьдчилгаанд төлсөн 1 800 000 төгрөгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргийн дагуу 11 дүгээр сарын 30-ны өдөр 100 000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 300 000 төгрөг тус тус төлсөн. Нэхэмжлэгч Д.П-ийн хувьд гэрээнд гарын үсэг зурснаас биш уг автомашиныг унаж ашиглаж байгаагүй, хариуцагч Б.Н-ын хувьд биднийг уг автомашиныг унаж байсныг мэдээгүй, буцааж өгөхдөө харанхуй шөнө авчирч өгсөн гэж худлаа ярьж байна. Иймд Б.Н-аас гэрээний дагуу автомашины урьдчилгаанд төлсөн 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө нь би өөрийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч намайг гэрээний нэг тал биш гээд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэжээ.

 

Хариуцагч Б.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн 60-95 НАА улсын дугаартай автомашинаа Д.П-ид түрээсийн гэрээ байгуулан өгч, урьдчилгаанд 1 500 000 төгрөг авч, уг мөнгийг Н.Чанцалдулам гэдэг хүн шилжүүлсэн нь үнэн. Тухайн үедээ энэ Н.Чанцалдулам гэдэг хүн утсаар ярьж Д.П-ийн эхнэр гэж өөрийгөө хэлсэн. Гэтэл Д.П- нь миний автомашиныг Д.М гэж хүнд давхар түрээслэж, эвдэж хаячихаад харанхуй шөнө буцаан авчирч өгсөн. Автомашины аккумлятор, дугуй муудсан, автомашины багаж доод талаараа хумигдаж цоорсон байсныг нийт 1 300 000 төгрөгөөр засвар хийлгэж, 2 000 000 төгрөгт хүрэхгүйгээр зарсан. Иймд урьдчилгаанд төлсөн мөнгө нь засвар хийлгээд таарсан. Эдгээр хүмүүс нь Дархан-Уул аймагт амьдардагаа ч хэлээгүй, автомашиныг Д.П- биш танихгүй хүн авчирч өгсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н-аас 1 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П-д олгож, илүү нэхэмжилсэн 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг, хариуцагч Б.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 40 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир, эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Б.Н- миний бие нь нэхэмжлэлийг гардаж авахад нэхэмжлэлд нэхэмжлэгч нь Н.Ч гэсэн этгээд бичээстэй, мөн Н.Ч нь автомашин хэрхэн өөрөө түрээслэсэн тухай, мөнгө шилжүүлсэн тухай тайлбар өгсөөр байтал маргаан бүхий шийдвэрт нэхэмжлэгчийг Д.П- гэж тодорхойлон түүнд хамаатуулан шийдсэн байна. Н.Чанцалдулам нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, 1 800 000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсоныг шүүхээс хангаж шийдсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь автомашин түрээслэх тухай гэрээний дагуу автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үүрэгтэйгээс биш түүнд ямар нэгэн байдлаар мөнгө төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй. Ийм байтал гэрээний ямар үүргийн гүйцэтгэл хангуулж шийдээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагын цар хүрээнээс хэтрүүлэн хэргийг өөрийн үзэмжээр шийдсэн байна. Хэрэв гэрээ цуцлагдсанаас өгсөн авсанаа буцаах тухай бол нэхэмжлэлийн шаардлага тийм л утга агуулгатай бол шүүхээс ханган шийдэх учиртай гэж үзэж байна. Тухайн гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. Нэхэмжлэгч автомашиныг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцааж өгсөн. Энэ үеэс хойш 4 жил гарангийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн гэрээ хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацаандаа гарсан эсэх талаар дүгнэлт огт хийсэнгүй. Миний үзэж байгаагаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөө автомашиныг эвдэж гэмтээснээ мэдэж байсан, засуулахад зардал гарсаныг мэдэж байсан. Иймээс шүүхэд хандалгүй өнөөдрийг хүргэсэн. Түүнээс биш аль эрт нэхэмжлэл гаргахгүй байх үндэслэл шалтгаан огт байхгүй. Одоо гаргаж байгаа шалтгаан нь намайг бусдад шилжүүлэхийг хүлээж байгаад гаргасан гэдэгт би итгэмтэй байна. Учир нь Н.Чанцалдулам надад “танай автомашин зарагдчихсан юм байна лээ ш дээ. Би шүүлгэсэн..” гэж хэлсэнээс тодорхой байсан. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тохиолдолд автомашин түрээслэх тухай гэрээний хэрэгжилтийг дүгнэх учиртай. Гэрээний 1.6-д дурдсанаар автомашин түрээсийн 10 хоногт 200 000 төгрөгийн түрээс төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч 22 хоног өөрийн эзэмшилд байлгасан буюу 440 000 төгрөгийн түрээсийн мөнгийг яагаад 1 600 000 төгрөгөөс хасч тооцохгүй байгаа юм бэ? Болсон үйл явдлын талаар товч дурдвал, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр автомашиныг шөнийн цагаар Д.П- өөрөө авчирч өгөхдөө автомашины акумляторыг муу акумлятороор сольж тавьсан, дугуйг ердийнхөөс илүүтэй элэгдүүлж муутгасан. Автомашины багаж доод тагаараа хумигдаж цоорсон байдалтай болгосон байсан. Яагаад автомашинд гэмтэл учирсан тухай асуухад тухайн автомашиныг Д.П- нь өөр этгээдэд дамжуулан н.Мөнхжаргал гэгч этгээд унаж яваад “. намхан автомашин унаж үзээгүй .... чулуу мөргөж гэмтээсэн .." гэж өөрсдөө тайлбарлаж байсан. Тухайн автомашины засварт 1 300 000 төгрөгийн зардал гарч засварлуулж байсан. Шүүх дээр н.Мөнхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байсан бөгөөд би автомашинд учирсан гэмтэлтэй холбоотой л эрхээ хасуулсан гэж үзэж байгаа. Ийнхүү шүүгч шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч талыг баримтлан шийдвэрлэсэн байх тул тухай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч Б.Н-т холбогдуулан автомашины үнийн урьдчилгаанд төлсөн 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1, 21 дүгээр тал/

