Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1111

 

 

 

 

 

 

 

 

 

“МС” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00620 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МС” ХХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЭБЭ” ХХК--д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 133 169 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

 

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “МС” ХХК- нь “ЭБЭ” ХХК--тай 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, мөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны орон сууц захиалгын гэрээг байгуулж, 42 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Орон сууц захиалгын гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамжны 18, 19 тоотод баригдаж буй Нью гранд үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 2 давхар, 106 тоот хаягтай 28 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг орон сууцыг манайд өгсөн байсан боловч буцаан авсан. “ЭБЭ” ХХК--тай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 17/33 дугаартай барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, мөн 17/01 дугаартай арилжааны гэрээүүдийг тус тус байгуулсан бөгөөд барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээгээр манай байгууллага “ЭБЭ” ХХК--д 91 169 750 төгрөгийн ажлыг компанийнхаа хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Уг ажлын хөлсийг “ЭБЭ” ХХК- нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Г.Цэрэндорж, Б.Цоггэрэл нарын захиалгатай зоорьтой 5 давхар үйлчилгээтэй орон сууцнаас зоорийн давхрын баруун талын 130 м.кв талбайг 234 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр болсон. Манай компани “ЭБЭ” ХХК--д гэрээний дагуу нийт 133 169 750 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үүнийхээ төлбөрийг аваагүй. “ЭБЭ” ХХК- нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай барилгын зоорийн давхрын талбайг м.кв нь 1 800 000 төгрөгөөр тооцож арилжих гэрээг байгуулсан бөгөөд тус барилгын талбайг зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр тооцож манай компанийг ноцтой төөрөгдөлд оруулж, биднийг хууран мэхэлж дээрх гэрээг байгуулсан. Бодит байдалд дээрх байрлал дахь адил объектын зах зээлийн үнэ ханш нь 600 000 төгрөгөөс илүүгүй байгаа болно. Энэ талаар үнэлгээний байгууллага тодорхой үндэслэл бүхий үнийн талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс хариуцагч тал руу удаа дараа гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр явуулсан. Түүнчлэн, хариуцагч “ЭБЭ” ХХК- нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/01 дугаартай арилжааны гэрээний 2.6-д заасан үүргээ одоо хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс арилжааны гэрээнээс татгалзаж байна. Иймд “МС” ХХК- нь “ЭБЭ” ХХК--тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/01 дугаартай арилжааны гэрээнээс татгалзаж байгаа тул “МС” ХХК--ийн “ЭБЭ” ХХК--тай байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний үнэ 42 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/33 дугаартай Барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний үнэ 91 169 750 төгрөг, нийт 133 169 750 төгрөгийг хариуцагч “ЭБЭ” ХХК--аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бид арилжааны гэрээ хийгээд барьсан барилгынхаа хэсгээс талбай өгөх зарчмаар тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт тодорхой заасан хүчин төгөлдөр гэрээ. Хуулийн дагуу талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрөөд гэрээг байгуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч зоорийн давхарт инженерийн шугам сүлжээ явж байгаа гэдэг. Энэ нь барилгын норм дүрмийн дагуу батлагдсаны дагуу хийгдсэн. Манай барилга 3,6 м өндөртэй. Барилгыг барьсан компани 3 жилийн баталгаа өгсөн. Узелийн өрөөний дуу гэж байна. Тэнд узель биш холигч насос тавьсан ба тусдаа өрөөтэй байдаг. 2018 оны 04 сард манайд өгсөн албан бичигт гэрээнээс татгалзаж байна гэсэн байдаг. Тус албан бичигт нь манай зүгээс саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх хариуг 7 хоногийн дотор өгсөн. Гэрээг хүчин төгөлдөр үлдээх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2-т заасны дагуу хариуцагч “ЭБЭ” ХХК--аас 133 169 750 төгрөгийг гаргуулж “МС” ХХК--д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “МС” ХХК--ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 823 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцээгүй нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:"... арилжааны гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж шүүх дүгнэлээ ' гээд шийдвэрийнхээ тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2-т заасны дагуу хариуцагч “ЭБЭ" ХХК-аас 133 169 750 төгрөгийг гаргуулж “МС” ХХК--д олгосугай " гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ" гэжээ. Шүүх гэрээ тус бүрийг дүгнэхдээ арилжааны гэрээний үүрэг биелэгдсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Гагцхүү нэг талын гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Арилжааны гэрээний онцлог нь хариу үүргийг мөнгөөр биш, өөр эд хөрөнгө шилжүүлэх, эсвэл шаардлагатай үед өмчлөх эрхийг шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэдэг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/01 “Арилжааны гэрээ”-г байгуулахдаа гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримталсан болох нь нотлогдож байхад шүүх арилжааны гэрээний онцлог байдал, гэрээний чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт хуульчилсан бэ шүүх энэхүү хуулийн заалтуудад дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэгч нь арилжааны гэрээнээс татгалзаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад хуугийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Тус арилжааны гэрээгээр хариуцагч ЭБЭ " ХХК нь СХД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын зоорийн давхарын баруун талд 130 м.кв талбайн өмчлөх эрхийг /1 м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөгөөр тооцож 234 000 000 төгрөгийн үнэ бүхий/ шилжүүлэх, нэхэмжлэгч “МС” ХХК- нь худалдан авагч олдоогүй шалтгаанаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ аваагүй СХД-ийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамж 18, 19 тоот хаягт байрлалтай “Нью гранд” дороо үйлчилгээний талбайтай орон сууцны нэгдүгээр орцны 2 давхарт 106 тоот хаягтай 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг / 47 600 000 төгрөгөөр үнэлсэн / "ЭБЭ" ХХК-д шилжүүлэх, 2017 онд 91 169 750 төгрөгийн вакум цонхийг худалдаж угсарч өгөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 7/2742 албан бичит: "СХД-ийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамж 18, 19 тоот хаягт байрлалтай “Нью гранд" үйлчилгээний орон сууцны нэгдүгээр давхар 2 дугаар орц 106 тоот хаягт байрлах 28 м.кв нэг өрөө орон сууц эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар бүртэлгүй байна." гэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт          2016 оны 8 сарын 19-ний өдрийн, ”Барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16-27/05 дугаар орон сууц захиалгын гэрээнүүдийн үндсэн үүргийг талууд бүрэн гүйцэтгэсэн буюу энэ гэрээ хэрэгжиж дуусгавар болсон" гэсэн дүгнэлттэй нийцэхгүй байгаа юм. Учир нь энэхүү гэрээгээр МС” ХХК нь дээрхи орон сууцыг өөрийн өмчлөпд шилжүүлэн аваагүй, өөрийн өмч гэдгийг нотлоогүй байхад шүүх “МС" ХХК-ийн өмч гэж үзэж тэдний нэхэмжилсэн 42 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/01 Арилжааны гэрээнд 2017 онд 91 169 750 төгрөгийн цонхны ажлыг хийж гүйцэтгэх " гэжээ. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Арилжааны гэрээ нь 17/33 барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс улбаалан байгуулагдсан мэт харагдаж байх боловч үнэн хэрэгтээ өөртөө барилгын ажил гүйцэтгэх гэрээний тохиролцоог агуулсан ... ' гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа ажил гүйцэтгэх гэрээний хөлс нэхээд байгаа эсвэл тухайн компанид цонх /вакум цонх/ худалдсан барааны үнэ нэхээд байгаа хоёрын ялгааг дүгнэж үзээгүй. Талуудын тайлбараар нэг нь цонх худалдаж худалдан авсан. түүний үнэнд /91 169 750 төгрөг/ баригдаж буй орон сууцны зоорийн хэсгээс 130 м.кв талбайг өгөхөөр тохиролцсон байхад нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах хууль зүйн зарчмын үндэслэлүүдийг орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,. хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “МС” ХХК- нь хариуцагч “ЭБЭ” ХХК--д холбогдуулан талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний үнэ 42 000 000 төгрөг, 2017 оны 8 дугаар арын 15-ны өдрийн 17/33 тоот барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний үнэ 91 169 750 төгрөгийг тус тус гаргуулах, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 17/01 тоот арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 17/01 тоот арилжааны гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 133 169 750 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 37, 93-94, 137 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Барилгын ажил гүйцэтгэсний хариу төлбөрийг бартерийн хэлбэрээр төлөхөөр талууд арилжааны гэрээ байгуулсан боловч энэ гэрээний хариу төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, гэрээ нь илт тэгш бус, нэг талд хохиролтой байх тул арилжааны гэрээнээс татгалзаж, барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөө мөнгөөр тооцон гаргуулах үр дагавар бүрдэнэ” гэж, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдаж тэдгээрийн хариу төлбөрийг бартерийн хэлбэрээр төлөхөөр харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Хэлцлээс татгалзах болон хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл үүсээгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба дээрх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч “МС” ХХК- нь 42 000 000 төгрөг, 91 169 750 төгрөгөөр үнэлэгдэх барилгын буюу цонхны ажил хийж гүйцэтгэх, харин хариуцагч “ЭБЭ” ХХК- нь ажлын хөлсөнд 42 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц шилжүүлэх, 240 000 000 төгрөгийн үнэ бүхий зоорийн давхрын 130 м.кв талбайг шилжүүлэхээр харилцан тохиролцож 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Арилжааны гэрээг тус тус байгуулсан байна./хэргийн 14-19 дүгээр тал/

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Хариуцагч “ЭБЭ” ХХК- нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч “МС” ХХК--ийг цонхны ажил хийж гүйцэтгэсэн болон тоо хэмжээ, үнийн дүнгийн талаар маргаагүй.

 

            Талууд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн арилжааны гэрээгээр “ЭБЭ” ХХК- нь нэхэмжлэгч “МС” ХХК--д Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын зоорийн давхрын баруун талд 130 м.кв талбайн өмчлөх эрхийг 1 м.кв-ийг нь 1 800 000 төгрөгөөр тооцож нийт 234 000 000 төгрөгт үнэлэн шилжүүлэх, “МС” ХХК- нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамжны 18, 19 тоотод баригдаж буй Нью гранд үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 2 давхар, 106 тоот хаягтай 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 47 600 000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэх, 2017 онд 91 169 750 төгрөгийн цонхны ажлыг хийж гүйцэтгэх, 2018 онд 50 000 000 төгрөгийн барилгын ажил хийж гүйцэтгэх, 2019 онд 45 230 250 төгрөгийн барилгын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна./хэргийн 14-15 дугаар тал/

 

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “МС” ХХК- нь өмнө хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 91 169 750 төгрөгийг Арилжааны гэрээний төлбөрт тооцохоор талууд тохиролцсон талаар маргаагүй байна. Харин хариуцагч “ЭБЭ” ХХК- нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 130 м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, гэрч Э.Даваадорж, Б.Цоггэрэл нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хэргийн 151, 153 дугаар тал/.

 

            Арилжааны гэрээнээс талууд хэдийд ч татгалзах эрхтэй. Уг гэрээгээр тохиролцсон үнэ нь зах зээлийн үнэд хүрэхгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэсэн.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч “МС” ХХК- нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдсэн байх ба хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй./хэргийн 8 дугаар тал/ Иймд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах тухай мэдэгдсэн гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу талууд гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх эсхүл мөнгөөр төлөх үүрэгтэй.

 

            Мөн, хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн баримтаар хариуцагч “ЭБЭ” ХХК- нь нэхэмжлэгч “МС” ХХК--д дээрх гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамжны 18, 19 тоотод баригдаж буй Нью гранд үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 2 давхар, 106 тоот хаягтай 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /хэргийн 131 дүгээр тал/

 

            Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу “МС” ХХК- нь “ЭБЭ” ХХК--аас орон сууц болон барилгын ажлын гүйцэтгэлээ буцаан шаардах эрхтэй боловч эдгээр үүргийг бодит байдлаар буцаан авах боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2-т заасны дагуу “ЭБЭ” ХХК- нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр гаргуулна гэж заасны дагуу анхан шатны шүүх хариуцагчаас 133 169 750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧИД                           Ч.ЦЭНД

 

                                                         С.ЭНХТӨР