Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/03721

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2018/03721

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х э б ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 107.408.170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Тус компани нь Х э б ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2016/05/27 дугаарт машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн өмчийн нийт 13 техникээр Булган аймгийн Бүрэгхангай сум, 3 дугаар баг, Туулын зүүн дэнж гэх газар 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Түрээслэгч тал болох Х э б ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлөх 83.133.333,33 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нийт 292 хоногийн алданги болох 24.274.836 төгрөг, үндсэн төлбөр болох 83.133.333,33 төгрөгийн хамт нийт 107.408.170 төгрөгийг Х э б ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х э б ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... Манай компани нь М ХХК-тай 2016 оны 05 дугаар сард машин механизм түрээслэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ талууд гүйцэтгэсэн ба манай зүгээс тус компанид төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Өмнөх түрээсийн гэрээний дагуу талууд амжилттай хамтран ажилласан тул М ХХК-тай дахин машин механизм түрээслэхээр шийдээд санал тавьсны үндсэн дээр 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус компанитай машин механизм түрээслэх гэрээг дахин байгуулсан. Энэ гэрээний 1.2-т өөрөө буулгагч 10 ширхэг үнэ 8.000.000 төгрөг, авто ачигч 2 ширхэг үнэ 12.000.000 төгрөг нийт 24.000.000 төгрөг, экскаватор 1 ширхэг үнэ 35.000.000 төгрөг, усны машин 1 ширхэг үнэ 4.000.000 төгрөг, гэрээний нийт дүн сарын 131.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу тохиролцсон машин механизмуудыг хөлслүүлэгч тал уурхай дээр харилцан адилгүй хугацаанд хүлээлгэн өгсөн боловч хөлслүүлэгч өөрсдийн санаачлилгаар машин механизмууд эвдрэл гэмтэл гарсан, ажил хийхэд чанарын шаардлага хангахгүй байна хэмээн үзэж, солихоор шийдэн уурхайгаас буцаан авч явдаг байсан. Иймээс эдгээр түрээсийн техникүүд нь гэрээнд заасны дагуу бүрэн бүтэн хэмжээгээр ажиллаагүй болно. Манай уурхайн нэг ээлжинд ажлын нийт 12 цаг, үүнд хоолны 1 цаг, ээлж солилцох 1 цаг тус тус багтдаг бөгөөд 2 ээлжийн оператортой 24 цаг тасралтгүй ажиллах цагийн хуваарийг баримталдаг. Гэрээний 1.5-д түрээслэгч түрээсийн техникүүдийг ажиллуулахдаа өөрийн уурхайд баримталж байгаа цагийн хуваарийн дагуу ажил, амралтын цагийн горимыг мөрдөнө гэж заасны дагуу манай уурхайн цагийн хуваарийн дагуу ажиллуулахаар харилцан тохиролцсон. Мөн гэрээний 1.1-т техникүүдийг ажилд гаргасан өдөр тус бүрээр түрээсийн төлбөрийг тооцно гэсэн тул машин механизмын улсын дугаар бүрээр ажилд гарсан өдөр, ажлаас буусан өдөр нь 33-88, 95-88, 59-21, 71-26, 93-98 дугаартай өөрөө буулгагч 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 34 хоног, 66-72, 95-15 дугаартай өөрөө буулгагч 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 20 хоног, авто ачигч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 24 хоног, экскаватор 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 35 хоног, усны машин 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 34 хоног тус тус ажиллах ёстой. Энэ нь нэг түрээсийн техникийн нийт ажиллах ёстой байсан өдрүүд юм. Гэрээний 1.6-д зааснаар уулын ахлах мастер Б.Эрдэнэбаатарын өдөр тутмын ажлын бүртгэлд бүртгэгдсэнээр нийт ажилласан цагийг тооцож гаргахад 33-88 дугаартай өөрөө буулгагч 192 цаг буюу 2.562.667 төгрөг, 95-88 дугаартай өөрөө буулгагч 113.5 цаг буюу 1.513.067 төгрөг, 59-21 дугаартай өөрөө буулгагч 219.8 цаг буюу 2.930.133 төгрөг, 71-26 дугаартай өөрөө буулгагч 197.5 цаг буюу 2.633.333 төгрөг, 93-88 дугаартай өөрөө буулгагч 190 цаг буюу 2.527.733 төгрөг, 66-72 дугаартай өөрөө буулгагч 77.8 цаг буюу 1.037.600 төгрөг, 95-15 дугаартай өөрөө буулгагч 57 цаг буюу 757.733 төгрөг, авто ачигч 36 цаг буюу 3.7 км 720.000 төгрөг, экскаватор 166 цаг буюу 18.8 км 9.683.333 төгрөг, усны машин 340 цаг буюу 100 км 4.000.000 төгрөг, нийт 28.365.600 төгрөгийн ажил манай компанид гүйцэтгэсэн байна. Эхэнд дурдсанчлан тус компанитай 2 дахь удаагаа хамтран ажилласан бөгөөд өмнөх төлбөрөөс 9.100.000 төгрөгийг М ХХК-аас илүү төлсөн болно. Мөн манай компаниас шаардах хуудсаар шатахуун, тос тосолгооны материал зэргийг авч байсан бөгөөд одоог хүртэл М ХХК-аас нэхэмжлээгүй. Иймд тус компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х э б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 107.408.170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х э б ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2016/05/27 тоот машин механизм түрээслэх гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч М ХХК нь өөрөө буулгагч 10 ширхэг, авто ачигч 1 ширхэг, экскаватор 1 ширхэг, усны машин 1 ширхэгийг ажилтны хамт түрээслүүлэх, хариуцагч Х э б ХХК сард нийт 131.000.000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ /хх-3-4/.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байх ба талууд энэ талаар шүүхэд маргаагүй.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид өөрөө буулгагч 7 ширхэг /улсын дугаар УНЯ, УНӨ, 1УНА, УНӨ, УНЛ, УНЧ, УНЗ/, экскаватор 1 ширхэг, усны машин 1 ширхэгийг тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх машин механизмыг ямар хугацаагаар түрээслэж ашигласан, мөн түрээсийн төлбөрийг хэрхэн тооцох талаар тус тус дор дурдсанаар маргасан /хх-5, 26/. Үүнд:

