Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1066

 

 

 

 

 

 

 

 

 

 “ТБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00779 дүгээр шийдвэртэй, “ТБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “НТ” ХХК--д холбогдох, гэм хорын хохирол 93 815 172 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадгаламж банк” ХХК-ийн зарим шаардах эрхийг гэрээгээр хүлээн авахад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой авлагын шаардах эрхийг “ТБ” ХХК- шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар “ТБ” ХХК- шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд татан буулгасан ба мөн өдрөө “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч болон “ТБ” ХХК--ийн хооронд 002/2013БЭХА/154 тоот “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байна. Улмаар 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Хадгаламж банк” ХХК-ийн эрх хүлээн авагч болон “ТБ” ХХК--ийн хооронд 002/2013БЭХА/164 тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр нийт 553 067 734 955.56 төгрөгийн шаардах эрх шилжүүлсний нэг нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хохирлын асуудал болно. “НТ” ХХК- болон “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Бэлэн мөнгөний машин байршуулах” тухай гэрээ байгуулагджээ. Уг гэрээнд “НТ” ХХК--ийг төлөөлж Ерөнхий захирал Ш.Оюунсогоо, “Хадгаламж банк” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал С.Сүхболд нар гарын үсэг зурсан ба тухайн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Тус гэрээнд “Хадгаламж банк” ХХК-ийн өмчлөлийн АТМ-ыг “НТ” ХХК--ийн худалдааны төвд байршуулан иргэдэд бэлэн мөнгө олгох үйлчилгээг явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан. Гэтэл 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “НТ-” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч шатсны улмаас 1 хүн нас барж, мөн үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын хүнсний болон бусад бараа материал шатаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд тус “НТ-” худалдааны төвд байрлаж байсан “ТБ” ХХК--ийн АТМ мөн шатаж банкинд хохирол учирсан. “НТ-” захын хүнсний захад гарсан галын хэрэгт 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын газраас 201301022504 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Батзориг “ТБ” ХХК--ийг хохирогчоор тогтоож тогтоол гаргасан. 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “НТ-” олон улсын худалдааны төвийн галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий этгээдүүд галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах НТ- олон улсын худалдааны төвийн Хүнсний захад 2013 оны 08 сарын 23-ны өдөр гал гарч, 1 хүн нас барсан, мөн нийт 481 иргэдийн эд зүйл бараа материал галд шатаж 16 216 120 823 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарыг байцаасан тэмдэглэл, Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 550/ж-187 тоот шинжээчийн дүгнэлт, яллагдагч нарыг байцаасан тэмдэглэл болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөлд хамрагдах үндэстэй гэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас 1573 тоот тогтоол гарган уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1573 тоот тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогчид өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан байна. Гэтэл “НТ” ХХК--ийн НТ- олон улсын худалдааны төвийн хүнсний зах дотор байрлаж байсан “ТБ” ХХК--ийн АТМ болон бэлэн мөнгө шатсантай холбоотойгоор “ТБ” ХХК--д хохирол учирсан. Уг шатсан АТМ-ийг 2011 онд 18 150 ам доллараар худалдан авсан ба түүний үнийг УМБГ-ын газар Эд зүйлийн үнэлгээг хийлгэхэд 50 хувь үнэ бууруулан 19 284 375 төгрөг, мөн камерийн компьютерийн процессор 1 385 205 төгрөг, хяналтын камер 916 534.6 төгрөг, камерийн свич 55 436.15 төгрөг бүгд 21 641 480 төгрөг, АТМ-д гүйлгээнд бэлэн байсан 46 666 000 төгрөг нийт 72 126 648 төгрөгийн хохиролтой гэж үзэж нэхэмжилсэн. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа уг АТМ-ны үнийг 22 687 500 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн байх боловч одоо нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж нийт 21 688 524 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 93 815 172 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс нь “НТ” ХХК--ийн ерөнхий менежер н.Түвшинбат, цахилгааны инженер н.Энхбаатар, ашиглалтын албаны дарга н.Отгонбаяр, цахилгаанчин н.Бямбаа, хүнсний албаны менежер н.Наранхүү гэсэн хүмүүс байсан. “ТБ” ХХК--ийн зүгээс “НТ” ХХК- хариуцлага алдсан хүмүүсийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна. АТМ байршуулах гэрээний дагуу “НТ” ХХК- бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүйн улмаас “ТБ” ХХК--д хохирол учирсан бөгөөд өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй. Ажилчдынхаа учруулсан гэм хорыг ажил олгогч буруугүй байсан ч хариуцах тухай хуулийн зохицуулалт байгаа. Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас “НТ” ХХК--д 1 жилийн хугацаанд 4 удаа албан шаардлага хүргүүлсэн. Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн, хуулийн шаардлага зөрчсөн байна гээд хугацаатай үүрэг, даалгавар өгөхөд нэг ч даалгаврыг биелүүлээгүй. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сард хүргүүлсэн албан шаардлагыг хэрэгт өгсөн. Гал гарсан шалтгаан нь хүнсний захад цахилгааны богино холболт үүсээд гал гарсан. “НТ” ХХК- нь “ТБ” ХХК--ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Сар бүр тодорхой хэмжээний ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг төлж байсан. Хадгалах, хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас энэ хохирол учирсан. АТМ бол Хадгаламж банкны өмчлөлтэй байсан боловч хуулийн дагуу “ТБ” ХХК--д шилжиж ирсэн. Шатсан 46 666 000 төгрөг бол “ТБ” ХХК--ийн мөнгө байсан. Иймд ТБ учирсан 93 815 172 төгрөгийн хохирлолыг “НТ” ХХК- аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТБ” ХХК--ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “НТ” ХХК--ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Прокурорын тогтоолоор тогтоогдсон гэдгийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримт бүрдүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой маргахгүй, дахин нотлохгүй гэсэн зохицуулалттай байдаг. “НТ” ХХК--ийн буруутай үйлдлээс болж гарсан гэдгийг эцэслэн тогтоосон шүүхийн шийдвэр гэж үзэж болохгүй. 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Хохирлоо төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлэх юм бол Өршөөлийн хуульд хамрагдана гэсэн зохицуулалттай байсан. Энэ хэрэгт шалгагдаж байсан 6 хүн хохирлоо төлнө гэж хүлээн зөвшөөрөөд Өршөөлийн хуульд хамрагдсан. Энэ хэрэгт “НТ” ХХК- хохирогчоор тогтоогдсон. 5-6 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар баримт байгаа. Хохирогчоор тогтоогоод иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч болоод байгаа “НТ” ХХК- өөрөө хохирогчоор тогтоогдсон. Галын шалтгаан “НТ” ХХК--ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх нэг ч баримт байхгүй. Прокурорын тогтоолд гэм буруугаа өөрсдөө хүлээн зөвшөөрөөд хохирлыг төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд гээд бичсэн байгаа. Гэм буруугаа хүлээсэн этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх гэсэн агуулгатай. Хэргээ хэрэгсэхгүй болгох гэж мэдүүлэг өгсөн этгээдүүдийн мэдүүлгийг үндэслэж “НТ” ХХК--ийг шууд буруутгаж болохгүй. Харин хохирсон хүмүүсийн асуудлыг чадах чинээгээрээ шийдсэн. Шинэ худалдааны төв бариад хүмүүсийг оруулсан гэх мэт. Өршөөлийн хууль гэнэт гардаг, зарим хуулиудтай нийцдэггүй. Хэрвээ энэ хэрэгт “НТ” ХХК- хохирлоо төлөхөө илэрхийлсэн бол маргаан байхгүй байсан байх. Өршөөлийн хууль бол гэм буруугаа хүлээх юм бол л хэрэгсэхгүй болох зохицуулалттай. Прокурорын тогтоолд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэж байгаа боловч хэнээс нэхэмжлэх нь тодорхойгүй байгаа. Өршөөлийн хуулийн зохицуулалт нь хариуцагчийн эрх зүйн байдлыг шууд дордуулж болохгүй гэж үзэж байгаа юм. “НТ” ХХК--ийн буруутай үйлдлээс гал гарсан гэх баримт хэрэгт байхгүй. Ажилчдын буруутай үйл ажиллагаа гэдэг нь нотлогдоогүй гэж үзэж байна. Хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд бид буруутай, хохирлоо төлье гэж хэлж байгаа юм. Ажилчдын үг нь компанийнн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсгэхгүй. 