Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/02801

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/02801

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т

Хариуцагч: Г.Б

Гуравдагч этгээд: О.М

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч У.П, өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Г.Б-д холбогдуулан .... орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч У.П шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Т нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б.О-тэй Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ... дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Өмчлөгч болсон даруйдаа худалдагч Б.О харилцан тохиролцож орон сууцыг түүнд тодорхой мөнгөн дүнгээр хөлслүүлж эхэлсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сараас хойш Б.О нь байрны хөлсийг төлөхгүй байсан тул тэдний хоорондох орон сууцыг хөлслүүлэх харилцаа дуусгавар болсон. Улмаар орон сууцаа чөлөөлүүлэх гэтэл тухайн байранд иргэн Г.Б нь гэр бүлийн хамтаар хууль бусаар амьдран сууж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч Г.Б нь гуравдагч этгээд О.М холбогдуулан Цагдаагийн газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнээс болоод хохирчихлоо зээлээ нэхэмжилж байна гэх утгатай өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн тогтоолыг Прокурорын газарт хүргүүлсэн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тусдаа харилцаа. Хариуцагч Г.Б, гуравдагч этгээд О.М нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй. Иймд ... орон сууцыг хариуцагч Г.Б эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Т нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б.О орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөгчөөр бүртгүүлсэн гэдэг тайлбарыг хэлдэг боловч жинхэнээсээ худалдах худалдан авах гэрээ хийгээгүй зээлтэй холбоотой гэдэг зүйл яригддаг. Энэ асуудлыг одоогийн байдлаар эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн зүйл байхгүй. Б.Т зүгээс Б.О орон сууцаа хөлслүүлсэн юм уу, түр сууж бай гэсэн юмуу юу болсон талаар би мэдэхгүй. Г.Б нь орон сууцыг О.М 88,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Ингээд О.М зээлийн гэрээ байгуулж урьдчилгаа 40,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед байрны гэрчилгээ ломбардны барьцаанд байгаа гэсэн. Зээлийн гэрээгээр дүр үзүүлсэн гэрээ хийж 2017 оны 04 дүгээр сараас маргаан бүхий байранд Г.Б оршин сууж байна. О.М эцэг Б.О нь Б.Т орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б.Т өмчлөлд байрыг шилжүүлсэн. Б.Т байраа худалдаагүй, харин зээл авсан гэж тайлбарладаг. Г.Б энэ бүгдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирээд мэдээд намайг хуурсан юм байна гэж цагдаад өргөдөл гаргасан. Г.Б хувьд хууль бус аргаар орон сууцанд ороогүй. О.М орон сууцаа зарна, ор гэснээр харилцан тохиролцож оруулсан болох нь баримтаар тогтоогддог. Мөрдөгчийн тогтоолоор Г.Б орон сууцтай холбоотой асуудлаар цагдаад хандсан болох нь тогтоогдож байгаа. Г.Б хууль бусаар орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Гуравдагч этгээд О.М төлөөлөгч А.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Т, Б.О нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсний дараа Б.О байрыг тодорхой хугацаагаар түрээслэсэн гэдэг зүйл яригддаг. Дансны хуулга гаргуулах шалтгаан нь 2015 оноос хойш О.М хэдэн төгрөг Б.Т данс руу төлсөн юм, яг юу болсон юм гэдгийг гаргуулах байсан. Б.О юу бодож гэрээ хийсэн талаар одоо болтол хэрэгт баримт байхгүй. Давж заалдах шатны шүүхээс Б.О, О.М нарыг гуравдагч этгээдээр оролцуулах талаар дурдсан боловч Б.О тайлбар мэдүүлэг аваагүй. Тодорхой хугацаанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн, мөн Б.У 3,000,000 төгрөг шилжүүлсэн нь ямар учиртай юм гэдэг нь тодорхойгүй. Энэ нь түрээсийн мөнгө мөн үү биш үү энэ талаар тодорхой зүйл байхгүй. Хариуцагч Г.Б хувьд 40,000,000 төгрөг өгөөд 2 жил болж байгаа ба 2019 оноос хойш энэ байранд амьдарч байна. Орон сууцыг Б.Т эсвэл Г.Б , үгүй бол Б.О эсвэл О.М байр юм уу гэдэг асуудлууд гарч ирэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байна гэв.

4. Нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж,

5. Хариуцагчаас Баянзүр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноотой иргэн Г.Б орон сууц худалдан авахаар 40,000,000 төгрөг залидуулсан гэх хэрэгт хэрэгт бүртгэлийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа тухай албан бичиг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Г.Б, О.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ,

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газраас 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Г.Б Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Б.М өргөдөл, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой Г.Б, Б.М нарын гаргасан өргөдөл, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал гэсэн баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь Б.Т, Б.О нар жинхэнээсээ худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Хариуцагч орон сууцыг 88,000,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилаа 40,000,000 төгрөгийг О.М шилжүүлсэн. Хариуцагч хууль бусаар эзэмшээгүй гэх үндэслэлээр няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч Б.О нь өөрийн өмчлөлийн ... орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч Б.Т 30,000,000 төгрөгөөр худалдаж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Дугаар ... гэрчилгээтэй ... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж ... дугаартай гэрчилгээ олгогдсоноор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар худалдагч Б.О өмчлөх эрх дуусгавар болж, худалдан авагч Б.Т өмчлөх эрх үүссэн байна.

4.2 Хариуцагч, гуравдагч этгээд нар нь маргаан бүхий орон сууцанд О.М зөвшөөрлөөр сууж, орон сууцны үнэд 40,000,000 төгрөг төлсөн, Б.Т, Б.О нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл, энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэсэн тайлбар гаргадаг боловч гуравдагч этгээд О.М нь нэхэмжлэгч Б.Т холбогдуулж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Мөн хариуцагч Г.Б 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст ... орон сууцыг худалдан авахаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилгаа мөнгө 40,000,000 төгрөгийг шилжүүлэн бусдад залилуулсан, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр О.М орон сууцыг 88,000,000 төгрөгөөр худалдан авахаар 40,000,000 төгрөгийг хүүгүй буцаан төлөх нөхцөлтэйгээр зээлийн гэрээ хийж дансанд нь шилжүүлсэн. Зээлийн гэрээний хүү алдангийн хамт 239,800,000 төгрөгийг гаргуулах гэсэн гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, худалдах худалдан авах гэрээтэй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн саналыг прокурорт гаргасан байх тул хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх боломжгүй байна.

4.3 Хариуцагч Г.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр О.М-тэй 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээг үндэслэн маргаан бүхий орон сууцны үнэд 40,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч 40,000,000 төгрөгийг орон сууцны үнэд шилжүүлсэн гэх баримтгүй, тайлбар нь баримтаар нотлогдоогүй, эрхээ зөрчигдсөн талаар зохих байгууллагад хандсан баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй буруутай.

5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардэх эрхтэй гэж дүгнэв.

6. Иймд ... орон сууцыг хариуцагч Г.Б хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Б.Т нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

7. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

8. Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч нь О.М, Б.У нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргасан боловч баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.Б хууль бус эзэмшлээс .... орон сууцыг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА