Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/00827

 

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2019/00827

Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Т боржигон овогт Д  П /РД:... /-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: ... тоотод оршин суух Б  Н /РД:../-т холбогдох

 

            Машины үнэнд төлсөн 1 800 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч , хариуцагч Б.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.П  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Ч  нь анх Б.Н  тавьсан зарын дагуу холбогдож Киа Оптима маркийн 60-95 НАА дугаартай автомашины үнийг 5 000 000 төгрөгөөр машиныг нь урьдчилгаа төлбөр төлөөд үлдэгдэл төлбөрийг түрээс байдлаар төлж худалдаж авахаар утсаар ярьж тохиролцсон. Ингээд хотын бичиг баримттай хүнтэй гэрээ хийнэ гэсэн тул өөрийн дүүгийн нөхөр болох Д.П  нэрээр гэрээ байгуулж, урьдчилгаанд 1 500 000 төгрөг төлж, машиныг авсан. Машины мөнгийг би өөрийн данснаас шилжүүлж байсан. Ингээд машиныг 2014 оны 11 сарын 21-ний өдөр гэрээ байгуулж аваад манай нөхөр Д.М  ажил гэрийн хооронд унаж байсан ба 12 сарын 13-ны өдөр эрхээ хасуулснаас унаж чадахгүй болсон тул Б.Н  учир байдлаа тайлбарлаж, 12 сарын 18-ны өдөр автомашиныг манай нөхөр буцаан хүргэж өгсөн. Б.Н нь автомашинаа хүлээн авч, уг машиныг түрээслэж, эсвэл зарсны дараа урьдчилгаанд төлсөн 1 800 000 төгрөгийг өгнө, санаа зовох юмгүй гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргийн дагуу 11 сарын 30-ны өдөр 100 000 төгрөг, 12 сарын 02-ны өдөр 300 000 төгрөг тус тус өгч байсан. Нэхэмжлэгч Д.П  хувьд гэрээнд гарын үсэг зурснаас биш уг машиныг өөрөө унаж ашиглаж байсан зүйл байхгүй, хариуцагч Б.Н  хувьд биднийг уг машиныг унаж байсныг мэдээгүй, буцааж өгөхдөө харанхуй шөнө авчирч өгсөн гэж байгааг зөвшөөрөхгүй худлаа ярьж байна. Иймд Б.Н  гэрээний дагуу машины урьдчилгаанд төлсөн 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө нь би өөрийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч намайг гэрээний нэг тал биш гээд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэв.

 

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 оны 11 сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн 60-95 НАА улсын дугаартай автомашинаа Д.П  түрээсийн гэрээ байгуулан өгч, урьдчилгаанд 1 500 000 төгрөг авч, уг мөнгийг Н.Ч  гэдэг хүн шилжүүлсэн нь үнэн. Тухайн үедээ энэ Ч  гэдэг хүн утсаар ярьж Д.П  эхнэр гэж өөрийгөө хэлсэн. Гэтэл Д.П нь миний машиныг М  гэж хүнд давхар түрээслэж, эвдэж хаячихаад харанхуй шөнө буцаан авчирч өгсөн. Машины аккумлятор, дугуй муудсан, машины багаж доод талаараа хумигдаж цоорсон байсныг нийт 1 300 000 төгрөгөөр засвар хийлгэж, 2 сая төгрөгт хүрэхгүйгээр зарсан. Иймд урьдчилгаанд төлсөн мөнгө нь засвар хийлгээд таарсан. Эдгээр хүмүүс нь Дархан-Уул аймагт амьдардагаа ч хэлээгүй, машиныг Д.П биш танихгүй хүн авчирч өгсөн гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.Н  холбогдуулан автомашины үнийн урьдчилгаанд төлсөн 1 800 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 600 000 төгрөгийг хангаж, үлдэх 200 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.  

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр байгуулагдсан Автомашин түрээслэх тухай гэрээг үндэслэж байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

  Талуудын хооронд 2014 оны 11 сарын 21-ний өдөр Автомашин түрээслэх тухай нэртэй гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.П нь хариуцагч Б.Н  өмчлөлийн Киа оптима маркийн 60-95 НАА дугаартай автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 1 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2015.09.01-ний өдрийн дотор сар бүрийн эхний 10 хоногт 200 000 төгрөг, сүүлийн 10 хоногт 200 000 төгрөг тус тус төлж дуусгахаар тохиролцжээ./хх-ийн 4/

Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.Н нь 60-95 НАА улсын дугаартай Киа оптима маркын автомашиныг Д.П  хүлээлгэн өгч, хариуцагч Б.Н нь өөрийн ХААН банкны данснаар машины урьдчилгаа төлбөрт 1 200 000 төгрөгийг, гэрээ байгуулагдснаас хойш машины үнэнд нийт 400 000 төгрөгийг авсан байх ба уг мөнгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч  шилжүүлсэн асуудлаар маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч машины урьдчилгаанд 1 200 000 төгрөгийг данснаас шилшүүлж, 300 000 төгрөгийг бэлэн мөнгөөр Б.Н  дансанд шилжүүлсэн гэж тайлбар гаргасан хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй байна.

Түүчнлэн гэрээ байгуулагдснаас хойш 22 хоногийн дараа буюу 2014 оны 12 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч тал автомашин жолоодох эрхээ хасуулсан шалтгаанаар машиныг буцаан өгснөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, хариуцагч тал автомашинаа хүлээн авсан байх ба эдгээр үйл баримтад талууд маргаангүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд Автомашин түрээслэх тухай нэртэй боловч худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч Д.П нь машиныг буцаан өгснөөр гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагджээ.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ...буцааж өгөх үүрэгтэй. гэснээр худалдан авагч нь гэрээний гүйцэтгэлд төлсөн 1 600 000 төгрөгийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

Хариуцагч Б.Н нь ...машины аккумлятор, дугуй муудсан, машины багаж доод талаараа хумигдаж цоорсон байсныг нийт 1 300 000 төгрөгөөр засвар хийлгэсэн... гэх тайлбарыг гаргаж маргасан хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал, хариуцагчийн автомашинд ямар эвдрэл гэмтэл учирсан түүнчлэн уг эвдрэлийг засуулахад ямар хэмжээний зардал гаргасан талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх гэрээний үүрэгтэй холбоотойгоор Н.Ч  нь Б.Н  холбогдуулж 2016 оны 4 сард нэхэмжлэл гаргасныг 2016 оны 4 сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/12461 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн захирамж хэрэгт авагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх ба хариуцагч энэ талаар маргаагүй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Б.Н  1 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.П  олгож, илүү нэхэмжилсэн 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Н  1 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.П  олгож, илүү нэхэмжилсэн 200 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг, хариуцагч Б.Н  улсын тэмдэгтийн хураамжид 40 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.П  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.М