Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2019/00396/И |
Дугаар | 104/ШШ2019/00431 |
Огноо | 2019-11-29 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 104/ШШ2019/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******, *******, *******од оршин суух гийн /РД:НУ81*******24*******/-гийн
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* тоотод оршин суух *******гийн /РД: /,
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* тоотод оршин суух *******гийн /РД: УР74011*******9/ нараас
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, хариуцагч Г., Г. тэдний өмгөөлөгч Б., гэрч Г., Н., Ж., Г., Д. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******гийн тай 2009 онд танилцаад 2010 онд нэг орж ханилан сууж, 2 охин төрүүлсэн. Нөхөр маань 2019 оны ******* дугаар сарын 12-ны өдөр нойр булчирхай үрэвсэж *******т хэвтэж хагалгаанд орсон. Нөхрийн дүү Г. хотруу орчихоод ирэе гээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11.000.000 төгрөгөөр худалдаж авсан ийн 2009 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай автомашиныг авч яваад буцааж авчирч өгөөгүй 7.000.000 төгрөгөөр бусдад зарсан. Энэ машиныг нөхөр маань 2016 оны 06 дугаар сард цэргийн ангиас тэтгэвэрт гарч 36 сарын тэтгэмжийн 22.000.000 төгрөг аваад худалдаж авсан байсан. Би талийгаач Г.тай гэр бүлээ батлуулаагүй ч шүүхээр хамтын амьдралтай байснаа тогтоолгосон, бидний дундаас 2 охин төрсөн учраас уг хөрөнгийг бидний дундын эд хөрөнгө түүний захиран зарцуулалтанд хяналт тавих, ах, дүү нар нь надад юунд зарцуулсан талаараа тайлагнах ёстой гэж үзэж гомдож байгаа. Талийгаачийн ах, дүү нар надад хэтэрхий дээрэлхүү ханддаг, намайг үл ойшоодог. Нөхрийг маань эмнэлэгт хэвтэж байхад уулзуулдаггүй, сахиулдаггүй байсан. Иймээс машины үнэ 7.000.000 төгрөгийг Г., Г. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талийгаач нөхрийг маань дүү Г. нь сахиж байсан. Намайг сахих гэхээр хөөгөөд байсан. Машиныг 7.000.000 төгрөгөөр зарсан асуудалд маргахгүй, гэхдээ энэ мөнгө бүхэлдээ эмчилгээнд зарцуулагдсан гэдэг нь худлаа. Зарцуулагдсан бол 2.850.000 төгрөг зарцуулсан байх. Надад зарцуулалтыг нь тайлагнаад тайлбарлаад өгөөгүйд би гомдож байгаа. Эхний хагалгааг ах, дүү нараас нь цугларсан мөнгөөр хийлгэсэн. Хоёр дахь хагалгаанаас эхлээд 7.000.000 төгрөгийг зарцуулсан. Бөөрний аппаратанд 12 удаа ороход 12 удаа хөнгөлөлт үзүүлсэн гэж н.Сүхбаатар гэж Г.ийн хамаатан болох хүн хэлсэн. Энэ хүн манай талийгаач нөхөртөй хамт ажилладаг байсан. Яг хэдэн төгрөгөөр хөнгөлсөнг нь сайн мэдэхгүй байна. Мөн эмч нар эхнэрийг нь хажууд нь байлгах санал гаргасан гэсэн. Гэтэл Г. болон хамаатнууд нь намайг нөхөртөй маань хамт байлгадаггүй байсан. Миний бодлоор 2.850.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан гэж бодож байгаа. Бусдыг нь юунд зарцуулсанг нь мэдэхгүй тул 7.000.000 төгрөгийг Г.ээс гаргуулж өгнө үү. Г.ээс 7.000.000 төгрөгийг шаардахгүй гэв.
