Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1078

 

 

 

 

 

 

 

 

 

“МЦБМ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дүгээр шийдвэртэй, “МЦБМ” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ГИ” ХХК-, Т.Г-, Х.Т- нарт холбогдох, 941 823 606 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Х.Т-, хариуцагч нарын өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага нь “ГИ” ХХК--тай 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний хугацаанд нийт 20 000 тонн цемент нийлүүлэхээр тохирсон. Гэрээний хугацаанд ууттай 6 839,85 тонн, задгай 6 572,02 тонн цемент буюу нийт үнийн дүнгээр 1 948 118 410 төгрөгийн цемент нийлүүлсэн. Задгай цементийн 1 тонн 142 000 төгрөг, ууттай цементийн 1 тонн 147 000 төгрөг байхаар тохирсон. Дээрх төлбөрийн талаар хоёр тал 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, тооцоо нийлсэн актаар “ГИ” ХХК- 957 414 360 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. “ГИ” ХХК--аас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр цемент худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах, 138.58 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 98.5 м.кв орон сууцыг барьцаалсан. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актаар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр цемент худалдах, худалдан авах гэрээний хугацааг сунгаж, Баянгол дүүрэг, 18-р хороонд байрлах, 61 м.кв орон сууцыг барьцаалсан. Гэвч “ГИ” ХХК- нь төлбөрөө төлөөгүй байсан тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гөлтгөнөө цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрт суутгахаар тохирсон. 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гөлтгөнө нийлүүлж, төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр нийт 281 508 409,14 төгрөгийн гөлтгөнийн төлбөрийг хүлээн авч, цемент худалдах, худалдан авах гэрээний үүргээс хасч тооцсон. Талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, 622 548 494,82 төгрөгийн тооцоотой үлдсэн талаар харилцан тохирсон. Иймд “ГИ” ХХК--аас цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийтдээ 933 000 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГИ” ХХК- тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт задгай цемент нийлүүлэхээр тохирч, задгай 6 572 тонн цемент нийлүүлсэн талаар нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа боловч 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 6 060.81 тонн задгай цемент нийлүүлсэн байдаг. Цемент худалдах, худалдан авах гэрээний зүйл болох задгай цементийг 1 тонн бүрийг 142 000 төгрөг байхаар тохирсон. Задгай цементийн үнэ болох 853 198 860 төгрөгийг хариуцагч “ГИ” ХХК- төлж барагдуулж, үүргээ биелүүлсэн. Цемент худалдах, худалдан авах гэрээнд нийтдээ 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 4 барьцаа хөрөнгийг нэмэлтээр барьцаалуулсан. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг дууссан тул барьцааны гэрээг дуусгавар гэж үзэх үндэслэлтэй. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар задгай цементийг нийлүүлж байхдаа 142 000 төгрөгийг нийлүүлж байсан. Задгай цементийг 142 000 төгрөгөөр нийлүүлж байсан боловч ууттай цемент нийлүүлснээр 1 тонн бүрийг 147 000 төгрөгөөр нийлүүлж эхэлсэн. Манай байгууллагаас ууттай цементийг нийлүүлэх саналыг бол хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан. Учир нь ууттай цемент марк нь ижил боловч үнийн дүн нь 147 000 төгрөг болж өөрчлөгдсөн. Ууттай цементийн хувьд ачих, тээвэрлэх, хадгалах нь зардал өндөр байдаг тул татгалзсан. Гэтэл нийлүүлэгч талаас 10 тонн цемент авбал 7 хувийн урамшуулал өгөе гэж хэлсэн тул манай байгууллага ууттай цементийг хүлээн авч, борлуулж эхэлсэн. Ууттайгаар хүлээн авсан цементийн хувьд талуудын хооронд тооцоо нийлсэн акттай зөрүү гараагүй. Нийт цементийн төлбөр 1 900 740 250 төгрөг гэж нэхэмжлэгч үзэж байгаа боловч нийлүүлэгч тал нийтдээ 12 900.66 цемент нийлүүлсэн. Манай байгууллагын төлбөл зохих төлбөр нь 1 862 939 110 төгрөг байна. Энэ үүргээс бэлнээр төлсөн мөнгө 958 883 841 төгрөгийг төлж, 904 000 000 төгрөг үлдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ заахдаа ачилт буулгах болон үлдэгдлээ буцааж, 186 704 000 төгрөгийг хасна. Гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээний дүнд 2017 онд 53 359 091 төгрөгийн, 2018 онд 281 000 000 төгрөгийн үнэ бүхий гөлтгөнө нийлүүлсэн байдаг. Нийлүүлэгчээс нийт нийлүүлсэн цементээс урамшууллын 7 хувийг 1 862 939 110 төгрөгөөс бодуулж, 136 368 288 төгрөгийг хасуулах шаардлагатай байна. Манай байгууллагын зүгээс нийт гэрээний үүрэгт үлдсэн 294 474 522 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ууттай цемент дээр алдангийн асуудал яригдаагүй бөгөөд задгай цемент дээр бол бүх үүргээ биелүүлсэн. Ууттай цементийн гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 294 474 522 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Х.Т- тайлбартаа: Нэхэмжлэгч “Мон цемент материалс билдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Т.