4 удаагийн албан шаардлага хүргүүлсэн гэж байгаа боловч энэ нь гал гарахаас өмнөх үйл явдал юм. Тэр шаардлагууд энэ хэрэгтэй хамааралгүй гэж үзэж байна. “НТ” ХХК- “ТБ” ХХК--тай АТМ байрлуулах гэрээ байгуулаагүй. “ТБ” ХХК--д өмчлөх эрх шилжиж ирсэн гэж ярьж байна. Энэ тохиолдолд гэрээ байгуулсан субъект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн АТМ нэхэмжлэх эрх нь тодорхой хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр шилжих ёстой байх. Прокурорын дүгнэлтээр “НТ” ХХК--ийг шууд буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэлнэ гэж зохицуулсан. Прокурорын тогтоол бол шүүхээр орохгүй гэсэн хүмүүсийн сонирхол дээр үндэслэж Өршөөлийн хуулийг хэрэглэж байгаа зохицуулалт юм. Хэрвээ Өршөөлийн хууль гараагүй бол эрүүгийн шүүхээр хэн буруутай гэдэг нь тогтоогдоод явах боломжтой байсан. Харамсалтай нь “НТ” ХХК--аас хамааралгүйгээр Өршөөлийн тухай хууль гараад хэрэгсэхгүй болгоод явсан асуудал. Эрүүгийн хуулийн гол агуулга бол гэм буруутай этгээдүүд хохирлыг төлөх асуудал. Галын жинхэнэ шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа гэж л үзээд байгаа юм. “НТ” ХХК- бол галыг санаатайгаар хэн нэгэн тавьсан гэсэн байр суурьтай байгаа. Галын шалтгаан тогтоогдож байж “НТ” ХХК--ийг буруутгах, эс буруутгах эсэх асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Иймд “ТБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НТ” ХХК--аас 68 307 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 507 692 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НТ” ХХК--аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 499 487.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгааг хүлээн авч, ханган шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 68 307 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК--д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гарсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. “НТ” ХХК-, “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №9, 13/110 дугаар тоот "Бэлэн мөнгөний машин байршуулах гэрээ"-г байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэж, улмаар гэрээний үүргээ зөрчиж, “НТ” ХХК--ийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас “ТБ” ХХК--д хохирол учирсан тул ажил олгогч “НТ” ХХК- нь ажиллагсдынхаа бусдад учруулсан гэм хорыг хохирлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1573 дугаар тогтоолоор Д.Түвшинбат нарт холбогдох эрүүгийн хэргийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.Түвшинбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо яллагдагч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн нъ өршөөлд хамрагдах үндэслэлтэй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнээс үзвэл "НТ-" ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас “ТБ” ХХК--ийн нэхэмжлээд байгаа хохирлыг нь учруулаагүй байдаг тул түүнийг “НТ” ХХК- хариуцах нь иргэний эрх зүйн зарчим нь үл нийцнэ. Учир нь бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгах нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зохицуулсан байх бөгөөд 510.1 дэх хэсэгт "...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..." гэж заасан байна. Гэтэл шүүх дээрх хуулийн зүйл заалтыг баримтлаж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хохирол учруулсан этгээдийг “НТ” ХХК- мэтээр ойлгож гэм хорыг төлүүлээд байгаа нь дээрх хуулийн заалтанд үл нийцэхээр байна. Бусдын буюу ТБ эд хөрөнгөд хохирол учруулсан этгээдүүд нь дээрх прокурорын тогтоолд дурдсанаар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж улмаар өршөөгдсөн байдаг нь “НТ” ХХК- нь “ТБ” ХХК--д хохирол учруулаагүй харин Д.Түвшинбат нэр бүхий 6 иргэний буруутай үйл ажиллагааны улмаас “ТБ” ХХК--д хохирол учруулсан түүнийгээ төлөхөө илэрхийлээд байхад Д.