Хариуцагч Г., Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Д.гийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бидний төрсөн ах Г. нь Налайх дүүргийн 337 дугаар цэргийн ангид онгоцны механикчээр ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сард тэтгэвэрт гарсан билээ. Ах маань 2019.*******.11-ны өдөр бие нь муудаж Улаанбаатар хотын д хагалгаа хийлгэхээр Налайхын эмнэлэгийн түргэн тусламжаар хүргэгдэн хэвтсэн. Улмаар эмчилгээ сувилгааны зардалд ахыг нас барах хүртэлх хугацаанд нийтдээ 10.000.000 гаруй төгрөг зарцуулагдсан бөгөөд эхний ээлжинд ах, дүү, хамаатан саднаасаа цуглуулаад л байсан боловч сүүлдээ ах, дүү нараасаа мөнгө нэхээд зовоогоод байх боломжгүй тул талийгаач ахынхаа зөвшөөрлийн дагуу түүний өмчлөлийн улсын ын авто машиныг 7.000.000 төгрөгөөр зарж түүний эмчилгээ сувилгаанд бүрэн зарцуулж 4 удаагийн хагалгааны дараа бие нь сайжрахгүй байсаар бурханы оронд одсон. Гэтэл ахыг минь нас барсаны дараа хамтран амьдарчаар тогтоолгосон байсан Д. нь талийгаач болсон ахын маань ясыг өндөлзүүлж авто машины үнэ 7.000.000 төгрөгийг биднээс нэхэмжилж байгаад үнэхээр их гомдолтой байна. Учир нь миний ах Д.гийн дагавар хүүхдүүдийг өөрийн юм шиг хайрлаж тэжээж байсан бөгөөд Д. нь өөрөө ямарч орлогогүй, архи, согтуурууулах ундааны зүйл хэрэглэдэг, ахад минь ямарч хайр халамж байгаагүйгээс гадна ахаар минь цалингийн тэтгэвэрийн зээл хүртэл авахуулж мөнгийг нь дан ганц өөрөө захиран зарцуулж байсан. Түүнчлэн 2019 оны ******* дугаар сарын 08-ны өдөр ахын маань бие нь муу, ухаангүй байхад ах, дүү бидэнд хэлээгүй нууц өвчнийг нь хүндрүүлж маш их хугацаа алдсаны дараа буюу 2019 оны ******* дугаар сарын 11-ний өдөр аргагүйн эрхэнд түргэн дуудаж хүргэсний дагуу эмчлэгч эмч нь манай ээжийг яаралтай дуудуулж Улаанбаатар хот авч явсан. Хэрвээ цаг хугацаа алдалгүй бидэнд мэдэгдэж, эмнэлэгийн түргэн тусламж үзүүлсэн миний ах амьд сэрүүн байх боломжтой байсан. Д.гийн нэхэмжлээд байгаа автомашиныг миний ах 2017 онд аас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог 36 сарын тэтгэмжийн мөнгөөрөө авсан бөгөөд Д. гэх хүн уг авто машиныг авахад нэг ч төгрөг оруулаагүй, оруулах боломж ч байхгүй нэгэн болно. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар ... гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бухий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно... гэж хуульчилсанаас үзэхэд талийгаач ах нэхэмжлэгч хоёр нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хуульд заасны дагуу албан ёсны гэр бүл биш юм. Монгол улсын Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь талийгаачтай гэр бүл биш тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-т зааснаар нэхэмжилж буй авто машины үнэ болох 7.000.000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгч Д.д байхгүй байна. Бидний зүгээс авто машиныг зараад өөрсдийн амьдралдаа зарцуулсан зүйл огт байхгүй бөгөөд өндөр үнэтэй эм, тариаг гаднаас авч лам, бөө гэх бүхий л зүйлд зарцуулж аргагүйн эрхэнд ахынхаа авто машиныг худалдан борлуулж эмчилгээнд нь зарцуулах зайлшгүй шаардлагатай болсон зэрэг бүхий л үйл явдлыг Д. мэдэж байсан байж өнөөдөр ийм увиагүй үйлдэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Д. нь ахыг минь амьд сэрүүн байхад 2019 оны ******* дугаар сарын 05-ны өдөр нэг сарын тэтгэвэрийн зээл, 4 сарын тэтгэвэрийн зөрүү болох үлдэгдэл мөнгийг нь авчихсан байсан хэрнээ эмчилгээнд нэг ч төгрөг өгөөгүй. Харин Д.гийн ах, дүү нар нь 2019 оны ******* дугаар сарынн 14-ны өдөр ахыг маань хагалгаанд орох гэж байхад нэг удаа л 130.000 төгрөгөөр 2 ширхэг тариа авч өгснөөс өөр бусдаар ямарч туслалцаа үзүүлээгүй. Тэр ч битгий хэл ахын маань амь нас хутганы ирмэг дээр байхад Д. нь надаас мөнгө нэхэж дарамталдаг байсан. Би 28 хоног өдөр, шөнөгүй, нойр хоолгүй сандал дээр суугаагаараа сахиж хонож байхад нэг ч удаа хажууд нь сахиж хонож байгаагүй хүн өнөөдөр ахыг минь нас барсаны дараа өөрт нь хамааралгүй зүйл нэхэмжилж байгаад туйлын ихээр гомдож байна. Бид ахынхаа амь насыг аврахын тулд эмчийн зааврын дагуу гаднаас маш олон хүчтэй эм, тариаг өдөр бүр авч өгдөг, шаардлагатай шинжилгээ, аппаратанд оруулж төлбөр тооцоог өгч байсан. Миний талийгаач ах минутанд амьсгал хураах үед би ахынхаа хажууд уйлаад зогсож байсан. Гэтэл Д. нь хэдэн цагт нас барсныг нь мэдэхгүй байж нас барсан цаг минутыг нь хүртэл худал бичиж түүгээр ч барахгүй Автомашин зарсан мөнгөнөөс нэг ч төгрөг эмчилгээнд оруулаагүй, миний өөрийн ах, дүү нар болон нөхөр бид хоёрын цуглуулсан мөнгөөр эмчилгээний зардлыг төлж барагдуулсан гэх мэтээр худал мэдүүлэг өгч бид нарыг гүтгэж байгаад нь бид маш их гомдолтой байна. Гэтэл ахын минь овог, бидний нэр, оршин сууж байгаа хаяг, утасны дугаарыг ч бүтнээр нь мэдэхгүй хүн өнөөдөр олон жил хамт амьдарсан, гэр бүлийн гишүүн, хууль ёсны эхнэр нь мэтээр ахыг минь нас барсаны дараа гүтгэн доромжилж байгааг шүүх анхааран үзнэ үү. Иймд нэхэмжлэгч Д. нь ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 28 хоног талийгаач ахыгаа эмнэлэгт сахиж, түүний эмчилгээний зардалд машиных нь үнэ 7.000.000 төгрөгийг бүгдийг нь зарцуулчихаад одоо энд зогсож байгаадаа маш их харамсаж байна. Д. нь нөхөртэйгөө орой л ирж уулздаг байсан. ийн эмч нарын шаардсан эм, тариа болгоныг авч өгч ахынхаа амийг л аврахыг бодсоноос Д.гийн бодож байгаа шиг хүний мөнгийг идэх сувдаг сэтгэл надад байгаагүй. 28 хоног ар гэр үр хүүхдээ хаяад ахынхаа амийг л аврахын төлөө нойр хоолгүй зүтгэсэн. Ахыг анх хагалгаанд ороход ах, дүү нар тал талаасаа мөнгө цуглуулж өгсөн. Тэр мөнгө дуусаад одоо яах вэ гэхэд ах, дүү бид ярьж байгаад өөрийнх нь юмыг өөрт нь зарцуулая гээд машиныг нь 7.000.000 төгрөгөөр зарж сахиж байгаа болохоор миний *******ны дансруу шууд хийсэн. Тэр мөнгийг нь би бүгдийг ахдаа зарцуулсан. Тухай бүрт нь шаардлагатай эм тариаг нь авчирч өгч байсны хүчинд миний ах 28 хоног амьдарсан юм. Маргаад байгаа 7.000 000 төгрөгийг бүгдийг нь ахынхаа эмчилгээнд болон лам, бусад зардалд зарцуулж байсан. Бусад зардал гэдэг нь дэлгүүрээс нойтон сальфитка, 00-ын цаас, шүдний оо, саван, цагаан хэрэглэл, унааны зардал, гар утасны нэгж гэх мэт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд хэрэглэгддэг ахуйн хэрэгцээт зүйлүүдийг авдаг байсан. Ах маань нас барах үед нөгөө мөнгөнөөс нь 450.000 төгрөг үлдсэн байсныг буяны ажил явдалд нь зарцуулсан. Хэвтэн эмчлүүлж байх хугацаанд эмнэлгийн байгууллагаас шаардсан бүхий л зүйлийг нь авч өгсөн. Ихэнх тохиолдолд үнэтэй эм, тариаг гаднаас авахыг эмнэлэг шаарддаг байсан. Эмнэлгээс хөнгөлсөн зүйл нь бөөрний аппаратанд оруулахад бага хэмжээгээр хөнгөлж өгсөн. Бусад тохиолдолд бүх эм тариаг гаднаас авдаг байсан. Мөн бөөрний аппарат, зүрхний аппарат, хоолойнд гуурс суулгах гээд бүх зардлыг төлсөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа хэвлийн эхо аппаратанд 150.000 төгрөгөөр 1 удаа орсон. Дараа нь 45.000 төгрөгөөр 1 гуурс авчирч өгсөн. Эм тариаг нь 6 болон 24 цагийн зайтай хийлгэдэг байсан. Энэ тухай сувилагчийн тэмдэглэлд тусгагдаж байсан. Тухай бүрт нь ах, дүү нарыгаа эмийн сан руу явуулдаг байсан. Зарим үед өөрөө явж авдаг байсан. Эхний хагалгаанд ороход 8 гуурс авсан. Нэг ширхэг нь 35.000 төгрөгөөр авсан. Эмч нарт нь 300.000 төгрөгийг гар цайлгаж өгсөн. Сандостатин тариаг 12 цагийн зайтай тарьдаг байсан. Нэг ширхэг нь 68.000 төгрөгийн үнэтэй тариа. Энэ тариаг нас барах хүртэл нь тарьж байсан. Мөн гордокс гэдэг тариаг 12 цагийн зайтай, 20.000 төгрөгийн үнэтэй өөр тариаг хавсарч тарьдаг байсан. Би зарим тарианых нь нэрийг нь санахгүй байна. 25.000 төгрөгийн үнэтэй уураг 4 удаа авсан. Энэ уурганд ахын чинь авах ёстой хэмжээний уураг нь нөхөгдөхгүй байна. Тиймээс дахиад хүчтэй уураг авч ир гэсэн. Альбумин уургийг 245.000 төгрөгөөр авч өгсөн. Мөн 245.000 төгрөгийн капсултай альбумин уургийг авч байсан. Д.гийн талаас Д.******* дүү нь 2 удаа 68.000 төгрөгийн тариа авч өгсөн. Өөр туслалцаа үзүүлж байсан удаа байхгүй. Манай ах дүүс мөнгө цуглуулж эмчилгээнд өгсөн. Зарим үед би эмийн сан орохдоо картаа уншуулж эм, тариагаа авдаг байсан. Зарим тохиолдолд бэлэн мөнгө данснаасаа авч ах дүү нараа эмийн сан явуулдаг байсан. Зүрхний хүчтэй тариа хийдэг байсан. Зарим тохиолдолд эмнэлгээс өгдөг байсан. Сүүлдээ эмнэлэгт байсан тариа дуусчихлаа гаднаас авч ирээрэй гэдэг байсан. Тэр болгонд нь авчирч өгдөг байсан. Дараагийн хагалгаанд нь орохдоо бөөрний аппаратанд 7 удаа орох шаардлагатай гээд 7 удаа орсон. Үүнээс 3 удаагийн оролтыг нь цэргийн госпиталь эмнэлэг хөнгөлөөд 4 удаагийн оролтыг нь өөрсдөө төл гэсэн. Нэг удаа орохдоо 68.000 төгрөгөөр ордог байсан. Мөн 60.000 төгрөгөөр 3 удаа зүү авч өгч байсан. Дараагийн удаа дахиад бөөрний аппаратанд 7 удаа орсон. Ингэхдээ мөн цэргийн эмнэлгээс 3 удаагийн оролтыг хөнгөлж 4 удаагийн оролтыг бид нар төлсөн. 3 дахь удаагаа хагалгаанд ороход хоолойны гуурс авах шаардлагатай гэсэн. Тэгээд 1 ширхэгийг 80.000 төгрөгөөр авсан. Нэмэлтээр энжитина гэдэг хоолыг 65.000 төгрөгөөр авч хооллодог байсан. Нийт 4 удаа авсан. Ер нь маш олон тариа авдаг байсан. Эмч хэлэхдээ 4 дэх удаагийн хагалгаа удаан орно тийм учраас зүрх нь зогсох магадлалтай тул зүрхний тариа ав гэсэн. Тариа болон цус тогтоох сээтэг авсан. Сээтэг нь 50.000 төгрөгөөр авсан. Хагалгаанд 45.000 төгрөгийн бүдүүн гуурс авсан. Эмчилгээ хийлгээд бие нь дээрдэхгүй болохоор нь ламаар явж байсан. 4 удаа лам авчирч ном уншуулж байсан. Лам авчирч ном уншуулах буцааж хүргэж өгөх зэрэгт 600.000 төгрөгийн зардал гарсан. Эмч болон сувилагч нарт нь 120.000 төгрөгийн шарсан тахиа захиалан авч өгч байсан. Ахыгаа аврахын тулд шаардлагатай бүх л эмчилгээг нь хийлгэж байсан. Би өглөө эрт эмч дээр нь орж уулзаад шаардлагтай бүх эм тариаг бичүүлж авч цаг алдалгүй авчирч өгдөг байсан. Учир нь би ахыгаа эдгээхийн тулд бүгдийг хийдэг байсан. Энэ бүгдийг ахынхаа эмчилгээнд зарцуулсан учраас Д.д нэг ч төгрөг төлөхгүй гэв.
Хариуцагч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би ийм асуудал үүснэ, тиймээс бүх тооцоогоо нягталж яваарай гэж Г. болон ах, дүү нартаа хэлж байсан. Гэтэл ахыг маань нас барсны дараа нь бүх бичиг баримтыг нь шатаасан. Яагаад гэвэл лам талийгаачийн хэрэглэж байсан бүхий л эд зүйлийг шатаа, авч үлдэж болохгүй гэсэн учраас бүх холбоотой зүйлүүдийг нь шатаасан. Тухайн үед эмийн сангаас эм тариа авч байсан НӨАТ-ын баримтыг ч хамт шатаасан. Ийм учраас Д.д санхүү тооцооны асуудлыг тайлагнаж чадаагүй. Эмнэлэг дээр байнга 2 хүн байдаг байсан. Нэг нь ахын дэргэд нөгөө нь доод давхарт, эм тариа хэрэгтэй гэвэл мэдэх нь яваад мэдэхгүй нь ахыг сахидаг ордог байсан. Тийм болохоор ахын машиных нь үнэ 7.000.000 төгрөгийг ахын эмчилгээний зардалд бүрэн зарцуулагдсан гэдгийг баттай хэлж байгаа юм. Ах маань нийтдээ 4 удаа хагалгаанд орсон. Энэ бүх эмчилгээнд авто машины мөнгө болох 7.000.000 төгрөг мөн ах, дүү нараас цугларсан мөнгийг зарцуулсан учраас Д.д төлөх төлбөр байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Г., Г. нараас 7.000.0000 төгрөг гаргуулахыг шаардсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч Г.т холбогдох шаардлагаас татгалзаж, Г.т холбогдох шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.
Хариуцагч Г., Г. нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Тэд зөвшөөрөхгүй үндэслэлээ Д.гийн шаардаж буй 7.000.000 төгрөгийг талийгаач ах Г.гийн эмчилгээний болон буяны ажилд зарцуулсан гэжээ.
