Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2020/00726

 

МС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00620 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1111 дугаар магадлалтай,

МС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ЭБ ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 133.169.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МС ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ЭБ ХХК-тай 2016 оны 8 сарын 19-ний өдрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, мөн 2016 оны 10 сарын 03-ны орон сууц захиалгын гэрээг байгуулж, 42.000.000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Орон сууц захиалгын гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамжны 18, 19 тоотод баригдаж буй Нью гранд үйлчилгээтэй орон сууцны 1 дүгээр орц, 2 давхар, 106 тоот хаягтай 28 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Уг орон сууцыг манайд өгсөн байсан боловч буцаан авсан. ЭБ ХХК-тай 2017 оны 8 сарын 15-ны өдөр 17/33 дугаартай барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, мөн 17/01 дугаартай арилжааны гэрээнүүдийг тус тус байгуулсан бөгөөд барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээгээр манай байгууллага ЭБ ХХК-д 91.169.750 төгрөгийн ажлыг компанийнхаа хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Уг ажлын хөлсийг ЭБ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Г.Цэрэндорж, Б.Цоггэрэл нарын захиалгатай зоорьтой 5 давхар үйлчилгээтэй орон сууцнаас зоорийн давхрын баруун талын 130 м.кв талбайг 234.000.000 төгрөгөөр шилжүүлэхээр болсон. Манай компани ЭБ ХХК-д гэрээний дагуу нийт 133.169.750 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үүнийхээ төлбөрийг аваагүй. ЭБ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай барилгын зоорийн давхрын талбайг м.кв нь 1.800.000 төгрөгөөр тооцож арилжих гэрээг байгуулсан бөгөөд тус барилгын талбайг зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр тооцож манай компанийг ноцтой төөрөгдөлд оруулж, биднийг хууран мэхэлж дээрх гэрээг байгуулсан. Бодит байдалд дээрх байрлал дахь адил объектын зах зээлийн үнэ ханш нь 600.000 төгрөгөөс илүүгүй байгаа болно. Энэ талаар үнэлгээний байгууллага тодорхой үндэслэл бүхий үнийн талаарх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Манай байгууллагын зүгээс хариуцагч тал руу удаа дараа гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хүсэлтийг бичгээр явуулсан. Түүнчлэн, хариуцагч ЭБ ХХК нь 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 17/01 дугаартай арилжааны гэрээний 2.6-д заасан үүргээ одоо хүртэл биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс арилжааны гэрээнээс татгалзаж байна. Иймд МС ХХК нь ЭБ ХХК-тай байгуулсан 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 17/01 дугаартай арилжааны гэрээнээс татгалзаж байгаа тул МС ХХК-ийн ЭБ ХХК-тай байгуулсан 2016 оны 8 сарын 19-ний өдрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний үнэ 42.000.000 төгрөг, 2017 оны 8 сарын 15-ны өдрийн 17/33 дугаартай Барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний үнэ 91.169.750 төгрөг, нийт 133.169.750 төгрөгийг хариуцагч ЭБ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭБ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бид арилжааны гэрээ хийгээд барьсан барилгынхаа хэсгээс талбай өгөх зарчмаар тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт тодорхой заасан хүчин төгөлдөр гэрээ. Хуулийн дагуу талууд харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрөөд гэрээг байгуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч зоорийн давхарт инженерийн шугам сүлжээ явж байгаа гэдэг. Энэ нь барилгын норм дүрмийн дагуу батлагдсаны дагуу хийгдсэн. Манай барилга 3,6 м өндөртэй. Барилгыг барьсан компани 3 жилийн баталгаа өгсөн. Узелийн өрөөний дуу гэж байна. Тэнд узель биш холигч насос тавьсан ба тусдаа өрөөтэй байдаг. 2018 оны 04 сард манайд өгсөн албан бичигт гэрээнээс татгалзаж байна гэсэн байдаг. Тус албан бичигт нь манай зүгээс саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх хариуг 7 хоногийн дотор өгсөн. Гэрээг хүчин төгөлдөр үлдээх хүсэлтэй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00620 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2-т заасны дагуу хариуцагч ЭБ ХХК-аас 133 169 750 төгрөгийг гаргуулж МС ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч МС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 823 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1111 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцээгүй нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа тул хянаптын гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...арилжааны гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж шүүх дүгнэлээ.” гээд шийдвэрийнхээ тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2-т заасны дагуу “хариуцагч ЭБ ХХК-иас 133.169.750 төгрөгийг гаргуулж МС ХХК-д олгосугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэжээ. Шүүх гэрээ тус бүрийг дүгнэхдээ арилжааны гэрээний үүрэг биелэгдсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй. Гагцхүү нэг талын гаргасан тайлбарыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Арилжааны гэрээний онцлог нь хариу үүргийг мөнгөөр биш, өөр эд хөрөнгө шилжүүлэх, эсвэл шаардлагатай үед өмчлөх эрхийг шилжүүлэх хэлбэрээр гүйцэтгэдэг. 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 17/01 “Арилжааны гэрээ”-г байгуулахдаа гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримталсан болох нь нотлогдож байхад шүүх арилжааны гэрээний онцлог байдал, гэрээний чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-д хуульчилсан ба шүүх энэхүү хуулийн заалтуудад дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэгч нь арилжааны гэрээнээс татгалзаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Тус арилжааны гэрээгээр хариуцагч ЭБ ХХК нь СХД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын зоорийн давхарын баруун талд 130 м.кв талбайн өмчлөх эрхийг шилжүүлэх, нэхэмжлэгч Метапл сервис ХХК нь худалдан авагч олдоогүй шалтгаанаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ аваагүй СХД-ийн 27-р хороо, Агар 3 дугаар гудамж 18, 19 тоот хаягт байрлалтай Нью гранд дороо үйлчилгээний талбайтай орон сууцны нэгдүгээр орцны 2 давхарт 106 тоот, 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг /47.600.000 төгрөгөөр үнэлсэн/ ЭБ ХХК-д шилжүүлэх, 2017 онд 91.169.750 төгрөгийн вакум цонхийг худалдаж угсарч өгөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 7/2742 албан бичигт: “СХД-ийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамж 18, 19 тоот хаягт байрлалтай Нью гранд үйлчилгээний орон сууцны нэгдүгээр давхар 2 дугаар орц 106 тоот хаягт байрлах 28 м.кв нэг өрөө орон сууц эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна.” гэсэн нь шүүхийн “2016 оны 08 сарын 19-ний өдрийн Барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 16-27/05 дугаар орон сууц захиалгын гэрээнүүдийн үндсэн үүргийг талууд бүрэн гүйцэтгэсэн буюу энэ гэрээ хэрэгжиж дуусгавар болсон.” гэсэн дүгнэлттэй нийцэхгүй байгаа юм. Учир нь энэхүү гэрээгээр МС ХХК нь дээрхи орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх нь нээгдсэн байхад бүртгэлийн газар бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авах үүргээ биелүүлээгүй нь ЭБ ХХК үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд арилжааны гэрээний үүргийн гүйцэтгэлд нь орон сууц өгөхөөр тохиролцсон МС ХХК-ийн өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн байхад тэдний нэхэмжилсэн 42.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт “Арилжааны гэрээ нь 17/33 барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс улбаалан байгуулагдсан мэт харагдаж байх боловч үнэн хэрэгтээ өөртөө барилгын ажил гүйцэтгэх гэрээний тохиролцоог агуулсан... гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа ажил гүйцэтгэх гэрээний хөлс нэхээд байгаа эсвэл тухайн компанид цонх худалдсан барааны үнэ нэхээд байгаа хоёрын япгааг дүгнэж үзээгүй. Талуудын тайлбараар нэг нь цонх худалдан авсан, түүний үнэнд /91.169.750 төгрөг/ баригдаж буй орон сууцны зоорийн хэсгээс 130 м.кв талбайг өгөхөөр тохиролцсон байхад нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлээгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах хууль зүйн зарчмын үндэслэлүүдийг орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