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цемент худалдах, худалдан авах гэрээний үүргээ “ГИ” ХХК- бүрэн төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ГИ” ХХК-аас 458 054 195,86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Монцемент билдинг материалс” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 474 945 804,14 төгрөгийг шаардсан хэсэг болон барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 4 937 268 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2 448 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. “ГИ” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн "Цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийг хугацаанд нь тухай бүр нь төлж байгаагүй, хугацаа хэтрүүлсэн. Манай компаниас гэрээний дагуу 0.1 %-иар алданги бодож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дахь заалтыг үндэслэн 310 451 506 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ “ГИ” ХХК-ийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тооцсон алдангийг бүхэлд нь үндэслэлгүйгээр хасч шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар огт дурдаагүй байна. Энэ нь хэргийг тал бүрээс нь нягтлан судалж шийдвэрлээгүй. Мөн гэрээний талуудын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн МСР2016034 тоот Цемент худалдах, худалдан авах гэрээ"-ний төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 1-д “...гэрээний талуудын тооцооны үлдэгдлийн баталгаагаар талууд 979 626 110 төгрөгийг гэрээнд заасан хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна.” Гэрээний 2-д "Худалдан авагч тал нь энэхүү гэрээний төлбөл зохих төлбөрөөс 280 658 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бариулахыг хүлээн зөвшөөрсөн болно." гэж 138.58 м2 оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 98.5м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж гарын үсэг зуран, нотариатаар баталгаажуулан 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн МСР2016034 тоот “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-нд үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үүнээс харахад “ГИ” ХХК нь тус нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр ууттай болон задгай цемент худалдан авсныг гэрээгээр хүлээн зөвшөөрч нийлүүлсэн цементийн 979 626 110 төгрөгийн төлбөр төлөхийг, хэрэв төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшеөрсөн байна. Мөн адил 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр мөн төлбөл зохих төлбөрийн үүргийн гүйцэтгэлд 61.67 м2 талбай бүхий орон сууц барьцаалсан. ГИ" ХХК болон манай компанийн хооронд цемент худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцоотой холбоотойгоос өөр авлага өглөгийн тооцоо байхгүй. “ГИ” ХХК--аас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актад дурдсанаар бэлэн мөнгөний төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай компанид шилжүүлсэн. Харин үндсэн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг тус цаг хугацаатай нийцүүлэн байгуулж байсан нь ууттай цементийн нийлүүлэлтийг нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээн зөвшөөрч баталгаажуулж байсныг нотолно. Гэвч шүүхээс хэрэгт ач холбогдолтой нэмэлт өөрчлөлтийн гэрээг үнэлэхгүйгээр зөвхөн анх байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн "Цемент худалдах, худалдан авах гэрээ"-ний задгай цемент нийлүүлэх зохицуулалтад тулгуурлаж ууттай цементийн нийлүүлэлтийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах нэхэмжлэгчийн шинэ санал гэж үзэн хариуцагч хүлээн зөвшөөрснөөр амаар тохиролцсон шинэ гэрээ гэж үзэн ууттай цементийн төлбөрийг үндсэн гэрээнээс тусад нь авч үзэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хуулийг буруу хэрэглэн хэрэгсэхгүй болгосон байна. Манай компани нь Баянгол дүургийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... “6 839.85 тонн, задгай 6 572.02 нийт 1 948 118 410.0 төгрөгийн цементийг нийлүүлснээс 804 000 000 төгрөгийг төлөлтийг хийж, үлдэгдэл 1 144 118 410 төгрөг үүнээс вагон ачилт, буулгалт тээврийн хөлс. задгай цементийн хэвийн хорогдол, задгай агуулахын үлдэгдэл 10, 11 сарын ачилт буулгалтын 186 704 050 төгрөгийг хасч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар 957 414 360 төгрөгийн өглөгтэй гарсан гэж дурдаж байсан. Хамгийн сүүлийн талуудын 2017оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар талуудын гөлтгөнө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийлүүлсэн 2017 оны гөлтгөнийн 53 359 091 төгрөгийг цементийн төлбөрөөс хасч 904 054 904 төгрөгийн өглөгтэй байгааг харилцан баталсан. Үүнээс манай комапани нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан МБМ2018017 тоот “Гөлтгөнө нийлүүлж, төлбөрийн үүргийг гүйцэтгэх тухай гэрээ”-ний дагуу 281 508 409. 14 төгрөгийг хасч үлдэх 622 546 494.82 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс 10, 11 сарын ачилт буулгалтын 86 704 050 төгрөгийг нэхэмжилсэн 622 546 494 82 төгрөгөөс хасч буруу тооцоолон тооцооллын алдаа гаргасан байх бөгөөд ингэхдээ “Нийлүүлсэн задгай цементийн үнэ 860 635 020 төгрөг, ууттай цементийн үнэ 1 005 457 950 төгрөг, нийт 1 866 092 970 төгрөгийг төлөх үүргээс нэхэмжлэгч вагоны ачилт буулгалтын тээврийн хөлс, задгай цементийн хэвийн хорогдол, задгай агуулахын үлдэгдэл 10, 11 сарын ачилт буулгалтын 186 704 050 төгрөгийг төлөх төлбөрөөс хасч тооцсон байна." гэж үзжээ. Шүүхэд гаргасан баримтуудад мөн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 622 546 494.82 төгрөгийн тооцоо нийлсэн актад 10, 11 сарын ачилт буулгалтын 186 704 050 төгрөгийг төлбөл зохих 622 546 494.82 төгрөгийн төлбөрөөс хасч тооцно гэсэн үг өгүүлбэр, баримт байхгүй бөгөөд хариуцагч энэ талаар ямар нэгэн тайлбар, нотолгоо шүүхэд гаргаагүй. Иймд анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөв тогтоогоогүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч “ГИ” ХХК- болон Т.Г-, Х.Т- нарт холбогдуулан 941 823 606 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 933 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 57, 81 дүгээр тал/

 

            Хариуцагч “ГИ” ХХК- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчээс худалдан авсан задгай цементийн үнийг төлсөн, задгай цементээ зуурмагийн үйлдвэрт нийлүүлдэг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр худалдан борлуулахаар болсон ууттай цемент нь зуурмагийн үйлдвэрт хэрэглэхэд уутнаас нь салгах, ачих буулгах зэрэгт нэмэлт зардал шаарддаг тул ууттай цемент худалдан авах сонирхолгүй боловч борлуулалтын 7 хувиар ашиг тооцож өгнө гэсэн учраас ууттай цемент авч борлуулахаар амаар тохирч борлуулсан, амаар тохирсон гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж, харин хариуцагч Т.Г-, Х.Т- нар “ГИ” ХХК- нь гэрээний үүргээ биелүүлсэн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч “ГИ” ХХК--ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр цемент худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ОPC-42,5 марктай, 1 тонныг 142 000 төгрөгөөр, нийт 2 840 000 000 төгрөгийн үнэ бүхий 20 000 тонн задгай цементийг нийлүүлэхээр тохиролцсон нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 8-11 дүгээр тал/

 

            Улмаар хариуцагч байгууллага дээрх гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг бичгээр байгуулж, гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөл зохих 2 840 000 000 төгрөгийн үнийн дүнгээс тооцооны үлдэгдлийн баталгаагаар 979 626 110 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах үүрэг хүлээж, энэ төлбөрөөс 280 658 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, /14230/Нарны замын гудамж, 62 байр, 1608 тоот хаягт байршилтай/А блок/ нийт 138.58 м.кв талбай бүхий оффисын зориулалттай, Ү-2203034484 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000531252 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Х.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр 2 хд-92 байр, 43 тоот хаягт байршилтай, 98.5 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206010044 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000530635 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр цемент худалдах, худалдан авах 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг бичгээр байгуулж, барьцаагаар хангагдах төлбөл зохих төлбөрөөс 52 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Т.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, /16064/Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67-р байр, 123 тоот хаягт байршилтай, 61.67 м.кв талбай бүхий, Ү-2205033685 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна./хэргийн 14-36 дугаар тал/ 

 

            Нийлүүлсэн задгай цементийн үнэ 860 635 020 төгрөг, ууттай цементийн үнэ 1 005 457 950 төгрөг, нийт 1 866 092 970 төгрөгийг хариуцагч төлөх үүргээс нэхэмжлэгч вагоны ачилт буулгалтын тээврийн хөлс, задгай цементийн хэвийн хорогдол, задгай агуулахын үлдэгдэл, 10, 11 сарын ачилт буулгалтын зардал нийт 186 704 050 төгрөгийг төлөх төлбөрөөс хасч тооцсон болох нь талуудын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр үйлдсэн тооцооны баримтын жагсаалтаар тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн үнийн дүнгээс дахин хасч тооцсон нь буруу болжээ. /хэргийн 102 дугаар тал/

 

            Талууд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар хариуцагч “ГИ” ХХК- нь 904 054 904 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталж, улмаар гөлтгөнө худалдан авалтын тооцоо нийлсэн актаар нийт 281 508 409.14 төгрөгийн гөлтгөнө нийлүүлснийг хасч хариуцагч “ГИ” ХХК- нь 622 546 494 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй үлдсэн байна. /хэргийн 39-47, 101 дүгээр тал/

 

            Иймд хариуцагч “ГИ” ХХК- нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цемент худалдах худалдан авах гэрээний дагуу цементийн үнийг бүрэн төлсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “МЦБМ” ХХК- нь хариуцагч байгууллагаас дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 622 546 494 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

            Мөн талууд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож, барьцааны гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасанд нийцсэн. Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан цемент худалдах, худалдан авах гэрээнд 20 000 тонн задгай цемент нийлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд гэрээний 7.2-т ..0.1 хувийн алданги төлөхөөр заасан байх боловч ууттай цемент нийлүүлэх талаар бичгээр гэрээндээ өөрчлөлт оруулаагүй учраас нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин ууттай цементийн хэмжээ, үнийн талаар тусгайлан бичгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй боловч дээрх гэрээний дагуу нийлүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Улмаар нэхэмжлэгчээс ууттай цементийг 1 тонныг 147 000 төгрөгөөр авсан нь түүний тайлбараар тогтоогдож байна. Хариуцагчийн ууттай цементийн үнээс 7 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй ба энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Нийт цементийн үнэ 1 862 938 745 төгрөг төлөхөөс, 1 240 392 250 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлснөөс, хэдэн төгрөг нь задгай болон ууттай цементийн төлбөр болохыг ялгаж тооцоогүй тул задгай цементийн төлбөр дутуу төлөгдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймээс шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч, барьцаа хөрөнгөөр хангуулах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь дээрх нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдэд зөвхөн задгай цементийн төлбөр төлөх үүрэгт барьцаагаар хангагдах үүрэг хамаарах талаар тусгайлан тохиролцоогүй байна. Нийт цементийн үлдэгдэл төлбөрийн ногдох хэсэгт барьцааны үүрэг хамаарахаар тохиролцжээ.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00934 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “458 054 195.86” төгрөг гэснийг “622 546 490 төгрөг” гэж, “нэхэмжлэлээс 474 945 804.14 төгрөгийг шаардсан хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, /14230/Нарны замын гудамж, 62 байр, 1608 тоот хаягт байршилтай/А блок/ нийт 138.58 м.кв талбай бүхий оффисын зориулалттай, Ү-2203034484 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000531252 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Х.Т-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр 2 хд-92 байр, 43 тоот хаягт байршилтай, 98.5 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206010044 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000530635 тоот гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгө, Т.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, /16064/Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 67-р байр, 123 тоот хаягт байршилтай, 61.67 м.кв талбай бүхий, Ү-2205033685 дугаар бүхий улсын бүртгэлтэй, 000512201 тоот гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 319 277 112 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “2 448 221 төгрөг” гэснийг “3 270 682 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 602 880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                                 ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                     С.ЭНХТӨР