Нэхэмжлэгч Д. нь талийгаач Г.тай гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр ханилан сууж байсан, тэдний дундаас 2 хүүхэд төрсөн, талийгаач Г. 2019 оны ******* дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 28 хоног *******т хэвтэн эмчлүүлж 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 11 цаг 25 минутад амьсгал зүрх судасны хурц дутагдал, олон эрхтэний дутагдлаар нас барсан, хариуцагч Г. сахиж асарсан, эмчилгээ, эм тарианд мөнгө шаардлагатай болж талийгаач Г.гийн эзэмшлийн 2009 онд үйлдвэрлэгдсэн Тоёото пробокс маркийн улсын дугаартай суудлын автомашиныг хариуцагч Г. бусдад 7.000.000 төгрөгөөр худалдаж уг мөнгийг хариуцагч Г.ийн *******ны 5007367046 дугаарын дансанд хийсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан өвчтөний түүх, тээврийн хэрэгслийн лавлагаа, Г.ийн *******ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Г., Н., Ж., Г., Д. нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Мөн зохигчдын хооронд үүсээд байгаа маргааны зүйл болох автомашин нь
нэхэмжлэгч Д., талийгаач Г. нарын гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр ханилан сууж хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө болох нь зохигч болон гэрчүүдийн талийгаач 2017 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарахдаа 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэлэгээ аваад энэ машиныг худалдаж авч байсан. Д. талийгаач хоёр 2015 оноос хойш хамт амьдарч байгаа, бага охин Б.Ану-Үжин нь талийгаачийн хүүхэд мөн гэсэн тайлбар, мэдүүлэг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/380 дугаар тушаал, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 85 дугаартай төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдсон.
Талийгаач Г.д зайлшгүй хийх эмчилгээ, эм тарианд мөнгө шаардлагатай байснаас нэхэмжлэгч Д. уг автомашиныг зарж борлуулахыг зөвшөөрсөн тухай гэрчүүд мэдүүлсэн. Үүнийг ч нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй ч түүний хүсэл зоригт хариуцагч Г.ийн мөнгө захиран зарцуулж буй үйлдэл нь нийцээгүй учраас шилжүүлсэн зүйлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар буцаан шаардсан байна.
Шүүх маргааны зүйл болсон 7.000.000 төгрөгийн зарцуулалтыг хариуцагч Г.ийн *******ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг өөрийнх нь өгсөн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, өвчтөний түүхэд бичигдсэн эмчийн тэмдэглэл зэрэгтэй харьцуулан нийтэд илэрхий эм, тариа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжийн нэрээр нь нэг бүрчлэн түүвэрлэн тооцож үзэхэд 4.576.775 төгрөгийг эм, тариа, эмчилгээнд хэрэглэсэн байна.
Харин 2.423.025 төгрөгийг эм тариа, эмчилгээ, бусад зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэгт үүнийг нотлосон баримт байхгүй, хариуцагч нарт ч энэ баримтыг гаргаж ирэх боломжгүй нь тэдний өөрсдийнх нь шүүх хуралдаанд өгсөн ....*******ны бэлэн мөнгөний машинаас бэлнээр авсан мөнгөнүүдийг эм, тариа, эмчилгээ, бусад зүйл зарцуулсныг нотлох НӨАТ-ын баримтуудыг оршуулах ажлын үеэр устгасан гэсэн тайлбараар тогтоогдсон.
Мөн хариуцагч Г.ийн тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд нэг удаа 470.000 төгрөгийг /2019 оны ******* дугаар сарын 30-ны өдөр/ өөрийнхөө зээлийн төлбөрт шилжүүлсэн байгаа ч түүний дансанд 7.000.000 төгрөг орж ирэх үед 209.929.04 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, талийгаачийг нас барж эмчилгээ зогсох хүртэл Г.ийн дансанд 50.000 төгрөгөөр нэг удаа, 1.000.000 төгрөгөөр нэг удаа орлого орж ирснийг тооцож үзэхэд тэрээр 7.000.000 төгрөгөөс 110.071 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхээр байна.
Хариуцагч Г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй.
Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэдэг. Хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн тохиолдолд шүүх уг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэлт гаргадаг. Гэтэл хэрэгт байхгүй баримтыг хийсвэрлэн дүгнэж, дан ганц хариуцагчийн тайлбараар үйл баримтад үнэлт дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдана.
Иймд хариуцагч Г.ээс баримтаар нотлогдоогүй 2.319.954 төгрөг, зориулалтын бус зарцуулсан 110.071 төгрөг нийт 2.423.025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, 4.576.775 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нэхэмжлэгчийн үндэслэл баримтаар няцаагдсан гэж үзэж хэрэгсэхгүй болголоо.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.ээс 2.423.025 /хоёр сая дөрвөн зуун хорин гурван мянга хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.576.775 /дөрвөн сая таван зуун далан зургаан мянга долоон зуун
далав тав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д. хариуцагч Г.ээс 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулахаас татгалзсаныг баталсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.ээс 53.722 /тавин гурван мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