Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01902

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01902

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/02801 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б-д холбогдох,

Гуравдагч этгээд О.М-

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Т- нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б.О-тэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байр 00 тоот 3 өрөө 40 м.кв Ү-2205003119 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй орон сууцыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Өмчлөгч болсон даруйдаа худалдагч Б.О-тэй харилцан тохиролцож орон сууцыг түүнд тодорхой мөнгөн дүнгээр хөлслүүлж эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сараас хойш Б.О- нь байрны хөлсийг төлөхгүй байсан тул тэдний хоорондох орон сууцыг хөлслүүлэх харилцаа дуусгавар болсон. Улмаар орон сууцаа чөлөөлүүлэх гэтэл тухайн байранд Г.Б- нь гэр бүлийн хамтаар хууль бусаар амьдран сууж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч Г.Б- нь гуравдагч этгээд О.М-д холбогдуулан Цагдаагийн газарт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнээс болоод хохирчихлоо зээлээ нэхэмжилж байна гэх утгатай өргөдөл гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн тогтоолыг Прокурорын газарт хүргүүлсэн. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тусдаа харилцаа юм. Хариуцагч Г.Б-, гуравдагч этгээд О.М- нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй. Иймд маргаан бүхий орон сууцыг хариуцагч Г.Б-гийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Т- нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б.О-тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөгчөөр бүртгүүлсэн тайлбарладаг боловч жинхэнээсээ худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй зээлтэй холбоотой гэдэг зүйл яригддаг. Энэ асуудлыг одоогийн байдлаар эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн зүйл байхгүй. Б.Т-ийн зүгээс Б.О-д орон сууцаа хөлслүүлсэн эсэх, түр сууж бай гэсэн үү, энэ талаар би мэдэхгүй. Г.Б- нь орон сууцыг О.М-эс 88,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. О.М-тэй зээлийн гэрээ байгуулж урьдчилгаа 40,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн үед байрны гэрчилгээ ломбардын барьцаанд байгаа гэсэн. Зээлийн гэрээгээр дүр үзүүлсэн гэрээ хийж 2017 оны 04 дүгээр сараас маргаан бүхий байранд Г.Б- оршин сууж байна. О.М-ийн эцэг Б.О- нь Б.Т-тэй орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж Б.Т-ийн өмчлөлд байрыг шилжүүлсэн. Б.Т-өд байраа худалдаагүй, харин зээл авсан гэж тайлбарладаг. Г.Б- энэ бүгдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирээд мэдээд цагдаад өргөдөл гаргасан. Г.Б-гийн хувьд хууль бус аргаар орон сууцанд ороогүй. О.М- орон сууцаа зарна, ор гэснээр харилцан тохиролцож оруулсан болох нь баримтаар тогтоогддог. Мөрдөгчийн тогтоолоор Г.Б- орон сууцтай холбоотой асуудлаар цагдаад хандсан болох нь тогтоогдож байгаа. Г.Б- хууль бусаар орон сууцыг өнөөдрийг хүртэл эзэмшээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Б.Т-, Б.О- нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсний дараа Б.О- байрыг тодорхой хугацаагаар түрээсэлсэн гэж яригддаг. Дансны хуулга гаргуулах шалтгаан нь 2015 оноос хойш О.М- хэдэн төгрөг Б.Т-ийн данс руу төлсөн эсэх, яг юу болсон юм гэдгийг гаргуулах байсан. Б.О-тэй юу бодож гэрээ хийсэн талаар одоо болтол хэрэгт баримт байхгүй. Давж заалдах шатны шүүхээс Б.О-, О.М- нарыг гуравдагч этгээдээр оролцуулах талаар дурдсан боловч Б.О-эс тайлбар мэдүүлэг аваагүй. Тодорхой хугацаанд 1,200,000 төгрөг шилжүүлсэн, мөн Б.У-ээс 3,000,000 төгрөг шилжүүлсэн нь ямар учиртай юм гэдэг нь тодорхойгүй. Энэ нь түрээсийн мөнгө мөн эсэх талаар тодорхой зүйл байхгүй. Г.Б-гийн хувьд 40,000,000 төгрөг өгөөд 2 жил болж байгаа ба 2019 оноос хойш энэ байранд амьдарч байна.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-гийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-гоос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-өд олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Г.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр О.М-тэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 11 байрны 00 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдаж авах хүсэл зоригийг илэрхийлэн 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. О.М-ийн зүгээс уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг ломбардад байгаа, удахгүй авч өгнө хэмээн хууран мэхлэн итгүүлж уг орон сууцанд оруулсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Т-ийн зүгээс уг орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Г.Б- нь О.М-д залилуулснаа мэдсэнээр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгөн шалгуулж байна. Энэ талаар холбогдох баримтууд ирсэн болно. Энэ ч үүднээсээ Г.Б- нь уг орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй болно. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчийн зүгээс хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг прокурорт оруулсан ба одоогоор Баянгол дүүргийн Прокурорын газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шийдвэр гаргасан байна.

Хариуцагч Г.Б- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч эзэмшээгүй болох нь дээрх үйл баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хариуцагч Г.Б- нь О.М-тэй уг орон сууцыг худалдаж авах гэрээ хийхдээ зээлийн гэрээ үйлдсэнийг анхан шатны шүүхээс уг орон сууцтай холбоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Прокурорын газраас уг хэрэгтэй холбоотой мэдээлэл, баримтыг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч зөвхөн мөрдөгчийн саналыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд О.М- мөн Б.У- нарын дансны хуулгыг номлох баримтаар гаргаж өгч, Б.Т-ийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтэй орсон боловч шүүхээс нотлох баримт болон хүсэлтийг хангаагүй, тус дансны хуулгаар гуравдагч этгээд О.М- мөн түүний эхнэр Б.У- нарын данснаас 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн гэрээ хийсэн өдрөөс өмнө мөн дараа нь Б.Т-ийн дансруу мөнгө орсон байдлыг тогтоох байсан. 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл ба О.М- нь Б.Т-өөс 30,000,000 төгрөг зээлж түүнийгээ төлж байх явцад Б.Т- нь маргаан бүхий байрны эзэн болох Б.О-тэй гэрээ байгуулан тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн тооцуулах нэг нотлох баримт байсан. Гэвч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн боловч тус нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичмэл нотлох баримт юм.

Мөн Б.Т- нь 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...өмчлөгч болсон даруйдаа худалдагч Б.О-тэй харилцан тохиролцож орон сууцыг түүнд тодорхой мөнгөн дүнгээр хөлслүүлж эхэлсэн. 2019 оны 01 дүгээр сараас хойш Б.О- нь байрны хөлсийг төлөхгүй байсан тул тэдний хоорондох орон сууц хөлслүүлэх харилцаа дуусгавар болсон гэх тайлбарыг өгсөн ба Б.О- болон Б.Т- нарын хооронд ямар нэгэн харилцан тохиролцож орон сууцыг тодорхой мөнгөн дүнгээр хөлслүүлсэн гэсэн нотлох баримт байхгүй мөн тодорхой мөнгө дүнг 2019 он хүртэл төлж байсан гэх нотлох баримт байхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гуравдагч этгээд нь нотлох баримт гаргуулах буюу 3 этгээдийн дансны хуулга гаргуулах тухай хүсэлт гаргасан. Уг 3 этгээд нь хороондоо ямар хамааралтай, Г.Б-, Б.Т- нарын хооронд үүссэн шүүхийн маргаанд ямар ач холбогдолтой талаар тодорхой тайлбар хэлээгүй. Цаг хугацааны хувьд үл хөдлөх хөрөнгөд Г.Б- орохоос өмнөх үеийн дансны хуулгыг гаргуулах хүсэлттэй байсан. Энэ нь хэрэгт ач холбогдолгүй байсан учраас хүсэлтийг хангаагүй. Гуравдагч этгээдийн эдлэх эрх үүрэгт хамааралгүй байна гэх байдлаар тухайн хуралд оролцож тайлбар хэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж гуравдагч этгээд оролцоно бие даасан шаардлага гаргаагүй бол үүнд хамааралгүй.

Хариуцагч тухайн хэрэг болж байгаа эрүүгийн хэрэгт татгалзах санал ирж, саналын дагуу шийдсэн эсэхийг бид мэдэх боломжгүй байсан гэж тайлбарласан. Би зээлийн гэрээний дагуу мөнгөө залилуулсан гэж гомдол гаргасан хүн нь Г.Б- юм. Тухайн гомдлын дагуу шалгагдаж байгаа хүн нь гуравдагч этгээд буюу О.М-, энэ хэрэгт байрны өмчлөгчийн хувиар очиж гэрчээр мэдүүлэг өгсөн хүн нь нэхэмжлэгч Б.Т- юм. Уг 3 хүн тухайн хэрэг хэзээ үүсэж, дууссан талаар мэдэх боломжтой байсан. Яагаад гэхээр эрүүгийн хэргийн ямар нэгэн оролцогчоор оролцсон. Гэрчээр Б.Т- мэдүүлэг өгсөн уг хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, гэрээ өөртөө холбогдолтой материалуудыг хавсаргаж өгсөн. Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 00 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Т- нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.О-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 00 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхээ улсын бүртгэлээр баталгаажуулан Ү-2205003119 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх6-7/

 

3.а. Иймд Б.Т- нь дээрх орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх нь үүссэн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж үзнэ.

 

4. Хариуцагч Г.Б-, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 00 тоот, 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205003119 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцанд амьдарч байгаа болохоо хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Б.Т-, Б.О- нар жинхэнээсээ худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Хариуцагч орон сууцыг 88,000,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 40,000,000 төгрөгийг О.М-д шилжүүлсэн. Хариуцагч хууль бусаар эзэмшээгүй гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

5. Дээрхээс үзвэл анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

6. Хариуцагч Г.Б-, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 01, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд О.М-д Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 дүгээр байр, 00 тоотын 3 өрөө байрыг 88,000,000 төгрөгөөр худалдан авахаар, 40,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, хүүгүй, буцаан төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ хийж шилжүүлсэн тул уг мөнгийг алдангийн хамт 279,800,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай өргөдөл гаргаснаас үзэхэд хариуцагч Г.Б- нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгчтэй хэлцэл хийгээгүй байх бөгөөд тэрээр зээлийн гэрээ хийж шилжүүлсэн 40,000,000 төгрөгт холбогдох гомдлоо О.М-д холбогдуулан гаргасан гэж үзэхээр байна.

 

6.а. Иймд хариуцагч Г.Б- нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа үндэслэлээ Б.О-ийн хүү болох О.М-д 40,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарласан тул тухайн этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

 

7. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/02801 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчаас 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