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Автомашины аккумлятор, дугуй муудсан, автомашины багаж доод талаараа хумигдаж цоорсон байсныг нийт 1 300 000 төгрөгөөр засвар хийлгэж, 2 000 000 төгрөгт хүрэхгүйгээр худалдсан. Автомашины урьдчилгаанд төлсөн мөнгө нь засвар хийлгээд таарсан” гэж тайлбарлажээ.

 

            Хэрэг авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр автомашин түрээслэх тухай нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.П- нь хариуцагч Б.Н-ын өмчлөлийн Киа оптима маркийн 60-95 НАА улсын дугаартай автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 1 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор сар бүрийн эхний 10 хоногт 200 000 төгрөг, сүүлийн 10 хоногт 200 000 төгрөгөөр тооцон төлж дуусгахаар тохиролцсон байна. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх зөв дүгнэжээ./хэргийн 8-11 дүгээр тал/

 

            Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.Н- нь 60-95 НАА улсын дугаартай Киа оптима маркын автомашиныг Д.П-ид хүлээлгэн өгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Чимэддулам нь өөрийн хаан банкны 5114026729 тоот данснаас хаан банкны 5749367360 тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр автомашины урьдчилгаа төлбөрт 1 200 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 100 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 300 000 төгрөг нийт 1 600 000 төгрөгийг данснаас шилжүүлж, тухайн үед бэлнээр 300 000 төгрөг нийт 1 900 000 төгрөг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан хаан банкны дэлгэрэнгүй дансны хуулга, шүүх хуралдааны тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 12-14, 31 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

 

            Улмаар нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагчид автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцаан өгсөн талаар хариуцагч маргаагүй тул талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар өгсөн, авснаа буцаах үүрэгтэй.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч автомашиныг эзэмших явцад учруулсан хохирлыг арилгахад хариуцагчаас гаргасан зардлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Түүнчлэн, Н.Чнь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Н-т холбогдуулан автомашин түрээслэх гэрээний үүрэгт төлсөн 1 800 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс “2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр автомашин түрээслэх тухай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээнд Б.Н- болон Д.П- нар гарын үсэг зурсан байна. Н.Чанцалдуламд Д.П-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Иймээс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Д.П- шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

            Хэдийгээр хариуцагч нь автомашины төлбөрт 1 900 000 төгрөг авсан талаар маргаагүй байх боловч анхан шатны шүүх хариуцагчаас 1 600 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

           

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/00827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 43 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                      ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           С.ЭНХТӨР