 

1. Өөрөө буулгагч улсын дугаар УНЯ - нэхэмжлэгч 26 хоног 6.933.333,33 төгрөг, хариуцагч 192 цаг 2.562.667 төгрөг,

 

2. Өөрөө буулгагч улсын дугаар УНӨ - нэхэмжлэгч 21 хоног 5.600.000 төгрөг, хариуцагч 113.5 цаг 1.513.067 төгрөг,

 

3. Өөрөө буулгагч улсын дугаар УНА - нэхэмжлэгч 33 хоног 8.800.000 төгрөг, хариуцагч 219.8 цаг 2.930.133 төгрөг,

 

4. Өөрөө буулгагч улсын дугаарУНӨ - нэхэмжлэгч 32 хоног 8.533.333,33 төгрөг, хариуцагч 197.5 цаг 2.633.333 төгрөг,

 

5. Өөрөө буулгагч улсын дугаар УНЛ - нэхэмжлэгч 20 хоног 5.533.333,33 төгрөг, хариуцагч 190 цаг 2.527.733 төгрөг,

 

6. Өөрөө буулгагч улсын дугаар УНЧ - нэхэмжлэгч 14 хоног 3.733.333,33 төгрөг, хариуцагч 77.8 цаг 1.037.600 төгрөг,

 

7. Өөрөө буулгагч улсын дугаар УНЗ - нэхэмжлэгч 7 хоног 1.866.666,67 төгрөг, хариуцагч 57 цаг 757.733 төгрөг,

 

8. Экскаватор - нэхэмжлэгч 22 хоног 25.666.666,67 төгрөг, хариуцагч 166 цаг буюу 18.8 км 9.683.333 төгрөг,

 

9. Усны машин - нэхэмжлэгч 35 хоног 4.666.666,67 төгрөг, хариуцагч 340 цаг буюу 100 км 4.000.000 төгрөг,

 

10. Авто ачигч - нэхэмжлэгч 30 хоног 12.000.000 төгрөг, хариуцагч 36 цаг буюу 3.7 км 720.000 төгрөг.

 

Мөн зохигчид дээрх тооцоотой холбоотой тус бүрдээ хөтөлсөн тооцооны баримт, нарядын болон бүртгэлийн дэвтэр, сул зогсолтын мэдээ, цалингийн тооцоо баримтуудыг шүүхэд гаргасан /хх-40-95, 103-141, 145, 207-221, хэргийн хавсралт 2 ширхэг дэвтэр/ ба хэн аль нь эсрэг талын гаргасан баримтыг маргаж хүлээн зөвшөөрөөгүй.

 

Түрээсийн гэрээний 1.1-д техникүүдийг ажилд гаргасан өдөр тус бүрээр түрээсийн төлбөрийг тооцно, 1.5-д түрээслэгч түрээсийн техникүүдийг ажиллуулахдаа өөрийн уурхайд баримталж байгаа цагийн хуваарийн дагуу түрээслүүлэгчийн ажилтнуудыг ажиллуулна, түрээсийн ажилтнууд түрээслэгчийн уурхайд мөрдөж байгаа журмын дагуу ажил, амралтын цагийн горимыг мөрдөнө, 1.6-д засвар үйлчилгээ хийсэн болон ажил эхэлсэн хугацааг өдөр тутмын ажлын бүртгэлээр бүртгэж талууд гарын үсэг зурснаар баталгаажуулж тооцно, 1.7-д гэрээ байгуулснаас хойш уурхай руу явуулсан техникүүдийн түрээсийн төлбөрийг тус уурхайд очиж, ажиллаж эхэлсэн өдрөөс тооцно гэж тус тус заасан ба зохигчид машин механизмыг хүлээлцсэн баримт үйлдээгүйгээс гадна гэрээнд заасны дагуу машин механизмын ажилласан хугацааг өдөр тутмын ажлын бүртгэлээр бүртгэж хамтран гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

 

Нотлох үүргийн хуваарилалтын дагуу түрээслэгчийн мэдэлд шилжсэн машин механизмыг хэрхэн, яаж эзэмшиж, ашигласнаа түрээслэгч буюу хариуцагч тал нотлох үүрэгтэй.

