Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00904

 

2019 оны 04 сарын 16 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00904

         Улаанбаатар хот

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... тоот хаягт байрлах, Д  ХХК /РД:...  /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамж, 925Б тоот хаягт оршин суух, Б овогт Д Г  /РД:.../-д холбогдох,

 

            Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 979 545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д  Г тай 16/17 тоот хийн түлш “Хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр худалдан авагч нь манай компаниас 687 400 төгрөгийн хийн тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт худалдан авсан ба энэхүү дүнгээс 34 370 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж 653 030 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Д.Г ыг 653 030 төгрөгийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлөөгүй байна. 16/17 тоот гэрээний 2.3 дахь зүйлд “Худалдан авагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги нэмж төлнө” гэж заасан ч Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 326 515 төгрөгийн алданги нэмж тооцогдож байна. Иймд Д.Г аас хийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 653 030 төгрөгийг 326 515 төгрөгийн алдангийн хамт нийт 979 545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Г  нь Д  ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан үнэн. 2017 оны 7 дугаар сард Д  ХХК-ийн борлуулагчид 653 000 төгрөг, мөн таксины мөнгө 10 000 төгрөгийг өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д  ХХК нь хариуцагч Д.Г ад холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 979 545 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний төлбөр болох 653 000 төгрөгийг 2017 оны 7, 8 сарын үед нэхэмжлэгч компанийн ажилтанд бэлнээр өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Хариуцагч Д.Г  нь Д  ХХК-тай 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 16/17 тоот хийн тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, плитка, баллон, холбогч хэрэгсэл, хийн түлш гэх бүрдэл хэсэгтэй тоног төхөөрөмжийг 687 400 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 6 сарын хугацаанд сар бүр 108 850 хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ.

 

            Хэрэгт цугларсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

            Нэхэмжлэгч Д  ХХК нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хариуцагчид 2016 оны 12 сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй болно. /хх-9/

 

Хариуцагч хуваарийн дагуу төлөлт хийгээгүй,  656 000 төгрөгийг борлуулагч юм уу, нэг ажилтан эмэгтэйд бэлнээр өгсөн гэж татгалзлаа тайлбарлаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т ...худалдан авагч нь 6 сарын хугацаанд сар бүр 108 850 төгрөгийг худалдагчийн дансаар шилжүүлж төлнө. Банкаар шилжүүлэх утган дээр гэрээний дугаар, худалдан авагчийн овог, нэрийг заавал бичнэ.”, 2.3-т “худалдан авагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө.” гэж заасан ба хариуцагч Д.Г  үнийг гэрээнд заасны дагуу төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д  ХХК нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Д.Г аас үндсэн төлбөр 653 030 төгрөг, гэрээний 2.3-т зааснаар алданги 326 515 төгрөг нийт 979 545төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г аас 979 545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д  ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 060 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Г аас 28 060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д  ХХК-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