Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 119/2017/0021/з |
Дугаар | 22 |
Огноо | 2018-01-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 22
Р.Ц нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Тунгалаг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 221/МА2017/0784 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Р.Ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох,
2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримтлан Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаартай “Р.Ц-г төрийн албанаас чөлөөлөх...тухай” тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Р.Ц-н 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2.426.752 төгрөгийг гаргуулж, үүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдэгдэл олговрыг Р.Ц-т олгохыг Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Ж.Бат-Өлзий/-т даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 221/МА2017/0784 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Р.Ц нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд Засгийн газраас баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баримтлан дагаж мөрдөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь уг дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.4, 5.2.1-д заасныг зөрчиж байгууллагын удирдах алба тушаалтанд өөрийгөө албан тушаал, цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар хэрэглэхийг уриалсан зөрчсөн үйлдлүүдийг гаргадаг. Мөн цалин хөлс нэмэгдүүлэх хүсэлт гаргах эрхтэй ч тэрээр хүсэлт бус хууль бус шаардлага гаргаж байгаа нь албан хаагчийн ёс зүйг тодорхойлж үнэлэлт өгч байгаа хэрэг юм.
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байдал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “Сахилгын шийтгэл” хүлээлгэх үндэслэл болж байна. Хариуцагчийн зүгээс сахилгын шийтгэл хүлээлгэхгүйгээр Р.Ц-т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулах талаар арга хэмжээг удаа дараа авсан. Үүний хүрээнд өөр ажлын байр санал болгосон. Саналыг хүлээж авах асуудал нэхэмжлэгчийн шийдвэр. Сонголт байсан. Өөрөө хүсвэл санал хүлээн авах, татгалзах бүх эрх нээлттэй байсан. Ямар нэг дарамт шахалт энд байгаагүй бөгөөд хэрвээ Р.Цэдэв саналыг хүлээн авч байвал Боловсрол, соёл урлагийн газрын даргатай уулзаарай гэсэн. Ингээд нэхэмжлэгч Р.Ц БСУГ-ын даргатай уулзаж, ажлын байрны талаар харилцан ярилцаж 20 дугаар цэцэрлэг Насан боловсролын төвд нягтлан бодогчоор ажиллахаар болсон байсан. Энэ тухай БСУГ-ын дарга Ж.Б “Р.Ц ирж уулзаад явлаа, манайд боловсролын байгууллагад ажиллахаар саналаа илэрхийлээд тэмдэглэлд гарын үсэг зураад явлаа” гэсэн. Р.Ц ч энэ тухай хүсэлтээ илэрхийлсэн тул энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Б/25 дугаар тушаал гарсан.
Гэтэл Р.Ц өөрөөс нь шалтгаалсан асуудлын улмаас БСУГ-ын газарт ажиллах боломжгүй болсон учир Б/25 дугаар тушаалыг мэдээгүй дүр үзүүлэн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн зэрэг асуудлаар шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөхөөс өмнө төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллуулж болох тухай агуулга харагдаж байна. Захиргааны албан тушаал хашиж байхад давхар үйлчилгээний албан хаагчаар ажиллах тухай шийдвэр гаргаж болохоор ойлгогдож байна. Гэтэл энэ нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг зөрчиж байна.
Нэхэмжлэгч өөрөө 20 дугаар цэцэрлэг, Насан туршийн боловсролын төвд нягтлан бодогчоор ажиллах хүсэлтээ илэрхийлж БСУГ-ын даргатай зөвшилцсөн байсан. Энэ тухай тэмдэглэлд дурдсан байгаа. Үүнийг үндэслэн Б/25 дугаар тушаал гарсан. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан үндэслэл юм. Ингээд 20 дугаар цэцэрлэг, НТБТ-д ажиллахаар тохиролцож Б/25 дугаар тушаал гарсны дараа Р.Ц нь өөрөө дээрх байгууллагад ажиллаж чадахгүй би ХХААГ-т ажиллана гэж төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаснаар одоог хүртэл ажилгүй байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Р.Ц нь Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Маргаан бүхий тушаалаар “төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон” гэх үндэслэлээр Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар 33.5 дахь хэсгийг хэрэглэж, Р.Цэдэвийг төрийн албанаас чөлөөлсөн байгаа нь дараах байдлаар хууль зөрчжээ.
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд төрийн захиргааны албан хаагчийн төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл, тодорхой тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт зааснаар “хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдсан байхаар зохицуулжээ. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй буюу өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байхад төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Хариуцагчаас “нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох болсон” гэж маргаж байгаа боловч ийнхүү шийдвэр гаргах эхлэлийг захиргааны байгууллага санаачилсан болохоос нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үндсэн дээр үүсээгүй, захиргааны байгууллагаас “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй, байгууллагын удирдлагад хууль бус шаардлага тавьсан” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, улмаар нэхэмжлэгчид төрийн үйлчилгээний албан тушаалд шилжин ажиллах саналыг гаргаж байгаа нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан хаагчаас төрийн үйлчилгээний албан хаагчаар томилогдох шийдвэр гаргах ажиллагаа нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд нэхэмжлэгч хүсээгүй байхад захиргааны байгууллага өөрийн санаачлагаар шийдвэрлэх эрхгүй.
Уг хэрэгт маргаан бүхий тушаалыг хариуцагчийн санаачлагаар гаргасан болох нь хариуцагчийн “нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэхгүйгээр өөр ажлын байр санал болгосон” гэх тайлбараар тогтоогдож, захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчжээ.
Хариуцагчийн “нэхэмжлэгч төрийн үйлчилгээний ажилд ажиллахыг зөвшөөрсөн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Нягтлан бодогч нарын ажлын байрны асуудлын талаарх хурлын тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, захиргааны ямар албан тушаалтан оролцсон, хэний санаачлагаар уулзах болсон нь тодорхойгүй, зөвхөн Р.Ц-с “холбогдох цэцэрлэг, төвийн захиралтай уулзахыг зөвшөөрсөн” агуулгатай байх тул хариуцагчийн дээрх гомдол няцаагдаж байна.
Хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дахь хэсгийг хэрэглэсэн нь алдаатай бөгөөд уг заалт нь тухайн харилцааг шууд зохицуулаагүй, хэм хэмжээ тогтоогоогүй, харин төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосны дараах үр дагаврыг зохицуулсан заалт байна. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хэлбэрийг тусгайлан зохицуулсан 24 дугаар зүйлийн агуулгаас үзвэл төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл бүрийг нэрлэн заасан, эдгээр үндэслэлийн аль нэг бүрдсэн бол мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг хэрэглэх болохоос хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад уг заалтыг шууд хэрэглэхгүй.
Хариуцагчийн “нэхэмжлэгч нь төрийн албаны захирах, захирагдах харилцааг зөрчиж, байгууллагын удирдах албан тушаалтанд өөрийн албан тушаал, цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардах, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар хэрэглэхийг уриалсан” гэж маргаж байгаа боловч эдгээр үндэслэл нь төрийн албанаас чөлөөлөгдөх хуулийн үндэслэл биш, маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй, нөгөө талаар захиргааны байгууллагад хуулийн өөр өөр үр дагавар бүхий шийдвэрийг харилцан хольж шийдвэр гаргах эрхгүй, хэрэв нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол заавал түүнийг шалгаж тогтоосон байх шаардлагатай.
Мөн “шүүхүүд хууль буруу тайлбарласан, захиргааны албан тушаал хашиж байхад давхар үйлчилгээний албан тушаалд ажиллах шийдвэр гаргаж болохоор ойлгогдож байна” гэх гомдол үндэслэлгүй, төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсоноор хуучин эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөгдөх үр дагаврыг үүсгэх боловч гагцхүү ийнхүү төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох нь нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хэрэгжих ба энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
Дээрх үндэслэлүүдээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 221/МА2017/0784 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