Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2019/00596

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 2 дугаар баг, Бэлчир гэх газарт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:МН-71041571/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131б тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:МЮ-80061694/-д холбогдох

Хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх, Ш.*******ын сөрөг нэхэмжлэлтэй О.*******т холбогдох Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1-р хэсэг, 131б-д байрлалтай 507мкв газар, түүний дээр баригдсан байшин нь Ш.******* миний өмч мөн болохыг тогтоолгох, О.*******тай газар, байшин худалдсан худалдах худалдан авах тухай гэрээний 1030.9 мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч О.*******, түүний өмгөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.*******, С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О.*******ын нь 2011 оны 01 сарын 19-ний өдөр Ш.*******той худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр 131 тоотод байрлах 64 мкв талбайтай байшин 1030,9 мкв талбайтай газрыг тус тус худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь миний нэр дээр бүртгэлтэй байгаа ба одоо ч байшиндаа амьдарсаар байгаа юм. Гэтэл дахин дээрх хөрөнгөө худалдсан Ш.******* нь надад худалдсан газраа чөлөөлөхгүй улмаар хашаан дундуур нь босгож байшин барьж эхэлсэн. Энэ талаар өөрт нь хэлэхэд үл тоосон байдал гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1030,9 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-1317000301 дугаар, 000102679 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө болох миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа Ш.*******ын үйлдлийг зогсоож хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэх.

 

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ... Иргэн Ш.******* би О.*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж хашаа байшингаа буцаан авах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байсан билээ. Одоо уг нэхэмжлэлээ өөрчилж байна. 2011 оны 1-р сарын 19-ны өдөр иргэн О.*******тай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 64 мкв бүхий байшин, 1030,9 мкв газрыг таллаж худалдахаар гэрээ байгуулсан болно.Тухайн үед хашааг дундуур нь тусгаарлаж хуваасан бөгөөд одоо би өөрийн өмчлөлийн газар дээр өвлийн орон сууц барьж эзэмшиж байна. Хэдийгээр худалдах худалдан авах гэрээнд 1030,9 мкв газрыг худалдсанаар гарын үсэг зурсан боловч өөрийн газар дээрээ байшин бариад нэг мөсөн өмчлөх бичиг баримтаа авах, мөн тухайн үед ажил ихтэй бичиг баримт хөөцөлдөх завгүй байсан учир О.*******тай харилцан тохирч гэрээг хийсэн. Гэтэл О.******* нь бичиг баримт, гэрээнд бичсэн газрын 1030,9 мкв хэмжээг ашиглаж одоо өөрийн өмчлөл, уг 1030,9 мкв газар худалдсан гэж маргаж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Бодит гэрээ бол 1030.9 мкв газрыг таллаж худалдсан гэрээ болно. О.*******т газрыг таллаж худалдсан тухай болон би өөрийн байшингаа барьж эхэлсэн тухайгаа өмнө нь тодорхой бичсэн билээ. Миний бие О.*******т өвлийн байшингаа худалдаад өөрийн тал хашаандаа байсан зуны амбаартаа гэрийнхээ эд хөрөнгийг оруулж хурааж байсан бөгөөд зуны улиралд амбаартаа амьдарч байсан. Би О.*******т хашаагаа таллаж худалдсан болохоор хашаанд нь тусд нь бие засах жорлон барьж өгсөн юм. О.******* нь ямар нэгэн маргаан гаргахгүй олон жил байсан атлаа намайг байшингаа барьж дууссаны дараа намайг хашаагаа бүгдийг нь худалдсан гэж гүтгэж бидний итгэлийг эвдэж хууран мэхэлж манай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан явдалд гомдолтой байна. Ш.******* миний бие 64 мкв байшин, 1030,9 мкв газрын талыг О.*******т худалдсан нь үнэн бөгөөд одоо шүүхэд анх гаргасан сөрөг нэхэмжлэлээ өөрчилж байна.

Үүнд: 1. Сүхбаатар сумын 3-р баг ийн 1 -р хэсгийн 131-б-д байрлалтай 507 мкв газар, түүний дээр баригдсан байшин нь Ш.******* миний өмч мөн болохыг тогтоож өгнө үү.

