Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 04

 

Д.Мөнхтулгын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00590/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                    Даргалагч:

                      Ерөнхий шүүгчийн үүргийг

                      түр орлон гүйцэтгэгч шүүгч         Б.Батзориг

                      Шүүгчид                                         Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                    Оролцогчид

                         Хариуцагч                                     Д.Лхагвачулуун

                         

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 588 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Д.Мөнхтулгын нэхэмжлэлтэй “Зэлтэрийн зам” ХХК-д холбогдох “гэм хорын хохирол нэхэмжлэх буюу бага насны Д.Нармандахыг асран тэтгүүлэх” тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхтулга анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний ээж Д.Наранцэцэг 2019 оны 04 сарын 30-ны 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цайдамын хөндий гэх газарт төв асфальтан замд “Зэлтэрийн зам” ХХК-ийн 0079 СЭҮ улсын дугаартай KIA granbird маркийн машинд дайруулан амь насаа алдсан хэрэг гарсан юм. Уг машины жолооч М.Мөнхбаярын гэм буруутай нь тогтоогдож зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдсан бөгөөд бид түүнд гомдоод байх зүйлгүй. Хэргийг шийдвэрлэх явцад уг машины жинхэнэ хариуцагч болох “Зэлтэрийн зам” ХХК-ийг хариуцагчаар татсан бөгөөд тухайн үед гэм хорын нэхэмжлэлийн зарим материалаа бүрдүүлээгүйгээс хэлэлцэхгүй орхин иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхисон. Миний ээжийн маань асрамжид тахир дутуу, хэвтрийн байдалтай байдаг аав маань мөн 9 настай дүү Д.Нармандах нар маань байдаг юм. Аав маань энэ асуудлаас хойш улам бие нь муудаж, эрүүл мэнд нь доройтон бага насны хүүхдээ харж хандаж чадахгүй болсон билээ.

Иймд бид 2012 оны 03 сарын 19-нд төрсөн дүү Доржпаламын Нармандахыг 18 нас хүртэл “Зэлтэрийн зам” ХХК-аас тэтгэлэг гаргуулж өгөхийг хүсч байна. Ээж маань байнгын ажлын байргүй байсан ч гэсэн хувиараа энд тэнд ажиллаж, бусдын байрны засвар, ногоо хураалт зэрэг ажлуудыг хийж амьдралаа авч явдаг байсан юм. Дүү Д.Нармандах нь 2012 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Одоо 7 настай буюу 2 дугаар ангид сурдаг. Одоо Хонгор суманд аавтайгаа амьдардаг. Аав нь гэмтлийн улмаас мэдрэл дутуу болсон бөгөөд өөрийгөө авч явах чадваргүй болсон хүн байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар эцэгт нь ч гэсэн гэм хорын асуудал нэхэмжлэх эрх байсан ч ганцхан хүүхдийг нь л тэжээн тэтгүүлэхийг шаардаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байгаа. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 174,000 төгрөгийг хасаад үлдэх зөрүүг сар болгон “Зэлтэрийн зам” ХХК-аас гаргуулж Д.Нармандахыг тэжээн тэтгүүлэх талаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч “Зэлтэрийн зам” ХХК-ийн захирал Д.Лхагвачулуун анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Эрүүгийн хэрэгт манай өмгөөлөгч муу ажилласан гэж үзэж байгаа. Тухайн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан. Замын хажууд байж байгаад ч юм уу эсвэл гарц дээр явж байгаад осолд өртсөн бол юу ч ярихгүй байсан. Осол гаргасан жолоочийн хувьд энэ асуудлыг өөрөө хариуцаад явах боломжтой. Өнөөдөр шүүх хуралдааны танхимд түүний гэр бүлийн хүн ч ирсэн байна. Тиймээс манай компани асран тэтгэх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 588 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Зэлтэрийн зам ХХК /захирал Д.Лхагвачулуун/ -аас сар бүр 146.000 төгрөгийг бага насны Д.Нармандах /асран хамгаалагч Ш.Доржпалам/ -ыг 16 нас (суралцаж буй бол 18 нас) -тай болтол нь гэм хорын төлбөрт гаргуулан олгосугай.

- Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар ... нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжид 42.982 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулсугай...” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 588 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.3-д хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсанаас өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байна.

 2019.04.30-ны шөнө 22 цагийн үед хохирогч Д.Наранцэцэг нь согтууруулах ундаа хэрэглсэн үедээ Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдамын хөндий гэх газарт Улаанбаатар-Дархан хотын чиглэлийн олон улсын авто зам дээр үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуйд явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа манай компанийн 00-79 СЭҮ дугаартай автобусанд дайрагдаж нас барсан юм. Автобусны жолооч М.Мөнхбаяр нь зөрж өнгөрсөн машины араас гэнэт гарч
 ирэхэд нь 3 секундын хугацаанд ямар ч зогсох боломжгүйгээр түүнийг дайрсан.  Хохирогчийг би нэг сумынх болохоор таньж мэддэг. Нэхэмжлэгч Д.Мөнхтулга нь уг ослын хэрэг цагдаа дээр шалгагдаж байхад таньд ямар ч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж ярьсан болохоор би Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгуй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхтулга нь  хариуцагч “Зэлтэрийн зам“ ХХК-нд холбогдуулан хохирогч нас барснаас учирсан  гэм хорыг арилгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийг судлан үзвэл:  2019 оны 04 сарын 30-ны өдөр  “Зэлтэрийн зам” ХХК-ны жолооч М.Мөнхбаярын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль зөрчсны улмаас зам тээврийн осол гаргаж иргэн  Д.Наранцэцэг  нас барсан бөгөөд шүүхээс   М.Мөнхбаярын гэм буруутай үйлдэлд хуулийн дагуу зохих хариуцлага тооцсон байна. Ийнхүү эрүүгийн шүүх хуралдаанаар жолооч М.Мөнхбаярын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогч нас барснаас учруулсны төлбөрийн асуудлыг нотлох баримт бүрдээгүй гэсэн шалтгаанаар  иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн байна.

Бага насны хүү Д.Нармандах нь талийгаач Д.Наранцэцэгийн асрамжид   байдаг  бөгөөд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжинд байсан бага насны хүүхэд авах эрхтэй”  гэж заасан тул   нэхэмжлэгч Д.Мөнхтулгын  хохирогч нас  барснаас учирсан гэм хорыг арилгуулахаар гаргасан  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Хэргийн хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагын  татгалзалаа жолооч өөрийн гэм буруугаас бусдад хохирол учруулсан  тул компани түүний өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж  тайлбарладаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын  дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан  гэм хорын  хариуцлагыг  түүнийг ажиллуулж  байгаа ажил олгогч  хүлээнэ” гэж  заасан бөгөөд жолооч М.Мөнхбаяр нь  хариуцагч “Зэлтэрийн зам” ХХКомпанид  хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж тухайн өдрөө   ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн  осол  гаргаж  бусдад хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  нэхэмжлэгч нь хариуцагчаар “Зэлтэрийн зам” ХХК-ныг татсан нь үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж,  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 588 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 42.982 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН