Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 365

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03721 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 107 408 170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь “Х” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2016/05/27 дугаарт машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээнд заасны дагуу өөрийн өмчийн нийт 13 техникээр Булган аймгийн Бүрэгхангай сум, 3 дугаар баг, Туулын зүүн дэнж гэх газар 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Түрээслэгч тал болох Х ХХК нь түрээсийн гэрээний дагуу төлөх 83 133 333.33 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу нийт 292 хоногийн алданги болох 24 274 836 төгрөг, үндсэн төлбөр болох 83 133 333.33 төгрөгийн хамт нийт 107 408 170 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь “М” ХХК-тай 2016 оны 5 дугаар сард машин механизм түрээслэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ талууд гүйцэтгэсэн ба манай зүгээс тус компанид төлөх төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Өмнөх түрээсийн гэрээний дагуу талууд амжилттай хамтран ажилласан тул “М” ХХК-тай дахин машин механизм түрээслэхээр шийдээд санал тавьсны үндсэн дээр 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус компанитай машин механизм түрээслэх гэрээг дахин байгуулсан. Энэ гэрээний 1.2-т өөрөө буулгагч 10 ширхэг үнэ 8 000 000 төгрөг, авто ачигч 2 ширхэг үнэ 12 000 000 төгрөг нийт 24 000 000 төгрөг, экскаватор 1 ширхэг үнэ 35 000 000 төгрөг, усны машин 1 ширхэг үнэ 4 000 000 төгрөг, гэрээний нийт дүн сарын 131 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу тохиролцсон машин механизмуудыг хөлслүүлэгч тал уурхай дээр харилцан адилгүй хугацаанд хүлээлгэн өгсөн боловч хөлслүүлэгч өөрсдийн санаачилгаар машин механизмууд эвдрэл гэмтэл гарсан, ажил хийхэд чанарын шаардлага хангахгүй байна хэмээн үзэж, солихоор шийдэн уурхайгаас буцаан авч явдаг байсан. Иймээс эдгээр түрээсийн техникүүд нь гэрээнд заасны дагуу бүрэн бүтэн хэмжээгээр ажиллаагүй болно. Манай уурхайн нэг ээлжинд ажлын нийт 12 цаг, үүнд хоолны 1 цаг, ээлж солилцох 1 цаг тус тус багтдаг бөгөөд 2 ээлжийн оператортой 24 цаг тасралтгүй ажиллах цагийн хуваарийг баримталдаг. Гэрээний 1.5-д түрээслэгч түрээсийн техникүүдийг ажиллуулахдаа өөрийн уурхайд баримталж байгаа цагийн хуваарийн дагуу ажил, амралтын цагийн горимыг мөрдөнө гэж заасны дагуу манай уурхайн цагийн хуваарийн дагуу ажиллуулахаар харилцан тохиролцсон. Мөн гэрээний 1.1-т техникүүдийг ажилд гаргасан өдөр тус бүрээр түрээсийн төлбөрийг тооцно гэсэн тул машин механизмын улсын дугаар бүрээр ажилд гарсан өдөр, ажлаас буусан өдөр нь 33-88, 95-88, 59-21, 71-26, 93-98 дугаартай өөрөө буулгагч 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 34 хоног, 66-72, 95-15 дугаартай өөрөө буулгагч 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 20 хоног, авто ачигч 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 24 хоног, экскаватор 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 35 хоног, усны машин 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 34 хоног тус тус ажиллах ёстой. Энэ нь нэг түрээсийн техникийн нийт ажиллах ёстой байсан өдрүүд юм. Гэрээний 1.6-д зааснаар уулын ахлах мастер Б.Эрдэнэбаатарын өдөр тутмын ажлын бүртгэлд бүртгэгдсэнээр нийт ажилласан цагийг тооцож гаргахад 33-88 дугаартай өөрөө буулгагч 192 цаг буюу 2 562 667 төгрөг, 95-88 дугаартай өөрөө буулгагч 113.5 цаг буюу 1 513 067 төгрөг, 59-21 дугаартай өөрөө буулгагч 219.8 цаг буюу 2 930 133 төгрөг, 71-26 дугаартай өөрөө буулгагч 197.5 цаг буюу 2 633 333 төгрөг, 93-88 дугаартай өөрөө буулгагч 190 цаг буюу 2 527 733 төгрөг, 66-72 дугаартай өөрөө буулгагч 77.8 цаг буюу 1 037 600 төгрөг, 95-15 дугаартай өөрөө буулгагч 57 цаг буюу 757 733 төгрөг, авто ачигч 36 цаг буюу 3.7 км 720 000 төгрөг, экскаватор 166 цаг буюу 18.8 км 9 683 333 төгрөг, усны машин 340 цаг буюу 100 км 4 000 000 төгрөг, нийт 28 365 600 төгрөгийн ажил манай компанид гүйцэтгэсэн байна. Эхэнд дурдсанчлан тус компанитай 2 дахь удаагаа хамтран ажилласан бөгөөд өмнөх төлбөрөөс 9 100 000 төгрөгийг “М” ХХК-аас илүү төлсөн болно. Мөн манай компаниас шаардах хуудсаар шатахуун, тос тосолгооны материал зэргийг авч байсан бөгөөд одоог хүртэл “М” ХХК-аас нэхэмжлээгүй. Иймд тус компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-аас 98 493 897 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 914 273 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694 991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 1 200 000 төгрөг гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд, мөн 650 419 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д тус тус олгож,

Хариуцагч Х ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралд хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-с татгалзаж Э.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, энэ тухай итгэмжлэл хүсэлтийг өгсөн бөгөөд манай итгэмжлэгдсэн төлөөлөгч тус өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр шүүх хурал давхцсан хурлын тов мэдэгдэх худсыг хүсэлтийн хамт шүүхэд өгсөн байхад шүүх хуралдааныг явуулж хариуцагчийн мэтгэлцэх, тайлбар гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Үүнийг тайлбарлахдаа шүүх хурал эхэлсэн хойно хүсэлт өгсөн гэдэг нь үндэслэлгүй.