2. О.*******тай газар байшин худалдсан худалдах худалдан авах тухай гэрээний 1030.9 мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоож өгнө үү гэх.

 

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.******* нь 2011 оны 01 сарын 19-ний өдөр Ш.*******той худалдах, худалдан авах гэрээгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр 131 тоотод байрлах 64 мкв талбайтай байшин 1,030,9 мкв талбайтай газрыг тус тус нийт 6,000,000 төгрөгөөр худалдан авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. Тэр үед уг газрын дундуур нь хашаа татсан байсан ба хашааны цаад талд нь нэг амбаар байсан. Тухайн үедээ амбаар дотор байгаа юм аа удахгүй авна гэж хэлж байсан. Би тэр хашааг нураах гэсэн боловч цаана нь байгаа амбаараас янз бүрийн зүйл алга болвол надаас боллоо гэж бодохвий гэсэндээ хашааг нь байлгаж байсан. Ш.******* өөрөө буулгаж өгнө гэсэн юм. 2013 онд би мал дээр байж байгаад иртэл тухайн газарт жижигхэн хундаам цутгасан байсан. Тэгэхээр нь би чи надад газраа зарчихаад яагаад юм яриад байгаа юм гэж хэл ам хийж байж болиулсан. Ингээд 2017 оны 07 дугаар сард ахин байшин барих ажлаа үргэлжлүүлж 2017 оны 08 дугаар сарын сүүлээр өдөр шөнөгүй тухайн байшингаа барьж дуусгасан. Тэгэхээр нь би ахиад л яагаад надад зарсан газар дээрээ байшин барьчихаж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм намайг Сэлэнгэ аймагт ямар нүүр царайтай болохыг хараарай гэх мэтээр янз бүрээр доромжилсон. Тэгээд намайг явдаг газраараа яв гэж хэлсэн. Тиймээс би шүүхэд хандсан. Иймд миний эзэмшлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү гэх.

 

Хариуцагч Ш.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.*******ын эхнэр Бямбажав нь манай объектыг түрээслэн үйл ажиллагаа явуулж хамтран ажиллаад 2-3 жил болсон. Манайх байшингаа тал газартай нь зарах гэж байгаа талаар би худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг хүмүүст хэлээд байж байтал О.*******ын эхнэр би нөхөртэйгөө хамт маргааш очиж үзье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Бямбажав нь нөхөр болох О.*******тай хамт ирсэн. Тэр үед нь манайх хашаагаа талласан байсан. Яагаад гэвэл таллаж зарах гэж байгаа болохоор л талласан байсан. Тэгээд О.******* Бямбажав нарт хандан манайх тал газраа байшинтай нь зарна. Нөгөө талыг нь зарахгүй. Яагаад гэвэл манай гал голомт байгаа учраас бага дүү Ш.******* энд амьдарна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь О.******* эхнэр Бямбажавын хамт 5.500.000 төгрөг хадганд боогоод ирсэн. Тэгээд бичиг баримтыг нь хурдхан л шилжүүлээд өгвөл сайн байна гэсэн саналыг бид нарт тавьсан. Тэгээд нотариат дээр очоод 1030,9 мкв газар зарж байгаа юм. Таллаж зарж болох уу гэхэд тус тусын кадастрын зурагтай байгаа тохиолдолд таллаж зарж болно гэж хэлсэн. Кадастрын зураг гаргахад нэлээн их хугацаа ордог. Тийм болохоор хүн хашаа байшин газар авья гээд баярлаад мөнгөө бэлнээр аваад ирсэн болохоор хүнлэг ёсоор хандсан. Мөн тухайн үед цагаан сар дөхөж байсан. Цагаан сараар бараа таваар зарж хэдэн төгрөг олдог болохоор ажил маш их байсан. Тэгээд хэн хэнийгээ таньдаг болохоор хоорондоо ярилцаад бид нарын зүгээс та нар бүтнээр нь шилжүүлээд авчих харин дараа нь кадастрын зураг гаргуулаад хуваагаад авья гэж тохирсон. Тэгэхэд О.*******ын эхнэр Бямбажав бид нар тийм муухай зүйл хийх хүмүүс биш бид нарт итгээд өгчих. Бид нар өөрсдөө хөөцөлдөж байгаад газраа таллаад авчихья гэж хэлсэн. Түүнээс хойш 2 сар орчмын дараа би Бямбажавтай таараад газрын асуудал юу болж байгаа вэ гэж асуухад бид нар газраа таллаад авчихсан гэж хэлсэн. Тэгээд удаа ч үгүй би газрын албан дээр очоод асуухад танай газар та нарын нэр дээр байна, ******* гэдэг хүний нэр дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ хүмүүсийг манай газрыг үлдээгээд өөрсдийнхөө газрыг авсан юм байна гэж ойлгоод явж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд хашаагаа эзэмшээд, ашиглаад л явж байгаа. Бид нар энэ хүнд итгээд тал хашаагаа зарсан биш өнөөдөр ийм байдалд хүрээд зогсож байгаад үнэхээр гомдолтой байна. Хамгийн доод тал нь 8,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байсан 500 гаран мкв газар болон 64 мкв байшинг 5.500.000 төгрөгөөр л зарсан. Таньж мэддэг хүний хувьд л хямдхан зарсан юм. Тиймээс О.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх О.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Ш.*******ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.*******ын шүүхэд гаргасан ... Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3-р баг, 1-р хэсэг, 131 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1030.9 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-1317000301, 000102679 гэрчилгээний дугаартай миний өмчлөлийн газарт хууль бусаар халдаж байгаа Ш.*******ын үйлдлийг зогсоож, хууль бус өмчлөлөөс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь; О.*******, Ш.******* нар нь 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3-р баг, 1-р хэсэг, 131 тоот хаягт орших 1030.9 мкв талбай бүхий газар, мөн тоотод байрлах 64мкв, 1 өрөө бүхий орон сууцыг тус бүрийг гэрээнд зааснаар 500.000 төгрөгөөр (бодит байдал дээр 5.500.000 төгрөгөөр) үнэ тохиролцон бэлнээр төлж, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, худалдаж, худалдан авсан болох нь зохигч түүний төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, тэднээс гаргасан бичгийн чанартай баримт болох 1-р хавтаст хэргийн 1-9 дүгээр талд авсан нэхэмжлэл, О.*******ын 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн (гэрчилгээний дугаар-000102679) Г-1317000301 дугаартай Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3-р баг, 1-р хэсэг, 131 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1030.9 мкв талбай бүхий газрын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, тус газрын кадастрын зураглал, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот багуулалтын газрын хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 24-ний өдрийн 02/428 дугаартай албан тоот, Улсын бүртгэлийн хэлтсийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ш.*******, О.******* нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр 1030.9 мкв талбай бүхий газар мөн өдрийн 64 мкв талбай бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Газар худалдах, худалдан авах гэрээ-ний 7 дугаар зүйлд ... гэрээ байгуулах үед уг газар нь худалдаагүй, барьцаанд тавигдаагүй, битүүмжлэгдээгүй, түрээслэгдээгүй, ямар нэгэн маргаан байхгүй болно гэж талууд тохирсон байхаас гадна уг гэрээнд ... дээрх 1030.9 мкв газрын талыг нь буюу 507 мкв талбай бүхий газрыг худалдан авагч талд худалдаагүй гэх буюу худалдагч Ш.*******ын өмчлөлд үлдэнэ гэсэн заалт байхгүй, тусгагдаагүй байна.

Мөн 2-р хавтаст хэргийн 8-23, 88-94, 139-143 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн үнэлгээний тайлан, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, холбогдох баримт, гэрч Р.Төгсбаярын хууль сануулж шүүхэд өгсөн ... 2011 оны 01 сарын 19-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу баталсан, ...1030.9 мкв газрыг гэрчилгээнд тусгагдсан хэмжээгээр талууд тохиролцон Худалдах, худалдах авах гэрээг байгуулсаныг миний бие баталгаажуулсан гэх мэдүүлэг, мөн тус нотариатчаас шүүхэд гаргаж ирүүлсэн ... газар болон орон сууц худалдах худалдах авах гэрээ, гэрчилгээний хуулбарууд зэргээр давхар нотлогдож байна гэж үзэв.

