Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2021/00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, 24 дүгээр байрны 66 тоотод оршин суух, ШЖ70011176 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Бадамсэдийн Улзын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Улаан худгийн 3-11 тоотод оршин суух, /Люкс зочид буудлын 3 давхарт байдаг/, ЖЮ78122614 регистрийн дугаартай, Хатиган овогт Пүрэвгэрэлийн Гэрэлбаатарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Улз, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагч П.Гэрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Улз шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Гэрэлбаатарт 2020 оны 02 сарын 03-ны өдөр 28 480 000 төгрөгийг 2020 оны 7 сарын 25-ны өдөр буцааж төлүүлэхээр зээлдүүлсэн юм. Гэвч уг мөнгийг хугацаандаа төлөхгүй, бөөнд өгөөгүйгээр үл барам өнөөдрийн байдлаар 20 000 000 төгрөг төлж үлдэгдлээ төлөхгүй байна. Миний бие шүүхэд Гэрэлбаатараас 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч өөрийн дансны тооцоо хийж одоо 8 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Гэрэлбаатар нь надтай зээл авахаас хоёр гурав хоногийн өмнө утсаар ярьж байсан. Би боломжоороо түүнд тусалж, өөрийнхөө дансыг явуулахад нь түүний данс руу мөнгө шилжүүлсэн. Би Гэрэлбаатарт итгэж түүний данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн нь үнэн. Гэрэлбаатар гуйгаагүй бол би өгөхгүй байсан. Би Гэрэлбаатарыг багаас нь мэдэх, түүнд тусалбал дараа надад туслах байх гэж бодоод өөрийнхөө эд зүйлийг барьцаанд тавьж зээл авч өгсөн. Гэрэлбаатар нь гэрээ хийгээгүй, огт мөнгө аваагүй гэж байгаад гайхаж байна. Гэрэлбаатар нь манай дүүгийн өрийг төлсөн, дүү нь зээл авахаар миний дансыг өгсөн гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд Гэрэлбаатарын төлсөн 20 000 000 төгрөгийг хасч үлдэх 8 480 000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч П.Гэрэлбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улз нь надаас 10 000 000 төгрөг нэхэмжилжээ. Би Улзаас огт мөнгө зээлж аваагүй. Улз нь 2020 оны 2 сарын 3-ны өдөр миний ХААН банкны 5027302552 тоот данс руу 28 480 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд би тэр өдөрт нь түүний дүү Б.Отгоны 99119264 дугаартай утасны төлбөрт шилжүүлсэн. Тэр өдөр Улзын дүү Отгон нь чиний дансаар би ахаасаа мөнгө авах гэсэн юм гэсэн. Отгон өөрөө данс байхгүй гэж байсан. Би Улз руу дансаа явуулахад дээрх мөнгө орж ирсэн. Улз бид хоёр ямар нэгэн зээлийн гэрээ, хэлцэл хийгээгүй. Отгон бид хоёр найзууд юм. Отгон надад ахдаа төлөх мөнгийг намайг төлж байх уу, өөрөө боломжгүй, төлөхөд хэцүү байна гэсэн. Отгон надад дараа төлнө гэж тохиролцсны дагуу би Улзын данс руу мөнгө шилжүүлсэн. Би шүүхэд ирэх хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ мөнгийг Улз дүүгээсээ нэхэх ёстой. Би Улзын данс руу 23 600 000 төгрөг шилжүүлсэн. Улз надтай хоёр гурав хоногийн өмнө ярьсан гэж байна. Энэ худлаа. Нотлох баримтаар 20 сая төгрөг шилжүүлснийг ойлголоо. Улзын нэхэж байгаа 8 480 000 төгрөгийг би төлөхгүй. Бид хоёр зээлийн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн хэлцэл байхгүй. Улзын дүү Отгоныг гуйхаар би мөнгө шилжүүлж байсан гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Улз нь хариуцагч П.Гэрэлбаатарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 480 000 төгрөг нэхэмжилж байгаа болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Гэрэлбаатарт 2020 оны 2 сарын 3-ны өдөр 28 480 000 төгрөг зээлдүүлж 2020 оны 7 сарын 27-ны өдөр төлнө гэсний дагуу түүний данс руу шилжүүлсэн. Энэ хугацаанд 20 000 000 төгрөгийг өөрийнхөө дансаар буцааж төлсөн. Гэрэлбаатар өөрөө хэд хоногийн өмнө утсаар ярьсан учир түүнд тусалж зээл өгсөн. Гэрэлбаатарыг яагаад худлаа ярьж байгааг ойлгохгүй байна... гэж тайлбарладаг.

Хариуцагч П.Гэрэлбаатар татгалзаж буй үндэслэлээ: Улзаас зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй. Түүний дүү Отгон нь би ахаасаа мөнгө зээлэх гэж байна, чи дансаа явуулчих гэхэд нь өөрийнхөө дансыг явуулсан. Отгон нь төлөх боломжгүй байна, намайг төлж бай гэсний дагуу Улзад төлөлт хийж байсан. Би зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй... гэж маргадаг.

Хариуцагч П.Гэрэлбаатар нь нэхэмжлэгч Б.Улзаас 28 480 000 төгрөгийг зээлж аваагүй гэж мэтгэлцэж байна.

Гэвч нэхэмжлэгч Б.Улз нь хариуцагч П.Гэрэлбаатарын ХААН банкны 5027302552 тоот данс руу 2020 оны 02 сарын 03-ны өдөр 28 480 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь 2020 оны 6 сарын 8-ны өдрөөс хойш 6 удаа өөрийн данснаас нийт 20 000 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Харин хариуцагч П.Гэрэлбаатар нь нэхэмжлэгч Б.Улзын дансанд 23 600 000 төгрөг шилжүүлсэн мөн нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж зээл аваагүй гэж мэтгэлцэж байгаа боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлж нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дансны хуулгыг үгүйсгээгүй болно.

Өөрөөр хэлбэл зохигчид нь маргаж буй үйл баримтын талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж хуульд зохицуулсны дагуу шүүхэд өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Улз нь хариуцагчийн данс руу 28 480 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтанд хариуцагч маргаагүй бөгөөд Улзын дүү Отгоны хүсэлтээр өөрийн данс руу мөнгө шилжүүлүүлсэн гэж тайлбарладаг ба нэхэмжлэгч Б.Улз, хариуцагч П.Гэрэлбаатар нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Тодруулбал Иргэний хуулийн 196 дүгээр зүйлийн 196.1.1 ...эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсан гэж үзэхээр хуульчилсан.

Иймд хариуцагч П.Гэрэлбаатарыг зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй гэж байгаа боловч өөрийн үгүйсгэсэн тайлбараар няцааж чадаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулаагүй тул хүү тооцох боломжгүй болно.

Иймд хариуцагч Пүрэвгэрэлийн Гэрэлбаатараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 8 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бадамсэдийн Улзад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч нь 174 950 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагч П.Гэрэлбаатараас 8 480 000 төгрөгт ногдох буюу 150 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Улзад олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Пүрэвгэрэлийн Гэрэлбаатараас Зээлийн гэрээний үүргийн биелэлт 8 480 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Улзад олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Гэрэлбаатараас 150 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Улзад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид нь мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА