Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ2019/00588

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа даргалж, шүүгч Б.Мөнхзул, Ерөнхий шүүгч Л.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 101-204 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ТК94032011/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан Эрэг 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 059 тоотод оршин суух, Зэлтэрийн зам ХХК-ийн захирал ажилтай, ******* овогт *******гийн ******* /РД:ТЗ-67051811/ холбогдох, ... бага насны Д.Нармандахыг 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагч Зэлтэрийн зам ХХК-ийн захирал Д.*******, иргэдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний ээж Д. 2019 оны 04 сарын 30-ны 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт цайдамын хөндий гэх газарт төв асфальтан замд Зэлтэрийн зам ХХК-ийн 0079 СЭҮ улсын дугаартай KIAgranbird маркийн машинд дайруулан амь насаа алдсан хэрэг гарсан юм. Уг машины жолооч М.ын гэм буруутай нь тогтоогдож зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдсан бөгөөд бид түүнд гомдоод байх зүйлгүй. Хэргийг шийдвэрлэх явцад уг машины жинхэнэ өмчлөгч болох Зэлтэрийн зам ХХК-ийг хариуцагчаар татсан бөгөөд тухайн үед гэм хорын нэхэмжлэлийн зарим материалаа бүрдүүлээгүйгээс хэлэлцэхгүй орхин иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхисон. Миний ээжийн маань асрамжид тахир дутуу, хэвтрийн байдалтай байдаг аав маань мөн 9 настай дүү Д.Нармандах нар маань байдаг юм. Аав маань энэ асуудлаас хойш улам бие нь муудаж, эрүүл мэнд нь доройтон бага насны хүүхдээ харж хандаж чадахгүй болсон билээ. Иймд бид 2012 оны 03 сарын 19-нд төрсөн дүү *******ын Нармандахыг 18 нас хүртэл Зэлтэрийн зам ХХК- аас тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсч байна. Ээж маань байнгын ажлын байргүй байсан ч гэсэн хувиараа энд тэнд ажиллаж, бусдын байрны засвар, ногоо хураалт зэрэг ажлуудыг хийж амьдралаа авч явдаг байсан юм. Иймд дүүг минь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хонгор сумын иргэн гэх эмэгтэй Зэлтэрийн зам ХХК-ийн өмчлөлийн 00-79 СЭҮ улсын дугаартай автобусанд мөргүүлж амь насаа алдсан. Энэ асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явагдаад 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 325 дугаартай шийтгэх тогтоолоор таслан шийдвэрлэсэн. Тухайн үед ажлаа хийж явсан жолооч ыг гэм буруутай байна. Болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон байна гэж үзсэн. Уг тогтоолын үндэслэх хэсэгт бага насны хүүхэд болох Д.Нармандахыг тэжээн тэтгүүлэх асуудлыг нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. Үүний дагуу гэм хорын хохирлыг Зэлтэрийн зам ХХК-аас нэхэмжилж байгаа. Сая эвлэрэх тухай ярилцаж байхад тухайн үед талийгаачийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Жолоочийг согтуу байсныг шалгаж тогтоогоогүй гэх мэт зүйл ярилаа. Хэрэв эргэлзэж байсан юм бол тухайн үедээ давж заалдах цаашлаад улсын дээд шүүхэд гомдол гаргах эрх нь байсан боловч өөрсдөө эрхээ эдлээгүй. Хохирогчоор тогтоогдсон Д.Мөнхтулгын зүгээс хуульд зааснаар миний дүүг тэжээн тэтгэх асуудал байдаг бол тухайн эрхээ эдлэхийг хүсч байна гэж өмгөөлөгч надад хандсан. Д.Нармандах нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Одоо 7 настай буюу 2 дугаар ангид сурдаг. Одоо Хонгор суманд аавтайгаа амьдардаг. Аав нь гэмтлийн улмаас мэдрэл дутуу болсон бөгөөд өөрийгөө авч явах чадваргүй болсон хүн байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар эцэгт нь ч гэсэн гэм хорын асуудал нэхэмжлэх эрх байсан ч ганцхан хүүхдийг нь л тэжээн тэтгүүлэхийг шаардаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байгаа. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 174,000 төгрөгийг хасаад үлдэх зөрүүг сар болгон Зэлтэрийн зам ХХК-аас гаргуулж Д.Нармандахыг тэжээн тэтгүүлэх талаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Зэлтэрийн зам ХХК-ийн захирал Д.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Эрүүгийн хэрэгт манай өмгөөлөгч муу ажилласан гэж үзэж байгаа. Тухайн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан. Замын хажууд байж байгаад ч юм уу эсвэл гарц дээр явж байгаад осолд өртсөн бол юу ч ярихгүй байсан. Осол гаргасан жолоочийн хувьд энэ асуудлыг өөрөө хариуцаад явах боломжтой. Өнөөдөр шүүх хуралдааны танхимд түүний гэр бүлийн хүн ч ирсэн байна. Тиймээс манай компани асран тэтгэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Мөнхтулгын шүүхэд гаргасан ... бага насны буюу 2012 оны 03 сарын 19-нд төрсөн дүү Д.Нармандахыг 18 нас хүртэл нь хариуцагч Зэлтэрийн зам ХХК-иар тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар, хавтаст хэргийн 1-10, 20-23, 25-29, 33-36, 41-51 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шийтгэх тогтоол, тэжээгч нас барсны асаргааны тэтгэвэрийн дэвтрийн хуулбар, Д.Нармандахын төрсний гэрчилгээний хуулбар, эцэг Ш.*******ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, Зэлтэрийн зам компанийн захирлын №14 тоот тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгийн хуулбарууд зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар нотлогдож байхаас гадна тухайн тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж хүний амь хохироосон гэх жолооч М. нь дээрх компанид хөдөлмөрийн гэрээгээр, тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл / автобус / - ийг жолоодож ажил үүрэг гүйцэтгэж байсан болон түүний гэм буруутайг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байх тул түүний хөдөлмөрийн гэрэээний үндсэн дээр ажиллаж байсан хуулийн этгээд буюу ажил олгогч Зэлтэрийн зам компани дээрх нас барсан хохирогчийн асрамжид байсан гэх хүүхдийг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Харин хариуцагч нь дээрх гэм хорын төлбөрийг төлөхгүй хэмээн маргаж буй боловч шүүхэд энэ байдлаа баримтаар няцааж нотлоогүй байна.

Хууль зүйн үндэслэл; Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д тус тус зааснаар ... гэм хор учруулсаны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг 16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас/ - тай болтол нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320.000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны /халамжийн тэтгэвэр/ тэтгэвэр болох 174.000 төгрөгийг хассан зөрүү болох 146.000 төгрөгийг хариуцагчаас сар бүр гаргуулж олговол зохино.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар ... нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож (146.000х12=1.752.000 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 42.982 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулбал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Зэлтэрийн зам ХХК /захирал Д.*******/ -аас сар бүр 146.000 төгрөгийг бага насны Д.Нармандах /асран хамгаалагч Ш.*******/ -ыг 16 нас (суралцаж буй бол 18 нас) -тай болтол нь гэм хорын төлбөрт гаргуулан олгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар ... нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 42.982 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ

 

Л. ЭНХТАЙВАН