Түвшинбат нэр бүхий 6 иргэнээс гэм хор хохирлыг гаргуулан авах нь хуульд нийцэхээр байна. Мөн “НТ” ХХК- нь дээр дурдсан прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож иргэний нэхэмжлэгчээр оролцсон хохирогч, түүнчлэн ТБ ХХК-д учруулсан гэм хорын буюу галын шалтгаан нь “НТ” ХХК--ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй байтал “ТБ” ХХК--д хохирол учруулсан гэж үзэн учруулсан хохирлыг компаниас гаргуулах нь Иргэний хуульд нийцэхгүй шийдвэр гарчээ. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр "НТ-" олон улсын худалдааны төвийн хүнсний захад гарсан галын шалтгаан нэр бүхий 6 хүний буруутай үйлдлээс болон “НТ” ХХК--ийн буруутай үйлдлээс болсон гэдгийг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн тухай хууль гараагүй шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол гал гаргасан буруутай этгээдийг тогтоож, түүнээс учирсан хохирлыг хохирол учруулан гэх этгээдүүд шаардан гаргуулах, улмаар буруутай этгээдэд нь галын улмаас бусдад учруулсан хохирлоо төлөөд явах нь хуульд нийцэхээр байсан. Гэтэл Өршөөлийн тухай хууль гарснаар “НТ” ХХК- нь бусдын өмнөөс үүрэг хүлээх нөхцөл байдлыг үүсгээд байгаа нь Иргэний хуулийн гэрээний эрх зүйн ойлголт зарчимд нийцэхгүй байна. 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, “НТ” ХХК--ийн Хүнсинй захад гарсан галын хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан "Золач" ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21/15 дугаар дүгнэлтэд тухайн үеийн Хадгаламж банкинд учирсан гэм хорын хохирлыг тодорхойлох боломжгүй болохыг дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгч ТБ нэхэмжлээд байгаа хохирол нь тогтоогдоогүй, гарсан гэх хохирлыг хэн төлөх нь тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлээд байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэхээр байна. Иймд АТМ машинд шатсан гэх 46 666 000 төгрөг байсан эсэх нь тогтоогдоогүй, мөн АТМ машин түүний дагалдах хэрэгслийн хамт 21 641 480 төгрөг гэж цагдаагийн байгууллагын гаргасан албан ёсны бус дүгнэлтийг үндэслэж үнэлгээ тогтоож өндөр үнээр үнэлж хохирол тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 779 дүгээр шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “ТБ” ХХК- нь хариуцагч “НТ” ХХК--д холбогдуулан НТ- олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсны улмаас учирсан гэм хорын хохиролд 72 126 648 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шатсан бэлэн мөнгөний машины үнийг нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 21 388 524 төгрөгөөр нэмэгдүүлж, гэм хорын хохиролд нийт 93 815 172 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./1хх 1-2, 50, 82, 103 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч “ТБ” ХХК- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “НТ” ХХК--ийг “Хадгаламж банк” ХХК-тай байгуулсан “Бэлэн мөнгөний машин байршуулах гэрээ”-ний үүргээ зөрчиж, тус компанийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас “ТБ” ХХК--д хохирол учирсан тул ажил олгогч “НТ” ХХК- нь ажиллагсдынхаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх ёстой” гэж, харин хариуцагч “НТ” ХХК- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “гал гарсан шалтгаан тогтоогдоогүй тул тус компани бусдад учирсан хохирлыг хариуцах үүрэггүй, уг гал гарсан хэрэгт шалгагдаж байсан компанийн ажилтнууд хэргээ хэрэгсэхгүй болгуулах гэж өгсөн мэдүүлгийг үндэслэн тус компанийг буруутгаж хохирол гаргуулах үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Хэрэгт Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн А/157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгаж, мөн өдөр “Хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагч болон “ТБ” ХХК--ийн хооронд байгуулагдсан 002/2013БЭХА/154 тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, 002/2013БЭХА/164 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Эд хөрөнгө болон эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус авагдсан байна. Иймд “Хадгаламж банк” ХХК-ийн шаардах эрх нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар “ТБ” ХХК--д шилжсэн гэж шүүх зөв дүгнэжээ. /1хх 7-11, 108-109 дүгээр тал/

 

            Мөн “НТ” ХХК-, “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр №9, 13/110 тоот Бэлэн мөнгөний машин байршуулах гэрээг Иргэний хуулийн 422-425 дугаар зүйлийг үндэслэн байгуулж, тус гэрээгээр банк өөрийн өмчлөлийн бэлэн мөнгөний АТМ машиныг “НТ” ХХК--ийн худалдааны төвд байршуулахаар тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэсэнд зохигч маргаагүй./1хх 19-21 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд “НТ” ХХК--ийн ажилтнуудын буруутай эс үйлдлийн улмаас гал гарч, бусдад гэм хор учирсан болох нь 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын тогтоол, П.Энхбаатар, Д.Наранхүү, Д.Түвшинбат, Д.Отгонбаяр нарын хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эрүүгийн 201301022405 тоот хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан эд зүйлийн жагсаалтын хуулбар, 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2013 оны 10 дугаар 24-ний өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна./1хх 23-24, 116-132, 2хх 8-16, 53-61 дүгээр тал

 

            Тодруулбал, НТ- олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гарсан галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор томилогдсон шинжээчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Галын шинжээчийн дүгнэлтэд “...НТ- трейд ХХК-ийн Олон улсын худалдааны төвийн хүнсний захад гарсан гал түймэр нь обьектын зүүн хойд хэсэгт байрлах 4 дүгээр цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гарсан байна. Гал гарсны дараа цахилгаан хэлбэлзэл үүссэний улмаас ...нийт 3 газарт богино холбоо үүсч нэмэлт галын голомт бий болж гал түймэр тархан дэлгэрэх нөхцөл байдал үүсэн галыг эрчимтэй хурдасгасан байна. Мөн Хүнсний захын галын дохиоллын нэгдсэн систем, IP теле системийн тоног төхөөрөмжүүд 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө ажиллаагүй байсан нь гал түймэрт хүний амь нас, бие хохироход хүргэсэн байна...” гэжээ. /2хх 53-61 дүгээр тал/

 

            Иймд “НТ” ХХК--ийн өмчлөлийн Олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсан, уг хэрэгт тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нэр бүхий 5 ажилтан яллагдагчаар татагдан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж Өршөөлийн тухай хуульд хамрагдсан, “НТ” ХХК--ийн өмчлөлийн барилгад гэрээний үндсэн дээр байршуулж байсан “ТБ” ХХК--ийн бэлэн мөнгөний АТМ машин шатсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            Хариуцагч нь НТ- олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гарсан галын улмаас бусдад учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Түүнчлэн, хариуцагч “НТ” ХХК--ийг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Оюунсогоог тогтоосон байх боловч энэ нь “ТБ” ХХК--д учирсан хохирлыг хариуцах үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч “ТБ” ХХК- нь бэлэн мөнгөний АТМ машиныг 2011 онд 18 150 ам.доллараар худалдан авч, нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжилж, гал гарах үеийн байдлаар уг АТМ машины элэгдэл хорогдлыг тооцоололгүй анх худалдан авсан үнээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд бэлэн мөнгөний АТМ машин, түүний дагалдах хэрэгслийн хохирлыг эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хийгдсэн эд зүйлийн үнэлгээгээр Кинг теллер А4 загварын АТМ машин 19 284 375 төгрөг, Dell optiplex камерийн компьютерийн процессор 1 385 205 төгрөг, AXIS M3204 хяналтын камер 916 534.6 төгрөг, Свич 8 порт CISCO камерийн свич 55 436.15 төгрөг, нийт 21 641 480 төгрөгөөр үнэлжээ. Уг дүгнэлтэд заасан үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг анхан шатны шүүх хангасан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй. /1хх 22, 26 дугаар тал/

 

            Мөн гал гарах үед буюу 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шатсан бэлэн мөнгөний АТМ машинд 46 666 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ТБ” ХХК--ийн Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын дотоодын дансны 1064001111020034 дугаартай дансны мэдээлэлд, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “ТБ” ХХК--ийн төв серверт байгаа өгөгдлийн санд хадгалагдаж буй цахим архивын мэдээлэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /1хх 52-60, 144-148 дугаар тал/

 

            Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэн хариуцагч “НТ” ХХК--аас гэм хорын хохиролд бэлэн мөнгөний АТМ машин, түүний дагалдах хэрэгслийн хохирол 21 641 480 төгрөг, бэлэн мөнгөний хохирол 46 666 000 төгрөг, нийт 68 307 480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 25 507 692 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/00779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499 487.40 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                         Б.НАРМАНДАХ

 

                                                   С.ЭНХТӨР