Харин Ш.*******ын шүүхэд гаргасан /1 хх-ийн 217 тал/ ... Сүхбаатар сум, 3-р баг, 1-р хэсэг, 131б тоотод байрлалтай 507 мкв газар түүний дээр баригдсан байшин нь миний өмч болохыг тогтоож, О.*******тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээний 1030.9 мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; Ш.******* (1-р хх-ийн 217, 20-21 тал) шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа ... 2011 оны 01 сарын 19-ний өдөр О.*******тай тохиролцож өөрийн өмчлөлийн 64 мкв байшин, 1030.9 мкв газрын талыг худалдахаар гэрээ байгуулж, ... худалдах худалдах авах гэрээнд 1030.9 мкв газрыг худалдсанаар гарын үсэг зурсан боловч өөрийн газар дээр байшин бариад нэг мөсөн өмчлөх бичиг баримтаа авах, мөн тухайн үед ажил ихтэй бичиг баримт хөөцөлдөх завгүй байсан учир О.*******тай харилцан тохирч гэрээг хийсэн, ... бодит гэрээ бол 1030.9 мкв газрыг таллаж худалдсан, ... 2011 оноос уг газрыг эзэмшиж, байшин барьж амьдарч байна гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан дээрх /2011.01.19/ гэрээнд энэ талаар тодорхой тусгасан зүйл заалт байхгүйгээс гадна энэхүү шаардлагаа нотлуулахаар / 1-р хх-ийн 72-98 дугаар тал / гэрч Р.Сэлэнгэ, Ж.Бямбажав, Ц.Ганболд, Б.Бурмаа, М.Наранчимэг нараас мөрдөн байцаалт болон шүүхэд гэрчийн мэдүүлэг авахуулсан боловч тэдний мэдүүлэг нь талуудын хооронд үүссэн газрын /таллаж зарсан гэх/ маргааны талаар буюу өөрөөр хэлбэл; 1030.9 мкв газрыг таллаж худалдсан, зарсан гэх хэмжээний талаар хэрхэн тохиролцсоныг нотлож чадаагүй бөгөөд хариуцагчийн дээрх маргааны үндэслэл болон шаардлага нь зохигчийн хооронд байгуулагдсан хуулийн хүчин төгөлдөр газар болон орон сууц худалдах худалдах авах гэрээгээр няцаагдаж байна.

Хууль зүйн үндэслэл: Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх газар болон орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь (1-р хх-ийн 8,9 тал) Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 196 дугаар зүйлийн 196.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар ... хуулийн хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан /бичгээр байгуулсан/ -д тооцох гэрээ байхаас гадна зохигч энэхүү гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаангүй, гагцхүү гэрээний зүйл болох 1030.9 мкв өмчлөлийн газрын талыг худалдсан эсэх асуудал дээр хариуцагч тал маргаж байна.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус зааснаар ...нэхэмжлэгч О.*******ын газар өмчлөх эрх нь зөрчигдсөн тул тэрээр хууль ёсны өмчлөлийн газар болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлах 1030.9м талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1317000301, 000102679 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгө болох газрыг чөлөөлүүлэх / өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс / -ээр шаардах эрхтэй бөгөөд уг газрыг чөлөөлөхийг хариуцагч Ш.*******од даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн дээрх нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт зохигч шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаангүй боловч тэдний өмгөөлөгч нараас энэ талаар мэтгэлцэж байх тул зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн чанартай баримтуудаас үзэхэд; 2013 оноос байшингийн суурь цутгаж эхэлсэн гэх ба энэ үеэс эхлэн талуудын хооронд дээрх газрын маргаан үүсэж, улмаар нэхэмжлэгч 2018 онд шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус зааснаар ... нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзнэ .

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт тус тус зааснаар О.*******ын өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 131 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1030.9 м талбай бүхий улсын бүртгэлийн Г-1317000301 дугаартай, 000102679 гэрчилгээний дугаар бүхий газар / үл хөдлөх хөрөнгө / -ыг чөлөөлөхийг хариуцагч Ш.*******од даалгаж, Ш.*******ын ... Сүхбаатар сум, 3-р баг, 1-р хэсэг, 131б тоотод байрлалтай 507 мкв газар, түүний дээр баригдсан байшин нь миний өмч болохыг тогтоож, О.*******тай байгуулсан газар, байшин худалдах, худалдан авах гэрээний 1030.9 мкв газрын тал газрыг худалдсаныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуубүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН