Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 779

 

 

 

 

   2019 оны 03 сарын 14 өдөр

      Дугаар 101/ШШ2019/00779

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч: “Т ” ХХК - ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “Н ” ХХК -д холбогдох,

 

   Гэм хорын хохирол 93,815,172 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, иргэдийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “Х ны зарим шаардах эрхийг гэрээгээр хүлээн авахад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой авлагын шаардах эрхийг Т  шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар Т  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар “Х ” ХХК-г хуулийн этгээдийн хувьд татан буулгасан ба мөн өдрөө “Х ” ХХК дахь эрх хүлээн авагч болон “Т ” ХХК-ийн хооронд ******* тоот “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байна. Улмаар 2013 оны 07 сарын 23-ны өдөр “Х ” ХХК-ийн эрх хүлээн авагч болон “Т ” ХХК-ийн хооронд ******* тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр нийт 553,067,734,955.56 төгрөгийн шаардах эрх шилжүүлсний нэг нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хохирлын асуудал болно.

   “Н ” ХХК болон “Х ”-ны хооронд 2012 оны 11 сарын 05-ны өдөр “Бэлэн мөнгөний машин байршуулах тухай” гэрээ байгуулагджээ. Уг гэрээнд “Н ” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Ш.О , “Х ”-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал С.С нарын гарын үсэг зурсан ба тухайн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан байна. Тус гэрээнд Х ны өмчлөлийн АТМ-ыг “Н ” ХХК-ийн худалдааны төвд байршуулан иргэдэд бэлэн мөнгө олгох үйлчилгээг явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан болно. Гэтэл 2013 оны 08 сарын 23-ны өдөр “Н ” олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гал гарч шатсны улмаас 1 хүн нас барж, мөн үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч нарын хүнсний болон бусад бараа материал шатаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд тус Н  худалдааны төвд байрлаж байсан “Т ” ХХК-ийн АТМ мөн шатаж банкинд хохирол учирсан. Н  захын Хүнсний захад гарсан галын хэрэгт 2013 оны 08 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн прокурорын газраас 201301022504 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар 2013 оны 08 сарын 30-ны өдөр ахлах мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Б.Батзориг “Т ” ХХК-г хохирогчоор тогтоож тогтоол гаргасан байдаг. 2016 оны 07 сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н  олон улсын худалдааны төвийн галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий этгээдүүд галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н  олон улсын худалдааны төвийн Хүнсний захад 2013 оны 08 сарын 23-ны өдөр гал гарч, 1 хүн нас барсан, мөн нийт 481 иргэдийн эд зүйл бараа материал галд шатаж 16,216,120,823 төгрөгний буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарыг байцаасан тэмдэглэл, Онцгой байдлын Ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын 2014 оны 10 сарын 01-ний өдрийн 550/ж-187 тоот шинжээчийн дүгнэлт, яллагдагч нарыг байцаасан тэмдэглэл болон хавтаст авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөлд хамрагдах үндэстэй гэж Баянзүрх дүүргийн прокурорын газраас 1573 тоот тогтоол гарган уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1573 тоот тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогчид өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан байна. Гэтэл “Н ” ХХК-ийн Н  олон улсын худалдааны төвийн хүнсний зах дотор байрлаж байсан Т ны АТМ болон бэлэн мөнгө шатсантай холбоотойгоор Т инд хохирол учирсан. Уг шатсан АТМ-ийг 2011 онд 18,150 ам доллараар худалдан авсан ба түүний үнийг УМБГ-ын газар Эд зүйлийн үнэлгээг хийлгэхэд 50 хувь үнэ бууруулан 19,284,375 төгрөг, мөн камерийн компьютерийн процессор 1,385,205 төгрөг, хяналтын камер 916,534.6 төгрөг, камерийн свич 55,436.15 төгрөг бүгд 21,641,480 төгрөг, АТМ-д гүйлгээнд бэлэн байсан 46,666,000 төгрөг нийт 72,126,648 төгрөгийн хохиролтой гэж үзэж нэхэмжилсэн. 2017 оны 11 сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа уг АТМ-ны үнийг 22,687,500 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн байх боловч одоо нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцож нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж нийт 21,688,524 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 93,815,172 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байгаа. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүс нь “Н ” ХХК-ийн ерөнхий менежер н.Түвшинбат, цахилгааны инженер н.Э, ашиглалтын албаны дарга н.Отгонбаяр, цахилгаанчин н.Б, хүнсний албаны менежер н.Н гэсэн хүмүүс байсан. “Т ” ХХК-ийн зүгээс “Н ” ХХК хариуцлага алдсан хүмүүсийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна. АТМ байршуулах гэрээний дагуу “Н ” ХХК бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүйн улмаас “Т ” ХХК-д хохирол учирсан бөгөөд өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа болно. Ажилчдынхаа учруулсан гэм хорыг ажил олгогч буруугүй байсан ч хариуцах тухай хуулийн зохицуулалт байгаа. Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас Н  ХХК-д 1 жилийн хугацаанд 4 удаа албан шаардлага хүргүүлсэн. Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн, хуулийн шаардлага зөрчсөн байна гээд хугацаатай үүрэг, даалгавар өгөхөд нэг ч даалгаврыг биелүүлээгүй. Хамгийн сүүлд 2017 оны 03 дугаар сард хүргүүлсэн албан шаардлагыг хэрэгт өгсөн. Гал гарсан шалтгаан нь хүнсний захад цахилгааны богино холболт үүсээд гал гарсан. Н  ХХК нь Т  ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Сар бүр тодорхой хэмжээний ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг төлж байсан. Хадгалах, хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас энэ хохирол учирсан. АТМ бол Х ны өмчлөлтэй байсан боловч хуулийн дагуу Т  ХХК-д шилжиж ирсэн. Шатсан 46,666,000 төгрөг бол Т  ХХК-ийн мөнгө байсан. Иймд Т инд учирсан 93,815,172 төгрөгийн хохирлолыг “Н ” ХХК аас гаргуулж өгнө үү”  гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т ны зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Н ” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Прокурорын тогтоолоор тогтоогдсон гэдгийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримт бүрдүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой маргахгүй, дахин нотлохгүй гэсэн зохицуулалттай байдаг. Н  ХХК-ийн буруутай үйлдлээс болж гарсан гэдгийг эцэслэн тогтоосон шүүхийн шийдвэр гэж үзэж болохгүй. 2015 онд өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Хохирлоо төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлэх юм бол Өршөөлийн хуульд хамрагдана гэсэн зохицуулалттай байсан. Энэ хэрэгт шалгагдаж байсан 6 хүн байсан. Энэ 6 хүн хохирлоо төлнө гэж хүлээн зөвшөөрөөд Өршөөлийн хуульд хамрагдсан. Энэ хэрэгт Н  ХХК хохирогчоор тогтоогдсон. 5-6 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар баримт байгаа. Хохирогчоор тогтоогоод иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол хэрэгт байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч болоод байгаа Н  ХХК өөрөө хохирогчоор тогтоогдсон. Галын шалтгаан Н  ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэх нэг ч баримт байхгүй. Прокурорын тогтоолд гэм буруугаа өөрсдөө хүлээн зөвшөөрөөд хохирлыг төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд гээд бичсэн байгаа. Гэм буруугаа хүлээсэн этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх гэсэн агуулгатай. Хэргээ хэрэгсэхгүй болгох гэж мэдүүлэг өгсөн этгээдүүдийн мэдүүлгийг үндэслэж Н  ХХК-г шууд буруутгаж болохгүй. Харин хохирсон хүмүүсийн асуудлыг чадах чинээгээрээ шийдсэн. Шинэ худалдааны төв бариад хүмүүсийг оруулсан гэх мэт. Өршөөлийн хууль гэнэт гардаг, зарим хуулиудтай нийцдэггүй. Хэрвээ энэ хэрэгт Н  ХХК хохирлоо төлөхөө илэрхийлсэн бол маргаан байхгүй байсан байх. Өршөөлийн хууль бол гэм буруугаа хүлээх юм бол л хэрэгсэхгүй болох зохицуулалттай. Прокурорын тогтоолд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэж байгаа боловч хэнээс нэхэмжлэх нь тодорхойгүй байгаа. Өршөөлийн хуулийн зохицуулалт нь хариуцагчийн эрх зүйн байдлыг шууд дордуулж болохгүй гэж үзэж байгаа юм. Н  ХХК-ийн буруутай үйлдлээс гал гарсан гэх баримт хэрэгт байхгүй. Ажилчдын буруутай үйл ажиллагаа гэдэг нь нотлогдоогүй гэж үзэж байна. Хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд бид буруутай, хохирлоо төлье гэж хэлж байгаа юм. Ажилчдын үг нь компанийнн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсгэхгүй. 4 удаагийн албан шаардлага хүргүүлсэн гэж байгаа боловч энэ нь гал гарахаас өмнөх үйл явдал юм. Тэр шаардлагууд энэ хэрэгтэй хамааралгүй гэж үзэж байна. Н  ХХК Т  ХХК-тай АТМ байрлуулах гэрээ байгуулаагүй. Т инд өмчлөх эрх шилжиж ирсэн гэж ярьж байна. Энэ тохиолдолд гэрээ байгуулсан субъект өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн АТМ нэхэмжлэх эрх нь тодорхой хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр шилжих ёстой байх. Прокурорын дүгнэлтээр Н  ХХК-г шууд буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй үнэлнэ гэж зохицуулсан. Прокурорын тогтоол бол шүүхээр орохгүй гэсэн хүмүүсийн сонирхол дээр үндэслэж Өршөөлийн хуулийг хэрэглэж байгаа зохицуулалт юм. Хэрвээ Өршөөлийн хууль гараагүй бол эрүүгийн шүүхээр хэн буруутай гэдэг нь тогтоогдоод явах боломжтой байсан. Харамсалтай нь Н  ХХК-иас хамааралгүйгээр Өршөөлийн тухай хууль гараад хэрэгсэхгүй болгоод явсан асуудал. Эрүүгийн хуулийн гол агуулга бол гэм буруутай этгээдүүд хохирлыг төлөх асуудал. Галын жинхэнэ шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байгаа гэж л үзээд байгаа юм. Н  ХХК бол галыг санаатайгаар хэн нэгэн тавьсан гэсэн байр суурьтай байгаа. Галын шалтгаан тогтоогдож байж Н  ХХК-г буруутгах, эс буруутгах эсэх асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Иймд Т ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч “Н ” ХХК-д  холбогдуулан Н  олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсны улмаас  учирсан гэм хорын хохирол 72,126,648 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шатсан бэлэн мөнгөний машины үнийг нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 21,388,524 төгрөгөөр нэмэгдүүлж, гэм хорын хохиролд нийт 93,815,172 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар “Х ” ХХК-ийг хуулийн этгээдийн хувьд албадан татан буулгаж, мөн өдөр “Х ” ХХК дахь эрх хүлээн авагч болон “Т ” ХХК-ийн хооронд ******* тоот “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан. Мөн 2013 оны 07  сарын 23-ны өдөр “Х ” ХХК-ийн эрх хүлээн авагч болон “Т ” ХХК-ийн хооронд ******* тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”, “Эд хөрөнгө болон эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулснаар “Х ” ХХК-ийн шаардах эрх Т ” ХХК-д шилжсэн байна. /хавтаст хэрэг 1-ийн 7-11 дүгээр хуудас/

 

“Н ” ХХК, “Х ” ХХК-ийн хооронд 2012 оны 11  сарын 05-ны өдөр №9, 13/110 тоот “Бэлэн мөнгөний машин байршуулах гэрээ”-г Иргэний хуулийн 422-425 дугаар зүйлийг үндэслэн байгуулан, тус гэрээгээр банк өөрийн өмчлөлийн бэлэн мөнгөний АТМ машиныг “Н ” ХХК-ийн худалдааны төвд байршуулахтай холбогдох харилцааг зохицуулсан байх бөгөөд тус гэрээний зүйл болох бэлэн мөнгөний АТМ машин нь “Х ” ХХК-аас “Т ” ХХК-д гэрээгээр шилжиж ирсэн хөрөнгө байна. /хавтаст хэрэг 1-ийн 19-21, 85-91 дүгээр хуудас/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд “Н ” ХХК нь бэлэн мөнгөний АТМ машины хадгалалтыг хариуцах үүргийг хүлээжээ. /хавтаст хэрэг 1-ийн 19-21 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч  “Н ” ХХК-ийг “Х ” ХХК-тай байгуулсан “Бэлэн мөнгөний машин байршуулах гэрээ”-ний үүргээ зөрчиж, тус компанийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас “Т ” ХХК-д хохирол учирсан тул ажил олгогч “Н ” ХХК нь ажиллагсдынхаа бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч “Н ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ гал гарсан шалтгаан тогтоогдоогүй тул тус компани бусдад учирсан хохирлыг хариуцах үүрэггүй, уг гал гарсан хэрэгт шалгагдаж байсан компанийн ажилтнууд хэргээ хэрэгсэхгүй болгуулах гэж өгсөн мэдүүлгийг үндэслэн тус компанийг буруутгаж хохирол гаргуулах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2013 оны 08 сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Н  олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гал гарч шатсаны улмаас нэг хүний амь нас хохирч, бусдад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт 2013 оны 08 сарын 23-ны өдөр 201301022504 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 1573 дугаартай Прокурорын тогтоолоор яллагдагч Д.Т , П.Э , Д.О , Э.Б, Д.Н  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй боловч нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Өршөөлд хамрагдах үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, прокурорын тогтоол болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээр дурдсан 201301022504 дугаартай Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нэр бүхий 5 хүн нь уг хэрэг гарах үед “Н ” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байх бөгөөд Д.Т  ерөнхий менежер, Д.О  ашиглалтын албаны дарга, П.Э  цахилгааны инженер, Д.Б цахилгаанчин, Д.Н  хүнсний албаны менежерээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэрэг 1-ийн 116-123 дугаар хуудас, хавтаст хэрэг 2-ын 8-16 дугаар хуудас /

 

Н  олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гарсан галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор томилогдсон шинжээчийн 2013 оны 10 сарын 24-ний өдрийн “Галын шинжээчийн дүгнэлт”-д “...”Н ” ХХК-ийн Олон улсын худалдааны төвийн хүнсний захад гарсан гал түймэр нь обьектын зүүн хойд хэсэгт байрлах 4 дүгээр цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гарсан байна. Гал гарсны дараа цахилгаан хэлбэлзэл үүссэний улмаас ...нийт 3 газарт богино холбоо үүсч нэмэлт галын голомт бий болж гал түймэр тархан дэлгэрэх нөхцөл байдал үүсэн галыг эрчимтэй хурдасгасан байна..” гэжээ. /хавтаст хэрэг 2-ын 53-61 дүгээр хуудас/

 

Хэрэгт авагдсан баримтаар ”Н ” ХХК-ийн өмчлөлийн Олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсан, уг хэрэгт тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нэр бүхий 5 ажилтан яллагдагчаар татагдан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж өршөөлийн хуульд хамрагдсан, “Н ” ХХК-ийн өмчлөлийн барилгад гэрээний үндсэн дээр байршуулж байсан Т ны бэлэн мөнгөний АТМ машин шатсан үйл явдал тогтоогдож байх тул хариуцагч нь Н  олон улсын худалдааны төвийн Хүнсний захад гарсан галын улмаас бусдад учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь тус компани эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон хохирогч тул гал гарсан асуудалд буруугүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд 2013 оны 11 сарын 06-ны өдөр “Н ” ХХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.О г тогтоосон байх боловч энэ үндэслэлээр тус компанийн өмчлөлийн барилгад гарсан галын улмаас нэхэмжлэгч “Т ” ХХК-д учирсан хохирлыг хариуцах үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

 

Дээрх эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад шатсан бэлэн мөнгөний хохирлын үнэлгээг Кинг теллер А4 загварын АТМ машин 19,284,375 төгрөг, Dell optiplex камерийн компьютерийн процессор 1,385,205 төгрөг, AXIS M3204  хяналтын камер 916,534.6 төгрөг, Свич 8 порт CISCO камерийн свич 55,436.15 төгрөг, нийт 21,641,480 төгрөг гэж үнэлжээ. /хавтаст хэрэг 1-ийн 22 дугаар хуудас/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын дотоодын дансны 1064001111020034 дугаартай дансны мэдээлэлд, мөн Т ны төв серверт байгаа өгөгдлийн санд хадгалагдаж буй цахим архивын мэдээлэлд үзлэг хийхэд гал гарах үед буюу 2013 оны 08 сарын 23-ны өдөр шатсан бэлэн мөнгөний АТМ машинд 46,666,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдсон. /хавтаст хэрэг 1-ийн 52-60, 144-148 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч нь бэлэн мөнгөний АТМ машиныг 2011 онд худалдан авсан үнэ болох 18,150 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжилж байх боловч гал гарах үеийн байдлаар уг АТМ машины элэгдэл хорогдлыг тооцоололгүй анх худалдан авсан үнээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байх бөгөөд бэлэн мөнгөний АТМ машин, түүний дагалдах хэрэгслийн хохирлыг эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад хийгдсэн хохирлын үнэлгээ болох нийт 21,641,480 төгрөгөөр тооцон гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэн хариуцагч “Н ” ХХК-аас гэм хорын хохиролд бэлэн мөнгөний АТМ машин, түүний дагалдах хэрэгслийн хохирол 21,641,480 төгрөг, бэлэн мөнгөний хохирол 46,666,000 төгрөг, нийт 68,307,480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 25,507,692 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Н ” ХХК-аас 68,307,480 /жаран найман сая гурван зуун долоон мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,507,692 /хорин таван сая таван зуун долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784,977 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж,  хариуцагч “Н ” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 499,487.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЦЭРЭНДОЛГОР

 

                        ШҮҮГЧИД                                                     Д.ГАНБОЛД                                    

                                                                                                Т.ЭНХЖАРГАЛ