 

Хариуцагчийн хүсэлтээр шинжилгээ хийсэн Улиастай ван аудит ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 32/18 дугаар дүгнэлтэд түрээсийн төлбөрт 83.133.333,33 төгрөг, алданги 24.274.836 төгрөг, нийт 107.408.170 төгрөг баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн /хх-185-186/ ба уг дүгнэлтийг мөн хариуцагч маргаснаар дахин шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтэд нэхэмжлэгчийн баримтаар түрээслэсэн 10 машин механизм нь 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 4084,4 цаг ажилласан, нэг өдрийн ажиллах цаг 20 цаг гэж тооцвол төлбөл зохих түрээсийн төлбөр 76.233.666,67 төгрөг болно, хариуцагчийн баримт 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх бөгөөд бусад өдрийн ажилласан баримтууд дутуу, түрээсийн төлбөр төлсөн гэх баримт авагдаагүй гэжээ /хх-228-231/. Мөн дүгнэлтийн хавсралтад тээврийн хэрэгсэл бүрийн ажилласан хугацааг хоногоор, цагаар тооцсон байна.

 

Зохигч талууд дээрх шинжээчийн дүгнэлттэй 2018 оны 11 дүгээр сарын 12, 14-ний өдөр тус тус танилцсан ба түүнийг маргаж үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт шүүхэд гаргаагүй болно /хх-240/.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан өдөр тутмын ажлын бүртгэл гэх дэвтэр /шар хавтастай/ болон нарядын дэвтрийг шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзэхэд түрээсийн 10 машин механизм өдөр бүр бүрэн ажилласан эсэх, аль нь ямар хугацаагаар хэрхэн ажилласан, аль нь ямар шалтгаанаар ажиллаагүй болохыг тодорхой тусгаагүй, мөн түрээслүүлэгч байгууллагын ажилтан болох машин механизмын жолооч баталгаажуулаагүйгээс эдгээрийг эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй байна.

 

Иймээс шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтийг үндэслэн түрээсийн гэрээний үүргийг тогтоох үндэстэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь тус түрээсийн гэрээнээс өмнө байгуулсан түрээсийн гэрээний дагуу илүү төлсөн 9.100.000 төгрөгийг нэхэмжлэлд тооцуулна гэж маргаж байх /хх-144/ боловч өөр гэрээтэй холбоотой маргааныг тус иргэний хэрэгт хянан шийдвэрлээгүй учир уг тайлбарыг хүлээн авах боломжгүй. Харин хариуцагч тухайн гэрээний дагуу илүү төлсөн гэх төлбөрөө нэхэмжлэгчээс буцаан шаардахад тус шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Түрээсийн гэрээний 4.1-д түрээслэгч гэрээнд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд түрээсийн төлбөрийг тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-ийн алданги төлнө, 1.3-д түрээсийн төлбөрийг сар сардаа төлж байхаар харилцан тохиролцов гэж зааснаас үзэхэд талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийн талаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ба хариуцагч нь түрээсийн төлбөрийг тухайн сард нь төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардсан нь үндэстэй.

 

Нэхэмжлэгч түрээсийн техникийг буцаан авсан 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нийт 292 хоногт алданги тооцсон нь үндэстэй байх ба алдангид 22.260.230 төгрөг /76.233.667*0.1%*292/ тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Х э б ХХК-аас түрээсийн төлбөр 76.233.667 төгрөг, алданги 22.260.230 төгрөг, нийт 98.493.897 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь ажлын хөлс 1.200.000 төгрөгийг төлүүлэх тухай мэдэгдлийг ирүүлсэн /хх-227/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд хамаарах уг төлбөрийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяад  дугаарын утсаар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Мөн хариуцагчид болон гэрч Б.Эрдэнэбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч байгууллагын Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 66-49 тоот хаягаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Монлаа 8-15 тоот хаягаар тус тус хүргүүлэхэд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадлагааг тус тус ирүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х э б ХХК-аас 98.493.897 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8.914.273 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694.991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х э б ХХК-аас 1.200.000 төгрөг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, мөн 650.419 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д тус тус олгосугай.

 

3. Хариуцагч Х э б ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА