Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00904 дүгээр шийдвэртэй, “Д” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-ад холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 979 545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК--ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Г-тай 16/17 тоот хийн түлш “Хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч нь манай компаниас 687 400 төгрөгийн хийн тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт худалдан авсан ба энэхүү дүнгээс 34 370 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 653 030 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Д.Г-ыг 653 030 төгрөгийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлөөгүй байна. 16/17 тоот гэрээний 2.3-т “Худалдан авагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө” гэж заасан ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 326 515 төгрөгийн алданги нэмж тооцогдож байна. Иймд Д.Г-аас хийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, алданги нийт 979 545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Г- нь “Д” ХХК--тай  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан үнэн. 2017 оны 7 дугаар сард “Д” ХХК--ийн борлуулагчид 653 000 төгрөг, мөн таксины мөнгө 10 000 төгрөгийг өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас 979 545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” ХХК--д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 060 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 28 060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Г-ын эхнэр Н.Оюундэлгэр миний бие “Д” ХХК--ийн менежерт 6 530 000 төгрөгийг өгсөн нь үнэн. Энэ асуудал бол “Д” ХХК--ийн ажилтнууддаа хариуцлага тооцож чадахгүй болохоор жирийн иргэнд нэхэмжлэл гаргасан. Энэ нь тухайн үедээ хэлсэн бол яаж ийж байгаад өгсөн хүнээ олох байсан. Бүр 1 жил 7-8 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй. Иймд гомдолтой байна. Мөнгө өгсөн хүнийг уулзуул гэхээр Шарын голд байгаа та зардлыг нь даагаад авчир гэдэг. Ийм юм байж болохгүй. Цагдаагаар шалгуулж үнэнийг олох хэрэгтэй. Миний хувьд мөнгө өгсөн хүнээ бүрэн танина. “Д” ХХК- өөрснөө хүнээ алдчихаад жирийн иргэнийг хохироож болно гэж үү. Иймээс маш их гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Д” ХХК- нь хариуцагч Д.Г-ад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 979 545 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-2, 19 дүгээр тал/

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “гэрээний төлбөр болох 653 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сард нэхэмжлэгч компанийн ажилтан эмэгтэйд бэлнээр өгсөн” гэж тайлбарлажээ.

 

            Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч хийн түлшний тоног төхөөрөмж авсан талаар маргаагүй, харин гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх талаар маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16/17 тоот хийн түлшний тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, плитка, баллон, холбогч хэрэгсэл, хийн түлш гэх бүрдэл хэсэгтэй тоног төхөөрөмжийг 687 400 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 6 сарын хугацаанд сар бүр 108 850 хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

            Нэхэмжлэгч “Д” ХХК- нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хариуцагчид 2016 оны 12 сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч маргаагүй байна. /хэргийн 9, 19 дүгээр тал/

 

Хариуцагч 656 000 төгрөгийг нэхэмжлэгч “Д” ХХК--ийн ажилтанд бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хэн гэдэг ямар ажил үүрэгтэй хүнд төлбөрийг бэлнээр өгсөн болохыг нэрлэн заагаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 дахь хэсэгт төлбөрийг дансаар шилжүүлж, шилжүүлэх утган дээр овог, нэрийг заавал бичихээр тохиролцжээ. Улмаар талууд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын байдлаар үлдэгдэл төлбөр 653 030 төгрийг төлөөгүй талаар тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж гарын үсэг зуржээ.

 

Хариуцагч нь бусдад шилжүүлсэн 653 030 төгрөгийг тухайн этгээдээс шаардах эрх нь нээлттэй юм. Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардахаар гэрээндээ заасан учраас мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн алдангид 326 515 төгрөг, нийт 979 545 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/00904 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 060 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                          С.ЭНХТӨР