МС ХХК, ЭБ ХХК-д холбогдуулан арилжааны гэрээнээс  татгалзаж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 133.169.750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч МС ХХК хариуцагч ЭБ ХХК-ийн захиалгаар нийт 42.000.000 төгрөгийн барилгын цонхны ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогджээ.

Дээрх гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэсэн талаар хариуцагч маргаагүй, ажлын хөлс 42.000.000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 3 дугаар гудамжны 18,19 тоотод баригдаж буй Нью гранд үйлчилгээний орон сууцны 106 тоот хаягт орших 28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц шилжүүлэхээр талууд тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан уг гэрээний үүргээ хариуцагч биелүүлж гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. Энэ гэрээний дагуу талууд үүргээ харилцан гүйцэтгэсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Зохигчийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр арилжааны болон ажил гүйцэтгэх тусдаа 2 гэрээ байгуулагджээ. Арилжааны гэрээгээр нэхэмжлэгч МС ХХК нь төлбөртөө авсан дээрх орон сууцыг 47.000.000 төгрөгт, хариуцагч ЭБ ХХК Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутагт дэвсгэрт баригдаж буй барилгын зоорийн давхарын баруун хэсэгт байршилтай 130 м.кв талбайг 234.000.000 төгрөгт тооцон харилцан шилжүүлэхээс гадна МС ХХК нь 2017-2019 онуудад нийт 186.400.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн байна. Арилжааны гэрээ нь арилжааны болоод ажил гүйцэтгэх, тухайлбал, холимог гэрээний шинжийг агуулсныг шүүх дүгнэсэн ба үүнийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болохыг мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д заасан байна.

Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдах болсон үндэслэл нь ажил гүйцэтгэх эхний гэрээгээр хүлээн авсан орон сууцыг буцааж, хоёр удаагийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөөс гадна ирээдүйд гүйцэтгэх ажлын хөлсийг бартерээр буюу эд хөрөнгө шилжүүлж төлөх зорилготой байсан гэж үзэхээр байна. Иймд талуудын хооронд бие даасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаардаг учир арилжааны болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаархи шүүхийн дүгнэлт буруу биш байна.

2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр арилжааны гэрээнд дурдсан гүйцэтгэх ажил, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлагыг дэлгэрүүлэн тодорхойлсон бөгөөд МС ХХК 2017 онд 91.169.750 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэнд хариуцагч маргаагүй юм.

Арилжааны гэрээний зүйл буюу 130 м.кв талбайг хариуцагч шилжүүлэх боломжгүй болсноос гэрээнээс татгалзах үндэслэл үүссэн, нэхэмжлэгчийн гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцыг бодит байдлаар буцаан авах нөхцөлгүй, эдгээр үйл баримтыг шүүх дүгнэж, нийт 133.169.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 205.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/00620 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1111 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Ц-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч ЭБ ХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 823.800 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