Тус хэрэг маргаанд манай компанийн уулын ахлах мастер Б.Эрдэнэбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангасан байсан бөгөөд тус хүсэлтийг хангаснаас хойш шинжээчийн дүгнэлттэй холбоотой маргаанаас шалтгаалан тус иргэний хэрэг удаа дараа түдгэлзэж, мөн гэрч Э.Эрдэнэбаатар хөдөө орон нутагт ажиллаж байсан зэргээс шалтгаалан гэрчээр асуулгаж чадаагүй байсан. Гэтэл шүүхээс гэрч Б.Эрдэнэбаатарыг асуух, оролцуулах ямар ч арга хэмжээ авахгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5-д тус тус заасныг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-г тус хэргийн материалтай танилцах тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 194 дүгээр дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус дүгнэлт нь зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тооцоог үндэслэн гарсан бөгөөд манай талаас гаргаж өгсөн /зарим нь дутуу боловч байгаа баримтыг үнэлээгүй/ хэрэгт байгаа баримтыг тулгаж, тооцож гаргаагүй дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 83 133 333 төгрөг, алдангид 24 274 836 төгрөг, нийт 107 408 170 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2016/05/27 дугаартай машин, механизм түрээслэх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрөө буулгагч 10 ширхэг, авто ачигч 1 ширхэг, эксковатор 1 ширхэг, усны машин 1 ширхэг, нийт 13 ширхэг машин механизмыг операторын хамт хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь сарын    131 000 000 төгрөгийн хөлс үүрэг хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээдэг тул хариуцагч нь эд хөрөнгө түрээслэсэн хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Зохигчдын хэн аль нь 10 техник түрээслэсэн талаар маргаагүй, харин 10 техникийг хэзээ, ямар хугацаанд хүлээн авсан, 10 техник доголдолтой байсан эсэх үйл баримтын талаар талууд маргасан байна.

 

Түрээсийн гэрээний 1.6-д “засвар үйлчилгээ хийсэн болон ажил эхэлсэн хугацааг өдөр тутмын ажлын бүртгэлээр бүртгэж талууд гарын үсэг зурснаар баталгаажуулж тооцно” гэж тохиролцжээ.

 

Талууд 10 техникийг хүлээлцсэн талаар баримт үйлдээгүй, хариуцагч нь өдөр тутмын ажлыг ажлын бүртгэлийн дэвтэр хөтөлж бүртгэхдээ зохигчдоор гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй тул уг дэвтэр шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 10 машин механизмыг 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч, 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан гэж хугацааг тодорхойлсон бол хариуцагч нь харилцан адилгүй хугацаанд 10 машин механизмыг хүлээн авч ажиллуулсан гэж зөрүүтэй тайлбар гаргаж маргажээ.

 

Хариуцагч нь 10 машин механизмыг нэхэмжлэгчээс харилцан адилгүй хугацаанд хүлээн авсан гэдгийг нотлож чадаагүй, уг хугацаагаа тодорхойлоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид 10 машин механизмыг 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгч, 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээний 1.2-т түрээсийн төлбөрийг сарын буюу 30 хоногийн 2 ээлжээр өөрөө буулгагч 2 ээлж 8 000 000 төгрөг, авто ачигч 2 ээлж 12 000 000 төгрөг, эксковатор 2 ээлж   35 000 000 төгрөг, усны машин 1 ээлж 4 000 000 төгрөг гэж тохиролцсон тул хариуцагчийн 10 машин механизмыг цагаар тооцож 28 365 600 төгрөг төлнө гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

Талууд түрээсийн гэрээний 4.1-д Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхээр тохирсон ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг хооронд харьцуулан үзэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хариуцагчаас түрээсийн төлбөрт 76 233 667 төгрөг, алдангид 22 260 230 төгрөг, нийт 98 493 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 13 машин механизм хүлээлгэн өгснөөс эвдрэлтэй байсан 3 машин механизмыг уурхайгаас буцаан авчирч 10 машин механизм түрээслэсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн түрээслэсэн 10 машин механизм эвдрэл гэмтэлтэй доголдолтой байснаас уурхайд бүрэн ажиллаагүй, сул зогссон гэсэн тайлбар гаргасан байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээнд хэрэглэгдэх журам нэгэн адил мөрдөгдөх бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн буюу гэнэтийн нөхцөл байдал бий болсноор эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ авах шаардлага гарсан бол энэ тухай хөлслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна. Хариуцагч нь түрээсийн зүйл болох 10 машин механизмыг эвдэрсэн, сул зогссоноос уг түрээсийн эд хөрөнгийг бүрэн ашиглаж чадаагүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримтгүйгээс гадна дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Мөн талууд гэрээний 3.1-д “түрээсийн техникийн эвдрэл гэмтлийг түрээслүүлэгчид нэн даруй мэдэгдэх”, мөн гэрээний 3.7-д “түрээслүүлэгчээс хамаарч гарсан сул зогсолтын төлбөрийг түрээслэгч хариуцахгүй”, мөн гэрээний 3.8-д “давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан техникүүд сул зогссон хугацааны түрээсийн төлбөрөөс түрээслэгч чөлөөлөгдөнө” гэж тус тус тохирчээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/03721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 660 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